-Маргааш УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол банкны удирдлагуудын асуудлыг эцэслэнэ-


УИХ маргаашийн  хуралдаанаараа Төв банкны дэд Ерөнхийлөгч нарыг томилох тухай асуудлыг эцэслэх учиртай. Хуваарь ёсоор бол өнөөдрөөс УИХ-ын намрын чуулган завсарлах ёстой ч, Төв банкны асуудлыг нэгмөр шийдэж байж ажлаа өндөрлөхөөс өөр аргагүйд хүрсэн. Өнөөдөр, яг одоо хуралдаж буй МАХН-ын бүлгээр энэ асуудал дахин хөндөгдөж байна.

Гишүүд Төв банкны дэд Ерөнхийлөгч нарын халаа, сэлгээг гайхмаар тайван, хэт сунжруу гэмээр байдлаар шийдэж байгаа. Огцрох саналаа өөрсдөө өгсөн өмнөх хоёр дэд гэхэд бүтэн долоо хоног хүлээж байж тойрохоо зуруулж аваад байна. Харин одоо дараагийн дэд Ерөнхийлөгч нарын нэрсийг Төв банкны Ерөнхийлөгчөөс оруулсан ч гишүүд ирц дутаан хэлэлцүүлгийг хойшлуулсан нь энэ.

Төв банк Мөнгөний бодлогыг барьж, эдийн засгийн ноён нуруу нь болж явах учиртай байгууллага. Гэтэл Монголбанкны удирдлагуудын үйл ажиллагааны тогтвортой биш байдал, чадамж муутай имиж  нь ийнхүү банкны дэггүйтлийн эхийг тавьсан гэж учир мэдэх хүмүүс хэлдэг. Юутай  ч эхний ээлжинд Төв банк ажил хийхээс татгалзсан хоёр дэдийнхээ оронд өөр хоёр нөхрийн нэрийг дэвшүүлэн УИХ-д оруулаад байна. Монгол Банкны Ерөнхийлөгчийн зүгээс  улстөрийн шалгуур болон ажлын туршлага сэлтийг давхар харгалзан, Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Б.Жавхлан, дэд ерөнхийлөгчөөр Н.Золжаргал нарын нэрийг дэвшүүлээд байгаа. Тэднийг УИХ байнгын хороодын хуралдаанаараа хэлэлцэж, дэмжсэн дүгнэлтүүд гаргачихсан. УИХ-ын хамгийн чухал шийдвэрийг гаргадаг бүлгүүдээс ч эерэг санал авах хэмжээнд эхний байдлаар яригдсан тал бий. Харин нэгдсэн хуралдааны ирц дутаан, МАХН эл асуудлаар тоглох сонирхолтой байгаа нь өнөөдрийн бүлгийн хуралдаанаар давхар нотлогдож байгаа юм. Дэдүүдийн батлагдах магадлалд чуулганы ирц нэг их хамаатай биш. Томилогдох хүмүүсийн нэрс, бас халаа сэлгээний хамрах хүрээнд ярих өөр өнцөг байсан учраас УИХ алгуурлаж буйг хөндлөнгийн хэн ч харсан ойлгоно. Харин хуульд зааснаар өмнөх албан тушаалтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлснөөс хойш ажлын долоо хоногийн дотор багтааж шинэ хүмүүсийг томилох ёстой. Үүнийг бодолцвол дээрх томилгоо цаг хугацаатай уралдан тавигдах нь гарцаагүй.

Нэр дэвшсэн Дэд Ерөнхийлөгч нар УИХ-ын босгыг төвөггүйхэн давах магадлал өнгөрсөн долоо хоногт хуралдсан хоёр байнгын хорооны хурлаас харагдаж байсан. Гэвч МАХН эл асуудлаар дахиж ярих хэрэгтэй гэж үзсэн бололтой. Эхний мэдээллээр нэр дэвшигчдээс тэрийг энийг мултална гэх санаа цухуйгаагүй ч төв банкны удирдлагуудад тооцох хариуцлагыг зөвхөн дэдүүдэд биш Ерөнхийлөгч Л.Пүрэвдоржид ч бас хамаатай гэж үзэж байгаа гэнэ.

Өдөр бүр хэвлэл, мэдээллийн бүхий л хэрэгслээр өөрийгөө өмгөөлсөн, “Би ганцаараа” буруутан биш гэсэн утгатай мэдэгдлүүд  цувруулж буй эрхэм Ерөнхийлөгчийн асуудал маргааш хуралдах нэгдсэн чуулганаар гэнэтхэн ороод ирж мэднэ. Дэдүүдийн томилгоонд санал оруулахдаа эдгээр хүмүүсийг ямар шалгуураар сонгов гэх асуултад хүртэл дорвитой хариулт хэлж чадаагүй. Би өөрийн бүрэн эрхийн хүрээнд, өөрийн итгэл үнэмшлээр ажил мэргэжлийн чадавхийг нь үнэлэн  эдгээр нэрсийг оруулж ирлээ хэмээн итгэл төгс хариулах тэнхэлгүйгээ харуулсан. Тэр байтугай, эрх барьж буй намууд албан тушаалыг хэрхэн хуваарилж байгааг та бүхэн мэдэх хойно. Тиймээс АН-аас нэг, МАХН-аас нэг хүн оруулж ирж байна хэмээн хээв нэг хэлж харагдсан. Монгол банкны Ерөнхийлөгч Л.Пүрэвдоржийг  огцрох байх, олон банкны дампуурал, санхүүгийн хүрээний хямрал, ханшийн уналт зэрэгт дорвитой хариу арга хэмжээ авч чадаагүй, “мэргэжлийн бус” хүн гэсэн мэдээлэл хэвлэлээр нэг гарч байснаас дэдүүд түрүүлж тоглолтоос гарах тухай таамаг огт байгаагүйг өнөөдөр дахин сануулахад илүүдэхгүй байх.

УИХ Монголбанкны үйл ажиллагааг шууд хариуцдагийн  хувьд, хэрвээ тэнд асуудал гарсан бол гурван Ерөнхийлөгчийн хоёрыг өөрчлөөд ажил цаашид сайжрах эсэхэд итгэл муутай үлдэх биш бүх Ерөнхийлөгч нарыг хамтад нь шилгээхэд үгүй гэх газаргүй. УИХ дахь МАХН-ын бүлэг гэхэд эл асуудлаар зарласан ээлжит бус хурлынхаа ихэнх цагийг Төв банкны удирдлагуудад хариуцлага тооцохдоо хүрвэл хоёрынх нь ажлын тайланг сонсоод өнгөрөх биш, гурвууланг нь суулгаж “байцаах” хэрэгтэй хэмээн маргасаар гурав, дөрвөн цаг маргаж өнгөрөөсөн. Өнөөдөр үдээс хойш зарласан хурлаараа ч мөн эл асуудлаар эцсийн үгсээ нэгтгэж байгаа.

Л.Пүрэвдоржийг "Зоос" банкыг татан буулгаж, Төрийн банк байгуулсанд буруутгадаг. Энэ тухай УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр гишүүд нэг бус удаа баалж байв. "Зоос" банк бол хувьцаат компани. Компанийн тухай хуулиар бол хувьцаат компанийн асуудлыг" хувь нийлүүлэгчид нь хуралдаж шийддэг. Гэвч хувь нийлүүлэгчдийг хуралдуулалгүйгээр төрийн мэдэлд өгсөн нь Л.Пүрэвдоржийн буруу гэж тэд үзэж байлаа.

МАХН-ын гишүүд ингэж байхад АН-д Л.Пүрэвдоржоор туг тахих сонирхол бүр илүү байх нь дамжиггүй. Гэхдээ өөрийн намын хүнийг Төв банк руу илгээх квотын хуваарь байхгүйгээ мэдэх тул зүгээр л энэ нөхрийг солих хэрэгтэй гэсэн соёлтой саналаа УИХ-ын дарга Д.Дэмбэрэл болон Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Баярсайхан нарт хүргүүлсэн байдаг.

Тэргүүн дэд Ерөнхийлөгч Б.Энххуяг "Анод" банкийг унагасан гэх алдаагаа ухамсарласан тул өргөдлөө өгсөн гэдэг бол дэд Ерөнхийлөгч Д.Энхжаргал валютын наймаа хийдэг, гэхдээ улсдаа биш өөртөө ашигтайгаар ажилладаг гэх шүүмжийг сонссоныхоо дараа ажлаа өгөхөөр зориглосон. Харин Ерөнхийлөгч Л.Пүрэвдоржийн тухайд ажлын хариуцлагаас гадна улс төрийн ашиг сонирхол, шалтгаан бусад бүх хүчин зүйлийг харгалзаад ч өөрийгөө ажлаас холтгох шаардлага байхгүй гэж үзсэн бололтой. Төв банкны удирдлагуудтай хамаатай нэг иймэрхүү процесст УИХ маргааш албан ёсны хариулт хэлнэ. Эцэст нь тэмдэглэхэд, хариуцлагаас мултарч, нэр “цэвэр” дээрээ огцрох өргөдлөө өгсөн өмнөх дэдүүдийг одоогоор буруутгах, шүүх завтай хүн алга. Харин хэн яваад, хэн ирэх нь сонин биш, төв банкны ажил цаашид сайжрах уу гэдэгт итгэл алдарсан хүмүүс олон байна.

Д.Золзаяа