Яг одоо манайд титэм нэртэй цар тахал орж ирчхээд байгаа, дэлхий даяар юу болж байгааг дурдах шаардлага бол үгүй байх.

Харин ийм үеэр буюу хоёр сарын дараа УИХ-ын сонгууль болох товтой учир сонгууль хийнэ, хийхгүй хэмээн хоёр тал болон нүүр номоор маргалдах ч “Сүх далайтал үхэр амар” гэгчээр өглөө бүр 11 цагаас мэдээлдэг ХӨСҮТ-ийн мэдээллийг хүн бүр анхааран харж нэг л нэмэгдэж, нэмэгдээгүй байна ашгүй дээ хэмээн ярьцгааж суух бөгөөд энэ нийтлэлийг бичиж байх үед  13 хүн нэгэн зэрэг халдвар авсан тухай мэдээлж байна.   

Монгол улсын ерөнхийлөгч сонгуулиа хойшлуулаад тахлаас үүдэлтэй ирж буй эдийн засгийн бодит хямдралд сонгууль хийх мөнгөө болон тэвчиж болох бүх зардлаа хэмнэн ирэх жилийн төсөвтөө тодотгол хийж түүний хямларлын эсрэг дайчилъя хэмээн уриалсан ч төр барьж буй засгийн сангийн сайд тодотгохгүй хэмээн дөрөв ч билүү зургаа ч билүү хэлсэн хэмээн маргалдаж суух ажгуу. Мөн нэг хүний засаглал тогтоох гэж байна хэмээн мунхаглах хүн ч байх аж. Одоо мөрдөж буй Үндсэн хуулиар ч ирэх сард хэрэгжих шинэчилсэн үндсэн хуулиар ч УИХ, засгийн газар төрийг удирдах ёстой. Удахгүй хэргэжих ҮХНӨ өөр бол намын дарга бүхнийг шийднэ. Гэхдээ ингэж маргалдаж байтал нэг мэдэхэд хоёр сар өнгөрч сонгуулийн өдөрт тулж ирэх нь гарцаагүйгээс гадна өдөр бүр арав арваараа нэмэгдэж нэг л өдөр тахлаа гадагш алдчих магдлал өндөр зэргийг эс өгүүлээд өгүүлэх нь;

1348 онд бичигдсэн Итали зохиолч Бокаччиогын “Декамерон” зохиолыг бид дунд сургуулийн хичээлээр үзэж танилцсан. Тэр алдарт номонд дэлхий даяар тархсан тахлаас зугтааж Италийн нэгэн хэсэгт “карантилагдсан” хэдэн хүний яриа гардаг  гэдгийг бид бараг бүгд мэднэ.

Харин энэ тахал яг одоо тархаад буй тахал шиг Хятадын Ухань хот хавиас анх гарч Тогоонтөмөр хааны толгойлсон Юань гүрнийг мөхөөж үгүй хийсэн тахал бөгөөд тэр нь мөн л одоогийнх шиг эхлээд Итали улсад хүчтэй тархсан болохыг тэр болгон мэдэхгүй байх. Тогоонтөмөрийг хаан болохоос хоёр жилийн өмнө, 1331 онд Хубэй мужийн Эжоу хотод хулганы нохой бөөс (oriental rat flea)-өөр дамжсан тахал гарчээ. Хубэй муж бол коронавирусын тахлын голомт болсон газар. Ердөө гурван жилийн дотор мужийн хүн амын 90 хувь буюу 5 сая хүн халдварлан үхэж, улмаар Юань улсын 25 сая хүн тахлаар үхжээ. Халдвар Торгоны замаар 1347 онд Европт хүрчээ. Хэдэн арван сая хүн үхсэн энэ тахлыг “хар үхэл” (black death) гэдэг. Цагадайн улс болон Алтан улсын хүн амын 40 хувь, Ил хаант улсын хүн амын 30 хувь халдварлаж үхжээ. Тэр үед амьдарч байсан Мамлюкын улсын Al-Maqrizi бичихдээ, Юань улсын Тугтөмөр хаан болон түүний хүүхдүүд, Алтан ургийн 16 язгууртан энэ тахлаар үхсэн гэжээ.

Энэ түүх их ёрын эхэлсэн байдаг. Дай Юань улсын Их хаан Тогоонтөмрийн төр барьсан гучин зургаадах жилийн   зуны тэргүүн сарын нэгэн шөнө, тэнгэрт хар үүлс алгуур хурсаар ширүүн бороо гэнэт цутган орж, харанхуй тэнгэрээс догшин луу хилэнт галаар тургих мэт аянга бууж “Богд наст түмэн амгалант” сүм шатжээ.

Усан бороонд хар утаа суунаглуулан шатах сүмийг Юань улс байгуулагдсан 1271 оноос эхлэн, найман жилийн хугацаанд барьсан бөгөөд 1279 он буюу бүх Хятадыг нэгтгэсэн жил Хубилай сэцэн хаан биеэр бараалхан шинэ сүмийг “Богд наст түмэн амгалант” сүм хэмээн нэрийдсэн түүхтэй.

Тогоонтөмөрийг төр барьсан гучаад жилд тахал улам нэмэгдэж, байгалийн гамшиг үе үе болж байв. Тэр үед өмнөд Хятадын Хуай мөрөн үерлэж, эрэг дагуух мужууд өлсгөлөнд нэрвэгдэхэд Жу Юаньжан гэгч ядуу хүү эцэг эхээ алдаж, Монголчуудын эсрэг бослогыг толгойлжээ. Ялангуяа, Тогоонтөмөр хаан солонгос хатан Ки овогтын нөлөөнд автаж, албан татвар нэмж, шийдвэртэй арга хэмжээ аваагүй билээ. Тийнхүү Хубилай хааны байгуулсан нийт Ази тивийг дамнан орших Юань гүрэн мөхсөн юм.

Ялангуяа, тахлын үед үерийг тогтоох  даланг бариулахаар нэг сая ажилчин Хятадыг цуглуулж, тэр далан барих гэж цугласан сая хүний дунд тахал тарсан бөгөөд ингэж тэр тахал дэлхийг хамарч энэ тухайд өгүүлсэн “Декемерон” хэмээх ном төрсөн байдаг.

Түүх давтагддаг гэдэг утгаар одоо цагтай дээрх түүхийг холбож харвал анх энэ тахал гарч эхлэх үед манай улсад халдвар тараагүй байлаа. Гэвч дэлхий даяр тархсан Монголчуудаа эх оронд нь авчрах төрийн үүрэг тул иргэдээ авч ирж тэд одоо эмчлүүлж өдөр өдрөөр нэг нэгээрээ өвчтэй нь тогтоогдсоор байгааг хүн бүр мэднэ.

Хэрвээ сонгуулийг товлосон цагт нь хийлээ гэж үзвэл мөн л ихэс дээдэст энэ өвчин эхлээд тусах магадлалтай билээ. УИХ, засгийн газар дөрвөн метрийн холоос хурлаа хийдэггүйг хүн бүр мэднэ.

За тэгээд сонгууль эхэлбэл нэр дэвшиж буй хүн тойрогтоо ажиллаж уулзалтууд хийж таарах бөгөөд гар ч барихгүй амны хаалт зүүгээд дөрвөн метрийн цаанаас цагаан хоолойгоор яриад байвал түүнийг хэн сонгох билээ дээ.  Тэгээд ч энэ жил томсгосон тойрогтой учирэрсдэл бүр том байгаа юм.   Нэр дэвшигч том тойргийн ихэнх иргэдтэй уулзах учир эхлээд нэр дэвшигч тахалд өртөх магадлалтай бөгөөд далд үе нь хорин нэг хоног учир халдвараа сонгуулийн хоногт тойрог даяараа тарааж орхих  нигууртай бөлгөө.

За яахав амиа бодоод сонгуулиа хойшлуулаа ч гэсэн дэлхий даяар нүүрлэсэн эдийн засгийн хямралыг бид яаж давж гарах билээ? Одоо яригдаж буй зүйлийг харахад Төв музейгээ буулгасан газарт Чингис хааны музей барих юм байна. Хот хөдөөд барих контор зэрэг элдэв “бүтээн байгуулалтад” 8.1 их наяд төсөвлөсөн гэх. Хэнтий аймагт мөн л Чингис хааны цогцолбор барих ажил эхэлсэн дуулдана билээ. Бүтээн байгуулалт хийх мэдээж сайн хэрэг боловч нидэр дээрээ сонгуулийн мөнгөө босгох ажил гэдэг хэнд ч ойлгомжтой.

  Тахлын үед улс гэрийнхээ хүнс, эм тариа, ард иргэдийнхээ эрүүл мэнд, цалин цавуу хийгээд амьд үлдэх, эрүүлийг хамгаалах ажлыг давын түрүүнд авах ёстой болохоос биш музей, хөшөө, контор барих бол ямар ч хэрэггүй юм л даа. Төсвийн тодотгол гэх албан үгийг ойлгододог хүн ховор бөгөөд зүгээр л ирэх жилийнхээ төсвөөс ард иргэдийн эрүүл мэнд ирж буй хямралыг даван туулахад зориулах мөнгөө тодотгож зас гэсэн энийг л үг юм. Үр хүүхэд чинь өдөрт арван гурваараа өвдөж эхэлж байхад сууцаа хамаг мөнгөөрөө засаад суудаг гэрийн эзэн нэг ч байхгүй шүү дээ!  Одоо АН, МАН, албан тушаал, баян ядуугаараа талцах цаг биш. Амь наана, сонгууль цаана байхад!  

Хэчнээн та үүдээ түгжээд гэртээ суусан ч түрийвчид ч буй төгрөгөөр чинь дамжаад халдвар ороод ирэх магдлал өндөр! Тэгээд ч энэ өвчин нэг тархвал дээдэст эхлээд нүүрлэх нигууртайг санатугай. Титэм вирус титэмтэнгүүдэд эхлээд хүрч дараа нь титэмгүй олонд халдах нь илт ойлгомжтой учир тахлын үеийн сонголт та бүхний өмнө байна, титэмтэнгүүд ээ!   

Энэхүү өчүүхэн бичвэрээр  төрийн ялзралын үед гай гамшиг давхцахаар хэрхэн өөрсдөд нь эхлээд хүрсэн Дай Юань гүрний сүүлчийн хаан  Тогоонтөмрийн түүх давтагдах болуужин хэмээн сануулахын учраа тэрлэсэн  бөлгөө.