Энэ 7 хоногт
-
Оргилмаа
Л.Оюун-Эрдэнэ “тооноор оруулсан гийчид”-дээ ноцуулж, галзуу шийдвэрийнхээ горыг амсаж байна
-
Оргилмаа
Л.Оюун-Эрдэнэ “тооноор оруулсан гийчид”-дээ ноцуулж, галзуу шийдвэрийнхээ горыг амсаж байна
-
Оргилмаа
“Халзан бүрэгтэй” төслийн талаарх Засгийн газрын байр суурийг дахин тодотгохыг хүсэж байна, Ерөнхий сайд аа!
Ураантай Мардайн бараантай тавилан
Подстамд Сталин, Трүмэн хоёр хэдхэн үг сольсныг дүрсэлсэн нэг кино байдаг даа. “Бид нэг онцгой зэвсэгтэй боллоо” гэж Трүмэнийг тандсан байдалтай хэлэхэд Сталин огтхон ч цочирдсон дүр үзүүлэлгүй, “
Подстамд Сталин, Трүмэн хоёр хэдхэн үг сольсныг дүрсэлсэн нэг кино байдаг даа. “Бид нэг онцгой зэвсэгтэй боллоо” гэж Трүмэнийг тандсан байдалтай хэлэхэд Сталин огтхон ч цочирдсон дүр үзүүлэлгүй, “Баяр хүргэе” гэдэг ч билүү дээ. Зөвлөлтийн кино л доо, манайхан сайн мэднэ. Энэ бол дэлхийн II дайнд ялалт байгуулсан холбоотнууд эзлэн авсан газар нутгаа буюу Европыг хуваах тохиролцоо хийж байх үеийн үйл явдал. Трүмэнд хачин тайван царай харуулсан Сталин нүүр буруулмагц
аа минчийтлээ уурлаж, америкчууд ямар зэвсэгтэй болсныг яаралтай тагнаж мэдэхийг ар тийшээ тушаасан гэлцдэг. Зөвлөлт, Монголын чөлөөлөх арми дорно зүг рүү дайтахаас ч өмнө энэ явдал болсон. Тэгэхээр хүйтэн дайн чухамдаа II дайн дуусаагүй байхад эхэлжээ гэж дүгнэхэд хилс болохгүй. Улс орноо сэргээн босгохоос илүүтэйгээр Сталин зэвсэглэлээр хөөцөлдөж гарчээ.
Урааны “жинхэнэ түүх” ингэж эхэлдэг. Анхнаасаа л дайны, тодруулбал цөмийн зэвсгийн үндсэн түүхий эд байсан. Хүйтэн дайн хүчээ авах тусам урааны үнэ өсч, 1980-аад онд нэг килограмм нь 112,7 ам.долларт хүрсэн байна. Энхийн зориулалтаар ашиглах оролдлого тийм ч их байгаагүй боловч, байснууд нь ихээхэн болхи байжээ. Энэ нь хүн төрөлхтнийг цочроосон аюул дагуулсан нь Чернобылийн сургамж юм. 1986 онд болсон уг гамшигт дэлхий тэр аяараа цочирдов. Цочирдлоосоо болоод Засгийн газрууд цөмийн эрчим хүчний судалгаа, шинжилгээг хэдэн арван жилээр зогсоож, олон зуун химичдийг ажилгүйчүүдийн эгнээ рүү оруулсан юм. Урааны үнэ ч шалан дээр уналаа. Улмаар хүйтэн дайныг социалист лагерьт “перестройка” залгав.
Уурхайн хувь заяа
Чита мужийн Краснокаменскт байгуулсан ураан баяжуулах үйлдвэртээ түүхий эдийн нөөц бүрдүүлэхийн тул Зөвлөлтийнхөн Монголын дорнод районд 1960-1970 онд эрчимтэй хайгуул хийжээ. Бүр 1949 онд анхны цөмийн зэвсгээ хийхдээ ураныг нь Хэнтий аймгийн Цэнхэрмандалаас олборлосон байж болзошгүй гэсэн явган яриа явдаг. Ингэж хардах үндэс бий. Учир нь яг тухайн үед Зөвлөлтөд урааны орд нээгдээгүй байсан. Харин манай орны зүүн хэсэг тэр чигтээ цацрагийн идэвхитэй бүс болох нь тэр үеэс л тодорхой болсон байжээ. Дорнод аймгийн нутагт байх Мардайн бүлэг биетийг 1970-аад оны эхэн үед тогтоож, хүдрийн биетийн геологийн байдал, нөөцийг тогтоох ажил хийсний эцэст 1981 онд олборлон ашиглах тухай “маш нууц” гэрээ байгуулагдав.
Мардайд “Дорнод”, “Мардайн гол”, “Гурванбулаг” гэсэн үндсэн гурван орд бий. Эдгээрт нийтдээ урааны хүдрийн 14 биет байдаг. Зөвхөн Дорнод ордод л гэхэд 21 мянган тонн уран байгаа гэж оросууд тухайн үед тооцож байжээ. Оросууд орчин үеийнхэн шиг ямар нэгэн зах зээлийн, арилжаа наймааны зорилгогүй, зөвхөн дайны зорилгоор урааны хайгуул хийж байсан болохоор гагцхүү хөрсөн доор юу байгааг мэдэх үүднээс хэсэг бусаг өрөмдлөг хийж, тухай тухайн үед нь бага зэрэг дээж авч шинжлээд л хаядаг байж. Өөрөөр хэлбэл уурхайг дахин хэн нэгэнд арилжих зорилгоор хүдрийн биетийн геологийн шинж чанарыг батлах, тайлбарлах шаардлагагүй тул нарийвчилсан дээж авч хадгалаагүй байна.
Ингээд олборлолт ч эхэлсэн аж. Гэхдээ мөн л гэрээ шигээ “маш нууц” байдалд хийгдэж байсан юм. Олборлосон хүдрээсээ 680 гаруй тонн уран буюу 1,5 сая гаруй паунд ураны исэл гаргаж авсан гэх тоо ярьдаг. Орд газруудыг төвлөн байгуулсан Эрдэс хэмээх хаалттай сууринд зөвхөн оросууд л тусгай зөвшөөрлөөр орж, гарч байжээ. Чита-Чойбалсангийн төмөр зам руу Чингисийн далан өртөөгөөр нийлдэг 130 гаруй км төмөр замаар Мардайгаас өдөр болгон хүдэр ачсан галт тэрэгний цуваа, өндөржүүлсэн хамгаалалттайгаар явж одно. Мардайд галт тэрэгний ачих, буулгах гурван станц байсан бөгөөд эхнийх Дорнод орд дээр, дараагийнх тосгоны урд талд, төгсгөлийнх нь Гурванбулаг орд дээр байсан аж. Олны дунд түгсэн явган яриагаар, уурхайд алах ялтай хоригдлууд, албадан ажил хийж байсан, гүний уурхайн 10 000 метр үргэлжлэх сүлжилдсэн хонгилын хаа нэгтээ шорон байсан гэлцэх нь бий. Гэвч 1980-аад оны сүүл үед таглаж бөглөөд явснаас нь хойш л ойртох эрхтэй болсноос онгойлгож орж үзээгүй монголчууд бид юугаа ч мэдэх билээ дээ.
Монгол Улс Зөвлөлтийн хувьд дайны түшиц газар байв шүү дээ. Өмнөд этгээдийн халхавч, цэргийн бааз нутаг ч гэж нэрлэж болно. Тэр бодлогынх нь үлдэгдэл болсон цэргийн хотхонууд өнөө цагт балгас болж үлдэцгээсэн. Барилга байгууламжууд нь эвдэгдэн, тоногдоод жинхэнээсээ дайн болсон юм шиг сүйрчихсэн балгасууд хүйтэн сэтгэгдэл цацруулан ёрдойж, сэрдийж үзэгдэхийг хүмүүс тоохоо ч больж. Эрдэсийг ч бас яг л ийм хувь тавилан эзэрхийлжээ.
Суурингийн хувь заяа
Үнэнгээсээ хүйтэн дайны ул мөр болох энэ суурин цагтаа 10 000 гаруй орос оршин суугчтай байв. Чойбалсангаас чанх арагшаа 120 орчим километрт хангай газрын бэсрэг уулсын дунд орших энэ суурин Зөвлөлтөөс эрчим хүчээ авдаг, цахилгаан тасалдах үед хэрэглэх нөөцийн дизель станцтай байжээ. Өдий дайны том тосгоныг хэрэглээний халуун, хүйтэн усаар хангахуйц нөөц тэр орчимдоо олдоогүй тул нэлээд эрэл хайгуул хийсний үр дүнд баруун хойд зүгт 22 км-т орших Сэвсүүлийн голын эхээс гүний эх үүсвэр илрүүлж, тэндээс 60-80 см-ийн диаметртэй хос турбогоор ус татдаг байж. Томоо гэгчийн сургууль, бас цэцэрлэг, эмнэлэг, соёл үйлчилгээний газар, дэлгүүр хоршоо, таван давхар угсармал орон сууц 7-8 байснаас үлдэцүүд одоо ч хэвээрээ. Дан байшин хороолол тосгоны хойд хэсэгт байрлаж байж. Төвдөө Сибирийн улиасан төгөлтэй, төглийн урд, хойд талд хоёр ч том хиймэл нууртай байсноос одоо ором л үлдэж. Өмнөх нууранд нь дарга нар зугаацдаг, ар талынхад нь залуус болздог байжээ.
Ю.Цэдэнбал даргын үед нууцаар байгуулсан гэрээний заалт ёсоор уурхайг Монгол Улсын байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөр болгож тосгон сууринтай, төмөр замтай, юутай хүүтэй нь 1999 онд ТӨХ-д үнэ төлбөргүй хүлээлгэн өглөө. Ерөнхий сайд асан Д.Содном гуайгаар ахлуулсан Засгийн газрын комисс хүлээн авсан байна. Гэвч эцсийн дүндээ цэрэг дайны зориулалттай, хажуудаа ажиллахаа байсан уурхайтай, уурхайнх нь ашигт малтмал дэлхийн зах зээл дээр үнээ алдчихсан энэ бяцхан суурин Монгол Улсад ямар ч хэрэггүй байсан юм. Хэрэггүй юм хэрэггүй л байдаг. Чухамдаа нэг том овоолгоотой хог л байсан хэрэг. Харин хог түүж амь амьдралаа залгуулдаг улсуудад бол хэрэг болжээ. Тусгай зөвшөөрөлтэй оросуудаас өөр хэн ч шагайж байгаагүй энэ хотод 2000 оноос хойш хаягдлын бизнес эрхлэгчдийн “супер” цугларалт болсон байна. Ерөөс цэргийн зориулалтаар байгуулагдсан, дайны санхүүжилттэй хотуудыг энхийн цагт зүй ёсоор нь ашиглаад байх хэцүү. Үндсэндээ боломжгүй.
Хувь тавилангаараа л Эрдэс сүйджээ. Улиасан төгөл нь хожуулан төгөл болж хувирсан байх юм. Дорнод, Гурванбулагийн урхайнуудын холбон, тосгоны өмнөд хэсгээр өнгөрдөг төмөр замын 43 км үргэлжилсэн хэсгийг Төрийн өмчийн хороо 2000 оны эхэн үед хурааж авсан дуулдана. Улаанбаатар төмөр замд сэлбэгийн зориулалтаар өгсөн гэх боловч чухам яаж ашиглагдсаныг мэдэх хүн нэг ч алга. Харин Дорнод ордоос цааш Чингисийн далан өртөө хүртэлх 93 км зам хэвээрээ байгаа ч гэлээ ашиглалтгүйн улмаас муудаж, хуучирсан харагдах аж. Тодруулж лавлавал, “Бүрхээрт хайрхан” хэмээх компанид 2006 онд хувьчилчихсан гэнэ. Мэдээж, энэ сууринд одоо хүмүүс байхгүй. Хаягдал “олборлох” зорилготой “нинжа нар” ирж очин явдаг. Бараг нохой ч тогтохгүй газар болж хувирчээ.
21-ийн хувь заяа
Мардай дахь урааны ордуудын лицензүүд одоо өөр өөр компаниудынх болсон. Гурванбулагийнхыг Хятадын CNNC, Мардайн голынхыг Адамс Майнинг, хамгийн том орд болох Дорнодынхыг Төв Азийн уран тус тус эзэмшдэг. “Төв Азийн ураан” компани бол Монгол, Орос, Канадын хамтарсан компани. 1995 онд байгуулагдсан тус компаний дийлэнх хувьцаа буюу 58 хувь нь Канадын Хан Ресурсэз Инк-д бий. Үлдэх 42 хувийг нь Монгол, Орос хоёр тэнцүү эзэмшиж байна. Манай улс ч яахав, баялгийн эзэн болохоор лицензийг төлбөрт 21 хувийг авсан байна. Оросуудын хувьд 1980-аад оноос оруулсан хөрөнгө оруулалтаа тооцож хувь хүртсэн аж. ЗХУ-ын ураны асуудал эрхэлсэн байгууллагын протоколд 1981-1988 онд оросууд Дорнод аймгийн Дорнод, Гурванбулаг, Мардайн ордуудад нийтдээ 127,3 сая рубль зарцуулсан гэсэн зардлын тайлан тусгагдсан байна. Хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн ч бай, нарийндаа өөрийн улсдаа, дайны ашиг сонирхолдоо л бүгдийг зарцуулсан хэрэг шүү дээ. Учир нь энэ хөрөнгө оруулалтаас нь үнэн чанартаа манай улс ердөө 5 рубль л авсан юм. Энэ нь нийтдээ 2,2 сая рубль болдог. Гэтэл олборлож ашигласан ураанаасаа “ах нар” бидэнд төлснөөсөө хавьгүй ихийг олсон байж болох тооцоо бий. Тэгэхээр үндсэндээ тэд манайд хүлээлгэн өгсөн гэх хэрэгцээгүй хог хаягдлынхөө төлөөсөнд манай баялгийн 21 хувийг авчихсан юм биш үү?
Зочин
Зочин