Хятадын Төрийн зөвлөлийн гишүүний хоёр өдөр, нэг хоногийн айлчлал
Сүүлийн жилүүдэд олон улсын нөхцөл байдал нарийн төвөгтэй болж байгаа явдал Хятад улсын гадаад бодлогод нөлөөлж, худалдаа, эдийн засгаа эрчимтэй сэргээх бодлого явуулж байгаа. Манай улсад хийж буй энэ удаагийн гишүүний айлчлал ч бас ийм зорилготой.
Наадмын өмнө манай улсад хийсэн ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавровын айлчлалыг манайхан багагүй түгшүүртэй хүлээж авсан билээ. Ялангуяа түүний өмнөх удаагийн айлчлалын үеэр хэлсэн “Найрсаг харилцаатай Монгол Улсын дотоод хэрэгт гаднын нөлөөг тусгахгүйн тулд хоёр том хөрш болох ОХУ, БНХАУ бүгдийг хийх болно” гэдэг үг (мэдээж хэрэг түүний энэ үгэнд Хятадын Засгийн газрын оролцоо байгаагүй) энэ удаагийн айлчлалын өмнө нийгмийн сүлжээгээр цацагдсан нь олон монгол хүний зүрхэнд шар ус хуруулаад байв. Тэр тусмаа ОХУ-ын хөрш Украинд хийж буй түрэмгий дайн нөхцөл байдал уур амьсгалыг улам хүндрүүлсэн нь ойлгомжтой.
Харин хоёрхон хоногийн дараа /энэ сарын 7, 8-ны өдрүүдэд/ болох Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-гийн айлчлалаас манай улс харьцангуй эерэг хүлээлттэй байгааг хэвлэл мэдээллүүд онцолж байна. Хэдийгээр Хятад улс дотооддоо улс төрийн нөхцөл байдал хурцадмал байгаа ч Хятад бол Орос биш, Тайвань ч Украин биш нь ойлгомжтой. Оросын төрийн тэргүүний газар нутгаа тэлэх гэсэн түрэмгий дайн болон Хятадын Засгийн газрын явуулж буй бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хадгалах бодлогын хооронд газар тэнгэр шиг ялгаа бий.
Тиймээс Монгол Улс гадаад бодлогодоо “Нэг Хятад” бодлогыг хүлээн зөвшөөрч, баримталж ирсэн. Хөрш орныхоо дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй гэсэн үг.
Хятадын Төрийн зөвлөлийн гишүүний Монголд хийх айлчлалын тухайд манай хэвлэл, мэдээллийнхний зүгээс эдийн засгийн үр өгөөж талаас нь түлхүү харж байх шиг байна. Ялангуяа Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын эхлүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-од эдийн засгийн үр нөлөөтэй дэмжлэг болно гэдгийг онцолж байгаа. Ерөнхий сайдын мэдээлснээр бол айлчлалын үеэр яригдах гол асуудлууд нь Эрдэнэбүрэнгйн УЦС болон Багануурын цахилгаан станцууд байх бололтой. Засгийн газар Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг энэ намар эхлүүлж, таван жилийн дотор ашиглалтад өгөхөөр төлөвлөж байгаа. Төслийн нийт өртөг нь 271,48 сая доллар. Энэ төслийг Хятадын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлж, хорин жилийн дотор өртгөө бүрэн нөхөхөөр тооцоолсон байдаг.
Дээр нь 2015 оноос хойш бүтэн долоон жил гацчихаад байгаа Багануурын цахилгаан станцын ажлыг эхлүүлчихвэл (барилга угсралтын ажил мөн дөрвөн жил үргэлжилнэ) манай улс дотооддоо эрчим хүчний хомсдлоос бүрэн гарна. Товчхондоо, ирэх 4-5 жилийн дотор манай улс эрчим хүчний хувьд хойд хөршөөсөө хараат байхаа болино гэсэн үг. Тэгэхээр энэ бол зөвхөн эдийн засгийн хувьд төдийгүй улс төрийн хувьд чухал ач холбогдолтой айлчлал болох нь байна.
Мэдээж хэрэг үүний араас Хятад улс руу нийлүүлж байгаа нүүрсний экспортын асуудал яригдах байх. Экспортоо, экспортынхоо гарцыг нэмэгдүүлж байж бид эдийн засгаа өсгөх, зээлээ төлөх боломжтой болно. Тиймээс нүүрсний худалдан нийлүүлэлтээ нэмэгдүүлэх асуудлаар манай талаас эрчимтэй яриа хөөрөө өрнүүлэх болов уу хэмээн мэргэжилтнүүд найдаж байгаа. Эцэст нь 2018 оноос хойш хийгдээгүй байгаа Монгол, Орос, Хятад гурван улсын төрийн тэргүүнүүдийн ээлжит уулзалтын товыг ярилцах болов уу гэсэн хүлээлт байгаа.
Тиймээс Хятадын Гадаад хэргийн сайдын манай улсад хийж буй нэг хоног, хоёр өдрийн айлчлал Оросын төрийн айлчлалаас илүү бидэнд үр өгөөжөө өгнө гэж судлаачид, мэргэжилтнүүд дүгнэж байна. Сүүлийн жилүүдэд олон улсын нөхцөл байдал нарийн төвөгтэй болж байгаа явдал Хятад улсын гадаад бодлогод нөлөөлж, худалдаа, эдийн засгаа эрчимтэй сэргээх бодлого явуулж байгаа. Манай улсад хийж буй энэ удаагийн айлчлал ч бас ийм зорилготой.