Одноо-Бүжиг-Одноо
Одноо бүжиглэж эхлэхэд өөрөө үгүй болж бүжиг амилдаг. Энэ дэлхийн хосгүй гайхамшгийн нэг нь бүжиг, тэр дундаа бүжигчин өөрөө бүжигтээ уусан алга болох билээ л...
“Миний ярьж байгааг ойлгож байна уу? Би ярихдаа их муу. Бүжгээрээ, хөдөлгөөнөөр бол санаагаа хэлчихнэ. Хүн “Тэрийг аваад өг” гэдэг бол би ингээд ч юм уу (маш ойлгомжтой мөртөө уран хөдөлгөөн хийв) л ойлгуулчихна” хэмээн ярих Үндэсний урлагийн их театр, “Зууны манлай бүжиг дэглээч” Ц.Сэвжидийн нэрэмжит бүжгийн чуулгын дасгалжуулагч багш, МУГЖ Шагдарын Одонтуяа энэ сарын 30-нд тайлан тоглолтоо хийх гэж байна.
Ерээд онд бүх уран бүтээлчид гараад гараад явахад би үлдсэн. Хүмүүс наанаа юу хийгээд байгаа юм, наашаа хүрээд ир цалин мөнгө ахиу гээд гадаадаас ярьдаг л байсан. Намайг энд гэр бүл минь тогтоосон байх, гэхдээ ер нь “гаръя явъя” гэж ёстой бодогдож байгаагүй. Гадаадад олон хоног тоглолтоор явахаар гэрээсээ илүү энэ улаан театраа л санадаг. Нэг өдөр л хөдөлгөөнгүй суучихаар бие хөшөөд ирдэг, гэртээ амарч суухаар хөдөлмөөр санагдана. Хөдлөхгүй удаан суувал ханиад томуу тусаж өвдөөд эхэлдэг юм. Тэгээд л орж ирээд ажлаа хийхээр цоо эрүүл болчихно. Хүн харахад өөрийгөө зовоогоод байгаа юм шиг харагддаг байх.
Бүжиг бол их хүнд урлаг. Богинохон хугацаанд амжилт гаргах ёстой. Гуа сайхан, гоё байх ёстой урлаг. Бүжгийн урлагаар явж байгаа бол биеэ маш зөв авч явах ёстой. Бүжигчин эмэгтэйчүүд бүгд гоо сайхан байдаг. Мэргэжилдээ л нууц нь байгаа. Хөдөлгөөндөө л гоо сайхан нь бий. Дуучид “ам барина” гэдэг дээ, харин бүжигчин “хөдөлгөөн барина” гэж байх биш. Мөнхийн бүрэн гүйцэд хийнэ.
“Та ер нь ядардаг уу?“ гэж манайхан асуудаг. Нэг удаа өвдсөн чинь “Ашгүй дээ, тэр нэг өвдөө юу“ гэж байсан гэсэн (хөхиүн инээв). Миний жим бол гэрээс гараад Үндэсний урлагийн их театр, тэгээд энэ заал, буугаад тайз, тэгээд эргээд гэр. Энэ бол миний амьдралын зам. Хоббигоороо ажлаа хийдэг хүн хамгийн аз жаргалтай байдаг. Би өглөө босоод ажил руугаа яардаг, ажлаа тараад гэр рүүгээ яардаг хүн.
Ямар ч хоолны дэглэм барьдаггүй. Юу хүссэнээ л иддэг. Амттанаас бол хэзээ ч татгалзахгүй. Хоолонд сайн, сайн иддэг. Чанасан мах голчлон иддэг. Тарваганаас ч буцахгүй, гэхдээ би ханийхаа хийсэн боодгийг л идэх дуртай. Манай хүн голцуу мах чанана. Махаа чанаад гурилаа дээр нь тавиад л. Манайх ер нь их махсаг айл.
Миний аав “Цэргийн дуу бүжгийн чуулга”-ын бүжигчин. Хорин долоохон насандаа гавьяат цол авсан. Цэргийн алба хааж байхад чуулгаас шалгаруулалт очоод хөгжмийн ангид авсан юм билээ. Тэгээд Цэргийн ансамбльд хөгжим тоглож байхад нь хурдан шаламгай, хөл сайтай юм гээд бүжигчин болгосон гэдэг. Би удам дагасан бүжигчин. Намайг анх чуулгатаа бүжигчин гээд орж ирэхэд “Нарны домог” бүжгэн жүжгийг тавьж байсан. “Нарны домог”-той чацуу бүжигчин л дээ. Энэ жил “Нарны домог”-ийн 30 жилийн ойг тэмдэглэсэн. 2010 онд тэтгэвэрт гарснаасаа хойш улсын чанартай томоохон тоглолтод оролцож байгаа. “Бөхийн дуулал” бүжгэн жүжигт ганцхан эмэгтэй орсон нь би. Хоёр хүүхэд барилдаж байгаа мэт баг байдаг. Түүнийг өмсөөд гардаг юм. Барилдаж дуусаад өндийгөөд багаа тайлахад нэг хүүхэд гараад ирдэг. Тэр нь би. Тэр дүрийг Сүхээ багш (Төрийн шагналт бүжиг дэглээч Сэвжидийн Сүхбаатар) надад өгсөнд их баярладаг. 1993 онд “Бөхийн дуулал”-д бүжиглээд л бөх хүнтэй суучихсан, сонин шүү.
Монгол хөдөлгөөн гэж бий. Дотроо олон төрөл. Суялзах, намбалах, чичрэх, хавиргаар биелэх, чичиргээ гэхэд л том чичиргээ, торгон чичиргээ гэх мэт. Монгол бүжиг биеийн хөдөлгөөн, түүн дотроо цээж, гарны хөдөлгөөн давамгайлдаг. Харин Ц.Сэвжид багш Зөвлөлтийн Моисеевийн нэрэмжит ардын бүжгийн ансамбльтай бүтэн хоёр жилийн гэрээ хийж Ардын дуу бүжгийн чуулгад багш авчирсан байдаг. Тэгээд тус ансамблийн бүжигчид хийдэг дасгалыг заалгажээ. Тэр нь дандаа хөлний техник, эргэлт байсан. Ингээд Ц.Сэвжид багш монгол бүжигчдийн хөлийг хөдөлгөөнд оруулсан. Үүнээс хойш “Адуучин залуус” гэх мэтийн үсэрсэн, харайсан, цовхчин бүжгүүд бий болсон байдаг. Тэгээд л тайзыг эзэгнэсэн монгол бүжиг бий болсон юм билээ. Өвөрмонголын бүжигчид “Ар Монголын бүжигчид хөл сайтай” гэдэг юм.
Өөрийгөө “Бүжигчин болчихлоо доо” гэж ёстой бодож яваагүй. Тийм бодол хэзээ ч төрж байгаагүй. Залуу, эрчтэй байхад бол ганц нэг бүжгийг “хийчихлээ шүү” гэдэг бодол төрж байсан. Түшигтэй партнёр... Миний хамгийн сайн бие биеэ мэдэрдэг партнёр бол Алтангэрэлийн Даваахүү. Бид хоёр одоо хэр хамт тайзан дээр гарч байгаа. Би аавтай нь, МУГЖ Ц.Алтангэрэл ахтай бүжиглэж байлаа. Бас А.Даваахүүгийн дүү А.Батхүүтэй бүжиглэж байлаа. Манай бүжиг ангийнхан намайг “Алтангэрэлийнхэнтэй гурван үеэр нь бүжиглэчих юм. А.Даваахүүгийн хүүхэд бүжигчин болоод ирэхэд та байж л байж новширно доо” гэж тоглоом хийдэг.
“Аягат биелгээ”-ээ хамгийн олон удаа бүжиглэсэн. Хамгийн их халтуур хийсэн бүжиг ч гэж болно (хөгжилтэй инээв). “Нэгэн хүний явдал”, “Бие чинь болъё” хоёр бас бий. “Бие чинь болъё”-г одоо хурим дээр их бүжиглэдэг болсон байлээ. Ерөнхий бүжиг дэглээч, МУУГЗ Д.Баярбаатарын дэглэлт. Д.Баярбаатар бид хоёр нэг ангийн хүүхдүүд. Хөгжим бүжгийн сургуулийн бүжгийн багш МУУГЗ Б.Алтанцэцэг багш 1986 онд “Заавал сурах 10 бүжиг” гэдгийг гаргасан. Тэгээд Хөгжим бүжигт байхдаа бүгдийг нь сурсан. Харин дисконд орж бүжиглэж байгаагүй.
Би нөхрийгөө начин болдог жил, заан болоход нь ч цэнгэлэхэд очиж бөх үзэж чадаагүй. Ардын дуу бүжгийн чуулга зуны турш жуулчдад тоглоод ямар ч завгүй байдаг болохоор тэр. Бас дундуур нь ийш тийшээ зөндөө арга хэмжээнд оролцдог. Би О.Одгэрлийг заан болдог жил (2001 он) жижүүрийн зурагтаар л харж байлаа. Бүжиглэчихээд тайзан дээр бууж ирээд л “Хэдийн даваа вэ?” гэж асууна. Манайхан бүгд шавчихсан үзээд л. Манайхан “Одноо, Одгэрэл төдийн даваанд тэрэнтэй таарчихлаа” л гэдэг. Тэгээд хувцасаа солиод дараагийнхаа бүжгийг хийчихээд л гүйж ирээд асууна. МУГЖ Л.Батжаргал ах “Монгол бүжгийн чуулбар”-ынхаа хотон дээлтэйгээ тайзан дээрээс бууж ирэхэд яг зааны даваа таарсан. Тэгээд дээлээ над руу шидээд “Энэ дээлийн захыг мушги” гэсэн. Тэгэхэд би хотон дээлийн зах мушгиад Үндэсний урлагийн их театрийнхаа жижүүр дээр зогсож байлаа. Манайхан бүгдээрээ уухайлж дэмжээд л... Харин тэтгэвэрт гараад наадмаар цэнгэлдэх орж наадмаа сайхан үзэж байгаа.
Дорноговь аймагт Данзанравжаагийн 190 жилийн ойгоор манай чуулга тоглосон юм. Сүхээ багшийн нутаг шд. Би тэр үед хөдөө бригадаар яваад дөнгөж ирчихсэн байсан. Тэгсэн чинь намайг Дорноговь яв гэхээр нь би “Үгүй” гэлээ. Тэгсэн чинь Сүхээ багш намайг чи явахгүй яадаг юм гээд явуулчихсан. Би их дургүй байсан. Тэгэхэд манай хүн тэр наадамд нь барилдах гэж очсон юм билээ. Цолгүй, залуу бөх О.Одгэрэл. Тэнд бид хоёр бие биеэ анх харсан. Тэр наадмаас О.Одгэрэл Аймгийн заан цол хүртсэн юм. Тэгээд зургаа хамт авуулах болоход би “Гоё залуу байна даа” гэж харсан. Гэтэл гэнэт бороо орлоо. Тэгсэн манай хүн “Даарч байна уу” гээд дээлээ авчирээд нөмөргөчихсөн. Тэгээд ерөнхийдөө эхэлсэн... Манай хүн ч бас их дурамчхан ирсэн юм билээ. Аав нь “Явж барилд” гэж байж ирсэн гэж байгаа. Манай хүн аавдаа загнуулж очсон, би эндээс багшид загнуулж явсан. Тэгээд л учирсан хоёр доо.
Гэрэл зургийг Б.Уугансүх
Зочин
Тэрбиш
Бужиг сурахыг хусэгч
Geskhool
Сийлэгмаа