... Үндсэн хуулиар “зөвлөлийн засгийн” дэглэмээс улбаатай Ардын ИхХурлын даргаас өвлөсөн УИХ-ын дарга нь шинээр бий болсон Ерөнхийлөгч, өмнө нь “аж ахуйн эрхлэгч” мэт үзэгддэг байсан Ерөнхий сайдын хамт зэрэгцэн орших болсон төдийгүй Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл гэдэг байгууллага нь эдгээр гурван этгээдээс бүрддэг болсон нь үнэн хэрэгтээ Монгол улсад “төрийн гурван өндөрлөг”-ийг бий болгож улмаар Монголын улс төрийн шийдвэр гаргах үйл явц, улс төрийн зан үйл, соёл уг гурван өндөрлөгийн эргэн тойронд эргэлдэх болсон төдийгүй эдгээр гурван эрх мэдэлтэн шийдвэр гаргах эрх мэдлийн төлөө харилцан бие биетэйгээ илэрхий “дайтдаг” болсныг онцолж, Монголд орчин үеийн триумвират (三頭政治) систем тогтоод байгаа...

“1992 оны Үндсэн Хууль Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гэсэн гүйцэтгэх засаглалын хоёр институцийг байгуулсан төдийгүй, тэдгээрийн хоорондын эрх мэдлийн харьцааг сонгууль, ардчилсан улс төрийн зүй тогтолтой зохистой холбоогүйн улмаас 1) Ерөнхийлөгч, УИХ-ын олонх хоёр өрсөлдөгч намынх байх үед Ерөнхийлөгч, Засгийн газар хоёрын хооронд харилцан бие биеэ ‘боомилох’, улмаар гүйцэтгэх засаглалыг бусниулах дайн, 2) Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр нэг намд харьяалагдаж байгаа тохиолдолд хэн нь эцсийн шийдвэр гаргах вэ гэдэг тэмцэл өрнөдөг тогтолцоог бий болгосон” ба “Үүний уршгаар төр тэргүүнгүй, нам лидергүй, улс төр тогтворгүй болж улс орны ирээдүй бүрхэгдсээр байгааг” “Тэргүүнгүй төр, лидергүй нам, тогтворгүй улс төр” харуулаад, эл байдлаас гарахын тулд нэг бол парламентын эсвэл ерөнхийлөгчийн засаглалын хувилбарыг сонгох нь зүйтэй гэж үзэхийн хамт “Зөв урлавал Ерөнхийлөгчийн засаглал нь тун тогтвортой, хариуцлагатай улс төрийн тогтолцоо”...

Монголын улс төрийн байгууламж (political establishment) бүхэлдээ парламентын засаглалыг туйлбартай хамгаалж, ерөнхийлөгчийн гэдэг засаглалын хувилбарыг нэг хүний дарангуйллын дэглэм мэтээр харуулахыг хичээж, Путиний Орос болон Төв Ази зэрэг ерөнхийлөгчийн гэдэг нэртэй дэглэм болгоныг эшлэн “мангаа” болгон харуулахыг хичээхдээ, чухам ерөнхийлөгчийн гээд байгаа засаглалын биелэл нь орчин үеийн ардчилал, үндсэн хуульт байгууллын өлгий, хамгийн урт хугацааны ардчилал болох АНУ болохыг бүрхэгдүүлэх. Нөгөө талаар ерөнхийлөгчийн гэсэн болгоныг ерөнхийлөгчийн дэглэмийн жишээ болгох нь хонины арьс нөмөрсөн чоныг хоньтой адилтгахтай агаар нэг зүйл. Тиймээс Монгол ардчилсан, тогтвортой, хариуцлагатай улс төрийн дэглэмтэй болъё гэвэл парламентын дэглэмийг “магтан дуулж”, ерөнхийлөгчийн дэглэмийг “мангаа” болгох ёсгүй, харин ерөнхийлөгчийн дэглэмийн биелэл болсон АНУ-ын тогтолцоог маш нухацтай судлах хэрэгтэй. Ингэхдээ парламентын эсвэл ерөнхийлөгчийн гэж тал тохой татахгүй, зөвхөн эдгээр дэглэмийн аль нь хэн нэгэн этгээд бус харин хууль засаглах боломжийг бүрдүүлж байна вэ, аль нь илүү тогтвортой, бас хариуцлага тооцож болохуйц засаглалыг бий болгохоор байна вэ гэдгийг тэргүүн шалгуур болгож харах хэрэгтэй болов уу. 

Монголын улстөрчид, судлаачдаас парламентын засаглалыг хамгаалан дахин дахин дэвшүүлдэг өөр нэг аргумент нь “тусгаар тогтнолоо хамгаалах” эсвэл “нууцлах” гэдэг аргумент. Парламент буюу УИХ, өөрөөр хэлбэл, 76 этгээдэд төрийн эрх мэдэл хадгалагдаж байх нь Монгол шиг жижиг, буурай улсад, ялангуяа Орос, Хятад хоёр шиг хүчирхэг хөрштэй Монгол улсын хувьд бусдын нөлөөнд автахгүй байх, улмаар тусгаар тогтнолоо хамгаалахад хамгийн зөв, оновчтой шийдэл. Учир нь Ерөнхийлөгч ганц этгээд учир бусдын нөлөөнд автах магадлал өндөр. Тиймээс төрийн эрх мэдэл УИХ-д хадгалагдаж байх нь, өөрөөр хэлбэл 76 толгойд “нуугдаж” байх нь Монгол улсын тусгаар тогтнолыг хамгаалахад хамгийн зөв зам, тиймээс парламентын засаглал хамгийн зөв сонголт гэж уг аргумент номлох.

Үнэхээр л аргадах, сүрдүүлэх, аргалах, дарамтлах, ятгах, атгах асуудал дээр олон нь ганцаас үргэлж хэцүү учир энэ логик яах аргагүй зөв. Логик нь хэдий зөв мэт боловч уг аргумент нь парламентын ч, ерөнхийлөгчийн ч, ер нь эрх мэдэл ба засаглалын мөн чанар, утга учрыг сайтар ухварласан ойлгохуй дээр суурилсан гэж харагдахгүй байгаа юм. Нэгэнт төрийн эрх мэдлийн асуудлыг тусгаар тогтнолын асуудал буюу олон улсын харилцааны асуудал болгосон учир олон улсын харилцаатай ч нягт холбоотой. Гэвч олон улсын харилцааны талаарх нухацтай ойлгохуй дээр суурилсан гэхэд ч эргэлзээтэй. 

Нэгдүгээрт, парламентын гэж нэрлэгддэг засаглалын тогтолцоо нь эрх мэдлийг нийлүүлдэг (fusion of powers) төдийгүй төвлөрүүлдэг (concentration of powers) учир харин ч нэг нам, нэг хүчин, нэг этгээд, нэг толгойд эрх мэдлийг төвлөрүүлдэг засаглал. Учир нь парламентын тогтолцоонд хууль тогтоох ч, гүйцэтгэх ч эрх мэдэл шууд ялсан намын-лидерийн гарт зангидагддаг. Тиймээс УИХ 76 “толгойтой” мэт боловч үнэн хэрэг дээрээ бүх эрх мэдлийг нэг “толгой-тэргүүн”, нэг гарт нийлүүлэн атгуулдаг засаг. Тиймээс л ялгуусан М.Энхболд УИХ-ын даргын сууринд залрангаа олонхоор УИХ-ыг атгаж, Ж.Эрдэнэбатыг хурууныхаа үзүүрт зарцалж болж байгаа юм. Өөрөөр хэлбэл парламентын тогтолцоонд ялсан нам, дарга парламентыг ч, засгийн газрыг ч ноёлох учир өөр(сд)өө хуулиа санаачилж, өөр(сд)өө баталж, өөр(сд)өө засгаа байгуулж, өөр(сд)өө хэрэгжүүлнэ. 2000-2004 оны Н.Энхбаярын засаглалын жилүүд үүний тод жишээ. Н.Энхбаяр өөрөө хуулиа санаачилж, өөрөө баталж, өөрөө хэрэгжүүлж байсан шигээ, шаардлагатай үедээ өөрөө “шүүдэг” ч байсан. Таван төгөлдөршил, атрын аян, хоёр толгойн асуудлыг шийдэж байхдаа С.Баяр ч тийм байсан. Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдах хүртлээ М.Энхболд ч тийм байв. Тийм ч учир тэрээр УИХ-ын даргын суурин дээрээс “60 тэрбумын” бичлэгийг эвлүүлэг болгож, эсвэл бүр хорь хүрэхгүй хоногийн дотор Оюутолгойн мөнгийг Монголын банкаар дамжуулах болгож ч, болиулж ч чадаж байгаа юм. Үнэнийг хэлэхэд УИХ-ын 29-р тогтоол УИХ буюу 76 толгой Монголын тусгаар тогтнолыг ч, өөрсдийнхөө гаргасан шийдвэрийг ч хэрхэн хамгаалж чадахыг тод томруунаар харуулсан гэж бодож байна. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй учир хэн ч хэзээ ч буруудахгүй, хэн ч хариуцлага хүлээхгүй. Бүгд “бүгдээрээ”-гийн араар нуугдана. Монгол улс бүгдээрээ хэлэлцээгүй. Харин УИХ-ын “бүгдээрээгээр” Монгол улс бүгдээрээ төлөөлөгдөж, УИХ-ын эрх ашгаар Монгол улсын эрх ашиг орлогдож, УИХ-ын шийдвэр Монгол улсын шийдвэр болсон. Ингэхдээ УИХ-ын олонхын гишүүд нь ч бүгдээрээ тус тусдаа толгой мэдээгүй. Харин нам-УИХ-ын дарга нь бүлгийн “бүгдэдээ” намын “бүгдээрээгийн” шийдвэр гэж үүрэгдсэн нь ойлгомжтой. Ийнхүү дээрээс нь бүхнийг атгадаг нам - “бүгдээрээ” үүрэгддэг, дэргэд нь бүгдийг халхалдаг бүлэг - “бүгдээрээ” байдаг учир хариуцлагаас халхлагдсан гишүүд шийтгэлээс зайлсхийхийн тулд намын - “бүгдээрээгийн”, үнэндээ “бүгдийн дарга”-ын даалгаврыг дагадаг. Тиймээс нам-даргын шийдвэр парламентаар ч, засгийн газраар ч “ногоон гэрлээр” давхих төдийгүй Монгол улсын шийдвэр болох. Бусдын нөлөөнд орох магадлал хамгийн ихтэй тогтолцоо нь парламентын тогтолцоо. 

Харин ерөнхийлөгчийн засаглалын биелэл болсон АНУ-д хууль тогтоох, гүйцэтгэх хоёр эрх мэдэл салгагдсан, тусгаарлагдсан (separation of powers) байдаг учир хэрэг дээрээ тус тусдаа орших давхар шүүлтүүр, давхар хяналт, давхар хязгаарлалт, давхар хазаарлалттай засаглалын тогтолцоо үүсдэг учир тусгаар тогтнолын хувьд тус тусдаа давхар хамгаалалт, бамбайтай засаглалын систем бий болдог. Үүний хамгийн гол үндэс нь хууль тогтоох, гүйцэтгэх хоёр эрх мэдэл салгагдсан, тусгаарлагдсан байдаг явдал. Тухайлбал, конгресс буюу парламент ард түмнээс сонгогдон байгуулагдаж, зөвхөн Үндсэн хуулиар тогтоосон эрхийн хүрээнд л хууль тогтооно. Мөн парламент хэзээ ч гүйцэтгэх, “засаглах” эрх мэдлийг хэрэгжүүлэхгүй. Тиймээс парламентад, олонход засгийн газрыг хамгаалах шаардлага байхгүй. Харин ч эсрэгээр парламент хууль гаргаж засгийн газрын эрх мэдэл, үйл ажиллагаанд хэмжээ, хязгаар, процедур тогтоож засгийн газрыг нийтийн эрх ашигт үйлчлэхээс өөр аргагүй байдалд оруулдаг төдийгүй шаардлагатай тохиолдолд хянах, шалгах замаар засгийн газрын болзошгүй зүй зохисгүй болон хууль бус үйл ажиллагаанаас иргэдийн эрх, эрх чөлөөг хамгаалдаг. Парламентын зөвхөн ард түмнээс тодорхой хугацаагаар сонгогддог учир гүйцэтгэх засаглалын тэргүүн ерөнхий сайд, эсвэл ерөнхийлөгч парламентыг тараах тухай ойлголт байхгүй. Түүнчлэн парламентын нөгөө талд түүнээс тусдаа, түүнээс хараат бус, гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэгч ерөнхийлөгчийн тэргүүлсэн засгийн газар оршиж байдаг. Ерөнхийлөгчийг мөн л ард түмэн тодорхой хугацаагаар сонгодог учир засгийн газрын оршин тогтнох эсэх нь парламентаас, олонхоос огт хамааралгүй. Тиймээс засгийн газар парламентад тал засах шаардлагагүй. Өөрөөр хэлбэл хууль тогтоох ба гүйцэтгэх хоёр засаглал тус тусдаа сонгогдож байгуулагддаг, тиймээс бүрэн салгагдсан, хоёр тусдаа, хэзээ ч нэг толгой, нэг гарын дор ордоггүй хоёр бие даасан эрх мэдэл. 

Улмаар тус тусдаа, тус тусынхаа үүргийг харилцан хамааралгүйгээр биелүүлдэг учир харилцан бие биеэ хазаарладаг, тэнцвэржүүлдэг. Гүйцэтгэх эрх мэдэл ерөнхийлөгчид байх ч хууль тогтоох, төсөв, олон улсын гэрээ, хэлэлцээрийг батлах, дайн зарлах эрх зөвхөн конгресст байх. Гэвч гүйцэтгэх, өөрөөр хэлбэл, хуулийг хэрэгжүүлэх, төсвийг зарцуулах, гэрээ хэлэлцээр хийх, дайн явуулах эрх мэдэл парламентад, конгресст байхгүй. Ийнхүү хууль тогтоох ба гүйцэтгэх хоёр засаглал бүрэн салгагдсан, тус тусдаа төдийгүй, өөр өөр, нэг нь зөвшөөрөх, хянах, нөгөө нь хэрэгжүүлэх, гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг учир харилцан бие биеэ үйл ажиллагаагаараа хазаарлаж (checks) байгаа юм. Ерөнхийлөгч конгрессын шийдвэрт хориг тавьж болох ч конгресс дийлэнх олонхоороо няцааж болно. Гэвч ерөнхийлөгчид конгрессыг тараах эрх байхгүй. Конгресс ерөнхийлөгчийг импийч хийх эрхтэй ч, огцруулахын тулд дийлэнх олонхын санал хэрэгтэй. Ингэснээр харилцан бие биеэ хазаарлаад зогсохгүй, бас аль ч эрх мэдэл нь нөгөөгөө давамгайлахгүй. Тэнцвэржүүлэлт (balances). Чухам хоёуланг нь ард түмэн, сонгогчид өөрсдөө сонгон байгуулдаг учраас л хууль тогтоох ба гүйцэтгэх эрх мэдэл нэг нэгнээсээ харилцан хамааралгүй болж байгаа юм. Харилцан хамааралгүй учир л тус тусынхаа эрх мэдлийг харилцан хамааралгүйгээр хэрэгжүүлэх боломжтой болж, тэгснээрээ харилцан бие биеэ хазаарлаж байгаа юм. Мөн аль нэгэнд нь ноёлох, давамгайлах эрх олгохгүй байх нь тэднийг тэнцвэржүүлж, улмаар харилцан хамаарлыг сэргийлж, харилцан хазаарлалтыг нь бэхжүүлж байгаа хэрэг. Эл учир хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдэл хоёр тусдаа, хоёр бие даасан эрх мэдэл, хэзээ ч нэг тэргүүн, нэг гарын дор ордоггүй төдийгүй харилцан бие биеэ хязгаарлаж, шүүлтүүрдэж, хазаарлаж байдаг юм... (үргэлжлэл бий) 

“Тэргүүнгүй төр: Улс төр, үндэстний асуудал, дээд боловсрол” номын өмнөх үгээс хэсэглэн авав.