Үл бүдгэрэх нэгэн эрхэм – Дэжидийн Чимэддорж
Зүг чигээ олоход минь үнэхээр тусалсан нэгэн буянтан бол Мэдээлэл, радио, телевизийн улсын хорооны МОНЦАМЭ эрхэлсэн дэд дарга Дэжидийн Чимэддорж (дэд сайд) гуай байлаа. Тэрээр монголын түүхийн болоод дипломат албаны амьд түүх, амьд архив, надад мөн ч их зүйлийг ярьж би ч тэмдэглэж авдаг, намайг ямагт дэмждэг хүн байж билээ.
Энэ бол ГЯЯ-ны орлогч сайд, дараа нь МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга байсан, Ю.Цэдэнбалын итгэлт хүн шүү дээ. Зохиолч, орчуулагч, герман судлаач гэдгээр нь ахмад сэхээтнүүд андахгүй дээ. Ж.Батмөнхийг Төв Хороонд татан авчирч 1 дүгээр хүнтэй танилцуулан, хожим Сайд нарын Зөвлөлийн дарга болгох замыг зассан гэж ярьсныг нь би нийтлэл болгоод 1990 онд хэвлүүлсэн. Энэ их хүнийд 1984 оны зун хөл тавьснаас хойш 1990 оныг хүртэл би мөн ч их холхисон доо. Манай гэрээс тун холгүй, УИД-ийн чанх урд талд, 40 мянгатын 4 өрөөнд аж төрж байлаа. Чимэддорж гуай хувийн архиваасаа ховор сонин гэрэл зурагнууд гаргаж үзүүлдэгсэн. Тэдгээрийн заримыг дор тавилаа.
Чимэддорж гуай Москвагийн ОУХДС-д 1949-1957 онд суралцаж, өрнөдийн гүрнүүдийн гадаад бодлогоор мэргэжиж, орос, герман хэлэнд нэвтэрчээ. Тэрээр 1957-1958 онд ГЯЯ-нд референт, 1958-1961 онд Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улсад (БНАГУ) суугаа ЭСЯ-нд 1-р нарийн бичгийн даргаар ажиллахдаа дараахи түүхэн үйл явдалд гар бие оролцжээ.
Берлин дэх манай ЭСЯ-ыг бэхжүүлэх, ажил төрлийг нь жигдрүүлэхэд голлон оролцсон Д.Чимэддорж 1962-1965 онд ГЯЯ-нд хэлтсийн орлогч дарга, дарга (тэр үед яаманд “Газар” гэх нэгж байгаагүй) хийж байгаад 1965 онд ГЯЯ-ны орлогч сайд болжээ.
Энд маш ховор, сонин зураг үзүүлж байна. Хэвлэлд анх удаа тавигдаж байж ч магад. Учир нь уг зургийн автор нь миний ээж нэрт гэрэл зурагчин, надаас өөр олон хүнд энэ зураг байхгүй болов уу. СССР-ийн Элчин сайд К.В.Русаков нутаг буцах ёслол. Энэ хүн 1962-1963 онд хоёрхон жил хүрэхгүй Монголд томилогдон ажилласан хэрнээ А.И.Цэдэнбал-Филатовад аянгын хар үүл мэт сэтгэгдэл төрүүлсэн, тэр тухай Тэргүүн хатагтай асан дурсахдаа: Ухаантай, хорон үгтэй, эвгүй тэр хүн бидний талаар их буруу төсөөлөлтэй ... Тэр хүн Цэлэнбалыг 1984 онд удирдлагаас халахад багагүй хүч чармайлт гаргасан гэжээ.
Зургийг дэлгэрэнгүй тайлбарлах албагүй. Ил харагдаж байна. Тэр үеийн Монголын бүх нам, төр, засаг энд цугларсан байна. Байх ёстойгоос БХЯ-ны сайд жанжин Ж.Лхагвасүрэн л алга. Ёслолынхны алдаа гэе. Хэтэрхий давчуу буйдан дээр шахцалдуулан суулгажээ. Зарим нь хажуулдаж цомцойн суужээ. Халамцуу байсан бололтой, Цэдэнбал Элчин сайдын гэргийн гарыг чанга атгажээ. Самбуу гуайн гэргий нүдээ анивчжээ. Жанжин малгай, монгол дээлээр гоёсон Русаков хэт арагшаа налсан, Филатова гуян дээр нь тохойлдсон гээд өөлөөд байвал тэр үеийн төрийн ёслолын албыг зад шүүмжилмээр юм шиг.
Нийтлэлийн гол баатар маань ГЯЯ-ны орлогч сайд байх үедээ НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд эх орноо төлөөлөн хэдэнтээ оролцож байсан тухай хүүрнэдэгсэн. Төлөөлөгчдийн тэргүүний хувьд Октябрийн хувьсгалын 50 жилийн ойд зориулан Нью-Йорк хотноо дипломат корпусын хүрээнд хүлээн авалт зохион байгуулжээ.
СССР улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Н.Т.Федоренко хүлээн авалтад уригдан хундага тулгаж байна. Федоренко гэх аугаа энэ хүнтэй дотно нөхөрлөж явснаа Чимэддорж гуай мөн ч их дурсдагсан. Аугаа их гэдэг нь нэрт дипломатчаас гадна нэрт нанхиадч, нэрт японч, Хятад, Японы түүхийн талаар олон бүтээл туурвисан эрдэмтэн, бас зохиолч, нийтлэлч байсныг нь хэлсэн хэрэг болов уу.
1967 оны намар, Октябрийн социалист их хувьсгалын 50 жилийн ойд зориулан Монгол Улсын Гадаад хэргийн дэд сайд хаа холын, Октябрийн хувьсгалд огтын хамааралгүй, АНУ-д, АНУ-ын томхон хотноо хүндэтгэлийн зоог зохион байгуулжээ гэхэд өнөөдөр олон хүн гайхах, эргэлзэх, бүр шоглохыг үгүйсгэхгүй. Түүх сөхвөл яг л тийм байсан юм даа. Мэдээж тэр хүлээн авалтад нь Зөвлөлт ба социалист, социалист чиг баримжаат хэдэн орны төлөөлөгчид л ирсэн байж таарна. Зураг дээр Н.Т.Федоренко гэргийтэйгээ, НҮБ-д суугаа манай улсын Байнгын төлөөлөгч Ж.Банзар гэргийтэйгээ, Чимэддорж гуай, өмнөх зураг дээр ГЯЯ-ны 1-р орлогч сайдаар олон жил ажилласан Д.Ёндон нар байна.
Д.Чимэддорж гуайн боловсрол мэдлэгийн өргөн хүрээ, гадаад хэлний өндөр боловсрол, чадвар, ялангуяа нам, төрийн албан баримт бичиг орос хэлээр боловсруулах тэр чадварыг үнэлэж, 1970 онд МАХН-ын Төв Хорооны Үзэл суртлын хэлтсийн эрхлэгч, 1972 онд Намын Төв Хорооны үзэл суртал эрхэлсэн нарийн бичгийн даргаар дэвшүүлэн ажиллуулсан байдаг юм. Намын дээд алба хашихын сацуу олон нийтийн олон байгууллагын алба хашсаны нэг нь энэ зураг дээр харагдаж байна.
Монгол-Зөвлөлтийн Найрамдлын нийгэмлэг гэж төр засгийн байгууллагаас дутахгүй ТББ байсныг нэг үе Чимэддорж гуай толгойлж, тэр үедээ Москвад айлчилж, Зөвлөлт-Монголын найрамдлын нийгэмлэгтэй хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурж байх агшин. Монголчуудын эртний танил сансрын нисэгч цэл залуухан В.Горбатко гарын үсэг зурж байна.