Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын Намрын чуулганы нээлт дээр “Нийгмийн бүх давхарга, улс төрийн бүлэглэл, судлаачдын хүрсэн ойлголт, нэгдсэн цэг нь засаглалын тогтолцоогоо Монгол Улсын хөгжлийн шаардлага, нийгмийн хэрэгцээнд зохицуулан хийх эрс шинэчлэл болоод байна. Үүнийг Үндсэн хуулиар л хийнэ” хэмээн хэлсэн билээ. Түүнчилэн “Үндэсний эв нэгдлийг хангах үүргийг Үндсэн хуулиар хүлээсэн албан тушаалтны хувьд ерөнхийлөгч миний бие цэгц шударга төр байгуулах улс төрийн реформыг бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлж байна” гэж эгээ л пионер элсэх үеийнх шигээ амлалт хүртэл авсан. Харин өөрөө “реформ” гэдгээ хэрхэн ойлгож байгаа, түүнийг яаж хийхээ төлөвлөсөн эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Уншигч та бүхэнд үзүүр сэжүүр болгож Л.Мөнх-Эрдэнийн “Тэргүүнгүй төр” номын өмнөх үгээс хэсэгчлэн хүргэж байна. Эхлэлийг эндээс уншина уу.


... Ерөнхийлөгч бусдын нөлөөнд орлоо гэхэд тэр нөлөө парламент буюу конгресс, хууль тогтоох засаглалыг ноёлох боломжгүй. Чухам тийм ч учир Орос, Трамп хоёр хэчнээн үгүйсгэсэн ч АНУ-ын конгресс, гэхдээ Трампын нам давамгайлсан конгресс, Трамп ба түүний сонгуулийн баг ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Оросын дэмжлэг авч, Оростой хуйвалдсан уу, үгүй юү гэдгийг тогтоохын тулд тусгай консул Мөллерийг томилон шалгуулж байгаа юм. Зөвхөн энэ шалгалт нь өөрөө АНУ-ын Ерөнхийлөгчийг Оросын нөлөөнд орох битгий хэл Оростой хамтран ажиллах боломжгүй болгож байгаа нь анзаарагдаж байгаа байх. Тиймээс ерөнхийлөгчийн тогтолцоо бусдын нөлөөнд орох, автах магадлал харин ч багатай тогтолцоо. Ерөнхийлөгч ямар нэг хэмжээгээр бусдын нөлөөнд орлоо гэхэд тэр нөлөө парламентын засаглалынх шиг ногоон гэрлээр парламент, засгийн газарт нэвтрэхгүй, харин ч парламент нь ерөнхийлөгчийг саармагжуулах төдийгүй түүнийг ч, түүнээс ч улс орныг хамгаалах бамбай болдог тогтолцоо.

Дээрээс нь ерөнхийлөгчийн засаглалын тогтолцоонд хууль тогтоох эрх мэдэл, гүйцэтгэх эрх мэдэл хоёр өөр намын гарт ч оршиж байх нь хэвийн үзэгдэл. Парламентынх шиг заавал нэг нам, дарга ноёлж, “засаглаж” байж төр засаг оршин тогтнох, үүргээ биелүүлэх ёсгүй. Нөгөө талаар нэгэнт парламентын тогтолцооных шиг олонх засгийн газрыг хамгаалах шаардлага байхгүй учир ерөнхийлөгчийн засаглалд намын сахилга, “захиргаадалт”, шаардлага, шийтгэл бага, сул. Тиймээс хууль тогтоогчид өөрсдийн итгэл үнэмшлээрээ бие даасан шийдвэр гаргах боломж ч их байдаг. Тиймээс ерөнхийлөгчийн засаглалын парламент эсвэл конгресс илүү ардчилсан, илүү олон “толгойтой” институци. Харин парламентын тогтолцоонд ялсан нам, дарга хууль тогтоох, гүйцэтгэх хоёр засаглалыг шууд ноёлж, улмаар шүүхэд дам нөлөөлөх боломжтой учир бусдын нөлөөнд орвол тэр нөлөө нь 29 дүгээр тогтоолыг өөрчилсөнтэй адилхан нэвт шувт нөлөөлөх боломжтой. Нөгөө талаар парламентын тогтолцоо нь гишүүдэд бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдэг хамтдаа хариуцлагаас нуугдах, зайлсхийх хөшиг болж өгдгийг дахин тэмдэглэх хэрэгтэй. Тухайлбал, Рио Тинтотой байгуулсан Оюу Толгойн гэрээг Монгол улсад ашиггүй болсон гэдэг ч түүнийг байгуулах эрхийг УИХ өөрөө С.Баярын Засгийн газарт шилжүүлж, түүний засгийн газрын байгуулсан гэрээг УИХ өөрөө баталсан. Гэрээг баталсан УИХ-ын гишүүд гэрээний нөхцөл Монгол Улсад ашиггүй байгааг баталсныхаа дараанаас л ухаарч эхлэхүйц “гэнэн тэнэг” байсан гэхэд итгэх хүн тун ховорхон л байх болов уу. Гэвч ийм зүйл парламентын тогтолцоонд л боломжтой, мөн болдог, дарагддаг. Тиймээс парламентын тогтолцоо олон толгойтой учир Монгол Улсын эрх ашиг, тусгаар тогтнолыг илүү хамгаална гэдэг төөрөгдөл. Харин хариуцлагаас зайлсхийх, олон нийтийн хараа хяналт, сонороос нуун далдлахдаа гаргуун тогтолцоо гэдгийг судлаачид тэмдэглэсэн нь ховоргүй. 

Түүнчлэн одоогийн манай тогтолцоог парламентын гэж үзээд, одоогийнх шиг “гурван өндөрлөгтэй”, өөрөөр хэлбэл олон тэргүүнтэй тогтолцоо улс орны тусгаар тогтнолыг илүү сайн хамгаална гэвэл энэ нь мөн л төөрөгдөл төдийгүй тэнэглэл. Учир нь олон улсын харилцаанд улс орон үргэлж нэг тал, нэг субъект байж байж л эрх ашиг, сонирхлоо төдийгүй эзэн эрх (sovereignty), тусгаар тогтнолоо (independence) хамгаална, хэрэгжүүлнэ. Нэгээс дээш тэргүүн, тал, субъект үүсэх нь хэн нь төлөөлөх вэ, хэн нь тэргүүлэх вэ, хэн нь эзэн байх вэ гэдэг тэмцлийг үүсгэдэг тул тэр нь хэрэг дээрээ тэдний эзэн эрхийг үгүйсгэж, харилцагч талд давуу тал олгож, ингэснээр улс орон эзэн эрхээ алдаж, эзэн эрхээ алдсанаар бие даасан, тусгаар шийдвэр гаргах чадвараа алддаг. Өнөөгийн Монголын Улс төрийн тогтолцоонд “гурван өндөрлөг” нь хоорондоо арцалдан тэмцэлдэж, гишүүд, сайд нар нь “гурван өндөрлөгөө” даган “талцаж” эрх мэдэл, элдэв нөөц, алдар гавьяаг “өрсөх”, “шүүрэх” логик ч, динамик ч ноёлж байгаа нь анзаарагддаг. Oлон толгой, талцал, өрсөлдөөн Монголтой харилцагч талд л давуу тал олгохоос Монголд давуу тал болохгүй. Эл байдлыг гэрээ, хэлэлцээрт оролцож байсан дипломатууд ч, улс төрчид ч мэдэрч, анзаарч байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Ойрхны жишээ татахад Н.Алтанхуягийн засгийн газар огцорсон нь ч, АН-ын ялагдсан нь ч энэ байдалтай шууд холбоотой харагддаг.

Эцэст нь “хүчтэй удирдагч”, “тогтвортой засгийн газар”, “давхар дээлийг тайл”, “мэргэжлийн засгийн газар”, “засаглалыг хуваах зарчим, тэнцвэр алдагдлаа”, “УИХ-ын дарга хуралдаан даргалагч”, “УИХ-ын эрх мэдлийг хумих хэрэгтэй” зэрэг уриа, лоозон, шаардлага, дайчилгаа, шүүмж нь улс төрийн ямар зарчим, үзэл онолын хөрсийг зарим талаар илэрхийлж, зарим талаар ашиглаж, дайчилж буйг өнөөгийн Үндсэн хуульд оруулахаар бэлтгэсэн, эдүгээ хэлэлцэгдэж байгаа нэмэлт өөрчлөлттэй уялдуулан хэдэн зүйл хэлэх нь зүйтэй гэж бодож байна. 

Монголчууд “хүчтэй удирдагч” ярихдаа Сталин, Гитлер, Мао эсвэл Пол Пот шиг дарангуйлагчдыг төсөөлдөггүй нь ойлгомжтой. Харин тэд төсөөлөлдөө байдаг, тодорхой хэмжээгээр түүхэнд ч тийм байсан Чингис хаан шигээ хүчирхэг удирдагчийг төсөөлдөг нь илэрхий. Чингисийн удирдлага дор Монгол дэлхийн эзэнт гүрэн болсон учир л Чингис шиг удирдагчтай байвал өнөөгийн Монгол Улс дэлхийн тэргүүний орнуудын адил хөгжсөн, дэвжсэн, цэцэглэсэн улс орон болно гэж итгэдэгт л асуудал оршино. Энэ нь өнөөгийн авлигажсан, барьцаалагдсан “мэлзээ” хорчин дарга нарын дор төр-хууль-шударга ёс орхигдож, эрх, итгэл, сэтгэл, эрдэм чадал, зүтгэл бус харин зоос мөнгө “60 тэрбум” шиг эрх мэдэл, засаглал болж хувирснаас үүдсэн хэрэг. Тиймээс л ард түмэн эрхийнхээ дагуу, итгэл сэтгэлийг нь дааж, тэдний төлөө зүтгэх эрдэмтэй, чадвартай удирдагчийг үгүйлж байгаа хэрэг. Ингэхдээ Монголчууд ганц удирдагчийг огтхон ч бодоогүй, харин шат шатандаа, түвшин түвшиндөө, байгууллага байгууллагадаа тийм удирдагчтай байхыг л хүсэж байгаа нь илт байдаг. Ураг төрөл, нутаг ус, нам фракц, өнгө мөнгөний тохиолоор “түрүүний бөөсүүд тархинд гарахыг” бус харин эрдэмтэй, билэгтэй, боловсролтой, чадвартай, сэтгэлтэй, зүтгэлтэй нь энэ улс орныг, энэ ард түмнийг шат шатанд нь удирдаасай гэж хүсэж байгаа нь илэрхий байдаг. Тиймээс иргэд, олон нийт төр-ёс-хууль-журмыг алаггүй, талгүй шударгаар тогтоох нэгнийг л “хүчтэй удирдагч” гэж ойлгож байгаа юм. Түүнээс биш монголчууд дарангуйлагчийг ч, “мэргэжлийн засгийн газрыг” ч, тэр ч байтугай “тэжээгчийг” ч, “баялаг бүтээгчийг” ч хайгаагүй нь ойлгомжтой. Эрдэмтэй, билэгтэй, боловсролтой, чадвартай, сэтгэлтэй, зүтгэлтэй нь энэ улс орныг удирдвал ёстой юм ёсоороо, байх юм байхаараа, болох юм болохоороо болох учир төр засаг ч, улс орон ч хэвийн, тогтвортой болно гэж итгэж байгаа юм. Өнгөрсөн сонгууль бүрээр сонгогч олон эрх баригчдыг засгийн ордноос үлдэн хөөж байсан нь эрх баригчид ёстой юмыг ёсоор нь, байх юмыг байхаар нь, болох юмыг болохоор нь хийгээгүйн үр. 

Гэтэл чухам эдгээр үзэл санаа, зарчим, хүслийг нь Ц.Элбэгдорж, М.Энхболд нар овжин ашиглаж “давхар дээлийг тайл”, “мэргэжлийн засгийн газар байгуул” зэрэг популист уриа, лоозон, шаардлага дэвшүүлэн олон нийтийг дайчилж, өөрсдийн улс төрийн зорилгынхоо зэвсэг болгосон. Өөрөөр хэлбэл эрүүл саруул, энгийн хэвийн, байх ёстой төр засаг, улс төр хайсан олон нийтийн эрэлхийллийг авлигачид өөрсдийн зорилгодоо увайгүйгээр ашиглаж байна гэсэн хэрэг. Мэдээж эрүүл саруул, энгийн хэвийн, байх ёстой төр засаг, засаг захиргаа тогтохгүй байгаагийн шалтгааныг монголчууд өнөөгийн авлигажсан, барьцаалагдсан, “мэлзээ”, “хорчин” улс төртэй холбож түүний үүр уурхайг “сэм хуйвалддаг” МАНАН мэт нам, фракц, олигарх бүлэг, түүнд баригдсан, барьцаалагдсан, хүлэгдсэн УИХ, парламентын тогтолцоотой холбон харж байгаа нь илэрхий. Чухам тийм учир “засаглалыг хуваах зарчим, тэнцвэр алдагдлаа”, “давхар дээлийг тайл”, “УИХ-ын дарга хуралдаан л даргалагч”, “УИХ-ын эрх мэдлийг хумих хэрэгтэй” гэдэг уриа, лоозон газар авч байгаа юм. Анхааралтай шинжилбэл, эдгээр шаардлага, уриа, лоозонгууд нь “эрх мэдлийг хуваах” (division of powers), “эрх мэдлийг хуваарилах” (distribution of powers), “эрх мэдлийн салгалт, тусгаарлалт” (separation of powers), “эрх мэдлүүдийн харилцан хазаарлалт, тэнцвэржилт” (checks and balances) зэрэг ардчилсан, үндсэн хуульт байгууллын тогтолцооны, ялангуяа ерөнхийлөгчийн гэдэг тогтолцооны суурь үзэл санаа, зарчмууд дээр суурилсан нь илэрхий байдаг. Өөрөөр хэлбэл олон нийт чухам эдгээр зарчмын дагуу байгуулагдсан төр засгийг хүсэж байхад оршин байгаа үндсэн хууль төр засгийг нь тэдгээр зарчмаар байгуулахгүй байна гэсэн үг. Харамсалтай нь Монголын улс төрийн байгууламж уг зөрчлийг нухацтай авч үзэж, ул суурьтай шийдэх гэхээсээ илүү өөрсдийн өнөө маргаашийн эрх мэдлийн зорилгодоо ашиглаж, “давхар дээл”, “мэргэжлийн засгийн газар” зэрэг уриа, лоозонгоор хөөрөгдөж, дайчлах нь түгээмэл. Нөгөө талаар судлаачид нь ч үндсэн хуульт байгуулал, ерөнхийлөгчийн ба парламентын хэмээх засаглалын мөн чанар, ялгааг “өнгө будаг”, “үзэл сурталгүйгээр” шүүн шинжилж, дэнслэн тунгаахаасаа илүү оршин байгаа байгуулал, парламентын засаглалыг “хамгаалах” төдийгүй ерөнхийлөгчийн засаглал бүх эрх мэдлийг нэг гарт төвлөрүүлдэг, харин парламентын засаглал эрх мэдлийг хуваадаг, салгадаг, тэнцвэржүүлдэг, тиймээс ардчилсан мэтээр дүрслэх нь түгээмэл. Гэвч энэ нь төөрөгдөл... 

Жич: МУИС-ийн профессор, Макс Планкийн Нийгмийн антропологийн хүрээлэнгийн ахлах судлаач Л.Мөнх-Эрдэнийн "Тэргүүнгүй төр: Улс төр, үндэстний асуудал, дээд боловсрол” номын нээлтийн ёслол 10 дугаар сарын 4-ний өдрийн 16:00 цагт, МУИС-ийн хичээлийн II байрны 439 тоотод болно. Баасан гаригаас МУИС-ийн номын дэлгүүрээр худалдаанд гарна.