Цахим хөгжил, инноваци, Харилцаа холбооны яам өнгөрөгч 2024 оны ажлын үр дүнгээ оны эцэст тайлагнасан. Тайланд,

“Монгол Улс цахим засаглалын индексээр 28 байр урагшилж, 193 орноос 46-р байрт, Азийн 49 орноос 13-р байранд эрэмблэгдсэн.

-Төрийн үйлчилгээ цахим хэлбэрт эрчимтэй шилжиж, харилцаа холбооны суурь дэд бүтэц хөгжиж, иргэдийн цахим ур чадвар, оролцоо нэмэгдсэн гэсэн” байна. Тодруулж хэлбэл, И-Монгол системийг хэрэглэгчдийн тоо 1,9 саяд хүрч, төрийн цахим үйлчилгээ 1255 болж нэмэгдэж, иргэдийн 1.1 их наяд төгрөгийг хэмнэсэн гэдэг үр дүнтэй.

Мөн өөр нэг мэдээнд “Бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх, иргэдэд чирэгдэлгүй, түргэн шуурхай үйлчлэх зорилгоор төрөөс ААН-тэй харилцах бүхий л үйл ажиллагааг Төрийн үйлчилгээний нэгдсэн систем “e-Business”-т нэгтгэхээр” болсныг дурьдсан байна. Өөрөөр хэлбэл, иргэд төрийн үйлчилгээг цахимаар авдаг байсан бол бизнесийн байгууллагууд, бизнес эрхлэгчид ч бас цахимаар үйлчилгээ авдаг болно гэсэн үг. Компани бүртгүүлэх, үйлчилгээний тусгай зөвшөөрөл авах гээд бүх үйл ажиллагаа энд багтана.

Гэвч энэ нь тодорхой хэмжээнд хил хязгаартай гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Өндөр хурдны интернет ашиглах боломжтой нөхцөл, байршилд л төрийн үйлчилгээг цахимаар авч чадаж байна. Өөрөөр хэлбэл үүрэн телефоны операторын сүлжээ ороогүй, эсвэл шилэн кабельтай холбогдоогүй нөхцөлд ийм боломжгүй. Өргөн уудам газар нутаг, цөөн хүн амтай манай улсын хувьд сум суурин, малчны хот болгон руу шилэн кабель татах боломжгүй. Мөн уул болгоны орой дээр дахин дамжуулах антен босгох ч бас аргагүй.

Үндсэндээ манай улс 1970 онд сансрын холбооны анхны газрын станцаа байгуулж, түүнээс хойш 50 гаруй жилийн турш хиймэл дагуулын хэрэглээ, технологийн давуу талыг ашигласан, энэ талын тодорхой мэдлэг, туршлагыг хуримтлуулсан. Гэвч сансрын холбооны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгчид нь гадны орны хиймэл дагуулаас зурвас түрээслэн харилцаа холбооны бүхий л үйлчилгээг олон нийтэд хүргэдэг. Үүндээ нэлээд өндөр хэмжээний төлбөр төлдөг.

Тиймээс өргөн уудам нутаг дэвсгэрт тархан суурьшсан өрх бүрт, иргэн бүрт харилцаа холбооны бүхий л үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэхийн тулд сансрын холбооны хиймэл дагуул хөөргөх нь зүйтэй, тэгэх боломжтой гэж үзээд одоогоос арав гаруй жилийн өмнө буюу 2012 онд анх “Үндэсний хиймэл дагуул” хөтөлбөрийг боловсруулж, Засгийн газраар баталж байв. Н.Алтанхуягийн Засгийн газар байгуулагдаж, Цахим Монгол, төрийн үйлчилгээний цахим системийн тухай ярьж эхэлж байсан үе. Товчхондоо монголчуудын хувьд сүүлийн 12 жилийн мөрөөдөл. Тийм болохоор “Үхсэн хатсаны чинь хиймэл, утаагаа яая гэж байж” хэмээн хараал тавьж байгаа нөхөд байвал зүгээр уулаа бараадсан нь дээр юм. Тэндээсээ хараах боломжийг чинь харин бусад нь хийж өгье.

Харамсалтай нь яг ийм шалтаг, шалтгаанаар энэ оны төсөвт тавигдаад байсан “Үндэсний хиймэл дагуул” төслийн 211,6 тэрбум төгрөгийг Засгийн газар дахин оруулж ирсэн төсвөөсөө хассан. Хамгийн их эсэргүүцсэн хүмүүс нь манай хотынхон, төв суурийнгийнхан. Өдөржингөө интернетэд уяатай байдаг нөхөд, хамгийн их интернет хэрэглэгчид эсэргүүцсэн. Өөрөө болж байвал бусад нь хамаагүй гэж үзсэн хэрэг биз. Үлдсэн 1,6 сая хэрэглэгчийнхээ эрх ашгийг уландаа гишгэсэн гэсэн үг. Ингэхэд өмнө хэлсэн 1,9 сая хэрэглэгч бол сар бүр И-Монгол системд нэвтэрч үйлчилгээ авч байгаа хүмүүсийн давхардсан тоо гэдгийг сануулах хэрэггүй биз.

Гэсэн хэдий ч Үндэсний хиймэл дагуултай болох ажил эхэлсэн. Үндэсний хиймэл дагуул төслийн ТЭЗҮ-ийг шинэчлэн боловсруулж, газрын станц байгуулах ажлыг эхлүүлсэн.

Өнгөрсөн оны төгсгөлд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Францын Элчин сайд, хатагтай Коринн Пэрера, Талес Аления Спейс компанийн төлөөллийг хүлээн авч уулзахдаа “Үндэсний хиймэл дагуул” төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг шинэчилж дууссан. Зээлийн хэлэлцээг Сангийн яамны зүгээс боловсруулаад мөн дуусч байгаа. Зөвлөх үйлчилгээний компанитайгаа зөвшилцсөний үндсэн дээр төслийг УИХ-ын хаврын чуулганд өргөн барина” гэдэг мэдээллийг өгсөн байна лээ.

Мөн “Энэ асуудлаар УИХ-ын гишүүд, иргэд олон талын байр суурьтай байгаа ч Монгол Улсын Засгийн газар тус төслийг хэрэгжүүлэх байр суурин дээрээ байгаа шүү” гээд УИХ-ын гишүүд төдийгүй олон нийтэд зөв мэдээлэл өгөхөд хамтарч ажиллахыг Элчин сайдаас хүссэн байдаг. Бидний аз болоход, дээр нь манай нөхцөл байдлыг эртнээс сайн мэдэхийн хувьд “Францын Засгийн газар, ЭСЯ, Талес Аления Спейс компани бүх хүчээ дайчлан ажиллана” гэдгээ хатагтай Элчин сайд илэрхийлсэн байсан.

2012 онд Н.Алтанхуягийн Засгийн газар “Үндэсний хиймэл дагуул” хөтөлбөрийг батлахад урьдчилсан тооцоогоор харилцаа холбооны хиймэл дагуул хөөргөж, эзэмшихэд 350 тэрбум, тандан судалгааны хиймэл дагуул хөөргөж, эзэмшихэд 280 орчим тэрбум төгрөг шаардлагатай гэдэг тооцоо гарчээ. Энэ хөрөнгийг улсын төсөв, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, гадны зээл тусламж зэргээс санхүүжүүлнэ, 2015 онд Монгол Улс Үндэсний хиймэл дагуул ашиглагч орон болно хэмээн тооцоолж байв. Одоо энэ өртөг нэг их наяд орчим төгрөгөөр яригдаж байна. Манай улсын эдийн засгийн нөхцөл байдал, төгрөгийн сулралаас болоод төслийн өртөг 3 дахин нэмэгдчихээд /328 сая евро/ байгаа. Энэ чинь нөгөө бидний ярих дуртай "алдагдсан боломж". Үүний өртгийг Францын Засгийн газрын нэн хөнгөлөлттэй зээлээр /жилийн 0,883 хувь/ санхүүжүүлэхээр болсон.

Харин 2025 оны төсвөөс хасагдсан 211,6 тэрбум төгрөг бол ердөө манайхан өөрсдөө барих ёстой газрын дөрвөн станцын л өртөг юм. Хамгийн сүүлд авсан мэдээгээр газрын станц барих дөрвөн байршилд байгаль орчны үнэлгээг хийгээд дууссан. Санхүүжилтээ шийдэж чадвал станц байгуулах ажил эхэлнэ гэсэн үг.

Дашрамд сонирхуулахад, 2012 онд монголчууд Үндэсний хиймэл дагуулын тухай анх ярьж эхлэхэд 56 орон дангаар, 115 орон хамтарсан байдлаар хиймэл дагуулыг эзэмшиж, идэвхитэй 966 хиймэл дагуул байна гэдэг мэдээллийг хүргэж байж. Энэ тоо жилийн дотор /2013 оны байдлаар/ 6600 болж өссөн. Өнгөрсөн хугацаанд дахиад хэдэн орон хэдэн хиймэл дагуул хөөргөснийг мэдэхгүй. Хятад улс жишээ нь 2023 онд “56 дахь хиймэл дагуулаа хөөргөлөө” гэсэн байна. Бараг хил залгаа Казакстан 2015 онд гурав дахь хиймэл дагуулаа хөөргөсөн, одоо бидэнд тусалъя гээд “ах нь” болчихсон явж байгаа. Гэх мэтчилэн...

inews.mn