“Милейний эрин”: “Төрөөс бус, өөрөөсөө асуу, эрх чөлөө хаана байна?”

Аргентин сүүлийн тавин жилд эдийн засгийн сүйрсэн. Инфляц 100 хувь даваад, мөнгөний үнэ цэн унасан, ард түмэн төрөөс тэжээл горилох сэтгэлгээнд дассан Аргенинд гэнэт нэг “галзуу эдийн засагч”-ийг сонгосон нь дэлхийн анхаарлын төвд орж ирэв. Энэ хүн бол Хавьер Милей, харин түүний үзэл санааны талаархи анхны системтэй судалгааг Австрийн эдийн засгийн сургуулийн төлөөлөгч Филипп Багус “Милейний эрин” хэмээх номдоо өгүүлжээ.

Эрх чөлөөг эдийн заасгийн философи

Филипп Багус Милейг зүгээр нэг улстөрч бус, эрх чөлөөний эдийн засгийн туршигч гэж тодорхойлжээ. Түүний бичсэнээр Аргентиныг аврах цорын ганц арга бол төрийн оролцоог хязгаарлах, татварыг бууруулах, мөнгө хэвлэх үйл явцыг зогсоох байлаа.

“Төрийн мөнгө бол хүмүүсийн эрх чөлөөг үгүй хийдэг хамгийн аюултай зэвсэг” гэж Милей хэлсэн байдаг. Багус энэ санааг эдийн засгийн онолын хүрээнд задлан, Австрийн сургуулийн үндсэн зарчим “эрэлт ба нийлүүлэлтийн эрх чөлөөг” бидэнд дахин сануулжээ.

Популизмын эсрэг “сэтгэл зүйн хувьсгал”

Номын хамгийн сонирхолтой хэсэг нь Милейгийн уриа үгсийг эдийн засгийн хэллэгээс илүү “сэтгэл зүйн хувьсгал” болгон тайлбарласан. Аргентинчуудын оюун санаанд төрөөс бүхнийг хүлээдэг хамаарал, өгөөмөр амлалтад итгэх итгэлийг нураах ёстой гэж үзжээ. Энэ бол Багусын дүгнэлтээр “эдийн засгийн шинэ зам бус, итгэлийн шинэ хэлбэр” юм.

Милейг зарим нь хэт туйлширсан либертари, зарим нь анархист гэх. Гэхдээ Багусын өгүүлбэр бүрийн цаана “эрх чөлөөгүй эдийн засаг оршин тогтнодоггүй” гэх гүн ухаан оршино.

Шүүмжлэл ба сорилт

Гэхдээ “Милейний эрин” бол догматик ном биш. Багус Милейгийн санаа зарим талаар хэт идеалист, бодит эдийн засагт бүрэн нийцэхгүй гэдгийг ч хүлээн зөвшөөрдөг. Аргентин шиг нийгэмд төрийн үүргийг гэнэт үгүй хийх нь хүчтэй сөрөг хариу урвал дагуулж мэднэ. Тиймээс Милейгийн “эрх чөлөөний туршилт” бол нэг талаар эр зориг, нөгөө талаар эрсдэлтэй туршлага юм.

Гэвч Филипп Багусын хувьд энэ туршилт хямралд автсан улс орнуудад бодит өөрчлөлт эхлэх сэтгэл зүйн дохио гэж харж байна.

Монгол уншигчдад

Монголын хувьд “Милейний эрин” бол бидний эдийн засгийн бодлогын тусгал. Инфляц, татвар, төрийн оролцоо, халамжийн бодлого бүгд ижил механизмаар хүний эрх чөлөөг боож байна. Багусын ном дараах сануулгыгн өгч байна:

“Төр бол сайн сайхны эх сурвалж биш, харин иргэн бүрийн шийдвэр гаргах эрхийг булаагч институт юм.”

“Милейний эрин” бол улс төрийн дуулиан бус, оюуны сэргэлтийн бүтээл юм. Филипп Багусын үг бүрийн цаана эдийн засагчийн тооцооноос илүү философичийн итгэл, нийгмийн сэтгэл судлаачийн анхаарал мэдрэгдэнэ.

Энэ номыг унших нь Аргентины тухай бус, өөрийн улс орон, өөрийн иргэний эрх чөлөөний тухай асуултад хариу эрсэн аялал юм.

Эцэст нь, “Милейний эрин” бол бидэнд хандаж бичигдсэн ном.