Цаг уурын гэнэтийн хүйтрэл
9 дүгээр сарын 18-ны шуурганаас болоод НҮБ-ын 64 дүгээр чуулганы үйл ажиллагааг сурвалжлах сэтгүүлчид нэг хоногийн дараа нисэх болов. Ерөнхийлөгч урд өдөр нь шуурган дундуур нисчихэж. Солонгосын КAL компани онгоцоо шуурганы үеэр Буянт-Ухаад буулгахаас татгалзжээ. Монголын тал нутгийн задгай салхин дундуур бууж, нисэх аюултай гэж гадны томоохон авиакомпанийнхан эрсдэлтэй алхамаас аль болох татгалзахыг боддог бололтой. Байгуулагдсан цагаасаа нэг ч осол гаргаагүй гэдэг “Айр Чайна”-гийнхан ч их болгоомжтой гэнэ. Онгоц жолоодох нь байтугай Бойнгийн гурван загварыг ч ялгаж чаддаггүй мөртлөө “Ийм салхин дундуур Монголын нисгэгчид л ниснэ өөр улсынхан бол чадахгүй л дээ, ер нь бол нисэхээс буух нь хэцүү…” гэхчилэн цэвэр монгол маягаар их мэдэмхийрэн буу халсан шиг суунгаа Монголын нисгэгчид Ерөнхийлөгчийг очиход туршилтын нислэг, буултаа нэг хийчихсэн “нисэхэд бэлэн” гэж угтжээ гэж сонсов. Цаг уурын асуудлаарх НҮБ-ын чуулганд оролцох Монголын Ерөнхийлөгчийг цаг уурын хориг зогсоосонгүй.
Газар газрын онцлог гэж байна аа. Өмнөд Солонгосын “Инчон” буудалд буух гэж зүрх аваад хаячихаа шахав. Бөөн манан дундуур доошилсон онгоц манангаас сугармагц газарт тэгтлээ ойртсон гэж бодоогүй мань мэт айхаас яахав. Тэндээс Нью-Йорк хүртэл нисэхэд 14 цаг. Москва хүртэл 8 цаг нисэхийн тулд чилж үхэхээ шахсан аялалаа санаад сэтгэлээр унаж байна. Онгоцон дотор унтсан ч бие амардаггүй юм билээ. Гээд яах ч билээ.
Урдах суудлын ар дахь дэлгэцээр явах замаа хараад бүр гутрав. Солонгосын хойгийн наад эргээс ниссэн онгоц Хятадын зүүн талаар дайрч, ОХУ-ын нутгийг эмжиж Берингийн хоолойгоор дамжин Канадыг диогоналдаж нисээд Нью-Йоркт хүрч байна. Нисэж байж машинаар явж байгаа юм шиг газар бараадаад л. Санаснаар болдог бол Солонгосоос шууд Номхон далай дээгүүр Гавайн арлыг давж нисээд буучихвал ядаж шатахуун хэмнэмээр юм. Наад зах нь ядаж Хойд Солонгос дээгүүр нисдэг бол гучин минут ч болов хэмнэчих юм шиг санагдав. Ардчилсан хувьсгалын өмнөхөн 1988 онд билүү дээ, Өмнөд Солонгосын иргэний агаарын тээврийн онгоцыг Зөвлөлтийн сөнөөгч онгоц буудаад унагачихсаныг бодоод цагийн хэмнэлт бодож өөрийгөө зовоохоо болихоор шийдэв. Коммунистууд бол коммунистууд тэдэнд итгэж болохгүй. Тэгсэн Хойд Солонгос коммунизмаас татгалзсан гэж сонсов. Гэхдээ социалист-милитаризмын Солонгос томъёоллыг зарлажээ.  
Тив эмжин хаа хойгуур тойрч нисэхийн учир нь онгоцонд ямарваа гэмтэл гарвал газарт ойр байж, ослын буулт хийх учиртай байх. Онгоцны зурагтаар сүүлийн үеийн холливүүдийн хоёр кино, нэг баримтат кино үзэж, нэг “чейз” уншиж бараад жаахан унтаад Нью-Йорк хүрэв. Хадсон голын эргээр шавсан “зуслан” дээгүүр нисэж байсан онгоцны маань нисгэгчид зүүрмэглэсэн үү яасан золтой л Нью-Йоркоос өнгөрөөд явчингаа алдав. Онгоц бүтэн тойрог хийгээд Атлантын далайн зүгээс Кеннедийн нисэх буудалд газардлаа. Яахав томхон нуур ч үзээгүй тал нутгийн бид хоёр далай харж байгаа юм.
Албан паспорттай тул харлаж өөрсдийнх нь тоог нэмэхгүй гэж бодсон уу нэг хар нөхөр төвөг удалгүй нэвтрэх тамга дарахдаа онгоцны билетийг маань паспортан дээр үдчихдэг юм байна. Харин буцаж гарахад Солонгосын компанийн ажилтан өнөөх билетийн тасархай хуулж авахдаа золтой л паспорт урчихсангүйд уур хүрсэн гэж. Монголоос гарснаас хойш бараг бүтэн өдөр задгай салхи амьсгалаагүй бид бушуухан буудлаас гарахын түүс болов. Буудлын хаалгаар гармагц яг Монгол шиг гэхдээ арай чийглэг орчин угтаж авлаа. Цаг уур нь төстэйгээс үү? Яагаад ч юм өөр оронд ирсэн мэт санагдсангүй. Түүнийгээ хэлтэл урд насандаа энд байсных гэж дор нь тайлбарлав. Их сайндаа д Манхаттен арлыг 50 доллар, хэдэн шил вискигээр зарчихдаг индиан л байсан байх гэлцэн инээлдээд ердөө хаяанд байдаг Бээжинд буухад л огт өөр ертөнц мэдрэгддэг тухай ярилаа. Ер нь Монголчууд олноороо яваа үедээ их баяр баясгалантай, инээд хөөртэй, дуу шуутай явдаг юм.
Биднийг НҮБ-ын төлөөлөгчийн газрын ажилтан угтаж авлаа. Хожим төлөөлөгчийн газартай танилцахад мань хүн энхийг сахиулах цэргийн хэрэг хамаарсан “лут амьтан” байж билээ. Хэвлэлийнхэн гэж ердөө тавхан хүн нэг зураглаач, нэг зурагчин,  гурван сэтгүүлч. Өмнөх Ерөнхийлөгч гадаад айлчлал, бас хэвлэлийн төсвөө дуустал хэрэглэчихсэн тул ЕТГ-ынхан яаж ийж мөнгө олоод цөөхөн сэтгүүлч авч явсан тухай бид замдаа бас ярилцаад амжсан юм. Хэдхэн хоногийн өмнө Энэтхэгт айлчлахад нь Ерөнхийлөгчийг олон бизнесмэн дагалдсаны учир нь тэднээс мөнгө босгосон гэлцэж байв. Гэхдээ сэтгүүлчийн хувьд цөөдөөгүй юм аа, ерөнхийлөгч өөрөө сэтгүүлч, хэвлэлийн төлөөлөгч, олон нийттэй харилцах зөвлөх гэхчилэн олон л сэтгүүлч байлаа. Вашингтон явна гэсэн нэг Монгол залуу таарсныг Монгол хүн байна аваад явъя гэлцэн машиндаа шингээгээд Нью-Йоркийн төврүү явлаа.
НҮБ-ын хашаанд
Чуулган эхлэчихээд хожигдож баларсан юм бодтол цагийн зөрүүгээс болоод бид урьтаад ирчихжээ. Нью-Йоркийн төвөөр явах нь шүдний завсараар шургасан чигчлүүр аятай санагдана. Түгжрэл гэж яг Улаанбаатар. 44-р гудамжны буланд буулгаад паспортаа аваад марш гэлээ. Зургийг нь олонтаа харсан НҮБ-ын төв байранд дөхөх тусам цагдаа нар язганалдаж террористуудтай тэмцэхээр хориглолтоо босгож байна. Нөгөө кинон дээр хардаг хар, хөх, ногоон хувцас, богино долионы станц, дуулга, сум үл нэвтрэх хантааз, дамартай гар буу гудамжаар нэг хөглөрч байдаг байнашт. Олон төлөөлөгчдийг хашиж, явах замыг нь заан хашгирч буй цагдаа малаа хашиж буй малчин мэт, мань мэт мал мэт. Ёстой хурууных нь аясаар шогшсоор НҮБ-ын хашаанд орж явчив. Дориун том, цагаан бишсэн бол цэргийнх гэмээр палатка татчихаж. Дотор нь хэдэн компьютер тавиад сэтгүүлчдэд мандат олгож байна. Хар цагаан шар холилдож хоёр цаг гаруй зогсож байж мандатаа авлаа. Мандат өгөхийн өмнө үс, нүдний өнгө, өндөр, жин, Улаанбаатар дахь ажил, гэрийн хаяг, захирлын нэр, утас гэхчилэн арай л гурван үеийн намтар авсангүй нарийн бүртгэж авлаа. Монголчууд бүгд “блак үстэй, бровн нүдтэй” 70 кг жинтэй болов. Мандат өгч буй ажилтнуудынх нь удаан гэж. Хэдэн харын дунд хоёр цаг зогсоод хэл сайн мэддэгсэн бол зад хэрэлдмээр санагдав. Гэвч харууд ч, мань шарууд ч хэл мэдэхгүй тул “тэнкюу” гэсээр байгаад гарлаа.
НҮБ-ын байрны замын эсрэг талд байдаг “UN millenum plaza” зочид буудал дүүрчээ. НҮБ-ын чуулганы үеэр Нью-Йоркийнхон мөнгийг ёстой нэг хүүлэх шиг болдог ажээ. Буудлуудын үнэ 2-3 нугарч талийдаг гэнэ. Эртхэн захиалахгүй бол энэ буудлын нэг энгийн өрөө 900 ам.доллар бодог гэнэ. 50 гаруй давхар хоёр цамхаг бүхий энэ буудал пиг дүүрчээ. Тэдэн дээр хамгаалалтынхан нэмэгдээд ёстой нүд эргэх зайгүй болсон байна. Мандатаа аваад буудлын 35 дугаар давхарт байрласан албаныхан дээрээ очлоо. Тэнд буух юм бодсон сэтгүүлчид өөр газар бууна гэж байна. Түрүүлж ирсэн нэг маань урд шөнө тэр буудалд нь хоноод бясаанд идүүлж улаан цоохор болчихсон горьгүй газар гэж үглэж байв. Интернет байхгүй, ариун цэврийн өрөө нь өрөөнийхөө гадна, залгуур ч үгүй гэж мэдээлэв. Баларлаа л гэж бодлоо. Айсандаа энд байгаа зөвлөхүүдтэй хамт хоночихъё, шалан дээр нь ч болов гулдайчихъя гэж үзлээ. Гэвч энэ буудалд олон орны төрийн тэргүүд ирсэн, хамгаалалт чанга, үүгээр явахад хэцүү гэлээ. Болдог юм биш, яая гэхэв, биднийг бууна гэж эрт захиалжээ, тэгээд нэг хүн өдрийн 110 доллар төлсөн гэж сонсов.
Жирийн Америк буудал
Тэгээд төлөөлөгчийн газрын машинд ачигдаж буудлаа зорилоо. НҮБ-ын байшин Нью-Йоркийн 44,45 дугаар гудамжны харалдаа байдаг харин бидний буудал Нью-Йоркийн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хажууханд 76 дугаар гудамжинд байдаг ажээ. Түгжрээн дундуур зүтгэсээр хагас цагийн дараа хүрлээ. Хуучны маягийн 7 давхар нүсэр чулуун байшингийн үүдэнд буув. Өрөөнийхөө түлхүүрийг гардаж, хоёр хүн зөрөх аргагүй тахиралдсан нарийн гудмаар алхсаар өрөөндөө орлоо. Үлгэрлэвээс манай 15 000 төгрөгийн буудал юм даа. Чейзын адал явдлын романд яаж дүрслэх бол? Нэг иймэрхүү байх болов уу. Коридор, өрөөний шалыг ширүүн нийлэг дрожоор бүржээ. Хоёр модон ор, том модон шүүгээ, шүүгээ нь хүүхдийнх шиг тод өнгийн хээтэй, том том шургуулгатай, шүүгээн дотроо 32 инчийн цүдгэр зурагттай, хувцасны шкафны оронд жижиг өрөө, таазны доогуур 15 мм-ын диамерттэй трубагаар гал унтраах шугам хийснийг эс тооцвол яг л Улаанбаатарын буудал. Цонхоо нээвэл байшингийн арын бохир талбай харагдаж, нэгшсэн чийг үнэртэнэ.
НҮБ-ын чуулганд оролцохоор 70 гаруй орны төрийн тэргүүн, 30 гаруй орны Ерөнхий сайд, дэлхийн бүх  орны сайдын зиндааны төлөөлөгчид холбогдох албанхантайгаа, дээрээс нь тэр бүх орны хэвлэлийнхэн ирэхээр түм түжигнэж бум бужигнаад ёстой толгой хоргодох буудал олдсон нь их юм болдог ажээ. Ямар сайндаа л мандат авахын тулд сэтгүүлчидтэй гурван эгнээ хуваагдан оочерлоход хоёр цаг хагас болохов дээ. Ариун цэврийн өрөө нь коридорт, гэхдээ нийтийнх биш, болхидуухан зассан ванн суултуур энэ тэрийг харвал эх нутаг санагдана. Бидэнд үзүүлсэн сервис нь хүний тоогоор нойлын цаас, хоёр хуруу өргөн, 5 мм зузаан ёотон шиг саван. Базарваань хүний нутагт тус болсон хүмүүсийг мууллаа гэж бүү бодоорой, зүгээр л Америк бол бүх бүх юм сайхан, өндөр хөгжсөн орон гэж олонх маань боддог учраас байгаа байдлыг нь л бичиж байна. Гэхдээ муу байгаагүй их тохитой явсан юм, сэтгүүлчид амьдралыг өнгөгүй шилээр харсан нь дээр. Ер нь бол Америкчууд нэлээд бүдүүн ширхэгтэй улс юм, элдэв хүндлэл, ёсорхол бага, байгаагаараа л байна. Ахуй орчинг ажиглаад байх нь ээ, ер нь Монголчууд бид Америктай туйлын төстэй болж байгаа мэт санагдсан шүү. Элдэв ёс журам бага, эрх чөлөөтэй, энгийн, байгаагаараа.
Орой болж зоогондоо гарлаа. Гудамжаа уруудаад Бродвей орвол сайхан хоолтой гэсэн тул бүгдээрээ гараад алхчихлаа. Харанхуйвтар гудамж уруудаж алхсаар гэнэт Бродвейн гэрэл гялбасан дүүрэгт ороод ирэв. Мань мэт ядарсан тул шингэцээ бодож шөлтэй устай юм хайж баахан алхав. Америкчууд ер нь хуурай хоол иддэг бололтой. Том савтай кола тавьж, түргэн хоол голдуу хүсаж байна. Итали голдуу ресторанууд нь үнэтэй гэж янзтай.  Гэвч санасандаа хүрч Ази хоолны газар оллоо. Муу хүн идсэнээ гэж, япон удон шөл ууж хөлсөө арчингаа хүйтэн пиво шимж цангаагаа тайлангаа ахмаддаа сакэ захиалав. Тэгээд зургуулаа 110 доллар зарж, дээрээс нь 15 долларын гарын мөнгө өгөөд гарлаа. Гудамжууд нам гүм, төв гудамж л их хөдөлгөөнтэй, гэхдээ нөгөө дээрэмчин хүнд гар энэ тэр алга. Дэлхийд гэмт хэргээрээ тэргүүлдэг жилд Лондонд гардагаас ч олон хэрэг гардаг Нью-Йоркийн гудамжны дугаар дөчин хэд билээ?.. гэлцсээр буудлаа зорив. Америк бол тамхичдын эрхийг уландаа гишгэсэн орон гэж Цэнддоо нийтлэлчийн бичсэнийг санаж их л болгоомжилсон юмсан, гэтэл үнэндээ эрхийг дээдэлсэн орон байна, гудамжинд нь тамхины иш хөглөрөөд л… Маргааш өглөө НҮБ-ын чуулган нээгдэх байлаа. Гэтэл нойр солигдсоных уу, хооллосны дараа сэргээд ирж байна. Монголчууд болсон хойно яахав, нутгаа санаж, нутаг санагдуулдаг нөгөө гашуун юмнаасаа ганц нэгийг задлахгүй бол нойр хүрэхгүй шүү дээ. Тэгээд эсэн бусын юм ярьж суух нь ээ Америк жоомнууд сандлын түшлэгэн дээр яриа чагнасан шиг тухлаж харагдана. Хэрэгт дуртай амьтад бол доо.
Америк үйлчилгээ
“Эндэхийн үйлчилгээ гэж авах юмгүй, Азид л үйлчилгээ байна” гэж тэнд олон жил амьдарсан залуу бидэнд хэллээ. Нээрээ л тийм. Голдуу өөртөө үйлчлэх хэрэг гарна. Авбал ав байвал бай. Мак идэж байхдаа талхыг нь шамбийлгаж бариад “Энэ хар даа, түүхий юм шиг хатуурч агшиж байгааг нь, гэтэл Азид ингэхгүй сэвсгэр байдаг шүү дээ” гэнэ. Нээрээ л тийм юм билээ, зам зуурт Солонгост хагас өдөр болох зуурт л үйлчилгээ гэгчийг ганц сайн мэдэрч билээ. Хямралаас хойш Нью-Йоркт шатахуун, хүнсний үнэ сүрхий нэмэгдсэн байна. Бас хүнсний чанар энэ мэт мууджээ. Гэхдээ галлоныг нь литрт, долларыг төгрөгт шилжүүлэх хоёр үл мэдэгдэгчтэй тэгшитгэл цээжээрээ бодоод үзвэл бензины үнэ Монголоос хоёр дахин хямд байна лээ. Томоохон дэлгүүрт яаруухан ороод юм аваад гаръя гэвэл ёстой галзуурахад ганц хуруу дутна гэгч болж магадгүй. Яагаад гэвэл цагаан арьст худалдагч нь мань мэтийг хужаа гэж бодоод арьсны үзэл гаргахдаа тоож үйлчлэхгүй байж магадгүй. Карт өгвөл хулгай луйвар хийх гэж байгаа мэт дахин дахин шалгана. Тэгээд Монголчууд шартай юм болохоороо шазалзаж эхэлнэ биз дээ, бид ч нэг удаа тэгсэн. Гарч явахад ямар догшин хужаа нар вэ? гэсэн байртай гайхаж, “Хаанахынх вэ?” гэж асууж зүрхэлж байна лээ, “Монголиа” гээд хаалгыг нь тас савсан даа.
Замын түгжрэл Улаанбаатарынх шиг гэсэншдээ, үүнийгээ дагаад жолооч нар нь ч Улаанбаатарынх шиг юм. Эгнээ шилжих дохио өгмөгц хажуугаар сигналдаад дайрах нь манай араншин мөн дөө. Гэтэл Европт дохио өгмөгц зам тавьж өгдөг, Вашингтонд бас тийм соёлтой гэнэ, харин Нью-Йоркт ондоо. Америкийн ажил хэргийн төв учраас хүмүүс нь яаруу, эргэж ирээд ажиглахад манай Улаанбаатарын төв яг л тийм харагдана билээ. Таргалалт бол жинхэнэ өвчин болжээ, ланжгар нөхдүүд олон харагдсан. Тэднийг хараад Монголд турах гэж оролдож байгаа нь ёстой нөгөө “сохор нохой дүйвээнээр” гэгч ажээ. Монголын ямар ч тарган хүн америкийн бандгаруудын дэргэд хүн дүрстэй байгаа байхгүй юу. Ялангуяа цагдаагийн дүрэмт хувцастай өндөр тарган негр хүүхнүүдийг харвал. Гэхдээ Нью-Йорк бол бизнес санхүүгийн төв учраас таргалалт харьцангуй багатай, Лос Анжелес энэ тэрд аймаар гэлцэнэ. Тэнд ч баларч байгаа юм байна даа. Яриан дунд сонсоход стриптиз бааруудад нь нэг ч Америк хүүхэн байхгүй, бүгд зүүн европ, орос, латин америкаас ирэгсэд гэнэ. Ийм америк хүүхнүүд байвал хэн орох вэ?
Гудамжинд нь хүүхэд ер харагдахгүй юм. Хүүхдийн дэлгүүр ч цөөн. Хүүхдийн инээд шуугиангүй газар нэг тийм саарал төрхтэй юм. Ирээдүйгүй улс мэт санагдана, гэвч ирээдүйгээ тэд гаднаас авдаг. Өөрөөр хэлбэл цагаачдаар ирээдүйн ажиллах хүчнээ бүрдүүлдэг улс юм. Ингээд бодвол нэг талаас АНУ-д цагаачлах гэгч тийм ч хүнд эд биш байж магадгүй ч юм шиг.
Аливаа үйлчилгээ ариун цэврийн өрөөгөөр л тодорхойлогддог доо. 44 дүгээр гудамжны буланд байдаг жирийн хоолны газрын ариун цэврийн өрөөгөөр орох ёстой боллоо. Тэнд цагдаа, сэтгүүлч, хамгаалалтынхан, зарим зочид цуглаж, хоол идэнгээ пиво ууж сэрүүцдэг юм. Ариун цэврийн өрөөнд ормогц том цаасан дээр балаар “Хэрэглэсэн цаасаа зориулалтын саванд хийнэ үү!” гэж бичээд хананд скочдоод тогтоочихож. Харин нэг сахилгагүй нь түүнийг нь үг нэмэн өөрчилж “Хэрэглэсэн цаасаа  зориулалтын савнаас авна уу!” гэсэн утгатай болгочихсон байж билээ.
Монголчууд л болсон хойно гаднаас юм зөөх бөөн хобби байж таарна. Америкаас зөөх хоёрхон юм байна. Нэг нь “I fone”, нөгөө нь нетбүүк. Америкчууд тэр “айфон, блэкберри” гэгчээс нь өөр утас байдаг гэдгийг мартсан бололтой. Гудамж бүрийн үзүүрт гэрэл дохио хүлээж зогсохдоо утсаараа ноцолдож байна. ажлаа хийж байгаа нь тэр гэнэ. Бүх цагдаа нь тийм утастай. Нөгөөх нь нетбүүк. Тэмдэглэлийн дэвтэр шиг жижигхэн нөтбүүк л дээ. Сууж байгаа ажил хэрэгч хувцастай хүн бүр нэг нэтбүүк тэвэрсэн байна. Манхаттенд  нэтбүүкийг нь 500 ам.долараар /үүнээс 50 нь татвар/, гар утсыг нь 850 ам.доллараар авч болно. Харин гүүр гараад эгэл борчуулын хороололд очвол үнэ нь 150-350 ам.доллараар хямд байна. Яагаад гэвэл Нью-Йоркийн Манхаттэн бол дэлхийн хамгийн өндөр үнэтэй газар. Энд хоёр өрөө байр 1.6 сая ам.долларын үнэтэй гэсэн. Тэгэхээр Америкийн Засгийн газар төрийн албан хаагчиддаа 4000 орон сууц авч өгнө гэвэл их л сүйдэх янзтай юм шиг.  Ер нь бол Нью-Йоркт хэд хоносны дараа Америкт цагаачлах, харлах хүсэл огт төрөхөө болих юм билээ.
Бүслэгдсэн НҮБ.
Нойр солигдоно гэдэг нь юм болов уу? 02 цаг өнгөрч унтсан атал өглөө 5.45-д сэрэхэд огт нойр хүрсэнгүй. Түгжрээнээс эрт НҮБ-ын байрны дэргэд ирлээ. Ганц шөнийн дотор НҮБ-ын орчмын 10-аад гудамжийг хаажээ. Ингэхдээ том бетон хаалтууд тавиад дундуур нь ганц машин орох зай үлдээжээ. Тэр зайнд өргөгддөг автомат саад байрлуулж, байлдааны бэлэн байдалд орж, шүдээ хүртэл зэвсэглэсэн армийнхан, бас гар буугаар зэвсэглэсэн цагдаагийнхан, тусгайгийнхныг байрлуулжээ. НҮБ-ын чуулганы үеэр Нью-Йоркийн цагдаагийнхан дээр хүч нэмэгдүүлж ойр орчмын мужуудаас шилдэг цагдаа нарыг татдаг юм байна.
Бас чихэндээ аппараттай хар хувцастай, хар шилтэй биерхүү залуус сүлжилдэнэ. НҮБ-ын чуулганы мандатгүй бол орно гэж гонж. Цагдаа нар нь ууртай догшин гэж жигтэйхэн, хурдхан алхаад өнгөрөхөд л “Яасан хурдан явдаг юм” гэж аашлана. Нью-Йоркийн цагдаагийн хэлтэс гэсэн товчилсон бичиг бүхий том том автобуснуудад камерын хяналтын систем байрлуулж гудамжийг бүхлээр нь хянах ба сэжигтэй санагдсан этгээдийг хаанаас ч юм гарч ирэх энгийн хувцастай хүмүүс зогсоон шалгана. Бараг бүтэн дивиз хуралдуулсан бай. Хотын сонинуудын эхний нүүрэнд хотын газрын зураг барьсан хотын мээрийн хамгаалалтыг зохион байгуулах гэж аргаа барж буй зураг гарчээ. Тэнгэрт нисдэг тэрэгнүүд сүлжилдэнэ. Замын нэг урсгалыг тусгаарлаж, албаны машин явахаар зохицуулжээ.
НҮБ-ын байранд орохын тулд гурван давхар хяналтын систем өнгөрнө. Савтай ус харагдвал заавал уулгаж шалгаад оруулна. НҮБ-ын байран дотроо ороод чуулганы танхимд орохын тулд бас нэг хяналт өнгөрөх хэрэгтэй болно. Чуулганы нээлтийн зураг авах санаатай эхний өдөр эртлэн ирээд дөрвөн давхар хяналтыг нь даваад орох гэтэл тэр өдөр төрийн тэргүүн нь чуулганд үг хэлж байгаа улсуудын сэтгүүлчдийг л оруулах учиртай тул орж чадсангүй. Албаны зурагчингуудыг мандатан дээрх тухай тэмдэглэлээр оруулж байх ба Монголын сэтгүүлчид нэгнийгээ албаны хүн гэж хэлээд оруулж амжсан ч удалгүй баригдаад гараад ирдэг байгаа.
Дөрөв дэхь өдөр л Ерөнхийлөгч үг хэлэх үеэр Монголын хэвлэлийнхнийг оруулав. Манай ерөнхийлөгчийн өмнө Конгын ерөнхийлөгч үг хэлж байх үеэр оруулаад Вьетнамын Ерөнхийлөгч үг хэлэх үеэр гаргав. Энэ зуур ердөө хагас цаг л болсон хэрэг. Чуулганы танхимыг хажуу талаас нь дээрээс нь харж болохуйц шилэн хаалттай жижигхэн тусгай өрөөнүүдэд сэтгүүлчид орно. Бид ороод аль болох мухрын өрөөнд орох гэж зүтгээд санасандаа хүрэв. Болж өгвөл индрийн эсрэг талаас зураг авах гэж хүссэн хэрэг л дээ.  НҮБ-ын байр хуучирчээ, Дугуйрсан нарийнхан корридороор явсаар хамгийн захын өрөөнд ортол шилэн хаалт алга. Тэр өрөөнд  биднээс өмнө морилсон нөхөд их юм үлдээснийг цэвэрлэж ч амжаагүй байна.  Дууны гаралтууд холболтгүй сарзайж, цаас хөглөрч, хэн нэг нь “Тэмээ” янжуураа орхичихож. Хогийг нь ухаж байгаад нүүрний тавцангийн доороос фанеран хавтанд бөхөлсөн камерийн хүнд төмөр хөл олж авав. Ийм хөлийг 1960-70-аад онд л хэрэглэдэг байсан гэхдээ арай ч тэр цагаас хойш цэвэрлээгүй гэх нь хаашаа юм.  Аргыг нь олж байгаад дууны холболтоо залгачихав. Тэгээд л Ерөнхийлөгчөө хүлээлээ. Конгын Ерөнхийлөгч францаар үг хэлж байна. Колони байсан учраас тэр байх. Дараа нь Африкийн нэг улсын хаан үг хэллээ. Гэнэт танхимаас нэг нөхөр их чангаар нутгийн хэлээр ямар нэг юм хашгирсанд хэсэг төлөөлөгч дэмжин уухайлав. Конго нөхрийг л эсэргүүэж байна, аягүй бол эд хил залгаа тул буу шийдэм зөрүүлсэн байх ухааны юм бодож суулаа. Гэтэл “хаан” үгээ хэлээд дуусмагц ахин уухай хадаав. Тэгээд ойлгов. Хаанаа гарч ирэх ба буцаж буухад алдар бадраг маягтай юм хэлсэн юм билээ л дээ…
Ерөнхийлөгч катар. Муммар каддафи