Нэг бодлын монголчууд бид тун хүн муутай улс ч юм шиг. Тэртээ тэргүй “Их ах”-ыг шалгадаг газар нь шалгах гээд төр нь гар дээрээ өргөөд аваад явахын хооронд түүний дээрээс хичнээн их дэвсэлцгээв дээ. Дэвсэлсэн хүмүүс нь ядаж байхад дандаа урьдын түүнд “хайрлаж дурлаж” байсан ах нь, дүү нь, найзууд нь байхыг яана. Болоогүй ээ, хажуунаас нь хуучин намынх нь “хүүхдүүд” ч нэмээд нэлээн өшиглөөдөх шиг харагдсан.



2000 оны хавар. Монголын хамгийн том намын залуухан дарга, нам нь ард түмний дунд рейтинг өндөр, ялах магадлал бүүр ч өндөр, улаан пиджактай гялалзсан өндөр шар залуу Төрийн ордны гадаа “Галлопер”-оос бууж байхыг нь харж байсан минь санагдана. Тэр жилийн хаврын сонгуулиар нам нь үнэмлэхүй ялалт байгуулж түүний улс төрийн карьер тасралтгүй дээшилсээр өндөрлөгт хүрсэн. Гэтэл одоо хүнд гэмт хэргийн сэжигтэн болчихсон буруутаад сууж байдаг. Улс төрч хүний амьдрал гэдэг үнэхээр бартаатай ажээ. Магадгүй энэ хүний улс төрийн цаг дөнгөж үдээс өмнөхийг ч зааж байгаа юм билүү, бас хэн мэдлээ. Бурууг нь зөвхөн шүүх л шийднэ.

Их ахыг баривчилж байгааг зурагтаар харсан хүмүүс их сандарлаа, сонгууль болохын даваан дээр гол лидер нь хоригдсонд нам эвслийнхэн нь мөн дутуугүй сандрав, харин жирийн иргэд бидний хувьд төрөөс төрсөн тэрбумтнууд маань бүр ч илүү сандралдаж байгаа байлгүй гэж бодож суусан нь дийлэнх байх. Хамгийн муу хүн энэ хүн биш. Бодвол хамгийн ихийг хүртсэн нь бүүр биш байлгүй. Яагаад?

Ирээдүйд манай улс аягүй баян болох юм гэсэн. Одоо бол өмнөхөө бодвол дажгүй мөнгөтэй “тарган” болчихоод байгаа юм гэсэн. Тэрбээр өнөөдрийг бодвол мөнгө төгрөгөөр хамаагүй гачигдалтай, эдийн засаг маань хамаагүй “туранхай” байх үед Монголын төр засгийг удирдаж явжээ. Хэрвээ энэ хэргийг шүүх нотолбол ёстой нөгөө өөрийнх нь хэлж байгаагаар “студийн хоёр камер, нэг монтажны ширээ, хэдэн микрофон”, “нэг хуучны байрны орц”, “нурсан байшин” төдий зүйл. Хэл аманд орон барин үйлээ үзэж хэдэн жил энд тэндээс цуглуулсан жаахан хөрөнгө нь иймэрхүү л “яль шальгүй” өчүүхэн. Гэвч хэдэн сая долларын асуудал аж.

Энэ олон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн ярьж байгаад хэрвээ үнэмшвэл өнөөгийн манай “тарган цатгалан” эдийн засагтай үеийн авилгалын хэмжээ одоо тэрбумаар яригддаг болсон гэсэн шүү. Үнэн байх, Авлигатай тэмцэх газрыг байгуулаад тэмцээд байгаа мөртөө л манай улс авлигын индексээрээ улам л хойшлоод байгаа билээ. Тэнд нэг хүн Монголын хамгийн том дарга хийж байсан мөртөө л “далд хийсэн” хэд нь өчүүхэн байдаг, гэтэл одоогийн захын нэг “хулгайч банди” түүнээс ихийг, түүнээс илүү богино хугацаанд цаашаа хийгээд рекорд тогтоочихдог.

Энэ нээрээ үнэхээр шударга биш шүү. Үгүй ээ та минь ээ, хэдхэн саяыг хулгайлсан нь шоронд, тэрбумын хулгайч нар нь ордонд. Ингэхээр “уурлахаас” яахав. Өөрөө ч энэ талаараа захиандаа тодорхой дурдсан л байна лээ дээ. Бас ард түмэндээ өртэй гэдгээ ч хэлдэг.

Бид айлын орон гэр ухсан, халаас суйлсан, мөнгө төгрөг зальдаад алга болсон хүмүүст их дургүй, үзэн ядна. Харин төрийн халаас руу гар дүрэгчдийгээ болохоор “авлигачин”, “төрөөс төрсөн тэрбумтан” гэхчлэн хөөрхөн өхөөрдсөн нэр олоод нэрлэчихдэг. “Авлигачин” гэдэг энэ гоёдсон нэрний цаана үнэндээ нэг муу хулгайч л байгаа шүү дээ. Бараг халаасны хулгайч бол төсвийн хулгайчийн хажууд ариухан амьтан байхгүй юу. Халаасны хулгайч ганцхан хүний халаас руу гар дүрж байгаа бол авлигачин нь ард түмний, хүн бүрийн халаасыг тэмтэрч байгаа дээрэмчин юм.

“Их ах”-ыг хоригдонгуут ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хэд хэдэн төрийн бус байгууллагаас шударга байгаад нь талархал илэрхийлсэн, үүнийг хуучин намынх нь зарим нэг залуучууд тун сүрхий дэмжиж байгаа харагдана лээ. Шүүх нь тэр хүний гэм бурууг тогтоогоогүй байхад яасан эрт “бархирч” байна даа ч гэмээр бодогдов. Тийм ээ, тэгвэл дэмжвэл дэмжсэн шиг дэмжих хэрэгтэй. Буруутай хүмүүст зэм ирэх үед нь харин өмөөрөөд шударга ёс тогтоож байгаа ерөнхийлөгчөө буруутгаад эхлэхгүй бол хамаа алга. Гэхдээ яарцгаагаад яахав ээ хүмүүс ээ, сонгууль өнгөрөг, ажлаа өгөөтөхөг, халдашгүй биш болоодохог л дээ.

Жишээлэхэд, сая их ахыг баригдахад гэрт нь байсан салаавч өгдөг тэргүүтэн хэдэн гишүүд ярьж байна лээ. “Юун 7 сарын нэгэн, энэ цагдаа нар чинь ёстой муухай, харгис хүмүүс юм байна, 7 сарын нэгэнд би цагдааг өмөөрч байлаа, одоо ер нь хатуу ширүүнийг нь мэдлээ” гэж. Уг нь юун 7 сарын нэгэнтэй харьцуулах, хоёр нь диван доор жаахан хэвтсэн гэнэ, яахав нэгнийх нь хөл нь толгой дээр нь байсан байх, за нэг нь шилээ хугалаад толгойгоо доргиочихож. 7 сарын нэгэнд гэмгүй хүмүүс буудуулж байхад цагдааг хамгаалсан хүмүүс, сая бараг цагдаа тэднийг “илэх” шахуу өнгөрөхөд яаж эмзэглэж байна? Тэгэхээр хүн үхэж байхад буруутныг өмөөрдөг, өөрийнх нь толгой доргих төдийд нөгөө өмөөрч байснаа буруутгадаг энэ тэгш бус хандлага хэзээ алга болох бол?

Ер нь ард түмний уурыг хамгийн их хүргэж байгаа зүйл нь ядуурал ч биш байж магадгүй. Хамгийн гол нь хүн бүрт тэгш боломж байхгүй, нийгэмд шударга бус байдал алдагдаж байгаа явдал л олон түмний уурыг хамгийн их хүргэж байгаа юм. “Их ах” ч гэсэн бидэнтэй адил ердөө л гэм зэм хүн бүрт шударга бус ирж байгаад л “уурлаад” байна шүү дээ.