Анд Глобал 2024 онд олон улсын бирж дээр гарна
Технологийн дэвшлийг ашиглан хэдэн 100 сая ам.долларын үнэлгээтэй компанийн эзэд болж, хэдэн арван сая долларыг гадаад, дотоодоос босгон монгол залуусын эрдэм мэдлэг, ур чадварыг тамгалж буй шижигнэсэн залуусын 4 дэх цувралыг танилцуулж байна.
В.Ганзориг: Өглөөний мэнд Анар захирал аа? Танай хамт олон Монгол бахархлын өдөр Японы Марубени корпорациас 10.3 сая ам.долларын хөрөнгө оруулалт авах болсноо зарласан. Энэ хэлцлийг хэр удаан хийсэн бэ?
Ч.Анар: Хөрөнгө оруулалт ба стратегийн түншлэлийн гээд хоёр өөр гэрээ байгуулсан. 10 сая ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээн дээр нэг их удаагүй ээ, бид жил орчим хугацаанд ажилласан. Уг нь гуравдугаар сард энэ гэрээ зурагдах байсан боловч Ковидын улмаас дэлхий даяар карантинд орж, санхүүжилтын ажлууд багагүй хойшлоод сая зурагдлаа. Коронавирусын нөлөөгөөр хагас жил гаруй хугацааг бид алдсан харамсалтай юм болсон. Энэ бүхнийг тооцвол хөрөнгө оруулалтын гэрээг зурахад яг хоёр жилийг зарцуулжээ.
ЯРИЛЦЛАГЫГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХИЙГ ХҮСВЭЛ ТА ДООРХИ ХОЛБООСЫГ ДАРНА УУ!
Үүнээс гадна бид анх удаагаа стратегийн түншлэлийн гэрээг байгууллаа. Энэ нь хөрөнгө оруулагчийн мөнгийг аваад өсгөөд буцаагаад өгнө гэсэн үг биш. Энэ бол Марубени корпорацитай хамтдаа инноваци дээр суурилсан шинэ төрлийн бүтээгдэхүүн хөгжүүлж, дэлхийн зах зээлд нийлүүлэн мөр зэрэгцэн ажиллана гэсэн үг. Стратегийн түншлэлийн энэ гэрээг байгуулахын тулд яг хэнтэй найзалж, хэнтэй “гэр бүл” болж байгаа мэт маш нарийн шалгалтанд орсон. Энэ процесс хоёр жил үргэлжилсэн.
- Таныг хүмүүс ЛендМн гэдгээр илүү мэдэх байх. Анд Глобал компанийнхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү.
- Би хэзээ ч ЛендМн-ийн захирал байгаагүй. ТУЗ-д нь ч огт байгаагүй. Анд Глобал бол ЛендМн-ийн толгой технологийн компани. Бид хийсэн технологио батлан харуулах зорилгоор ЛендМн дээр туршиж ажиллуулсан. Энэ төсөл амжилттай болсон. Анд Глобал компани хиймэл оюун ухаан, финтек буюу санхүүгийн технологийн системийг бүтээж, бодит амьдрал дээр туршин баталгаажуулдаг. Сүүлийн үед ЛендМн, Анд Системс зэрэг охин компаниудаараа дамжуулан 4G, 5G технологийн хөгжүүлэлтүүд хийж байна. Харилцаа холбоо финтектэй улам бүр хамааралтай болж байна. Үүрэн холбооны салбарт финтекийн шийдлийг хэрхэн хийх, интеграцид оруулах төслүүдийг хийж туршаад, эхнээсээ гаргаад явж байна. Анд Глобал ийм үйл ажиллагаа эрхэлдэг компани юм.
Японы Марубени болон АНУ-ын Techstars манай хөрөнгө оруулагч болсон. Бид зөвхөн технологи бүтээдэг эсвэл зөхөн хүний захиалсан шийдлийг хийдэг компани биш. Хийсэн шийдэл, технологио амьдралд нэвтрүүлж, бизнес болон хууль эрх зүйн бүхий л эрсдлийг даван туулж ажилладаг. Энэ зарчмаар Монгол болон Филиппин улсын зах зээл дээр амжилттай ажиллаж өөрсдийн нөу хаутай болж чадсан. Марубени бидний юуг онцлон стратегийн түншлэлийн гэрээ байгуулан ажиллаж байна вэ гэвэл энэ бүхнийг л үнэлсэн хэрэг. Хийсэн шийдлээ амьдрал дээр туршиж чаддаг гэдэг утгаараа Марубени корпораци манайтай ажиллахдаа их дуртай байгаа.
- Цар тахал танай бизнест хэрхэн нөлөөлж байна?
- Байгууллагын онцлогоос хамаарч байна. Бидний хувьд жишээ нь аль гуравдугаар сард зурагдах ёстой байсан гэрээ цар тахлын улмаас арван нэгэн сард зурагдлаа. Бусад бизнесийн салбарыг бодвол манай инженерүүд бүгдээрээ гэрээсээ ажиллах боломжтой ч бидний тооцоогоор бүтээмж 60% унаж байна. Иймээс цар тахал манай компанид сөрөг нөлөөтэй. Бид Зүүн өмнө Азийн орнууд болон БНСУ, Японд системээ нийлүүлэх гэрээ, борлуулалтын биечилсэн уулзалтууд маш ихийг хийдэг байсан. Цар тахал, хилийн хорионоос болж энэ бүх ажлууд нам зогссон.
Нөгөө талаас цар тахлын нөхцөлд хэрхэн ажиллаж, амьдрах тухай олон инноваци гарч ирлээ. Энэ бүхнийг бид бизнес болон өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрхэн нэвтрүүлэх тухай идэвхтэй ажиллаж байна. Дүгнээд хэлэхэд яг онлайн бизнес явуулдаг Zoom, Meet зэрэгт л ашигтай байгаа болохоос биш манай компанид лав ээлтэй биш байна.
- Марубенигаар дамжаад Уоррен Баффет манай компанийн хувьцаа эзэмшигч болжээ гээд та жиргэсэн байсан. Дэлхийн зах зээл дээр үйл ажиллагаагаа өргөтгөж буйтай холбоотой та бүхэн нэмж хөрөнгө оруулалт татах, олон улсын зах зээл дээр IPO хийх, бонд гаргах төлөвлөгөө бий юу?
- Марубенигийн хувьцааг Уоррен Баффет эзэмшдэг, манай хувьцааг Марубени эзэмшдэг гэдэг утгаар нь би маазарч бичсэн шүү. Монголоос төрсөн старт ап компани дэлхийн хэмжээний Series A төвшний хөрөнгө оруулалтыг анх удаа хийлээ. Энэ хөрөнгө оруулалтыг стратеги түншлэлийн гэрээтэй хамт хийж байгаа нь онцлогтой. Энэ хөрөнгө оруулалтын мөчлөг хаагдаагүй байгаа. Марубени корпораци ахлан (lead investor) энэ хөрөнгө оруулалтыг хийсэн. Америкийн Techstars Ventures мөн хөрөнгө оруулсан. Бид хамтдаа ямар технологи хийж, ямар зах зээлд яаж гарах, үүний тулд хэдий хэмжээний зардал гарахаас хамаарч нэмж хөрөнгө оруулалт татаж магадгүй. Гэхдээ бид цаашаа нэмж хөрөнгө оруулалт татахгүйгээр үйл ажиллагаагаа тэлж ажиллахыг зорьж байгаа.
Уламжлалт бизнестэй харьцуулбал технологийн бизнест хийсэн хөрөнгө оруулалтын хэмжээ их байдгаас гадна урт хугацааны дараа өгөөж өгдөг. Тиймээс ирээдүйн хөрөнгө оруулалтыг яг одоо хэлэхэд бэрх. Бондын хувьд бид хөрөнгө оруулалтаасаа илүү ашигладаг. ЛендМн, Анд Глобал дээрээ сая босгосон 10 сая ам.доллараасаа хэд дахин өндөр дүнтэй бонд гаргасан түүхтэй. Старт ап компанийн хувьд дотоод, гадаадын зах зээл дээр заавал хувь эзэмшлээ бусдад санал болгохгүйгээр бондоор эх үүсвэр татаж болдог гэдэг шинэ соёлыг нэвтрүүлж чадсан гэж өөрсдийгөө боддог. Мэдээж бидэнд олон улсын хөрөнгийн бирж дээр бүртгэгдэн дэлхийд нээлттэй компани болж, тэнд үнэ цэнээ тогтоох зорилго бий. 2024 он гэхэд энэ зорилгоо биелүүлчих байх гэж харж байна.
- Филиппин улсын зах зээлд гараад багагүй хугацааг үдлээ. Бусад орны зах зээл рүү орох төлөвлөгөө байгаа биз дээ?
- Филиппин рүү ороод хоёр жил гаран болж байна. Бид тэнд байр сууриа олсон. Технологи хийх нэг өөр, хийсэн технологийг бизнес болгох бүр өөр ажил. Үүнийг мэддэг байсан ч бид ажил хэрэг болгохоор гурван жил ажилласан. Камбож улсад бизнес эхэлсэн, Мяньмар, Индонезийг судаллаа, Японд хүртэл гарах судалгааг хийсэн. Технологийг дэлхийн дэвжээнд бизнес болгохын тулд тухайн улсын хууль дүрэм, өрсөлдөөний орчин, ёс заншил, соёлыг ойлгох ёстой болдог. Ийм учраас бид Марубенитай стратегийн түншлэлийн гэрээг байгуулсан. Олон улс дамнасан бизнес хийхэд бидний чадвар, мэдлэг, туршлага, хүний нөөц үнэхээр дутаж байна. Иймээс олон улсад танигдсан, дэлхийн 178 улсад бизнес хийгээд сурчихсан Марубени корпорацитай хамтраад шинэ технологи хөгжүүлж, хамтын бизнес болгох түншлэлээ эхлүүлж байна. Бид өмнөх алдаан дээрээ суралцаад энэ шинэ түншлэлийг үүсгэсэн.
Филиппин 110 сая хүн амтай том зах зээл бүхий олон жижиг арлаас бүрдсэн, Монголоос шал өөр онцлогтой улс. Энэ улсад иргэний нэгдсэн үнэмлэх гэж байдаггүй. Нэмээд банк, санхүүгийн систем маш муу хөгжсөн. Үүний хажууд Монгол Улс өндөр хөгжилтэй оронд тооцогдоно. Тухайлбал, бүх хүн нь иргэний үнэмлэхтэй, Хур, Дан системтэй, Цахим Монгол гээд хөтөлбөртэй, тэндээсээ төрийн үйлчилгээгээ авч болдог, интернэтийн хурд өндөр гэх мэт. Гэхдээ Филиппин том зах зээл учраас аль хэдийнэ Алибаба, Тенсент, Фэйсбүүк зэрэг том тоглогчид хөрөнгө хаяад ашиг олохын төлөө том өрсөлдөөнд орчихсон. Бид энэ том өрсөлдөөн дунд яаж онцгойрох, технологийн давуу талаа хэрхэн гаргах вэ гэдэг судалгаа хийсэн. Сүүлд гарсан судалгаагаар манай хиймэл оюуны ухааны алгоритм Филиппинд байгаа ижил төрлийн шийдэл дотор дээрээсээ хоёрт жагсдаг болсон. Тэр том зах зээл, дэлхийн том тоглогчид дунд хоёрт жагсана гэдэг үнэхээр гайхамшигтай.
Арван сард сард манай Филиппины баг Seven Eleven-тэй хамтран ажиллах гэрээг зурсан байгаа. Энэ гэрээг байгуулахын тулд нэлээд том шалгуурыг давсан. Энэ мэт Филиппинд бид амжилттай ажиллаж байгаа ч бүрэн утгаараа тэлэх хэмжээнд хараахан очоогүй байгаа. Ковидын нөлөөнөөс тэндэхийн эдийн засаг, нөхцөл байдал хүндэрсэн учраас хоёрдугаар сараас эхлэн Филиппин дэх үйл ажиллагаагаа бид нэлээд хумисан. Энэ хооронд технологи хөгжүүлэлтийн ажлууд дээр илүү төвлөрч байна. Дараа жилээс эхлэн Марубени корпораци болон шинээр орж ирэх түнштэйгээ хамтран Филиппины зах зээл дээр нэлээд том амбицтай ажиллахаар бизнес төлөвлөгөө боловсруулаад ажиллаж байгаа.
- Филиппин дэх бизнесийг монгол залуу удирдаж байгаа юу, эсвэл орон нутгийн хүн авч ажиллуулж байгаа юу?
- Нутгийнхаа Rural Bank-ны захирал байсан Филиппин хүн байгаа. Энэ төслийн менежер нь мэдээж монгол хүн байгаа. Манайх одоо маш олон үндэстэн ажилладаг компани болсон.
- Бид дотроо технологийн хөгжил, интеграци болоогүй байна гээд өөрсдийгөө шүүмжилдэг. Гэтэл Филиппин улсын хажууд манайх нэлээд өндөр хөгжилтэй оронд тооцогдоно гэдэг нь сонин сонсогдож байна. Саяхан улсаараа цахим үндэстэн болох зорилготой E-Mongolia гээд төрийн үйлчилгээний цахим систем нээлттэй хийлээ. Гэхдээ монголчууд утгаараа цахим үндэстэн болоход бэлэн байна уу?
- Мэдээж бидэнд ийм зорилго заавал байх ёстой. Бид Цахим үндэстэн болох ёстой. Эдийн засгаа солонгоруулна, уул уурхайгаас хараат болно гэж ярьдаг. Дэлхийн хавтгай болсон өнөө үед цахим баялаг бүтээж, оюунаа экспортлох маш том боломж байгаа. Энэ боломжийг ойлгож, мэддэг хүмүүс нь төрд ажиллаж, шийдвэр гаргагч болж байж энэ амбицтай ажлууд амжилттай хийгдэнэ.
Кибер аюулгүй байдал гэдэг зүйл одоо улсын хилтэй адилхан болсон. Кибер тусгаар тогтнол, кибер арми гэдэг ойлголт байдаг. Гадны улсуудад инноваци хариуцсан яам гэж бий. Гэтэл манайд эдгээр суурь дэд бүтцүүд нь байдаггүй. Гэсэн хэдий ч залуу хүн гарч ирээд E-Mongolia гэдэг хөтөлбөрийг эхлүүлэн хэрэгжүүлж явж буй нь сайшаалтай, тодорхой хэмжээнд асуудлыг ойлгуулж байна. Гэхдээ өшөө олон ажил хийх хэрэгтэй. Яамны хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг болох хэрэгтэй. УИХ, төр засаг нь ирээдүй хэдийнэ цахимжсан гэдгийг хүлээн зөвшөөрөөд ойлгох ёстой. Ийм учраас энэ бүхнийг ойлгуулдаг бүтцээ тавих ёстой. Амбиц ийм л байх ёстой. Ингэж байж улс орнууд ирээдүйд жинхэнэ утгаараа цахим үндэстэн болж, оршихуй эсвэл эс оршихуй гэдгээ тунхаглана.
Хүндрэлтэй зүйл нь боловсролын асуудал болж гарч ирдэг. Төр зоригтой үйлдлүүд хийж эхэлж байгаа ч эргээд хүний нөөцийн асуудал дээр очоод тулж байна. Цахим шилжилт хийхийн тулд яах аргагүй хүний нөөц, боловсролын асуудал дээр эргээд очиж байна. Хувийн хэвшил ч ялгаагүй. Эрт, орой, яаж хийх, өөрсдөө хийх үү, хүнээр хийлгэх үү гээд цахим шилжилт хийх нь цаг хугацааны л асуудал. Тэдгээрийг ажиллуулах хүний нөөц бэлэн байна уу гэвэл одоо бэлэн биш байна. Иймээс бид боловсролын тогтолцоо, суурь асуудал руу орохоос өөр аргагүй. Хичнээн гоё амбиц, зорилго, уриаг төр засаг, хэвийн хэвшил гаргасан ч энэ зорилгыг хэрэгжүүлэхэд хүндрэл харагдаж байгаа.
- Энэ бүх суурь асуудлаа шийдээд цахим үндэстэн болоход хэдэн жил шаардлагатай гэж харж байна вэ?
- Аль өнцгөөс харахаас хамаарна. Финланд улсад Нокио гэдэг алдартай утас байсан. Сүүлд Supercell, Rovio зэрэг компаниуд буюу хүмүүсийн мэддэгээр Angry birds, Clash of clans гэдэг тоглоом хийгээд маш том баялаг бүтээдэг, их орлого олдог улс болсон. Энэ бүхэн финланд залууст мэдээллийн технологи, цахимжилт гэдэг зүйлийг сайтар ойлгуулж чадсан. Яг үүнтэй адил монгол залууст мөс хагалж өгөх түүх хэрэгтэй. Анд Глобал энэ түүхийг бүтээхийг зорьж байгаа. Монголчууд хамтраад технологи ашиглан дэлхийн тавцанд гарч чаддаг гэдгийг харуулахаар ажиллаж байна. Энэ өнцгөөр харвал таван жилийн дотор цахим шилжилт хүссэн хүсээгүй Монголд яваад эхлэнэ.
Гэхдээ том цар хүрээгээр хэрхэн хөдлөх, үнэхээр бүх зүйлээрээ Эстони улсыг давах уу, Хятадын мэдээллийн технологийн гайхамшигтай үсрэлттэй хөгжлийг давтаж чадах уу гэвэл боловсролын системдээ зайлшгүй реформ хийх ёстой. Би хувьдаа энэ талаар их сонирхож судалдаг. Боловсролын салбарт хийгдэх өөрчлөлт тав, 10 жилээр хэмжигддэг зүйл биш. Иймээс дор хаяж 10, 15 жилийн турш нөр их хөдөлмөр оруулсны дараа өөрчлөгдөх болов уу. Энэ бүхэн боломжтой зүйлс бөгөөд болгохын төлөө бид явах ёстой. Товчхондоо хурдтай хийж чадвал таваас 10 жилийн дотор цахим үндэстэн болж чадна.
- E-Mongolia системээс төрийн үйлчилгээг цахимаар авч үзсэн үү?
- Үзсэн. Үл хөдлөх хөрөнгийн лавлагаагаа авсан. Хуучин улсын бүртгэлийн газар очдог байсан бол цахимжаад ТҮЦ машин дээрээс авдаг болсон байсан. Иргэний үнэмлэхээ уншуулаад, мөнгөө төлөөд авдаг байсан энэ үйлчилгээ дэвшил байсан. Харин үүнийгээ гар утсан дээр аппнаас авахад сайхан мэдрэмж авсан. Энэ бүхний цаана ямар их хүмүүсийн стресс, депресс, түгжрэл, цаг зав, мөнгө хөрөнгийг хэмнэж байгаа нь ойлгомжтой. Цаг үе нь ч гэсэн таарч байна. Зорьсон үйлчилгээгээ ажлаасаа гарахгүй авч чадсан болохоор би лав сэтгэл хангалуун байгаа.
- Технологийн салбарт ажиллаж буй, гадаад зах зээлд гарахаар тэмүүлж буй залууст та юу гэж зөвлөх вэ?
- Эхлээд өөрийгөө яг энтрепренер хүн мөн үү гэдгээ тодорхойл. Зарим хүн энтрепренер гэхээр заавал лидер болж байж бусдаар хүлээн зөвшөөрөгдөнө гэж боддог. Тийм биш шүү дээ. Баг, хамт олны нэг болж байж хүн өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж, энтрепренер хүн болдог. Том зорилгынхоо төлөө бүгд зүтгэх ёстой. Гэхдээ тухайн хүн удирдагч хүн үү, эсвэл код бичдэг хүн үү, эсвэл төсөл удирддаг чадвар нь илүү байна уу гэх зэргээр өөрийнхөө зан чанар, чадварыг эхлээд олох ёстой. Тэгэхгүй бусдыг дагаад, бусдын амжилтыг хараад яваад байх шиг зарим залуус анзаарагддаг. Компанийн түүх амжилтыг дангаараа илэрхийлэхгүй. Хувь хүний амжилтаас бүх зүйл эхлэнэ.
Хүн өөрийгөө тодорхойлж, олохын тулд олон төрлийн ажил хийж, олон хүнтэй харьцаж үзэх хэрэгтэй. Тэрнээс биш нэг бурхан эсвэл багш хүн хэн нэгнийг шууд тодорхойлохгүй. Энэ зан чанар дутмаг байгаа санагддаг. Өөрийгөө олоод, итгэл үнэмшил төрсөн бол дараа нь ажил хийж сурах ёстой. Хамт олноор ажиллах, хүний удирдлаган дор ажиллах, төсөл хэрэгжүүлж үзэх, гараасаа бодитой ажил гаргаж, үр дүнг харуулж чаддаг байх ёстой. Манайхан яг үр дүн гаргах тал дээрээ жаахан асуудалтай байдаг. Энэ ажлыг хийж сурсныхаа дараа өөрийн зорилгын төлөө том амбицтай явахад болохгүй юм огт байхгүй. Нөгөө талаас том зураглал дээрээ манай залуус итгэл үнэмшил муутай байдаг. Бид ч гэсэн өөрсдийгөө тэгж шүүмжилдэг. Хэтэрхий жижигхэн юм бодоод, том зорилго дээрээ итгэхгүй байгаа нь бидний дадлага туршлага, мэдлэг, боловсрол, хамт олны эв нэгдэл дутуу байна аа л гэсэн үг.
- Цаг гарган сонирхолтой ярилцлага өгсөн таньд маш их баярлалаа. Дараа дараагийн том төсөлд нь амжилт хүсье!
Зочин
Зочин.
Итгэл