Энэ 7 хоногт
Сар гаруйн турш долоон жүжгийг нь тоглоно
УДЭТ-ын тайзнаа эдүгээ дэлхий дахинаа алдаршаад буй жүжгийн зохиолч В.Красногоровын долоон жүжгийг цувралаар тавихад бэлэн болоод буй аж.
УДЭТ-ын тайзнаа эдүгээ дэлхий дахинаа алдаршаад буй жүжгийн зохиолч В.Красногоровын долоон жүжгийг цувралаар тавихад бэлэн болоод буй аж. Энэхүү долоон бүтээлийг тус театрын таван найруулагч өөр өөрсдийнхөөрөө тавих гэж буй нь сонин юм. Нээлтийн буюу хамгийн эхний жүжгийг маргааш үзүүлэх бөгөөд энэ нь найруулагч Ч.Түвшингийн бүтээсэн “Солиотой жүжиг”. Харин түүний дараа мөн Ч.Түвшингийн “Яаж амьдрах юм бэ”, Б.Мөнхдоржийн “Хунгийн дуу”, Н.Наранбаатарын “Би ч гэсэн жаргамаар байна”, Э.Батхүүгийн “Секс хийцгээе”, ерөнхий найруулагч Ч.Найдандоржийн “Диваажингийн хаалга” болон “Дон Жуан” гэсэн жүжгүүдийг тоглоно. Хамгийн сүүлийн жүжиг нь “Дон Жуан” бөгөөд түүнийг үзэгчид тавдугаар сарын 12-нд үзэх боломжтой. Сонирхуулж хэлэхэд энэхүү долоон жүжгийг бүгдийг нь үзэх абонемент тасалбар 35 мянган төгрөгийн үнэтэй юм билээ.
Бичсэн 40-өөд жүжиг нь дэлхийн олон орны тайзнаа тавигдсан В.Красногоров гэж хэн билээ гэсэн бодол таныг эзэмдэж эхлэв үү. Бас түүний жүжгүүд юугаараа сонирхолтой юм бол.
Утга зохиол, театр судлаач, шүүмжлэгчид Оросын энэхүү зохиолчийн жүжгүүд өнөө цагийн буюу 1990-ээд оноос хойш манай гаригийн нийт улс түмнүүдийн хүрээнд бий болсон нийгмийн байдал, сэтгэл зүйн өөрчлөлт, ахуй, эдийн засгаас хамааралтай амьдралын хэв маяг, сэтгэлгээний өөрчлөлтүүдийг тусгасан хошин, эмгэнэлт, уянгын гэх мэт төрлийн жүжгүүд нь хүний сэтгэлд гүнзгий нэвтэрч, нөлөөлж чаддаг хэмээн дүгнэсэн байх юм.
Жүжгийн зохиолч В.Красногоровтой товч танилцуулъя. Тэрээр 1934 онд Ленинград хотод төржээ. Таллины Политехникийн дээд сургууль төгсч, 1964 онд дэд эрдэмтэн болж, харин 1974 онд “Түлшний химийн технологи” сэдвээр докторын зэрэг хамгаалжээ. Тэрбээр химийн технолгийн чиглэлээр 100 гаруй эрдэм шинжилгээний нийтлэл бичсэн аж.
Ленинградын Инженер эдийн засгийн дээд сургуульд 1961-1991 он хүртэл ажилласан, харин 1991 оноос хойш Израиль улсад ажиллаж амьдарсан. Хайфа хотын Политехникийн дээд сургуульд багшилж, улмаар тус хотын захирагчийн орлогчоор ч ажиллаж байжээ.
Оросын зохиолчдын холбоо, театрын зүтгэлтнүүдийн холбооны гишүүн тэрээр 1976 оноос жүжгийн зохиол бичиж эхэлжээ. Бичиж эхэлснээс хойш нэг их удалгүй “Бэрийн өрөө”, “Хэн нэг нь явах ёстой”, “Ой санамжаа алдар хүртэлх хайр”, “Хүн бүр одтой”, “Одоо эсвэл хэзээ ч үгүй” “Секс хийцгээе”, “Лхагва гаригийн болзоо” зэрэг жүжиг нь алдаршжээ.
УДЭТ-ын удирдлагууд өнөө цагийн нэрт жүжгийн зохиолч түүний шилдэг жүжгүүдээс тайзнаа тавьж, шинэ үеийн монголчуудынхаа хүртээл болгох зорилгыг биелүүлэхийн тулд багагүй урт замыг туулсан байна. Тэд зохиолчид өөрт нь хандаж бүтээлүүдээс нь тазйнаа тавих хүсэлтээ илэрхийлэхэд тэрбээр талархан хүлээж авчээ. Улмаар дэлхийн тавцанд өндөр үнэ бүхий эдгээр бүтээлээ тавих эрхийг боломжийн үнээр олгосон байна. В.Красногоров монголчуудын хүсэлтийг хүлээж аваад “Монголын нөхцөл байдалд тохируулж тайзнаа тавих боломж, эрх олгоё” гэсэн аж.