В.Ганзориг: Өдрийн мэнд Эжа? Танай хамт олон боловсролын салбарт маш чухал төслийг эхлүүлсэн. EdTech буюу технологи ашиглан боловсролын ялгааг багасгах, бүгдэд тэгш боломж олгох TomYo төслийн явц, үр дүн хэр байна вэ?

Б.Энхжаргал: TomYo платформыг бид өнгөрсөн жилээс эхлэн хөгжүүлж байна. Нэг талаас боловсролын контент нийлүүлэгч, шинэ үеийн багш нарыг оруулж ирэх, нөгөө талдаа яг ийм мэдээлэл, мэдлэг, контент хэрэгтэй байгаа хүүхэд, залуусыг холбож байгаа. Монголд ийм хэрэгцээ бодитой байна. Тавдугаар сараас эхлэн бид олон нийтэд энэхүү талбараа нээлттэй болгосон. Долоон сарын хугацаанд 80 мянган хэрэглэгчтэй болж чадсан. Өдөр бүр 10 мянган хэрэглэгч идэвхтэйгээр манай талбарыг ашиглан гадаад хэл сурч, мэдээлэл авч байна. Хэрэглэгчдийн маань илгээж буй мессежүүд бид нарт маш том урам өгч байгаа. Надад зөвхөн англи хэл сурах боломж байсан бол одоо Tomyo-гоор дамжуулаад япон, хятад хэл сурч байна гэж Ховд аймгаас жишээ нь нэг хүүхэд бичсэн. Энэ нь уламжлалт аргаас гадна цахим аргаар олон зүйлийг шинээр сурах боломжтой болсны нэг жишээ юм. Энэ боломжийг л бид хүн бүрт хүргэхийг хичээж байна. 

ЯРИЛЦЛАГЫГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХИЙГ ХҮСВЭЛ ТА ДООРХИ ХОЛБООСЫГ ДАРНА УУ!


- Энэ бизнес загвар болон сургагч багш, менторуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү.

- Дундын Market Place гэдэг зүйлийг хийж байгаа нь Tomyo бизнесийн үндсэн загвар. Тухайлбал, видео хэлбэрээр гадаад хэл заах хүмүүс нэг талд орж ирнэ. Энэ хүн заавал хэлний багш байх албагүй ч бусдад заах чадвартай, хүүхдүүд сургах чадавхтай байх ёстой. Энэ хүнд бид найз нөхөддөө хичээл заах боломжийг олгож байна. Нөгөө талдаа бид ментор болох туршлагатай хүмүүсийг оруулж ирсэн. Эдгээр хүмүүс гадаадын олон улсад очоод сурчихсан, амжилттай тэтгэлэг авсан туршлагаа залуучуудтай хуваалцдаг. Түүнчлэн хэл сурч, шалгалтанд бэлддэг олон улсын тестүүд дээр ажилладаг. 

Өөрөөр хэлбэл, манай дээр байгаа бүх боловсролын бүх контентууд мэдлэгтэй, туршлагатай хүмүүсээр өөрсдөөр нь бүтээгддэг гэсэн үг. Бид эдгээр хүмүүсийн мэдлэг, туршлагыг нь цахим болгож байгаа хэлбэр юм. Хүн болгон нээлттэй орчинд мэддэг, чаддаг зүйлсээ бусадтай хуваалцах боломжийг бүрдүүлж байна. Өнгөрсөн сарын статистикаа харахад 200 гаруй багш, мөн 200 гаруй менторуудтай хамтран ажиллаж, 10 мянга гаруй минутын хичээл орсон байгаа. Их, дээд сургуулиуд, тэтгэлгийн 5000 гаруй тестийн мэдээллийн сан бүрдүүллээ. Энэ бүгдийг манай багш, менторууд өөрсдөө хийж оруулсан. 

- Цар тахлын энэ үед хамгийн сайн цахимжиж байгаа нь боловсролын салбар гээд олон улсын судалгаа гарсан байсан. Ковид та бүхний бизнест хэрхэн эерэгээр болон сөргөөр нөлөөлж байна вэ?

- Хэрэглэгчдийн мэдээллээс бидний шийдэл цаг үеэ олж чадсан гэдэг нь харагдаж байгаа. Цар тахлын өмнө хүмүүс сургалтын төв рүү явж анги, танхимд хичээлээ үздэг байсан. Танхимын хичээл заадаг багш нарын хувьд манай талбар руу орж ирэх магадлал бага байв. Цар тахлаас хойш сургалтын төвүүд онлайнаар хичээлээ заахаар болж манай дээр хичээлээ оруулаар хандаж байгаа. Бидний хийсэн дэд бүтэц хэрэглэхэд хялбар учраас хэрэглэгчдийн тоо богино хугацаанд огцом өссөн. 

- Та бүхэн бизнесийн зөвхөн монголын зах зээлээр харж байгаа юу эсвэл гадаад зах зээл рүү гарах төлөвлөгөөтэй байна уу? Нэмж хөрөнгө оруулалт татах, гадаад болон дотоодын хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргах санаа бий юу?

- Нэг сайн мэдээ дуулгахад бид дөнгөж сая буюу 11 дүгээр сард дотоодын нэг томоохон компаниас хөрөнгө оруулалт авсан. Үүний үр дүнд Монголын боловсролын салбарын бүх хүмүүст хүртээмжтэйгээр бүтээгдэхүүнээ хүргэх том зорилгынхоо дагуу ажиллаж байна. Мэдээж гадаадын зах зээл рүү зорьж байгаа. Энэ технологио хэрхэн дэлхийн зах зээл рүү гаргах тал дээр хэд хэдэн газартай хамтран ажиллаж байна. Тухайлбал, Казакстан, Шри-Ланк улстай яриа хэлэлцээр хийж байгаа. Эдгээр улсууд уламжлалт аргаар танхимын сургалт хийдэг байсан бол цар тахлын улмаас боломжгүй болсон. 

Нэгэнт манай дээр цахим сургалт, боловсролын технологи нь байгаа учраас бид бэлэн дэд бүтцээ санал болгоод явж байгаа. Ковидын дараа ч гэсэн энэ шийдлээ олон улсад гаргахаар ажиллаж байна. Бид боловсролын салбарт ажиллаж сурч байна. Телевизээр хичээл заагаад, хүүхдүүд үзээд сурчихлаа, онлайн хэлбэрээр, фэйсбүүкээр сургалтууд явдаг болчихлоо. Хүн болгонд боломж олгосон хэлбэр рүү манай боловсролын салбар явж байгаа.

- Та McKinsey&Company-д ажиллаж байсан. Технологи ашиглан монгол залуусын бүтээсэн шийдлүүдийг дэлхийн зах зээлд гаргах боломж ба эрсдлийг хэрхэн харж байна вэ?

- Боловсрол болон эрүүл мэндийн асуудлыг технологи ашиглан шийдэх шийдэл ирэх 10 жилийн дэлхийн тренд мөн хамгийн өрсөлдөөнтэй салбар байх болно. Бид хүмүүст сайн бүтээгдэхүүн хүргэе, монголдоо энэ бүхнээ сайтар туршиж үзье гэж ажиллаж байна. Манай монгол инженерүүд дэлхийд өрсөлдөхүйц бүтээгдэхүүн гаргаж чадаж байгаа. Харин үүнийг бизнес талаас нь дэлхийн зах зээлд гаргахын тулд олон хүнтэй уулзаж, зөв түншлэлүүдээ олох ёстой. Tomyo-гийнхон дэлхийд монгол оюун, монгол бүтээгдэхүүнээ гаргана гэдэг зорилготой ажиллаж байна. Казакстан, Шри-Ланк улсын компаниудтай түншлэлийн төвшинд явж байгаа. Эхний ээлжинд энэ хоёр улс руу манай бүтээгдэхүүн гарна. Бид юу хийж, юуг давуу тал болгож чадсан бэ гэвэл маш олон хэрэглэгчдийн үзсэн видео, хийсэн тест, сонирхсон сэдэв, уулзсан ментор, сурч байгаа арга барил дээр нь дүгнэлт хийгээд дараагийн сурах зүйл, шинэ боломжийг санал болгодог. Цаашид үүнийгээ улам сайн хөгжүүлж хиймэл оюун ухаан дээр суурилсан шийдлүүд рүү явна. 

- Монголчууд цахим үндэстэн болоход бэлэн болсон байна уу?

- Бид 100 мянган хэрэглэгчтэй болсон байна. Эндээс харж байхад зарим нь арай болоогүй байгаа. Харин залуусын хувьд маш идэвхтэй хэрэглэдэг. Хот, хөдөөгийн залуусын хооронд ялгаа харагдахгүй болсон. Бүгд цахим технологи хэрэглэн өсч хөгжиж байна. Магадгүй насны сегментээр ялгаа гарах болов уу. Фэйсбүүк ухаад ойлгоод байгаа хүмүүст зориулан түүнтэй нь адилхан ойлгомжтой систем бүтээх нь технологийн салбарт ажиллаж буй залуус бидний сорилт болж байна. 

- Цахим шилжилт төрийн байгууллагуудад хийгдээд эхэлсэн. Е-Mongolia гээд төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем гараад ирлээ. Энэ санаа, санаачилгыг юу гэж харж байна вэ?

- E-Mongolia хүн болгонд хэрэгтэй төсөл болсон. Биднээс байнга асуудаг иргэний үнэмлэхийн лавлагааг маш хялбар шийдлээр авах боломжтой болсон байсан. Бид цахим улс болох ёстой. Би жишээ нь ямар ч эмнэлэг дээр очиход эмнэлэг хоорондын систем миний өвчний түүхийг мэддэг байх хэрэгтэй. Банк иргэний үнэмлэхийн оронд хурууны хээ ашигладаг болчихлоо. Энэ бүхнээ бид өдөр тутмын хэрэглээ болгох ёстой болов уу. Технологи, технологи дээр суурилсан нэлээд олон бүтээгдэхүүнийг төр, хувийн хэвшлийн салбарынхан гаргасан. Одоо харин хэрэглээгээ сайжруулах, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хүмүүст ойлгомжтой байдлаар хүргэх хэрэгтэй байгаа. 

- Цахим улс гэхээр олон хүн Эстонийг жишээ авдаг. Тэгвэл Эстони шиг болоход бид нарт хэдэн жил шаардлагатай гэж бодож байна вэ

- Анд Глобал компанийн жишээг дурдмаар байна. Ази тивдээ 10 сая ам.долларын үнэлгээтэй хэлэлцээр хийнэ гэдэг бол нэлээд томдоо тооцогдоно. Монгол залуус үүнийг хийж болдог гэдэг Анд Глобал, ЛендМн-ийн хамт олон харууллаа. Бид ч улсаараа дараагийн таван жилдээ багтан өмнөө тавьсан том мөрөөдлийнхөө эхний хэсгийг биелүүлчих болов уу гэж харж байна. 

- 2021 онд гаргахаар бэлдэж буй шинэ бүтээгдэхүүн байгаа юу?

- Ковид гарснаас хойш хэрэглэгчиддээ өөр бүтээгдэхүүнээр яаж хүрч болох вэ гэдгийг их бодож байна. Үүнийн хүрээнд сүүлийн сард ур чадвар дээр суурилсан TomYo Skill гээд шинэ бүтээгдэхүүнээ гаргасан. Хүн заавал дөрвөн жил их сургуульд сурч дипломтой болоод ажил орох биш код бичиж сурмаар байгаа бол шууд салбарын шилдгээс нь суралцах, торт хийж сурмаар байгаа бол Sweet Kitchen-ийн Тэмүлүнгийн зөвлөгөөг аваад өөрөө жижиг бизнесээ эхлүүлэх боломжтой гэсэн үг. Ковидын улмаар 12 дугаар ангийн хүүхдүүд хүнд байдалтай байгаа. Иймээс 2021 оны эхний улиралд багтан арван жилийн хүүхдүүдийг илүү чадавхжуулах зорилгоор элсэлтийн ерөнхий шалгалтанд бэлдэх шинэ бүтээгдэхүүн гаргана. 

- Үнэтэй цагаа зарцуулан ярилцлага өгсөнд баярлалаа!