Малаа яачихаад даяарших вэ?
Даяаршил газар авлаа... бид дэлхийн дэвжээнд өрсөлдөх чадвартай байх хэрэгтэй...гэх. Чадвартай бол мандах нь гэсэн бодол төрдөг ч чухам тэр өрсөлдөх чадвар нь юу юм бол хэмээн эрэлхийлнэ. Мэдэх хүсэл оргилно... Малчны толгойд зурсхийдгээр бол, нэгнийхээ өвөлжөөн дээр буугаад зунжичвал уг нь ч догь доо!? Уяач морио түрүүлүүлэхийг бодно. Бөх хаяхыг бодно. .... гэвч тэдгээрийн чадвар ил биш, зөвхөн түрүүлэх эсвэл хаях үр дүн нь харагдаад байна. Жишээ аваадахъя. Барааныхаа үнийг хямдруулж борлуулсан атлаа ашиг олж чадвал түүнд нэг нууц байж таарна, тийм үү? Тэр нь түүнд байгаа надад байхгүй,  өрөөлтэй хуваамгүй эрдэм байж болзошгүй. Эсвэл өөрөөсөө ч нуудаг заль байж болох. Тийм ч байлаа гэсэн өөрийн буруу өөртөө зөв хойно юу хэлэхэв.
...Монголын үндэсний өрсөлдөх чадварын тухайд саяхнаас зарим нэг зүйл толгойд зурсхийх болов... бусдаас ялгаатай юу (үнэт зүйл) бидэнд байгааг юу юунаас түрүүнд мэдмээр юм байна. Жишээ нь, Монголын  бэлчээр, бэлчээрийн  мал, малын бүтээгдэхүүн бол дэлхийн хаана ч байхгүй онцлог үнэт гинжин хэлхээ ажээ.  Учир нь ургамлын иж бүрдэл нь бусдаас шал өөр, тэдгээрээс мал бэлчээрлэж байхдаа өөрөө амттай сайхан бүхнийг нь шилээд холиод идчихнэ, тийм малын мах, сүүний амт чанар гэж нэн сайхан. Манайд уламжилж ирсэн үнэт зүйлсийн гол суурь нь энэ байна. Яаж энэ баялагийг сэтгэл дүүрэн ашиглах вэ? Яаж дэлхийн хаана ч таньдаг брэнд болгох вэ?
...Одоо бидний байдал ямар байна?
...Малынхаа сүүг биш, гадны меламинтай хуурай сүү авчирч найруулаад савлачихдаг үйлдвэртэй байна! Тэдэнд ингэх нь ашигтай байгааг ойлгож болох ч меламинтай байх нь тун зохисгүй; алдааг нь алсдаа бурхан гэсгээх биз...
...Хөл дулаацуулах тос гэсхийгээд хөгшчүүл хоорондоо ярилцдаг. Тосыг хөлдөө жийрэглэхгүй, харин аягатай хар цайд хийгээд уухад толгойноос хөл хүртэл дулаацдаг юм гэнэ. Хөлийн тоо нэмэгдэхээс өмнө халаалттай байшинд орчихсон бид түүнийг хэрхэн мэдэх билээ. Гадныхан байтугай өөрсдөө цагаан тос, ээзгий, ааруул, шар тос зэргийг хэрэглэх нь багасаад байх шиг! Өөрийнхөө юмыг тоож, хэрэглэж, дутууг нь гүйцээж, өөд татах завгүй л явна бид!
...Хэн хэнд маань хэдэн мал бий, уг нь. Гэтэл мал гэхээр манас гээд байдаг! Малчны хүүхдүүд уулс тийшээ хаяа тэлсэн, үүлс тийшээ оргил тулсан Улаанбаатар руу татагдаад байдаг, би ч цагтаа бас малаас зугтсан нэгэн... Би ер нь энэ их ном үзэж, хэрэгтэй хэрэггүй цол зэрэг авсан хүн одоо мал руугаа ухаан бодлоо чиглүүлж ажиллах нь зөв юм гэсэн тэнэгхэн бодол төрөөд, нэг удаа бэлчээрийн менежментийн “Ногоон алт”-ын орон тооны зар харангуут очмоор санагдаатахав. Тэгсэн зар дээр нь “Барууны орнуудад мал аж ахуйн менежментээр магистраас дээш цол хамгаалсан хүн байх” шалгуур тавьжээ. Ингээд би малын салбарт тэнцэхгүй болохоо мэдээд зогссон. ...Малчин, бэлчээр хоёрыг доктор болтол нь баруунд бэлтгэдэг болсон юм байх даа?  Нэрийг нь ашиглаж тэс өөр юм хийдэг юм болов уу, арай үгүй байлгүй дээ... Хөөрхий, хөөрхий... мань ч өрөөлийг бүү хэл, өөрийгөө ойлгохгүй яваа амьтан ш дээ! Үүнийг орхие.
... Уг нь би дууриахын аргагүй юмтай, түүнээ өөд татаад явдаг бол өрсөлдөх чадвартай болно гэж ухаарсан хүн юмсан! Өөрийн гэх юманд хаана нь ч тэнцэхгүй нь ээ!  Би чинь монголоо алдчихсан амьтан болжээ.

Харийнхнийг дууриах уу, дууриалгах уу?
Монгол залуус харийн юмыг сураад тэдэнтэй өөрсөдтэй нь үзэлцэх болж. Зүйрлэвэл, хотонд орсон чоно нь гэмээр ч юм уу даа. Муухай л юм, уг нь. Харин зөрөөд хотонд орох гэвэл “манай банхар” ч халгаахгүй дэг ээ. ...Яадгийм, чадаж байгаа юманд! Ёстой өрсөлдөх чадвартай байгаа юм биш үү?! Батбаяр сумог анх нээгээд, Дагвадорж араас нь очоод ёстой үзүүлээд өгсөн. Гэхдээ хэтрүүлчих дөхсөн, бурхан минь өршөө! Түвшинбаяр жүдо бөхөөр олимпын салхи хагалаатахлаа. Ингээд дурдаад байвал амжилт олоон олон. ...Харин гадны нүдээр харахад хамгийн “зэвүүн” нь Өсөхбаяр Гимлайн оргилд гараа л, Ганхүү Антрактидын оройд мацаа л, Амай дэлхийг тойрч шиншлээд л...  Бас тэгээд зогсохгүй, Монголдоо эргэж ирээ л, “монголын минь сэрүү татсан салхи” гэж байгаад “гүд гүд” залгилаал, овоон дээрээ гарч хийморио сэргээгээ л... Ер нь нэг л биш ээ, энэ монгол залуус! ...Харийнханд ямар цөвүүн цаг ирэх гээд байгаа юм бол доо, хөөрхий…

Түвшинбаяр хэнийг хэрхэн баярлуулав?

Түвшинбаяр хөвүүн жүдо бөхөөр олимпийн аврага болоотохож. Улс даяар л нэг хөөр баяр болж байна. Олон түмэн хөөрч, хөөрцөглөж, хөгжицгөөж, жанжин Сүхийн талбай хүн, машин, туг далбаагаар өдөр шөнөгүй дүүрчээ. Төрийн сайдууд хүртэл хөлчүүрхчихсэн, хөтлөлцөн гарч, ура хаш...гирч байна. Байз..., байз... энэ чинь л нэг эв хавгүй болоод явчихлаа! ...Тэд ингэтлээ хөөрөв гэж үү?
Тавь, жаран жил ч гэл үү “хүлээсэн медаль ирлээ” гэх ахмад тамирчин, дасгалжуулагчид шавь нь түрүүлэхээр үнэхээр тэсэхийн аргагүй баярлан хөөрч байна, энэ болж байна, нэг. Тэднийг даган баясаад, томоохон шоу болгочих сонирхолтой нөхдүүд машин унаж, туг хатгаж, кайф авахыг ч бас үгүйсгэхгүй, байх л тохиолдол, хоёр. Улстөрчид “хайртай ард түмэнтэйгээ амь нэг байгаагаа үзүүлж”, “жинхэнэ монгол эр болж харагдахаар архи уун” шоу хийж байна, энэ л харин эргэлзээтэй байна, гэвч гурав. Мань мэт нь гараад давхихгүй ч гэлээ барилдааныг дахин дахин харахыг хүсч шүлэнгэтэж байна, энэ бол нийтлэг асуудал, болж байна, дөрөв.

Олимпийн аврага маань адуучин гэвэл ичих үү, байх уу
-Хн, Цагаанбаатарыг л хөөрцгөөгөөд байсан. Тэрнийх нь байж байгааг дээ!
–Яасан?
-Уначихсан.
-Тэгээд?
-Хэдэн дасгалжуулагч шиг санаатай юмнууд нь хүнээ ч танихгүй.
-Аав аа, тэр чинь дасгалжуулагчийн буруу биш дээ, хэвлэлийнхэн л хүний нүд бүлтийлгэж, чих дэлдийлгэх юм хайсан даа л тэр Цагаанбаатарыг чинь явахад нь цөсийг нь хөөргөөд, хажуугаар нь хар цагаан хэл ам болгочихсон байлгүй дээ.
-Тэр нэг адуучин хүү, азтай золиг шүү!
-Юун адуучин?
-Түвшинбаяр л байхгүй юу!
-Аан. Тэр яасан гэж?
-Ялсан. Гэнэгүйхэн ялсан. Сиймхийгээр нь ороод гарчихсан.
-Та дургүй байгаа юм уу?
-Тэр чинь ...адуучин...
-Харин тэгээ л ялсан байхгүй юу даа, аав аа!
-Юу?
- Буруу зөвгүй чихдэж, хүчийг нь дагуулж, хурдыг нь гүйцэх гэдэг адуучны эрдэм гээ биз дээ?
-Үгүй, чи чинь... ?
-Аав минь дээ, манай сургуулийн нэг найз охин түүнийг их магтдийн. Тэгээ л би, одоо нэг уулзахаараа найз маань иймэрхүү маягаар магтвал зүгээр ч юм уу гэж бодож байсийм аа.
-Тийм дээ. ...“Амссан ааруулаас минь мал үнэртлээ”  гэх вий гэлээ гэдэг шиг... би ч “энэ хөдөөний хүү овоо доо л” гэх гээд чадахгүй л байсийм...

Хэний морь түрүүлэх бол
Дурангаар харах төдий алсаас хурдан морьд эргэж, гуч орчим километр давхин, хурд хүчээ үзнэ. Уралдах нь өрсөлдөх, өрсөлдөх нь өөрийн сайныг үзүүлэх билээ. Хүлгийн сайн, хүүхдийн сайн, уяачийн сайн, удмын сайн, өдрийн сайн давхцаатахвал ч... хэний ч хүлэг түрүүлэх дэг ээ. ...За-аа, тэнгэрийн хаяанаас тоос бослоо... Морьд-ч-гар-лаа-даа. ...Туурайн төвөргөөн, хүүхдийн гийнгоо чихэнд сонсогдож, морьдын хөлс гялалзан, самсаа нь сортолзон, хуй салхи татуулан, хурдлан айсуй... За-даа, одоо-ч-ирлээ-дээ! ...Миний өмнөх цаасанд үзэг шүргэж, хурдан морьдын цувраа шиг үсэг өрнө. Хурдан хүлгүүдийн уралдаан гэж! Сэтгэлд хоногшсон юм хойно, сурсан юмыг сураар боолгохгүй нээ. Уг нь тойргоор тойруулаад уралдуулчихвал унаатай унаагүй, дагасан дагаагүй бүгд л үзнэ ш дээ гэх. Тал нь байхад тойргоор яахав, монголоо алдчихна ч гэх. Нээрэн ч тийм дээ. Наадам бол кайф юм хойно! Тал бүрхээд, тоос үүрээд, алсаас айсуй морьдын уралдаан хорхой хөдөлгөхдаа илүү ш дээ. Харагдахгүй байчихаад, гэнэт гараад ирэх нь бүр илүү цөс хөөргөнө. Холоос дурандах нь ч бас хүлгийн хурдан, хөндийн уужууг мэдрүүлнэ. Сайн танигдахгүй харагдах нь үзүүр түрүүгээ булаацалдахад ч таатай юм даа. ... Ай хөөрхий, Монгол наадам аа гэж!

Барилдах уу, хоёул аа?
Зодог шуудаг өмссөн нүцгэн шахам бөхчүүд хоёр багана үүсгэн зогсоно. Гараанаас гэнэт гарч, зэрэг шавцгаана.  Хэн нь хэнтэйгээ барилдахыг таахад бэрх. Гэвч зэсүүл тэднийг харгалзах тул эзэнгүй, хэнтэй хамаагүй хийдэг “тулаан” ч бас биш юм. Өрсөлдөхөд бие, бяр, мэх, ухаан хэрэгтэйгээс гадна ёс жудаг бас бий! Үүнийг монгол эр хүн бүр мэдэх тул хориотой мэх үл гарна. Тал шиг дэвжээний нэг захаас нөгөө рүү бие биеэ түрэн, бухын мөргөлдөөн лугаа шороо манаргаж явах нь хааяа нэг үзэгдэнэ. Унагахдаа гол нь биш дэвжээнээс гаргах нь гол гэх япончууд хязгааргүй дэвжээг хараад мэл гайхаж байхад, цагтаа багтах нь гол гэх германчууд нар харж налайсан зэсүүлүүдийг харж цэл хөхрөнө.
Хаана, хэзээ унаж, унагаж дуусах нь нэг л бүрхэг,  ёстой л “дэнжин дэвжээ нь хазайхгүй бол унахгүй, дээрх наран жаргахгүй бол дуусахгүй маягтай юм” гэх хооронд л нэг нь гэнэт унагаатах нь хачирхалтай. Налгар бөхчүүл, цалгар дэвжээ байтал харахын зуурт амжуулчихдаг монгол мэх их овжин, нэг л нууцлаг. Бөөнөөрөө барилдана. Энд бужигнуулахад тэнд найлайж байна. Налайж байсныг нь налайгаад харах гэхэд дуусчихсан байна. Цөөхөн монголчууд олноороо барилдах нь бас л нэг учиртай даг аа. Монголчууд барилдах, уралдахаас залхдаггүй. Ганц дээлт барилдаач, ганц морьт уралдаач гэж үг буй. Байгаа ганцыгаа баллачихаас эмээлгүй барилддаг.  Эрчүүд тааралдвал, барилдах уу л гэнэ. Уйдсандаа бус, урлаг болгож хөгжүүлсэндээ л тэр. Уран мэхийг уралдуулан хийх нь тэдний ганц мөрөөдөл, бас бахархал. Үзэх, харах, бишрэх, цоллох нь унагахаас илүүтэй сэтгэл татна. Шуугиулсан бөх үзвэл бах нь ганц ханах нь тэр дээ.

Нэр үү, хоч уу?

Нэр, хочийг ялгахгүй будлих энүүхэн. Халзантай уулз гэвэл холын хүнд нэр гэж ойлгогдох ч, ойр тойрныхонд бол хоч байж тун ч болзошгүй. Хочтой байх нэр хугарахын нэр биш гэж би боддог. Бэлэн Сэнгэ гэхэд нэг их гутраад байх юмгүй, үг хэл нь урссан амьтны дүр буух нь лавтай. Бага сургуульд байхад хүүхдүүд намайг улаан трактор гэдэг байсан. Одоо эргээд бодоход, хөдөлгөөний эвсэл тааруу, хүүхэд, ширээ шүргэж, хаалга шидэж, түр тар гэсэн нэг хачин юм л байж дээ, хөөрхий. Хочийг аль нэг талаас нь тун сайн онож өгдгийг тооцвол уран сайхны нэн нарийн дүр гэлтэй. Заримдаа хочтой нь хамт нэрийг нь дуудвал ам аятайхан эвлээд явчих шиг болдог. Гэвч энэ нь миний тэнэгийнх байж ч мэднэ шүү, уучлаарай. Зохиолчид хоч нэрийг зохиол бүтээлдээ түгээмэл хэрэглэдэг нь тэрээр дүр бүтээхэд ихээхэн дэм болдогтой холбоотой байх. Хочгүй хүн тоо томшгүй олон бий. Гэвч хочтой зарим нь нэг нэр, хоёр хочгүй хэн байхав гээд тоохгүй нь сайхан. Хоч гэж чухам юуг хэлээд буйг дараах жишээнээс харж болно. Толь Гэдэнгээс1 хэн хэнтэй уулзав гэж асуухад хариу болгож: Эрүү цагаан Дэнхэлзүүр, Үнхэлцэг цагаан Ёнхолзуур, Заяын шавийн Мөнгөн Цоолтуур, Хилэн Хөвөө, Цэхэр Чоймбол, Ногоон Дарцаг, Урт гуят Унзадын Балин, Хошууны нэрт Хоовой Равсал, Дүүрэн Цэвэг, Дүгрэг Ёндон, Тархигүй Хаймчиг, Аавын Наньяа, Агсан Жамбаа, Ажив Готов, Адуунд явдаг аягач Луузан, Адгийн муу нохой Луузан, Хүрэнгийн Жороо хүртэл… уулзаад ирлээ гэж хоч нэртэй нь шүлэглэж хэлсэн байдаг.
Зохиолчид ч бие биедээ хоч өгөлцөн тоглодгийг мөн харж болно2. Тухайлбал, Урт сайхан зоотой Д.Отгонсүрэн, Уужим сайхан ташаатай С.Долд, Хөлдөө жороотой Ш.Сүрэнжав, Хүзүүндээ молцогтой Ш.Дулмаа, Чонон хоёр чихтэй П.Бадарч, Цолмон хоёр нүдтэй Д.Тарва, Толгойгоороо тоглодог З.Дорж, Тоосноосоо бусгадаг Д.Пүрэвдорж г.м.
Хоч нь нэр нэгтийг салгахад бас туслах нь бий. Жишээ нь: Мангас Балдан, Суурин Балдан, Жаал Балдан, Улаан Балдан эсвэл Нохой Болд, Бороохой Болд г.м. Драмын театрынхан үе үеийн найруулагчаа Боддог Ванган, Дайрдаг Гэндэн, Нухдаг Цэгмид, Нудардаг Оюун гэх мэт чимгээр хочилдог байсан баримт бий гэнэ.
Өнөөдөр парламентын тогооныхны хоч нэр, цол гуншин нь ихэд цэцэглэж, данхар толгойноос махан толгойгоор дамжин ясан толгой, молекулаас атом, Үнэг Батаагаас Сум Дашзэвэг хүрснийг бид сонин хэвлэлээс харж л байдаг.
1Ц.Дамдинсүрэн Толь Гэндэн зохиолоос
2Б.Пүрэв-Очирын өгүүллэгээс

Би хатаж байгаа аварга загас

Нийгмийн шаар болсон намайг шоолох эзэн одоо үгүй. Матарт гаргаж, гахай унуулаад ч тусыг олох нь юу л бол. Би эзэнгүй дүрс, дүрсгүй эзэн болсон. Цагдаа сүнсийг минь аваад явбал, хорихын өмхийг нэмэхээс өөр үр дүнгүй, надаас сохор зоосны гарлага гарахгүй. Хоосон амийг хорооход гарзгүй ч, сурвалжлагч Уянга гэх мэт дайснууд хэл амаар эвгүйцүүлж, миний амийг торгоосоор. Тэнэг дайсан тустай байдаг даг аа... Намайг сулладаг. Гэвч би зовлогоо дааж ядна. Ерэн оны их давалгаа намайг Сүхийн талбайд авчирч хаясан. Би хуучин нийгмийн үл үзэгдэх аврага загас. Үхлээ хүлээгээд хатаж хэвтэнэ. Долоон сарын нэгэнд ашгүй хэдэн хүн амандаа оруулж залгисан, амь нэмсэн, ганц шөнө сэтгэл амарсан. Би хуучин нийгмийн хугархай буу болохоо ч харуулсан. Дахиад хэдийг нэмчихвэл, гол тасрах өдөр уртсана. Би өдөөн хатгагч олон сүүл, хавьтсанаа хамдаг олон амаа намуудын байран дээр ангайлган суугч аврага том МАХАН загас. Бүх намд миний талынхан дүүрэн ч, би харин хүний өөрийнхийг ялгах чадвар хомс. Бүгдийг залгина. Үхэхдээ үхэр буугаа тавих цаг минь ч ойрхон. Би орь ганц зүйлд гашуудан харамсдаг: коммунизмын хий үзэгдэл надаар дуусч байгаа нь юутай их гуниг вэ...

 Молиго Очир