Өнгөрсөн долоо хоногийн өдөр тутмын хэвлэлүүдэд “Макс Жонсоноос 19 сая доллар залилсан хэргийн араас Б.Хурц гарч ирэх үү?” гэсэн нийтлэл гарчээ. Энэ явдлын талаар өмнө нь бас яригдаж байсан л даа. Дээрэмдүүлсэн Макс Жонсон нь Английн Ерөнхий сайдын төрсөн дүү шүү дээ.

Ерөөсөө гаднын хөрөнгө оруулагчдыг Монголын талын хамтрагчид нь хууль хүчний байгууллагын авлигач нөхөдтэй хамтран дээрэмддэг үйл явц удаан үргэлжилж байгаа л даа. Манай “дээрэмчид” Хятад, Солонгосын хөрөнгө оруулагчдыг голдуу обьект болгодог байсан. Одоо тэд маань баруунд гарчихсан юм байна гэж энэ мэдээллүүдээс ойлголоо. Иймэрхүү байдлаар Монгол улсад хөрөнгө оруулагчдыг дээрэмдэж буцаасан, буцахаас өөр аргагүй болгож зугтаалгасан жишээ олон бий. Тэдний нэг жишээ нь энэхүү Английн Ерөнхий сайд Борис Жонсоны дүү Макс Жонсоны зүгээс Монголын уул уурхайн “Засагчандмань” компанид 19 сая ам.доллар хөрөнгө оруулаад оргүй алдсан хэрэг явдал бололтой. Ингэж Монголд хөрөнгө оруулаад залилуулсан гадаадын цөөнгүй хөрөнгө оруулагч сүүлийн хэдэн жил таг болсон юм. Учир нь итгэл найдвар нь тасарсан хэрэг л дээ. Тэгсэн саяхнаас тэд сэргээд ирлээ. Хэдэн жилийн өмнө “Монгол хьюндай” эмнэлгээ манайханд дээрэмдүүлсэн солонгосчууд холбогдож, тэдгээр солонгосчуудын эрх ашгийг хамгаалан бишгүй бичсэн, тэмцсэн ч төр дэх луйварчдын өмнө өнөө хэд маань сөхрөөд нутаг буцсан юм. Монголд эргэж ирж залилуулсан сая сая доллараа эргүүлж авахыг тэд зорьсон ч манай хууль хүчнийхэн “Орж ирвэл баривчилж хорино” гэж айлгадаг технологио хэрэгжүүлсэн билээ. Ингээд дууслаа даа гэж бодтол саяхнаас өнөө солонгосчууд маань эргээд холбогдоод эхэллээ. Цаг наашилж байгаа бололтой. Адилхан амьдрах гэж яваа аавын хүүхдүүд. Тэдэнд туслах сэтгэл Монголын сэтгүүлчдэд бий. Тэдний л нэгэн адилаар энэ нийтлэлийг хүргэж байна.

Монголд залилуулсан гаднын хөрөнгө оруулагчдын энэ идэвхжил, сэргэлт нь ерөөсөө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн саяхан хэлсэн үгтэй шууд холбоотой юм. Засгийн газрынхаа 200 хоног дээр буюу наймдугаар 17-ны өдөр хувийн хэвшил, хөрөнгө оруулагчидтай уулзахдаа Л.Оюун-Эрдэнэ тэднээс албан ёсоор уучлал гуйсан юм. Тэрээр тэдэнд хэлэхдээ “Өнгөрсөн 30 жилд хөрөнгө оруулагч нартай холбоотой тодорхойгүй байсан бүх асуудалд Монгол Улсын үе үеийн Засгийн газрыг төлөөлж Ерөнхий сайдынхувиар уучлал хүсэж байна. Өнгөрснөө дүгнээд, ирээдүйгээ шинээр эхлэхийн тулд өөрөөс шалтгаалах бүхнийг хийнэ гэдгээ та бүхэнд амлая. Үүн дээр Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нар нэг байр суурьтай байгаа. Бид гурвын дунд засаглалын ямар нэг зөрчил үүсэхгүй. Энэ нь хувь хүнээсээ илүүтэй Үндсэн хуулиар зохицуулагдах асуудал юм. Тулга тойрсон биш ирээдүй рүүгээ харж ажиллах болно” хэмээн хэллээ. Энэ үг нь нийгэмд ч хүчтэй хүрлээ. Ингэж гадаадын хөрөнгө оруулагчдын өмнө уучлалт хүссэн Ерөнхий сайд өмнө нь байгаагүй учраас гадныхны нүдэнд гэрэл аслаа. Ерөнхий сайдын энэ үгнээс үүдэн өнгөрсөн 30 жилд Монголын төр засаг, хууль хяналтын байгууллагын гадаадын хөрөнгө оруулалтад хандаж ирсэн тэнэг хандлага өөрчлөгдөх болов уу гэсэн хүлээлт гадныхны дунд үүсчихлээ. 

Ковидыг даван туулах арга зам, эдийн засгийн хүндрэлээ шийдэх гарц олсон төр засаг энэ дэлхийд өнөөдөр алга. Монголын төр засаг ч ялгаагүй. Гэхдээ юуны урьд цар тахлын үеийн эдийн засгийн хүндрэлийг даван туулах хамгийн эхний алхам бол гаднын хөрөнгө оруулалтыг их хэмжээгээр татах гэдэг нь тодорхой. Монголын эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрч, дэлхийн чихийг дэлдийлгэсэн тэр он жилүүдийн үнэ цэн юунд оршиж байсан гэхээр Оюутолгойгоор дамжиж дэлхийд хүрсэн зөв мессеж, түүгээр дамжиж Монгол руу урссан гаднын хөрөнгө оруулагчдын мөнгө байсан юм. Манайх экспортлогч биш импортлогч улс. Экспорт гэвэл гадагшаа зарж буй алт, зэс, нүүрс, төмөр хүдэр зэрэгхэн байна. Үнэндээ өнөөдөр зарж байгаа энэ жаахан эрдэс баялгийнхаа хүчээр амьдарч, халамжаа тарааж, цалин, тэтгэврээ өгч байна. Энэхүү эрдэс баялгийн салбарт нь гаднын хөрөнгө оруулалт хамгийн чухал. Мэдээж бусад бүх салбарт гаднын хөрөнгө оруулалтыг татах, хөрөнгө оруулагчдын итгэлийн галыг сэргээх нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өдрийн бодол, шөнийн зүүд байгаа биз. Гэтэл өмнөх бүх хөрөнгө оруулагчдын олонх нь Монголд мөнгөө алдчихсан байдаг. Ийм аймаар “самойлын дээрэмчид” үүрлэсэн Монголд гадаадын хөрөнгө оруулагчдыг дахин татан оруулах арга зам нь эхний удаад уучлалт гуйх, дараагийн удаад тэдний хулгайлагдсан хөрөнгийг олж өгөх, гуравдугаарт тэднийг залилсан, дарамталсан, улмаар тонон дээрэмдсэн монголчууд, Монголын хууль хяналтын байгууллагынханд хариуцлага хүлээлгэх. Ингэж байж л Л.Оюун-Эрдэнэд дэлхий итгэнэ. Гаднын хөрөнгө оруулагчид Монгол руу цэлмэг нүдээр харна.

Манай “дээрэмчид” бүр цагаандаа гарчихсан байсан юм байна шүү дээ. Халдвал хар халзандаа гэгчээр дэлхийн супер гүрэн Английн Ерөнхий сайдын дүүгийн Монголд оруулсан 19 сая ам.долларыг залилж авчихаад өнөөдрийг хүртэл өгөхгүй сууж байдаг. Уг нь Монголын “Засагчандмань” гэх компани, энэ хууль бус үйлдлийг гардан үйлдсэн тус компанийн эзэн Д.Буянтогтох, түүний хамсаатнуудыг хуулийнхан саатуулж, хилээр гарахыг нь хоригложээ. Гэтэл юу болов гэмээр “далд хар гар” үйлчилж, түүний хилээр гарахыг хориглосон шийдвэрийг нь шүүхээс хүчингүй болгосон байх жишээтэй. Улмаар хүмүүс шинэ жилээ тэмдэглэж байх 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний шөнө гадагш нь зугтаалгаж чаджээ. Бод л доо, үдийн хойно 15.00 цагт Чингэлтэй дүүргийн шүүхээс Д.Буянтогтохын хилийн хоригийг цуцлангуут ердөө гуравхан цагийн дараа өнөөх нь Монголын хилээр гараад БНСУ руу ниссэн байх юм. Энэ одоо зохион байгуулалттай гэмт хэрэг биш үү. Хууль хүчнийхэн, шүүхийнхэн... Өөр ямар ямар газрууд оролцсон байна вэ. Эртнээс энэ өдрийн, энэ цагт шүүхээс хилийн хоригийг нь цуцлана, тэгэхээр тэдэн цагт амжиж Монголоос гарна, тийм болохоор зорчих тасалбарыг нь бэлд... Супер ажиллагаануудынх нь нэг биз. Өнөөдөр 19 сая доллар нь оргүй алга болчихсон Макс Жонсон ЦЕГ-ын Мөрдөн байцаах газарт хандан, гадаадаас Монгол Улсын итгэл найдваргүйн туйлыг дуудан сурталчилж, гаднын хэвлэлд ярилцлага өгөөд сууж байна. Макс Жонсоны хувьд Хонкгогт таван жил металлын бизнес эрхэлж, тэр үедээ “Голдман сакс” компанитай хамтрагч болж, улмаар Монголыг сонирхон судалж эхэлсэн нэгэн юм байна. Ингээд манай “Засагчандмань” компанийн уурхайд хөрөнгө оруулах зорилгоор ажиллажээ. Алт, зэс, төмрийн хүдрийн уурхайг нь бусад хөрөнгө оруулагчдын хамт ажиллуулахын тулд 19 сая долларыг хөрвөх зээлийн гэрээгээр зээлүүлээд ийнхүү Монголын нэр бүхий дээрх этгээдүүдэд алджээ. Нэг л баримт. Ийм баримт жишээ олон бий. Тэрээр “Монголын хууль хяналтын зүгээс мөрдөх ажиллагаа явуулж хөрөнгө оруулагчийн мөнгийг хэрхэн авсан, цааш нь яаж угаасан талаарх “замын зураг”-ийг гаргасан байгаа” гэж ярьсан байна лээ. Тэр “замын зураг” дотор нь л гарчигт нэр дурдагдсан Б.Хурц байгаа гэж дээрх нийтлэлээс ойлголоо. 

Өнөөдөр Монголын төр засаг зөв дуугараад эхэлснийг хөрөнгө оруулагчид анзаарах нь анзаарчээ. Энэ боломжид ташуур өгч, сая дурдсан шиг гэмт хэргүүдийг уудалж гаргахын төлөө манай сэтгүүлчид хамтран ажиллах цаг ирлээ. Ингэж байж эх оронд маань гаднын хөрөнгө оруулагчид орж ирнэ. Бид сэргэнэ. Олон олон кэйсүүд сэтгүүлчдэд хадаглагдаж байгаа. Одоо л дэлгэх цаг боллоо. Ингэж чадвал Ерөнхий сайд нь биеэрээ “Би гаднын хөрөнгө оруулагчдын төлөө чадах бүхнээ хийнэ” гээд амласан амлалтад нэмэр болно. Ийм аюултай зүйлийн эсрэг бүгдээрээ хамтран тэмцэх ёстой. 

Өнөөдөр монголчууд бид өөрсдийнхөө байж байгаа царайг хар даа. Нэг л их уул ус, байгаль дэлхийгээ хайрлах тухай ярьсан гуйлгачингууд. Хувцсаа сольчих мөнгөгүй хэрнээ... Аливаа улс орон байтугай адгийн наад захын нэг өрх айл хүртэл эхлээд мөнгө олох аж ахуйгаа өөд нь татдаг, үр шимийг нь хурдан хүртэхийг хичээдэг биз дээ. Өнөөдөр Монгол Улсын хувьд, Монголын ард түмний хувьд мөнгө олох, өөрсдийн амьдралыг хамгийн хурдан өөд нь татах салбар бол уул уурхай, эрдэс баялгийн салбар мөн. Та нарт өнөөдөр өгч байгаа мөнгө бүхэн муу хэлээд байгаа Оюутолгой, Тавантолгойгоос орж ирж байгаа. Гэтэл Монголоор дүүрэн уул уурхайг зүхсэн, жагссан, жалга дов болгоны аман дээр нутаг усаа хамгаална гэсэн цээжээ дэлдэгчид. Тэдгээр хүмүүс гадныхнаас уул усаа хамгаална гэж хий хоосон орилох яах вэ, наадхи чинь төөрөгдөл. Та нарыгтурхирчихаад, араар чинь та нарын хамгаална гээд байгаа уул усыг тив, далай дамнуулан зарж, эхнэр хүүхдүүдтэйгээ далайн эрэг дээр жаргаж хэвтээ монголчууд олон байна. Тэд бол эх орноо тонон дээрэмдэгсэд. Харин тэдэнд хөрөнгөө залилуулсан гаднын хөрөнгө оруулагчид бол эсрэгээрээ жинхэнэ Монгол Улсын хөгжилд хувь нэмрээ оруулж, хамтдаа хөгжиж, хамтдаа ашиг орлоготой байхыг эрмэлзсэн гаднын иргэд. Аливаад хэрсүү хандаж, ялгаж салгаж сур, монголчууд минь. 

Бодит байдал ийм л байна. Энэ бүгдэд Монголын хууль хяналт , хүчний байгууллагад байгаа бэртэгчин нөхдүүд маш ихбуруутай. Төрийн бүх шатанд, тэр дундаа хууль хяналтын байгууллагад шургалсан, гар хөлөө үлдээсэн зарим нэг нөлөө бүхий нөхдөд даруулга өгөх цаг болжээ. Бүгдээрээ айсан, нээнтэглүүлсэн, төмсөгдүүлсэн төмснүүд байхаа одоо боль. Үлдэх үр хүүхэд чинь амьдрах эх орныхоо төлөө эдгээр бэртэгчингүүдтэй тэмц. Эцэст нь хэлэхэд хүн бүхний танил генерал Б.Хурцын нэр гаднын хөрөнгө оруулагчдын асуудалтай хэрхэн холбогдоод байгаа нь хүмүүсийн анхаарлын төвд байх шиг байна. Энэ учир зангилаа тайлагдах цаг дор л их юмны үнэн төрх илрэх болоод байгаа юм уу. Шударга ёс тогтох гээд байгаа юм уу... Үүнд хариулт өгөх хүн байна уу...