Сонгуулийн судалгааны дүн үзлээ. Ард иргэд маань ямар хүнийг УИХ-ын гишүүн болгохыг хүсч байна вэ? Нэгдүгээрт Шудрага хүн, хоёрдугаарт Эх оронч хүн. Харин Хуулиа мөрддөг хүн дөнгөж 15–р байрт орж байна. Яг хэнийг шудрага, эсвэл эх оронч гэдэг юм бэ? Хариулт нь хүний тоогоор янз бүр гарчээ. Хуулиа мөрддөг хүнийг тодорхойлоход маш амархан. Ямар ч үйлдэл нь хууль зөрчөөгүйг хуулийн заалттай тулгаад л болоо. Харин манай нийгэмд хуулиа мөрдөх нь төдий л үнэлдэггүй юм байна.
   
Нэр дэвшигч мөнгө тараавал сонгох уу гэсэн дараагийн асуулт байна. Дөнгөж арав гаруй хувь нь л мөнгийг нь аваад сонгоно гэж байна. Харин бараг 70 хувь нь мөнгийг авах боловч өөрийн үзэмжээр сонголтоо хийнэ гэжээ. Ингэхээр юутай ч ная гаруй хувь нь тараасан мөнгийг дуртай авах юм байна. Энэ асуултыг лавшруулан фокус судалгаагаар олон газар хийж үзжээ. Гэтэл мөнгийг нь аваад өөрийн үзэмжээр сонгох тэр хүн нь хамгийн их мөнгө өгсөн нэр дэвшигч болж таарч байна. Үнэхээр сонгогчид маань шудрага юм байна, бараг бүгдээрээ амалсандаа хүрч байна. Харин хууль зөрчихийг юманд тоодоггүй бололтой.    
  
Сонгогчдын хувьд авир бодол нь иймэрхүү байна. Насанд хүрсэн хүн болгон санал өгөх болохоор хоорондын өрсөлдөөн тийм ч их биш бололтой. Нам, үзэл бодол гээч юм түүх болсон. Намд харъяалагдагч хэт идэвхитнүүд өөр өөрийн харъяаллыг уралдаж худалдах учир тэдний хооронд л нэлээд өрсөлдөөн дайсагналцаан үүсдэг боловч тэр нь ердийн төмс идэгчдийн хувьд төдий л хамааралгүй асуудал.

Харин УИХ-ын суудлын тоо хязгаартай болохоор энд өрсөлдөөн тун ширүүн. Нэрээ дэвшүүлэх гэж байгаа хүмүүс ойрноос мэдээллийн хэрэгслэлээр идэвхитэй үзэгдэх болов. Зарим нь өөрийгөө шинээр танилцуулж, гэр орон ажил албаа ярин завсар нь шудрага, эх орончоо цухалзуулж байна. Энэ ч одоохондоо гэм хоргүй л дээ. Зарим нь танилцуулах ажлаа нэлээд өвөрмөц ширүүн хэлбэрээр явуулж эхэллээ. Жишээ нь Ардчилсан намын нэгэн ирээдүйлэг хөвүүн Улаанбаатарын гэр хорооллын бүх өрхийг хоёр өрөө үнэгүй байраар ханга хэмээн тулгаад, биелүүлээгүйн учир Ерөнхий сайдыг огцрохыг долоо хоногт нэгээс доошгүй удаа шаардах боллоо. Чукча не дурак, гэр хороололд нэр дэвших нь гээч!

Оюутолгойн толгойг тас цавчих иргэнлэг, эх оронч, шудрага бослого УИХ-д мандлаа. Улс орны цаашдын хувь заяаны түлхүүр нь Оюутолгой гэдгийг тэд сайн мэдэж байгаа. Учрыг нь олохгүй байгаа ч юм биш. Хөрөнгө оруулалт хийж дуусаагүй байхад нь Монголын оролцоог 50 хувь болго гэж сагсалзах нь Монголд л хохиролтой гэдгийг толгойлогчид нь цээжээрээ мэднэ. Монголын Засгийн газрын 34 хувь эзэмшиж байгаа нь ч илүүдээ гарсан тэнэг зүйл болсныг ч мэднэ. Огт хувь эзэмшилгүй татвар, роялтийгаа аваад явахад буй болох нийт баялагийн хагасыг ямар ч эрсдэл гаргалгүйгээр Монголын тал авах байсан. Хэрэв 50 хувь авах юм бол тэр хэмжээний мөнгө зээл, хариуцлага гээд хамаг юмыг үүрч төрийн нэр барьсан хулгайч нарын хоол болж дуусна гэдгийг ч мэдэж байгаа. Эрдэнэт, МИАТ, Төмөр зам ямар ашигтай ажилладаг, хэдийг олдог, хэдийг нь хулгайлдагийг лав л Монголын Засгийн газар хэзээ ч мэдэж байгаагүй, өгснийг нь чимээгүйхэн аваад л Бурханд баярлаад явж байдгийг эдэн шиг сайн ойлгодог хүн ховор. Эрдэнэтийн агуулахад хэдэн сая долларын үнэтэй, бараг л баримлын шавраар хийсэн чулуу бутлагч бөмбөлөг зөндөө байгааг эд сайн мэднэ. Гэхдээ нийгмийн ихэнх гишүүд үүнийг ойлгохгүй байгааг бүр ч илүү сайн мэднэ. Оюутолгойн газар доорхи баялагийг ил гаргаж мөнгө болгох ажлыг гүйцэтгэгч компани нь гадаадынхан ба тэд энэ компаний 66 хувийг эзэмшиж байгаа. Гэтэл Монголын байгалийн баялагийн 66 хувийг гадаадынхан зүгээр хусчихсан, монголчууд өөрийнхөө юмны дөнгөж 34 хувийг эзэмшиж байгаа гээд хүмүүст ойлгуулчихсан учраас эх нутгаа хамгаалах зөн билгээр иргэд хандах болсныг л сайн харж байгаа. Нэр дэвшигчийн хувьд юмны учир ойлгоогүй сонгогч олон ямар их ашигтай тэнгэрийн хишиг гэж санана?

Монгол улсын хуулиар газрыг 60 хүртэл жилээр түрээслүүлж болно. Монголын оролцоотой Оюутолгой компани ордын газрыг ашиглах эрхтэйгээр 30 жилээр түрээсэлж авсан. Энд нийтдээ 5-6 тэрбум орчим долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй. Одоо 2.6 тэрбумын буюу тавин хувийн хөрөнгө оруулалт хийгдчихээд байгаа. Төлөвлөсөн ёсоор хойтон ашиглалтанд орох ба тэр үеэсээ бүтээгдэхүүнээ гарган борлуулж эхлэнэ. Нэг үгэндээ компани мөнгө хийгээд эхлэнэ. Энэ борлуулалт нь анхны хөрөнгө оруулалтыг нөхөж дууссан тэр өдрийн үдээс хойш Монголын тал 50 хувийг нь эзэмших гэрээ хийж болно. Ингэ гэж УИХ-ын 57-р тогтоолд заасан. Энэ нь ойролцоогоор 10 хүрэхгүй жилийн дотор (урьдчилсан тоцоогоор 2019 он, гэхдээ зэсийн үнэ яаж хэлбэлзэхийг хэн ч мэдэхгүй) болно. Оюутолгойгоос буй болох нийт баялагийн 60 хувь нь Монголын талд ноогдоно. 66 хувийг эзэмшиж байгаа гадаадын компаниуд орлогын 40 хувийг авна. Зэсийн үнийг 4408 доллароор тооцоход зөвхөн энэ төслөөс 30 тэрбум доллар Монголд орж ирнэ. Зэсийн үнэ өнөөгийнх шиг 10 мянга байвал Монголын орлого ганц энэ төслөөс 70-80 тэрбум. Монголыг 20 гаруй жил тэжээсэн Зөвлөлтийн зээлийн өрийг төлөхөд 250 сая доллар зарцуулсан нь Оюутолгойгоос олох мөнгөний нэг хувьд ч хүрэхгүй байна. Монголчууд түүхэндээ ийм их баялагтай болж үзээгүй. Оюутолгойн муу хэлүүлээд байгаа гэрээ ийм учиртай юм. Уг нь Оюутолгой компанид Монголын талын оролцоо огт хэрэггүй боловч нэгэнт гэрээ ингэж хийгдсэн болохоор одоо дүүрч. Оюутолгой унавал Тавантолгой хэзээ ч босохгүй. Галзуу хүнтэй хэн ч наймаа хийдэггүй. Оюутолгойн нөгөө нэг сайн тал гэвэл энэ нь Монгол дахь гуравдахь орны хамгийн анхны дорвитой хөрөнгө оруулалт. Монгол нь хоёрхон хөршөөр төдийгүй бусад орноос хамааралтай болж байж аюулгүй байдал тусгаар тогтнолын баталгаа болсон тэнцвэрийг буй болгоно гэсэн үзэл санаа Монголын сүүлийн хорин жилийн албан ёсны үндсэн бодлого. Үүнд хоёр хөрш маань тун ч таагүй хандаж буйгаа байнга илэрхийлдэг. Үүгээр барахгүй таагүй санаагаа үйлдэл болгон хэрэгжүүлэхэд ч бэлэн. Үүнд нь Монголын дотоодын улс төрийн харалган тэмцэл хамгийн аятай дэм болно. Дэм ч болгуулна.

Яагаад эх орны эрх ашигийн эсрэг хөдөлж, улс орны цаашдын хөгжилд шавар хаагаад байгаа юм бэ? Ухамсартай ба ухамсаргүй, зориудын ба санаандгүй, ойлгосон ба ойлгоогүй олон янзын шалтгаан хүн болгонд бий. Судалгаанаас үзэхэд Тэрбишдагва сонгонохайрхандаа, Сайхансамбуу завхандаа, Бямбацогт ховддоо, Энхбаяр говьалтайдаа, Тэмүүжин баянголдоо, Гантөмөр сүхбаатар дүүрэгтээ тасархай дэмжлэгтэй байна. Алтай бол улсын хэмжээгээр шомболзож байна. Үүнийгээ ч өөрснөө мэдэж байгаа.  Гэвч өнгөрсөн хэдэн жил хэт хувийн тоглолт хийцгээж тус тусын намтайгаа нэлээд түнжин хагарсан учир нэр дэвшихгүй байж магадгүй. Иймээс ердөө л шантааж хийж буй хэрэг. Гэрээ хуулийн дагуу хийгдсэн, элдэв юм нэхэх хугацаа нь болоогүй, ер нь бослого гаргалаа ч энэ нь бүтэхгүй гэдгийг сайн ойлгож байгаа. Энэ хэд МАНАН гэдэг морь унаж байж л дивтаатын барианд орно, түүнээс морь дагаж явган гүйгээд шаварт булуулна.

Гэтэл цаана нь сонгогчдоосоо дэмжлэг авч чадахгүй нь дэндүү тодорхой болсон хэсэг байна. Одоо яая гэхэв, нүдээ аниад л “ва банк” үзэхээс өөр аргагүй болсон. Ядахнаа шүүх цагдаад тулах дээрээ хүрэх юм бол “шудрага, эх оронч байсан учраас хавчигдаж байгаа тухай” үлгэр яриад ярдаглаад хэвтээд байх бололцоогоо гаргах хэрэгтэй шүү дээ. Ийм цагаандаа гарчихсан хэсгийн бичиг үсэгтэй сийрэг толгойнууд нь ярьдаг бөх мэтийн харанхуй нэгнээ ашиглаж нохойд мод болгон барьж байгаа хэрэг. “Орос рулет” гэж аймшигтай хатуу мөрийтэй тоглоом байдаг. Гар бууны найман сум ордог магазинд нэг сум хийчихээд харанхуйгаар эргүүлж байгаад чамархайдаа тулган гохоо дарна. Азгүй нэгэнд сумтай нүх таарч мөнгөө үлдээгээд шууд үхэж буй нь тэр. Хөөе, хөөе, зогс... найман нүхэнд наймууланд нь сум хийдэггүй юм, тэнэг ээ!

1992 онд Засгийн газрын тэргүүн болсон Жасрай гуай “Тэрбум доллартай бол Монгол орныг үндсээр нь өөрчлөнө” гэсэн гарчигтай ярилцлага өгч байв. 2000 он хүртэл Монгол улсын төсөв түүхэндээ 300 сая доллар хүрч үзээгүй юм. Одоо 2012 оны улсын төсвийг бараг долоон тэрбум доллароор батлах гэж байна.  Ийм их хөрөнгөнөөс хулгай хийдэгийг нь тооцдоггүй юм гэхэд захиран зарцуулалцаад сууна гэдэг ямар их аз завшаан, ямар их эрх мэдэл, ямар их аз жаргал вэ? Хяслантай юм шиг дөнгөж далан зургаахан сандалтай энэ эрх мэдэлд хүрэхийн тулд юу ч хийсэн, юу ч гэж бурсан, яаж ч хөдөлсөн яадаг юм! Энэ эрх мэдэл аз жаргалын хажууд улс орон гэдэг юу юм бэ? Нураагаад хаячихсан ч яадаг юм, дахиад л шинээр босгохгүй юу! Амла, сонгогчид юу хүссэнийг нь амла, зальд, луйвард... улс сүйртэл хаа ч байсан юм, сүйрлээ ч босоод л ирнэ, дараа нь засаж болно...

Гэвч энэ их мөнгө хэнийх вэ? ДНБ-ий бараг 80 хувийг хувийн хэвшил үйлдвэрлэж байна. Хэдэн арван тэрбумаар нь татвар төлдөг олон компани буй болжээ. Эндээс цугласан мөнгийг үр ашигтай зарцуулж нийгэмд мэнэжмэнт хий хэмээн 76 ямаа сонгож байгаа ухаантай юм шүү дээ. Гэтэл аж ахуй эрхлэгчдээс авсан мөнгийг өөрийн юм шиг үрэн таран хийх төдийгүй өөрсдийг нь хорлоход зориулж ашиглаад байна шүү дээ. Гутлыг нь өмсөөд эзнийг нь өшиглөж байгаа хэрэг. Эхлүүлсэн ажлыг нь нурааж байна, дууссан ажлыг нь боож байна. Дээр нь шантаажилж байна, заналхийлж байна. Бүх юмыг мөнгөөр шийддэг юм бол хорлон сүйтгэгчдийг УИХ-д оруулахгүйн тулд бизнес эрхлэгчид нэгдэн нийлж мөнгөөр зодож байгаад тэднийг сонгуулахгүй акц хийвэл шудрага ёсонд нийцэх юм биш үү? Ой мод огтлон сүйтгэгч нэгэнбээр гол ус аврана гэж нэг хэсгийнх нь захиалгаар нөгөө хэсгийг нь хорлож дууслаа. Хэдэн бизнес эрхлэгчид мөнгөө нийлүүлж байгаад тэр зэргийн амьтныг түлхээд унагачиж чадна шүү дээ. 68 хувийн татвар гэгч Монголын нийгэмд ямар их хохирол учруулав! Олзворлосон алтны 68 хувь нь сураггүй алга болж гэмт хэргийн сүлжээгээр цувдаг боллоо. Эх орондоо хайртай хэн болгон үүний эсрэг мөнгө цуглуулж байгаад иргэний хөдөлгөөн үүсгэн түлхэн унагаж болно шүү дээ. Эсвэл “ингүүлж байхдаа таарсан амьтан” гэдэг хараал шиг хэлц үг мэдэх үү?

МАХН, МҮАН гэсэн хоёр амтай нэг ходоодтой агууламж томтой хогийн сав бэлэн боллоо. Гологдогсод, гомдогсод, чамлагсад... гээд хэнийг л бол хэнийг багтаана. МАНАН-д гомдогсод гологсодын тийш чиглэх цуваа сонгууль дөхөх тусам улам өтгөрөх болно. Иймээс хэнд гологдож хаанаас хөөгдсөн ч трайншейнд очихгүй, орох бэлэн оромж байна. МАХН, МҮАН хоёр мэдээж сонгуулиар тэргүүлэхгүй нь ойлгомжтой учир аймаар амлалт нэгэнт өгөөд эхэллээ. Бэлэн мөнгө амлахыг хориглосон учир “бэлэн бус” бэлэн мөнгөний амлалт тэндээс гарч бусаддаа сайхан үлгэр дуурайлал үзүүлж байна. Өрхийн тэргүүн болгоныг ажилтай болгоно, тэгэж чадахгүй бол нөхөн төлбөр олгох гэнэ. Энэ ч сайхан явна даа. Өрхийн тэргүүн хамгийн багаар бодоход сард 300 мянган төгрөгний нөхөн төлбөр авах нь. Татварыг үгүй болгох гэнэ. Ерөөсөө л татвар гэж байхгүй сайхан нийгэм болно. Маркс, Ленин ч амлаж зүрхлээгүй шудрага эх оронч нийгэм. Улсын төсвийг уул уурхайгаас бий болгоно. Гэхдээ уул уурхайг хаана, гадаадынхныг хөөж гаргана гээд байгаа уриатай нь авцалдахгүй л байна. Гэхдээ яахав дээ, яваандаа учир нь олдоно биз.

Улс төрийн нам гэдэг бол нэг үзэл бодолтнуудын цуглуулга. Намын нэрээр гарч ирчихээд хорвоо дээр гав ганцаархнаа тэнэг юм шиг “ухаантай” царайлаад байгаа амьтсыг эгнээнээсээ зайлуулж болдоггүй юм уу? Газар хавчсан биш, үзэл бодлоо хаана ч илэрхийлж болно. Тамхи татах зориулалтын өрөөнд өөрөө явж орчихоод цэвэр агаар нэхэн бусдыг зодоод байж болохгүй шүү дээ. Монгол бол ардчилсан орон. Бэлээхэн том хогийн сав байхад, тэнд очоод л амны зоргоор эх оронч загнаж шудрагаа харуулна биз. Заавал өөртэйгээ таарахгүй намтай гоомоодож гоомой загнах хэрэг юун? Бие даагаад гар аргаар үзсэн ч болно. Энэ эрхийг нь Үндсэн хууль хамгаалж байгаа. Нам нь ч нам, төрүүлсэн үр могойдоо хатгуулаад хордож үхэж байгаа бол дүүрч дээ, ингүүлэхдээ таарсан юм байлгүй.
Ардчилсан тогтолцоонд ороод хорь гаруй жил боллоо. Ардчилал бол өөрийн зарчимтай, дэг журамтай, үнэлэмжтэй нийгэм. Сонгууль бол ардчилсан төрийг буй болгох механизм болохоос улс орноо нурааж тоглох солиорол биш шүү дээ. Галзуугийн эмнэлэгийг галзуугийн эмнэлэг л гэдэг болохоос ардчилсан эмнэлэг гэдэггүй биз дээ?

2011 оны 10 дугаар сар 10