Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв?
Аугаа их Эх орны дайны Ялалтын баярын өдөр
2025.05.11.
2025 оны 05-р сарын 08. "Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр. "ОХУ-ын Ерөнхийлөгч Путины урилгаар ойн баярын арга хэмжээнд оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч Путин нар албан ёсны уулзалт хийлээ" гэж эхлээд "Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путины урилгаар энэ сарын 9-ны өдөр Москва хотноо болох дайны ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор тус улсад очоод байна" хэмээн үргэлжлүүлэв.
Анзаарав уу? Чухам аль, ямар ялалтын баяр болохыг бүтэн нэрлэхээс зайлсхийж, тэр ч бүү хэл зүгээр нэг "ойн баяр" гэж хэлж үзжээ. Бас хоёр Ерөнхийлөгч уулзах товтой байна гэсэн ч энэ уулзалтын тухай сурвалжлагыг "Цагийн хүрд"-ээс би лав олж үзээгүй.
Маргааш нь буюу 05-р сарын 09-ны 15.00 цагаас үзүүлсэн шууд дамжуулалтын нэрийг хөтөлбөртөө "Дэлхийн II дайны ялалтын 80 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн парадыг Москва хотоос шууд" хэмээжээ. Орой нь "Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөрийн Москвагаас хийсэн сурвалжлага бас л "Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх бас л дэлхийн хоёрдугаар дайны ялалтын 80 жилийн ойн үйл ажиллагаанд оролцлоо" гээд цааш нь эхлээд энэ санаагаа үргэлжлүүлж "Өнөөдөр 70 сая хүний амийг авч одсон аймшигт дайныг зогсоосон түүхэн өдөр, ялалтын баяр. НҮБ-ын шийдвэрээр 5-р сарын 9-ныг Дэлхийн II дайны дурсамж, эвлэрлийн өдөр болгон зарласан... ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины урилгаар Москва хотод зохион байгуулсан ялалтын баярт оролцлоо" гэв.
2025 оны 05-р сарын 11-ны "Долоо хоногийн тойм" хөтөлбөр бас л Дэлхийн 2-р дайны ялалтыг тэмдэглэв.
Хэдэн чухал үгнээс илт цэрвэсэн байх юм. 5-р сарын 9 бол 1941-1945 оны Зөвлөлт Холбоот Улсын Аугаа их Эх орны дайны Ялалтын баярын өдөр. Албан ёсны нэр нь тийм. Ялчихаад байхад дуусаагүй дайн гэж юу байхав. 1945 оны 9-р сард холбоотнууд Японыг буулгаж авснаар тэр хэлээд байгаа аймшигт дайн төгссөн. Гэтэл Монголын үндэсний олон нийтийн телевиз БНМАУ ЗХУ-ын холбоотон болж чадах чинээгээрээ хувь нэмрээ оруулсан тэр ялалтын нэрийг ганц удаа бүтэн хэлж чадахгүй, бүр гуйвуулаад зогсохгүй, оронд нь манайд хэзээ ч тэмдэглэж байгаагүй, олон нийт мэддэг ч үгүй "дурсамж, эвлэрлийн өдөр" гэгчийг гаргаж ирсэн байна.
Манай олон нийтийн телевизийн "Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр үе үе, голдуу эгзэгтэй үед ийнхүү манарч тархи толгойгоо үл үзэгчдэд мэдүүлдэг (түрээслүүлдэг гэвэл илүү тохирно), тэр нь тохиолдсон биз гэж бодтол ганцаараа биш ажээ. Холоос шидсэн чулуу гэдэг шиг...
2025 оны 05-р сарын 08-ны Eagle news телевизийн "Ийглийн мэдээ" хөтөлбөр эхэлсэн нь: "Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч Путины урилгаар 5-р сарын 9-ны өдөр болох Дэлхийн хоёрдугаар дайны ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор хойт хөршид газардаад байгаа билээ ... Ерөнхийлөгч Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч Путинтай албан ёсны уулзалт хийсэн байна. Уулзалтын үеэр Ерөнхийлөгч Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч Путинд болон ОХУ-ын ард түмэнд Дэлхийн II дайны ялалтын түүхэн 80 жилийн ойн баярын мэндийг Монголын төр засаг, ард түмний нэрийн өмнөөс өргөн дэвшүүллээ... "
Бас л Дэлхийн II дайны ялалтын баяр. Харин манай Ерөнхийлөгч үнэхээр яг тэгэж хэлсэн эсэхийг тодруулж нягталбал худлаа байна. Албан ёсны мэдээнд тэр өгүүлбэр "Аугаа их эх орны дайны анхны өдрөөс эхлэн Монгол Улс хуучин ЗСБНХУ-ын холбоотон байж ... " гэсэн эхлэлтэй байна. Тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгч "Уважаемый господин Президент, дорогие друзья! Приветствую всех вас в Москве в канун знаменательного праздника – 80-летия Победы в Великой Отечественной войне. Очень рад Вашему личному участию в этих юбилейных мероприятиях... " хэмээн мэндчилжээ. Гэтэл үүнийг Eagle news орчуулахдаа "Эрхэм Ерөнхийлөгч та дэлхийн II дайны ялалтын түүхт 80 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцох урилгыг хүлээн авч ..." болгон илт гуйвуулсан байх аж.
Монгол төрийн бодлого, байр суурь, томъёололд сэмхэн засвар оруулсан, үүнээс болж манай хэвлэл мэдээлэл төөрч будлиад байна гэсэн хар төрж Ерөнхийлөгчийн албан ёсны сайт руу шагайж харлаа.
President.mn:
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Москва хотноо 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр болох Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн баярт оролцоно.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр болох Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн ирлээ.
Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Аугаа их Эх орны дайны ялалтын түүхт 80 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийв.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины урилгаар Аугаа их Эх орны дайны Ялалтын 80 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцох үеэрээ ОХУ-ын Батлан хамгаалах яам, Дотоод хэргийн яам, Онцгой байдлын яамны харьяа академи, их, дээд сургуульд суралцаж буй монгол офицер, ахлагч нарын төлөөлөлтэй уулзлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Аугаа их Эх орны дайны ялалтын түүхт 80 жилийн ойн баярын цэргийн хүндэтгэлийн ёслолд оролцлоо.
Бас Гадаад харилцааны яамны сайтын мэдээллүүдэд зөвхөн Аугаа их Эх орны дайны Ялалтын 80 жилийн ой гэсэн нэр томъёог хэрэглэсэн байна.
Манай телевизүүд юугаа хэлж ярих эрх чөлөөгөө эдэлж буй нь тун сайн, гэхдээ дуу дуугаа авалцан тэс өөрөөр, ингэхдээ үг үсгийн зөрүүгүй дуугарч эхэлсэн нь сэжигтэй. Хаа нэгтэйгээс, хэн нэгээс яг ижил команд авсных уу?
NHК World-ийн 5-р сарын 9-ны мэдээг олж үзвэл Улаан талбайд болсон цэргийн парадыг "Дэлхийн II дайны үед Зөвлөлт Холбоот Улс нацист Германыг ялсныг тэмдэглэж ... " гэсэн байна. Очиж очиж тэд бараг үнэнийг хэллээ. Бараг гэсний учир бол Гитлерийн Германаас гадна европын ихэнх улс хүч хавсарч ЗХУ-д халдсаныг бут цохисон. Япончуудын хувьд 5-р сарын 9-нд энэ дайн үнэхээр дуусаагүй байсан. Америкчууд атомын бөмбөгүүдээ Хиросима, Нагасаки хотуудад дайн дууссаны дараа биш дайны үеэр хаясан гэж үзнэ. Харин манай хоёр телевиз бараг дөрвөн сарын өмнө өндөрлүүлээд байна. Ерөнхийлөгч нарын хэлсэн үгийг гуйвуулж байгаад! Ирэх намар тэд юу гэж залахыг хүлээе.