Өнгөрсөн жил хагасын хооронд Монголд 4 ч сонгууль болж өнгөрөв. Үргэлжийн хэл ам дагуулдаг энэ ажил маань сүүлдээ бүр ирцгүй болов. Энэ талаар Ардчилсан намын удирдлага М.Тулгат “Санал худалдан авч, төсвийн хөрөнгө мөнгийг ашиглаад ч сонгуулийн ирц хүрсэнгүй нь Ардчиллын үндсэн зарчмыг алдагдуулахад хүргэж байна. Энэ нь нийгэмд “apathy” буюу ард түмний дунд цөхрөл үүссэний, мөн нэг намын засаглал тогтсоны илрэл. Иймд АН энэ нөхцөлд цоо шинэ бодлогоор, шинэ улс төр хийх шаардлагатайгаас гадна үүнээс гарахын тулд бусад намуудтай хамтарч ажиллах ёстой”, О.Цогтгэрэл: “Ардчилсан төр оролцоон дээр тогтдог. Харамсалтай нь төрд иргэд итгэхгүй байгаагаа илэрхийлж төрөө байгуулахаас анх удаа татгалзлаа. Сүүлийн үеийн сонгуулиуд тохируулгатай болдог боллоо. Ардчилсан намын, Ардын намын төр гэж байхгүй тул хаа хаанаа дүгнэлт хийх ёстой” гэж тус тус мэдэгджээ. Харин эрх баригч МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Сонгогчдын оролцоо багасаж байгаа нь намуудад итгэх иргэдийн үнэлэмж буурсны хэмжүүр бөгөөд энэ нь ардчиллын бэхжилтэд сөргөөр нөлөөлнө. Иймд улс төрийн намууд бид өөрсдөдөө дүгнэлт хийх ёстой. Хамтарч ажиллах шаардлагатай” хэмээн нөхцөл байдлыг бодитоор дүгнэснээс харахад шинэ үеийн улс төрчид сонгуульд, ардчилалд бүгд санаа зовж байгаа нь харагдлаа. Ялангуяа, Монголд дарангуйлал тогтлоо гэх хардалт, айдас олныг түгшээх болсон энэ цаг үед бүр ч чухал байна. Энэхүү хардалтыг батлах эсвэл үгүйсгэхийн тулд үгийн хувьд улиг мэт болсон ардчилал маань үйл явцын хувьд чухам аль шатандаа явааг шинжлэн, дүгнэх шаардлагатай санагдлаа. Чингэхдээ, дэлхийн хандлага ч бас ямар байгааг мэдэх нь зүйтэй болов уу. Бас нэг шалтгаан нь Монголд шинээр тогтоосон гэдгээрээ ардчиллыг судлах, сурталчлах ажил эхэн үедээ нэлээд эрчтэй байсан ч хэлбэрэлтгүй тогтчихлоо гэж найдав уу гэлтэй сүүлийн жилүүдэд багассан.

Ардчиллын үүсэл хөгжил

Төрийн эрх мэдлийг салгаж, харилцан хяналт,тэнцвэртэй байлгах нь бүх нийтийн сайн сайхан байдал, хүний жам ёсны эрх, эрх чөлөөг хангана гэх үе үеийн сэтгэгчдийн номлолд үндэслэн хүний нийгэм XVIII зуунаас эхлэн Үндсэн гэх хуулийн дагуу түүхээ бичжээ. Аж үйлдвэржилтийн эрин эхэлснээр голлох улс орнуудын хооронд дэлхийн эд баялгийн төлөөх тэмцэл эрчимжиж, колоничлол, колонийн бутрал, том дайнууд, НҮБ, коммунист болон зүүний үзлийн тархалт, хүйтэн дайн, эвсэл бүлэглэл зэрэг үзэгдэл нь сүүлийн 200 жилийн хүний нийгмийн гол онцлог болсон байна.   

Буцалж бужигнасан энэ их үйл явцын дунд Хантингтоны тодорхойлсноор ардчилалд шилжих 3 давлагаа болжээ. Эхнийх нь 1820-1926 онд, 2 дахь нь 1945-1962 онд, 3 дахь нь 1974-1990 онд социалист систем нуран унаснаар явж. Харамсалтай нь нийгэм, эдийн засгийн шинэчлэлийг огцом хийх гэсэн зүүний засгийн газрын хэт туйлшрал, зүүний хөдөлгөөнүүд, доод давхаргынхныг улс төрөөс зайлуулах гэсэн  дунд ба дээд давхаргын консервативчуудын улайрал, эдийн засгийн хямралаас үүссэн нийгмийн зөрчилдөөн гэх мэт хэд хэдэн хүчин зүйлийн улмаас ардчиллаас ухрах давлагаа ч бас 2 удаа болжээ. Тухайлбал, фашизм, авторитар дэглэм рүү ухарсан ухралтын эхнийх нь Италид Муссолини ялснаар 1922-1942 онуудад, хоёр дахь нь 1960-1975 онуудад тус тус явжээ. Хор уршгийг нь олон арван сая хүний амь эрсэдсэн Дэлхийн 2-р дайны түүх гэрчилнэ. Дарангуйлал, нэг улсын хараат байхын гашуун зовлонг олон арван мянган тэргүүний сэхээтэн, лам хуврагаа хэлмэгдүүлэн устгасан Монгол ч бас амссан.

Ардчиллын өнөөгийн байдал дэлхий дахинд

Backsliding буюу Ардчиллын ухралт, Autocratic legalism буюу хуульчлагдсан дарангуйлал гэх асуудал дэлхий нийтийн сорилт болоод багагүй хугацаа өнгөрчээ. Өөрөөр хэлбэл, зарим эрдэмтдийн үзэж байгаагаар ардчиллаас ухрах 3 дахь давлагаа аль эрт 2000-аад оноос эхэлжээ. Шалтгаан, нөхцөлийг эрдэмтэд polarization буюу туйлшрал, овог аймгийн талцал, хэвлэл мэдээллийн уламжлалт хэрэгслээс цахим руу шилжсэнээс үүдэлтэй чанаргүй сэтгүүлчид, fake newsбуюу худал мэдээлэл зэрэг нийгмийн үзэгдлүүдтэй холбон тайлбарладаг. Мөн 2008 оны дэлхийн санхүүгийн хямрал, Ирак, Афганистан, Сирийн дайн, дүрвэлт, цагаачлал, Авторитар Хятад дахь эдийн засаг, нийгмийн үсрэнгүй хөгжил, Арабын хавар, түүний дараах хямралууд зэрэг гадаад, мөн шинээр ардчилсан орнууд дахь авилгал, шударга бус байдал, ядуурал, баян хоосны хэт их ялгаанд иргэд нь сэтгэл ханамжгүй байх явдал зэрэг дотоод хүчин зүйлс бас нөлөөлсөн аж. Ерөнхийдөө, дарангуйлал гудамжинд танкууд гарч ирж, төрийн эргэлт хийх замаар бус ардчилсан аргаар сонгогдсон эрх баригчдын тусламжтайгаар далд хэлбэрээр ирдэг болж. COVID-ын улмаас үүссэн улс орнуудын нийгэм, эдийн засгийн хүндрэл нь мөн ардчиллаас ухрагчдад томоохон далим болж байгаа нь маргаангүй.

Ардчилал хүний өдөр тутмын амьдралын хэв маяг болох нь төгс ардчиллын эцсийн зорилго аж. Харамсалтай нь дэлхийн дундаж иргэний ардчилсан амьдралын түвшин 2020 онд 1990 оныхтой ижил хэмжээнд хүртэл унасан гэсэн судалгаа гарч. Сүүлийн 10 жилд Орос, Венесуэл, Турк, Украин, Унгар, Серб, Казак, Киргиз, Энэтхэг зэрэг олон улс Ардчиллаас Сонгуулийн дарангуйлал руу ухарсан байна. Уг нь Венесуэл, Унгар, Польш зэрэг олон улс ардчиллын хувьд бүрэн бэхэжсэн, тэнхээтэйд тооцогдож байсан. Тэр бүү хэл АНУ хүртэл ухран алдаад авсан. Тиймээс ч Ерөнхийлөгч Ж.Байден Дарангуйллаас хамгаалах, Авилгатай тэмцэх, Хүний эрхийг дээдлэх чиглэлээрх улс орнуудын амлалт, санаачилгыг сэргээх зорилготой Ардчиллын төлөөх Дээд хэмжээний уулзалтыг 2 жил дараалан хийхээр төлөвлөж, эхнийхийг нь энэ 12-р сард хийхээр болжээ. Германы Гадаад хэргийн сайд Ардчиллын төлөөх Маршалын төлөвлөгөөг санал болгосон, Шведийн Гадаад хэргийн сайд ‘Drive for Democracy’ буюу “Ардчиллын төлөөх зүтгэл”-ээ гадаад бодлогын тэргүүлэх чиглэлээ болгосон зэргээс ардчилал хөгжсөн улс орон хүртэл ардчиллын ирээдүйд санаа ихэд зовж буйг илтгэнэ. 

Монгол дахь ардчиллын төлөв, байдал

Цор ганц коммунист нам нийгмийг дангаар захирч байсан БНМАУ Ардчиллын 3 дахь давлагаанд өртөж, Ардчилсан хувьсгалын дүнд шинэ, ардчилсан Үндсэн хуультай болов. Төгс ардчилалд хүрэх бидний зам дардан бөгөөд богино байхгүй нь тодорхой ч хэдийнээ нэгэн жарны тал шахуу өнгөрчээ. 2 том авторитар дэглэмийн дунд орших Ардчиллын баян бүрд гэгддэг улс маань дээрх улсуудын адилаар замынхаа дундаас ухарчхаагүй байгаа, ер нь Үндсэн хуулийн хэрэгжилт маань юу болж байна гэх зовнил нийгэмд бий болжээ.Үүнийг тайлахын тулд ардчилал, дарангуйллынхаа мөн чанар, шалгуурыг дахин нэг сэргээж, ойлгох шаардлага тулгарч байна.

Ардчиллын төлөв байдлын индексийг жил бүр тогтоодог Economics intelligence unit судалгааны байгууллага улс орнуудыг (1) Ардчилсан, (2) Гажуудсан ардчилалтай /Чөлөөт, шударга сонгуультай. Засаглал, хүний эрх, эрх чөлөө асуудалтай. Улс төрийн соёл төлөвшөөгүй, улс төрийн оролцоо багатай/. (3) Гибрид буюу хос дэглэмтэй /Сонгууль нь чөлөөтэй, шударга болдоггүй. Засгийн газраас сөрөг хүчин, нэр дэвшигчдэд дарамт үзүүлдэг. Засаглал, хуулийн хэрэгжилт, иргэний нийгэм, улс төрийн соёл маш сул. Авилга өргөн тархсан. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл дарамтад, шүүх эрх мэдэл хараат/. (4) Авторитар дэглэмтэй /Олон ургалч үзэл байхгүй буюу хязгаарлагдмал. Сонгууль болсон тохиолдолд чөлөөтэй, шударга биш. Хүний эрх, эрх чөлөөг зөрчдөг. Хэвлэл мэдээллийн хэрэгслийг ихэвчлэн төрийн өмчит эсвэл эрх баригчидтай холбоотой бүлгүүд хянадаг. Шүүх бие даасан бус/ гэж ангилдаг. Харин Variety of democracy (V-dem) байгууллага нь (1) Либерал ардчилалтай, (2) Сонгуулийн ардчилалтай /Олон намын оролцоотой сонгуультай. Хууль дээдлэх, шударгаар шүүлгэх, хүний эрх, эрх чөлөөний зарчмууд алдагдсан буюу хангалтгүй/. (3) Сонгуулийн авторитар дэглэмтэй, (4) Хаалттай авторитар дэглэмтэй улс гэж ангилжээ.

Дээрх байгууллагууд Монголыг дээрээсээ хоёр дахь буюу Гажуудсан ардчилалтай, Сонгуулийн ардчилалтай улсын ангилалд оруулжээ. Тодорхойлолтоос харахад, Монголд хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилт, хамгаалалт, шүүхийн бие даасан байдал, хэвлэлийн эрх чөлөө хангалтгүй, засаглал дахь хяналт тэнцэл алдагдсан гэдгийг олон улсын байгууллагууд нэгэнт тогтоожээ.Өөрөөр хэлбэл, эрх баригчид нь ардчилсан сонгуулиар гардаг хэдий ч сонгуулийн бусад үед амьдрал тийм ч ардчилсан биш гэсэн үг. Харин энэ ангилалд биднийгээ арай гэж багтаасан ачтан нь олон намын оролцоотой чөлөөт, шударга сонгууль аж. Тэгэхээр ганц авралын од сонгууль маань чөлөөтэйгээс гадна шударга явагдаж байна уу гэдгийг дүгнэх хэрэгтэй болж байна.

Монгол дахь сонгууль

Чөлөөт, шударга сонгууль гэх ойлголт анх Өмнөд Африкад  1994 онд болсон аппартеид дэглэмийн дараах анхны сонгуулиас эхтэй аж. Гол санаа, зорилго нь иргэд төлөөлөгчөө сонгох үйл явцад чөлөөтэй оролцох ба үр дүн нь шударгаар гарч, бусад намууд хүлээн зөвшөөрөх ёстой аж. Улс төрийн шинжлэх ухааны онолд харилцааны клиентелизмээс гадна сонгогчдын саналыг татахад чиглэсэн өгөө авааны тухай сонгуулийн клиентелизм буюу сонгуулийн авилга гэж ойлголт байдаг аж. Улс төр судлаач Скот, Стокез нарын тодорхойлсноор сонгуулийн клиентелист нам (улс төрийн машин) гэж үзэл баримтлал, бодлогоор бус эрх барих үедээ төрийн хүч, нөөцийг ашиглан орлого багатай сонгогчдод мөнгө, эд тарааж, элдэв үйлчилгээнд хамруулах буюу ашиг, тус хүртээх замаар татахыг оролддог намыг хэлдэг байна. Авилгатай сонгууль шударга бус нь тодорхой ч хэрхэн явагддагийг дараах 3 ойлголтын хүрээнд авч үзье.      

1.Vote-buying /VP/ буюу санал худалдан авах ажиллагаа 1990 оны анхны чөлөөт сонгуулиар барааны саван өгөхөөс эхлээд хүүхдүүдэд мөхөөлдөс, хүүхнүүдэд торго, хөгшдөд гурил тараах, залуучуудад үзвэр үзүүлж, үсийг нь засах, өвгөдийн өвчнийг нь оношилж, өрөөл мах өгөх зэргээр өргөжин баяжсан. Эрх баригчид ч бас ил цагаан мөнгө амлаж, түүнийгээ тараахын тулд урд хөршдөө хүртэл өр зээл тавих зэргээр хэмээс хэтэрсэн тул 2012 оноос хориглосон ч Ковид лугаа мутацад орон хэлбэр дүрсээ өөрчлөн оршсоор байна. Эд бараа нь бэлэн мөнгө өгөх эсвэл данс руу нь шилжүүлэх хэлбэрт шилжсэн. УИХ-ын гишүүд, нэр дэвшихийг санаархагчид сонгуулийн бус үед элдэв сангийн нэрээр төрийн голцуу мөнгөөр сонгогчдыг Утайгүмбэн, Улаан-Үд явуулах, сургуульд оруулах, сургалтын төлбөрийг нь даах, гэр байшин олгохыгоо тойргоо услах хэмээнэ. Сонгуулийн жилийн 12-р сард нутгийнхаа шинэ жилд оролцох оюутнуудын таксыг төлж, айлуудын шинэ жилийн бялуу, оргилуун дарсыг тарааж, тухайн газрынхаа дэлгүүрийн баярын орлогыг хааснаар 4-н жилийн усалгаа дуусна. Дэлгэрэнгүй хувилбар /сонгогчдыг маникюр, үсчний дамжаанд хамруулах г.м/-ыг УИХ-ын гишүүдийн 4 жилийн тайлангаас харж болно.                        

2.Abuse of State Recourse /ASR/ буюу сонгуульд эрх баригчид төрийн хүч, нөөцийг урвуугаар ашиглахыг “Трансперенси Интернэшнл” 7 ангилсан нь Монголд бүгд тултал ашиглагддагийг дурдвал энд багтахгүй тул гол 3-ыг нь жишээ болгоё. (1) Хууль, хүчний байгууллагын хүч, нөөцийг улстөрийн өрсөлдөгчөө айлгах, мохоох, устгах зорилгоор барьж хорих замаар ашиглах явдлыг хамгийн ноцтойд тооцдог нь хүний улс төр, иргэн, эдийн засгийн эрх, эрх чөлөөг хязгаарладагтай нь холбоотой аж. Монголд өмнө нь мэр сэр гарч байсан энэ үзэгдэл 2020 онд Ж.Эрдэнэбат, Да.Ганболд, Н.Номтойбаяр,  Б.Бямбасайхан, С.Баярцогт нарыг сонгуулийн үеэр Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрөлгүйгээр,барьж хорьсноор оргилдоо хүрсэн. Бантав уу гэлтэй ял өгсөн ч гурав нь буруугүй нь тогтоогдон суллагдаж, нэгнийх нь хэрэг нь задарч мөрдөн байцаалтад буцсан. Ойрхны жишээ гэвэл өнгөрсөн сард ОХУ-д болсон Төрийн думын сонгуулиас хэдхэн сарын өмнө сөрөг хүчний лидерийг шоронд хийсэн. (2) Санхүүгийн хүч, нөөц буюу улс, орон нутгийн төсөв, төсвөөс гадуурх нөөцөөс өмнөх сонгуулиудаар ахмад, группийнх, шинэ гэр бүл, оюутнуудад тарааж байсан. 2020 онд харин ахмад, гадаадад сурсан оюутны зээл тэглэх, 1072 хувьцааны ногдол ашиг тараах (Сонгуулийн тухай хуулийн 38.3-аар хориотой ч), малчдын данс руу 120.000 төг шилжүүлэх гэх мэтээр шинэ төрөлтэй болсон. Мөн л ойрхны ОХУ-ын жишээнээс дурдахад саяын сонгуулийн өмнөхөн нийгмийн асуудлыг нь шийдэх зорилгоор цэргийн болон хууль сахиулагчдад 15000 руб, хүүхэдтэй гэр бүл, тэтгэврийнхэнд 10000 рублийн нэг удаагийн тэтгэмж олгожээ. Ирэх жилээс 4 тэрбум болж буй УИХ-ын гишүүдийн тойрогт зарцуулдаг гэх мөнгө бол Монгол Улсын хөгжлийг цогцоор нь харж хөгжүүлэх бодлого гэхээс илүү сонгуульд зориулсан авилга юм. Үүнээс гадна нийт иргэдийн 70% нь 72 төрлийн 551 халамжийн аль нэгэнд хамрагддаг гэсэн статистик байна. (3) Албан тушаалын хүч, нөөц буюу Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүдийн давуу байдлаа ашигладаг олон үйлдлээс цар тахлын үерх уулзалт, цугларалтын жишээг дурдахад ойлгомжтой байх. 

3.Political Budget Cycle (PBC), манайхаар “сонгуулийн төсөв”. Сонгуулийн жил улсын төсөвт гишүүдийн тойрогтоо тавиулдаг мөнгө илт нэмэгдэхээс гадна МСҮТ-ийн оюутнуудыг цалинтай болгох зэрэг сонгогчдын санал татахад чиглэсэн технологи буянтны дүрээр шургалсан байдаг. 2012 оны сонгуулийн жилийн төсөв өмнөх оноосоо 1.2 их наяд, 2016 оных 2.3 их наяадаар данхайж, 2020 оных 2.7 их наяд төгрөгийн алдагдалтай батлагдсан. Энэ бүх ажиллагаанууд бүхэлдээ сонгогчдын саналыг худалдан авах, татахад чиглэсэн юм.

Үхсэн буюу байхгүй хүнээр, эсвэл нэг хүнээр хэд дахин санал өгүүлэх, мянга мянгаар нь царцаа нүүлгэх гэх мэт иргэний бүртгэлийн маапаан, хар машиныг хакердсан гэх амьд гэрчтэй хэрэг хохирогчгүй хэмээн хаагдах зэрэг булхай, луйврыг дурдвал нөгөө “...хүрээний бузрыг яривал далай далай” гэгчээр, мөд барагдахгүй далай. Энэ бүхнээс Гажуудсан ч гэсэн Ардчилсан ангилалд биднийгээ торгоож буй авралын од сонгууль маань ч бас үндсэн шалгуур болох шударга явагдах гэдгийг хангадаггүй нь илэрхий байна. Монгол Улс аль хэдийн Авторитар, Ардчилсан дэглэмийн аль алийг хослуулсан Гибрид дэглэмтэй улсын ангилал руу ухарчээ.Өөрөөр хэлбэл, авлигын индексээр доошилж байгаа шигээ ардчиллынхаар бас нэг шат ухарч байна.

Ажлаа рекламдахын тулд интертэймэнт дарга анги хүмүүсийг эрсдэлд оруулан хэдэн мянгаар нь цуглуулж болж байхад иргэд үзэл бодлоо илэрхийлэхийн тулд 1-2-оороо бөөгнөрч болдоггүй баривчлуулж байгаа нь төр ард иргэдээ айлгаж, мохоох зорилготойгоос гадна хууль дээдлэх, иргэн бүрд тэгш үйлчлэх, шударгаар шүүх ардчиллын суурь зарчмуудыг улам дордуулж байна. Мөн цөхөрсөн олны гомдлын илэрхийлэл суулт, өлсгөлөн зэрэгт дүлий байгаа нь үйл ажиллагааныхаа үндсэн зарчим болох шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах Үндсэн хуулийн үүргээ биелүүлж чадахгүй байгааг илтгэнэ. Энэ янзаараа уруудвал Ардчилсан фасадтай Авторитар дэглэмтэй улс болоход ганц алхам л үлдэх бий гэхээс айж болгоомжлох нь аргагүй юм байна.

Авралын од сонгуулиа ядаж шударга явуулахад элдэв сангийн нэрээр тойрог услахыг зөвхөн сонгуулийн жилд бус 4 жилийн туршид; хувь хишиг, хувьцаа тараах, зээл тэглэх, цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэхийг сонгууль болохоос 1 жилийн өмнөөс (Гүрж 6 сарын өмнөөс хорьдог); Улс төрийн намын удирдлагыг гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон эсвэл хэрэг үйлдэж байхад нь нотлох баримттай нь баривчилснаас бусад тохиолдолд сонгууль болохоос 6 сарын өмнөөс барьж хорихыг тус тус хориглох, мөн Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа сайжруулах, зөрчсөн этгээдэд хариуцлага тооцох механизмыг чангатгах, Сонгуулийн Ерөнхий хорооны бүрэлдэхүүнийг томилох зарчмыг өөрчлөх зэрэг хийж болох ажлууд багагүй байгаа санагдана.  

Ардчиллын ирээдүй аль аль намын улс эх орноо гэсэн шинэ үеийнхний улс төрийн зориг, иргэний нийгмийн төлөөлөл, эрдэмтэн судлаачдаа түшиглэсэн ажил хэрэгч хамтын ажиллагаанаас хамаарна.

Жудагийн БАЯРМАА

2021 оны 10 сарын 26