Монголын шилдэг нийтлэлчдийн www.baabar.mn клубын гишүүн, сэтгүүлч, зохиолч Б.Цэнддоо “төрд тэрсэлсэн” бүтээлүүдээрээ Төрийн шагнал хүртлээ. Монголчууд нүүдлийн амьдралаас хотжин соёлжиж, иргэншин нийгэмшсэн XX зууны дунд үеийн амьдралыг жинхэнэ бодитоор харж, егөөдөн өгүүлсэн “Соёлын довтолгоо”, зах зээлийн харилцаанд шилжиж эхэлсэн жилүүдийн тухай “Ерээд оны Тунгалаг Тамир” роман, “Төрийн чих”, “Хаврын 17 учрал” зэрэг “тэрслүү” бүтээлүүд нь Б.Цэнддоог уншигчид аль хэдийнэ үнэлсэн бол Төр өнөөдөр үнэлж байна. Түүнд гардуулсан шагналынхаа үндэслэлийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, “оюун санааны эрх чөлөө, чөлөөт сэтгэлгээг төлөвшүүлэхэд сэтгэлийнхээ дуудлагаар үнэтэй хувь нэмэр оруулсан” хэмээн онцолсон бол шагналаа гардсаны дараа Б.Цэнддоо, “Ардчилсан Ерөнхийлөгчөөс авсандаа...” ач холбогдол өгөв. “Төр засгаас асуухгүйгээр” бичсэн зохиолуудад нь шагнал олгосонд ялимгүй гайхасхийсэн тэрээр, “хэвлэл мэдээллийнхэнд өгч байгаа шаганл” хэмээх “гүнзгий сэтгэсэн”-ээ нуусангүй.