Төр удирдах тухай

Өнөө цагт улс орон амжилт олох уу, бүтэлгүйтэх үү гэдгийг шийдэж буй хамгийн чухал хүчин зүйл бол удирдлагын чанар юм. Дэлхий даяар ижил хүн амтай, ижил нөөц баялагтай, ижил боломж бүхий улс олон бий. Гэвч зарим нь хөгжиж, дэгжиж байхад, нөгөө нь уруудаж, доройтож байна. Учир юунд байна вэ? Хариулт нь их энгийн. Зарим улс сайн засаглал, сайн удирдлагын зарчмыг ойлгодог удирдагчтай, нөгөөд нь тийм удирдагчийн “заяа дутжээ”.

Тони Блэйрийн сургамж

Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйр ард иргэдээ арван жил гаруй удирдахдаа засаглал гэдэг ямар хатуу сургууль болохыг биеэрээ мэдэрсэн хүн. Тухайн үедээ мань эр амжилттай яваа төр засаг ямар шинж чанартай байдгийг олж хараад зогсохгүй, түүнийг эхнээс нь мэдэж байсан бол улс орноо өөрөөр удирдах байснаа ухаарсан гэж бичжээ.

Тоны Блэйрийн үзэж байгаагаар улс орны хөгжил, нөхцөл байдал харилцан адилгүй байж болох ч “удирдах, засаглах сорилтууд үндсэндээ адилхан” байдаг. Ардчилсан ч бай, хөгжиж буй ч бай, бүх улс төрийн тогтолцоонд нийтлэг хариулт шаардсан асуудлууд бий. Жишээ нь, төрийн аппаратыг хэрхэн удирдах, багийг яаж бүрдүүлэх, бодлогыг яаж төлөвлөх, хямралыг яаж даван туулах гэх мэт нь хаач адилхан гэнэ.

Засаглал бол мэргэжил, урлаг

Тоны Блэйр инженер, эмч, эдийн засагч гэх мэт мэргэжил бүрийн нарийн гарын авлага байдаг атал “засаглал”-д тийм гарын авлага бараг байдаггүйг анзаарчээ. Тэрээр төрийн удирдлагыг зөвхөн улс төрийн асуудал мэт авч үздэг, гэтэл энэ бол “өөрийн гэсэн урлаг, шинжлэх ухаан, системтэй мэргэжил” хэмээн дүгнэсэн байна.

Иймээс тэр 1997 онд Ерөнхий сайдаар анх томилогдохдоо хэрэглэхийг хүсэж байсан “улс төрийн удирдлагын гарын авлага”-аа энэ номоороо бичжээ. Тони Блэйр гагц өөрийн туршлагаа бус, дэлхийн бусад удирдагчидтай ажиллахдаа олсон бодит сургамжуудаа хуваалцсан буй.

XXI зууны удирдагчийн гарын авлага

Ном долоон бүлэгтэй бөгөөд бүлэг бүр дэлхийн улс төрийн системүүдийн бодит жишээгээр дүүрэн богино өгүүллэгүүдээс бүрдэнэ. Ном бүхэлдээ дараах асуултуудад хариулж өгчээ:

* Удирдагч төрийн “аппарат”-аа, өөрийн оффисоо хэрхэн зөв зохион байгуулах ёстой вэ?

* Яаж зөв зорилго, төлөвлөгөөг сонгож, тохирох хүмүүсийг ажиллуулах вэ?

* Гэнэтийн хямрал, үйл явдлыг хэрхэн зохицуулах вэ?

* Богино хугацааны амжилтыг урт хугацааны бүтцийн өөрчлөлттэй хэрхэн уялдуулах вэ?

* Хүнд суртал, үл хөдлөх тогтолцоотой хэрхэн ажиллах вэ?

* Хөрөнгө оруулалт татах, боловсрол, эрүүл мэндийн салбарыг шинэчлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах хамгийн үр дүнтэй арга юу вэ?

* XXI зууны технологийн хувьсгалын аварга боломжуудыг төр хэрхэн ашиглах ёстой вэ?

Хэнд хэрэгтэй ном бэ

Тони Блэйрийн “Төр удирдах тухай: XXI зуунд өгөх сургамжууд”-ыг зөвхөн улс төрийн ном гэж ойлговол эндүүрэл, энэ бол удирдлагын мөн чанарыг шинжлэх ухааны түвшинд авч үзсэн гарын авлага. Тэр “засаглах” гэдэг үгийг шинэ утгаар тайлбарлаж, удирдагч хүний ухаан, хариуцлага, зориг, системчилсэн сэтгэлгээг XXI зууны сорилтуудтай холбож чаджээ.

Тиймээс зөвхөн улс төрчдөд бус бүх түвшний удирдагчдад зориулсан ном. Төрийн албан хаагч, бизнес эрхлэгч, байгууллагын удирдагч хэн боловч энэ номоос “ямар ч нөхцөлд, ямар ч багтай, ямар ч системд хэрхэн зөв удирдах вэ?” гэсэн асуултын бодит хариуг олж чадна.