Х.Тэмүүжин: Цэцийн шийдвэр Үндсэн хуулийг хулгайлах дараа дараагийн хулгайн үүдийг нээлээ
М.Оюунчимэг гэдэг УИХ-ын гишүүний хэлсэн үг байгаа шүү дээ. Өчнөөн мөнгө зарж, сонгуулиа авлигалдаж суудал авдагаа өөрөө хэлсэн. Тэр ингэж зовж УИХ-ын гишүүн болж байхад хэн ч биш хэдэн нөхдүүд сайд болоод сууж байхаар уур хүрээд байна гэж ил цагаан хэлж байгаа юм. Ингэж ил цагаан хэлээгүй ч энэ үгийг бугшталаа дотроо хадгалсан хүмүүс парламент дотор сууж байна.
ҮХНӨ болон түүнийг тойрсон асуудлаар Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй хийсэн ярилцлагыг нийтэллээ.
-Энэ сарын 16-нд гарсан Цэцийн шийдвэрийн талаар яриагаа эхлэх нь зөв болов уу гэж бодож байна. Цэц Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт нь Үндсэн хууль зөрчсөн гэдэг шийдвэр гаргачихлаа. Энэ талаар таны бодол?
-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай талаар сүүлийн дөрөв, таван жилийн турш ярьсан. Үүний үр дүнд тодорхой хэмжээний нэмэлт өөрчлөлтүүдийг оруулсан. Гэвч Цэцийн сая гаргасан шийдвэр хоёр талаараа эмгэнэлтэй байна. Нэгд, 2019 оны нэмэлт өөрчлөлтийн агуулга нь УИХ, Засгийн газар хоорондын сонирхлын зөрчилийг хязгаарлах зорилготой байсан. Засгийн газар нь хэтэрхий данхайсан, парламент нь харьцангуй давжаа учраас УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнийг хавсраад хийдэг болчихоор УИХ нь Засгийн газраа хянах биш, Засгийн газар нь эргээд УИХ-аа буцаагаад атгачихдаг. УИХ нь өөрөө ард түмнийг төлөөлж чадахгүй Засгийн газрын хуулийн хэлтэс шиг жижгэрч ажилладаг энэ нэг “гажигтай” тогтолцоог засах ямар хувилбар байж болох вэ гэдэг талаар судлаачид зөндөө санаа ярьсан. Гэтэл улстөрчид судалгаа дүн шинжилгээ ярихаас илүүтэйгээр “хоосон” популизм хийж, арынх нь үр дагаврыг бодолгүйгээр “давхар дээл” гэдэг “гарчиг” өгөөд талбай дээр дээл нөмөрч шоу хийсэн шүү дээ.
Тэд энэ шоундаа хэт автаад 2019 оны ҮХНӨ дээр эрх барьж байгаа улстөрийн хүчин “урт хэл хүзүү орооно” гэдэг шиг өөрсдийнхөө хэлсэнд бүдрээд тооцоо судалгаагүйгээр Үндсэн хууль руу “чихсэн”. Уг нь бол парламентийнхаа давжаа байдлыг засах ёстой байтал Засгийн газар дээрээ тоглолт хийгээд, үүнээсээ болоод “сул дорой, чадамжгүй” байнга УИХ-ын өмнө “бүлтэлзэж” байдаг Засгийн газартай болчихсон. Эрх мэдлийг нэг цул болгоё гэдэг зорилгоос илүүгэйгээр дандаа сул дорой, тоглоомын хүүхэлдэй шиг сайдуудтай болж хувирсан. Парламентын хяналтанд биш парламентад сууж байгаа улстөр бүлэглэл, улстөрчдийн хэл ярианы үзүүрт байнга өртөж байдаг сул дорой засагтай болж хувирсан. Үүнийгээ яаж засах вэ? гэдэг “толгойны өвчин”-гөө шийдэх гэж оролдохдоо одоо Ерөнхийлөгч хийж байгаа намын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нь хэн нь ч алдаагаа “алдаа” гээд хүлээн зөвшөөрч чадахгүй могойд барьдаг мод гэдэг шиг Цэцийг ашиглаж эхэлж байна.
Нөгөө Үндсэн хуулийн цэц нь эрх баригчдын хормой доороос Үндсэн хуулийг хулгайлахад зүтгэж байна. Алдаа байгаа юу байгаа. Гэхдээ алдаагаа маш муухайгаар, хулгайн замаар засах гэж оролдож байгаа юм. Үндсэн хуулийг манах ёстой манаачаар нь Үндсэн хуулийг хулгайлуулж байна. Өөрсдөө алдаагаа засах зориг байхгүй. “Цэцээс гарсан шийдвэр байгаа учраас бид үүнийг засах гэж байна” гээд явна. Хамгийн том аюул нь юу болоод байна гэхээр Үндсэн хуулийн цэц буюу Үндсэн хуулийн манаач нь хэн байх юм бэ гэдэг асуудал. Үндсэн хуулийн манаач чин Үндсэн хуулийг манах ёстой болохоос биш Үндсэн хуулийг ямар байхыг заадаг байгууллага биш. Үндсэн хуулийг өөрчлөх, шүүн хэлэлцэх эрх нь зөвхөн УИХ дээр байгаа. Гэтэл ард түмний төлөөлөл биш, огт сонгогддоггүй есөн хүн томилогдож оччихоод, өөрсдийн манах ёстой Үндсэн хуулийг “энэ болохгүй байна” гээд шүүнэ гэдэг бол Үндсэн хуулиар олгогдоогүй эрхийг дураараа хэрэгжүүлж байгаа үйлдэл.
-Ердөө Цэц өөрийнхөө үйл ажиллагааг зөв горимоор явуулахгүй байна аа гэж ойлгож болох уу?
-Нэгд, зөв горимоор явахгүй байна. Хоёрт, тэд нэг юман дээр өөрсдийгөө андуурчихаж. Үндсэн хуулийн цэцийн дээр хөх тэнгэр байдаг гээд өөрсдийн зохиосон үгэндээ итгэчихэж. Үндсэн хуулийн цэцийн дээр Үндсэн хууль л байна. Дээрээ байх ёстой Үндсэн хуулийг доороо оруулчихаад энэ нь таалагдахгүй байна, энэ зөрчилтэй байна, үүнийг эрх баригч намын захиалгаар хүчингүй болгочихъё гээд Үндсэн хууль дээрээ завилаад суучихдаг манаач байж болохгүй л дээ. Энэ үйлдэл нь өөрөө Монгол улсад хуулийн засаглалыг нураах хамгийн том алхам болчихлоо. Зарим нэг хүмүүс баярлаад байх шиг байна лээ. Цэцээс ардчиллыг бэхжүүлэх чухал шийдвэр гарлаа гэх мэтчилэнгээр. Тийм биш. Эрх чөлөөт нийгэмд ардчилал, хуулийн засаглал гэдэг хоёр том тогтолцоо оршин байгаа. Гэтэл ардчилал гэдэг нэрийн дор хуулийн засаглалыг нухчин дарах юм бол хууль мөрддөг хүн байхгүй болно. Хуулиар эрх мэдэлтнүүдийг хязгаарлаж барьдаг ганц хэрэгсэл нь Үндсэн хууль өөрөө байхгүй юу. Тэр Үндсэн хуулийг эрх мэдэлтнүүдийн захиалгаар зэрэмдэглэж байгаа нь Монгол улсад цаашдаа хууль дагаж амьдрах хэв маяг байх уу, үгүй юу гэдэг хэмжээний галзуурлыг бий болгоно.
-Цэцийн өчигдрийн шийдвэр дээр Үндсэн хуулийн хэд хэдэн заалт Үндсэн хуульд нийцэхгүй байна аа гэж үзсэн байна лээ шүү дээ.
-ҮХНӨ бол Үндсэн хууль дээрээ бичээстэй байгаа, Үндсэн хуулийн нэгэн адил үйлчилнэ гээд заасан байж байгаа. Гэтэл Үндсэн хуулийн дотор байгаа зүйл заалтыг энэ нь энэтэйгээ нийцэхгүй байна гэх мэтээр тайлбар хийж байгаа нь Цэц эрх, үүргээ зөрчиж байгаа хэрэг. Энэ тайлбарыг хийх эрх Цэцэд байгаа юу? Монгол улсын Үндсэн хууль дээр тийм үг үсэг нэг ч байхгүй. Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа болно, хууль тогтоомж Үндсэн хуультай зөрчилдөх, эсхүл албан тушаалтны үйл ажиллагаа Үндсэн хуультай зөрчилдөх бол маргааныг магадлан шийдвэрлэх эрх л Цэцэд байгаа болохоос биш өөрсдөө дур мэдэж Үндсэн хуулийн дотрыг нь онгичих эрх тэдэнд байхгүй. Хоёрт, Үндсэн хуулийн цэцтэй холбоотой хууль тогтоомжоор, хэрэг маргаан хэлэлцэх хуулиар Цэц ингэж ажиллах порцедурын заалтууд хаана байгаа вэ? Үүнийг хуульчилж өгөөгүй. Хуулийн гадуур ажилладаг ийм байгууллага байж болох уу? Энэ асуултуудад Цэц хариулж чадах уу? Үгүй. Энэ асуултуудад хариулж чадахгүй байна гэдэг хуулийн гадуур дур зоргоор шийдвэр гаргаж байна гэсэн үг. Одоо судлаачид нь хүртэл гайхаж байна шүү дээ. Үндсэн хуулийн цэц дунд болон их суудлаар хуралддаг. Гэтэл саяны тохиолдолд яагаад дунд суудал нь хуралдахгүй шууд их суудал хуралдаж байгаа юм. Ингэж хуралдах процесс хууль дээр чинь байгаа юу? Дахиад ийм асуулт гарч ирж байна. Энэ асуултуудад хариулж чадахгүй бол ямар ч төрийн албан тушаалтан “эрх мэдлээ хэтрүүлсэн” гэдэг гэмт хэрэгт холбогддог. Гэтэл эрх мэдэлтнүүд тэднийг хамгаалж байгаа учраас ийм дур зоргын ажил хийж байх шиг байна.
-Яг улс төрийн үүднээс аваад үзвэл популизм хийгээд ийм муухай шийдвэр гаргачихлаа гэж үзэж болох уу?
-Улс төрийн тоглоомын хувьд “хөшигний ард” юу болж байгаа нь маш ойлгомжтой. УИХ-д сонгогдсон, суусан нэр бүхий хэдэн нөхөд байгаа. Хэдэн өдрийн дараа нэр нь бүгд тодрох байх. УИХ-ын гишүүнийх нь эрх мэдэл хангалттай биш санагдаад, албан тушаалын тачаал нь дүрэлзэж асаад, ямар нэгэн аргаар албан тушаал авах гэсэн нөхөд. Тэр сэтгүүлч байсан М.Оюунчимэг гэдэг УИХ-ын гишүүний хэлсэн үг байгаа шүү дээ. Өчнөөн мөнгө зарж, сонгуулиа авлигалдаж суудал авдагаа өөрөө хэлсэн. Тэр ингэж зовж УИХ-ын гишүүн болж байхад хэн ч биш хэдэн нөхдүүд сайд болоод сууж байхаар уур хүрээд байна гэж ил цагаан хэлж байгаа юм. Энэ үгийг шууд ингэж ил цагаан хэлээгүй ч бугшталаа дотроо хадгалсан хүмүүс парламент дотор сууж байна. Тэд яавал би УИХ-ын гишүүн мөртлөө сайд болох вэ, яаж мөнгө зарцуулах вэ, яаж хүн томилох вэ, тэр томилгоо болон мөнгөөрөө яаж дараагийн сонгуулийн мөнгийг болон өөртөө ажиллах хүмүүсээ урамшуулж баталгаажуулах вэ гэсэн бодол нь дотроо үгжирчихсэн, юунд ч баригдахгүй зад тавихад бэлэн болчихсон байгаа. Тэр бодлоо гүйцэлдүүлэхийн тулд тачаадаж байна. Энэ албан тушаалын шунал нь саяны хор найруулсан хөшигний ар дахь процесс болж байгаа юм.
Энэ хооронд хэн гүйж байна гэхлээр, маш эмгэнэлтэй. Нөгөө хүмүүс чинь хуулиа бариад би сайд боломоор байна гэж хэлэхээр ичгэвтэр байгаа болохоор өмнөөсөө хүн гүйлгэж байгаа юм. Тэгээд ХҮН намын хэсэг нөхөд, АН-ын хэсэг нөхдөөр гомдол бариулаад Цэц рүү явуулсан. Энэ ажлыг гүйцэлдүүлбэл дараагийн томилгоог хэвээр байлгана гэх амлалтуудыг Цэцийн гишүүдэд өгөөд, эсвэл хууль хүчнийхнийг оруулж барьцаалаад энэ шийдвэрийг гаргуулж байна. Үүнээсээ огт ичихгүй байна. Энэ шийдвэр нь Цэцийн түүхэнд төдийгүй Монгол улсад маш том хар толбо болж үлдэнэ. Маш олон судлаачид судлах байх, иргэд ч шүүмжлэх байх, дараа дараагийн улстөрчид ч гарч ирээд энэ алдаа завхарлыг зогсоохын тулд үүнийг хийсэн хүмүүст хуулийн хариуцлага тооцуулах гэж явах байх. Гэтэл үүнээс огт айж, ичихгүй байна. Түүхэнд “Үндсэн хуулийн хулгайч” гэж үлдэхээс огт ичихгүй байна. Ял зэмээс айхгүй байна. Ичихгүй байна гэдэг тэд дахиад энэ нам олон жил эрх барина гэдэг горьдлогоор ажиллаж байгаа юм. Хөшигний ар дахь наймаа, хэлцэл дэндүү “увайгүй” байна.
-Давхар дээл гэж нэршээд байгаа энэ үзэгдлийг бусад орны парламентад яаж зохицуулдаг юм бэ?
-Яаж шийддэг вэ гэхээр угаасаа парламент нь хүчтэй, төлөөлөх чадвар өндөр байгаа юм. 150-аас дээш хүнтэй парламент бол ардчиллын хувьд тогтвортой бөгөөд чадавхитай болчихож байгаа юм. Засгийн газар нь 10, 20 хүнтэй байсан ч 150 гишүүнтэй парламент нь ямар ч Засгийн газрыг бүрэн, хангалттай хяначихаж байгаа байхгүй юу. Тийм учраас 2019 оны ҮХНӨ дээр судлаачид болон АН-ын зүгээс “давхар дээл” гэдэг дэлхийд байхгүй шоугаа больчих оо, тэрний оронд зориг гаргаад давжаа парламент аа өөрчил гэдэг санал тавьсан. Гишүүдийн тоог олон болговол нэг хүний жин дарах байдал буурвал энэ өөрөө монгол улсад ардчиллыг хөгжүүлэхээс гадна, гадаад газар нутгийн хязгаарлагдмал нөлөөнөөс ангид үлдэхэд туслах гээд байна гэж зөндөө санал тавьсан. Гэтэл Г.Занданшатар, одоо гишүүн байгаа УИХ-ын гишүүд энэ саналыг хүлээж аваагүй. Дэмжээгүй. Яасан гэхээр сонгуулиар бид “давхар дээлийг аваад хаясан” гэх гарчигтай очихын тулд шоудаад л өнгөрсөн. Одоо болохоор өөрсдийнхөө хийсэн “шавхай”-г арилгах гэж Үндсэн хуулийг бүтнээр нь самарч байгаа юм.
Цэцээр ингэж самруулахын оронд өөрсдөө зориг гаргаад “бид алдаа гаргажээ” гээд хуулиа засаад өргөн барих хэрэгтэй. Хууль өргөн барих эрх нь тэдэнд Үндсэн хуулиараа олгогдсон байгаа шүү дээ. Гэтэл эрхээ эдлэх зориг байхгүй Үндсэн хуулийг нураах байдлаар цэцийг ашиглаж байна. Арга зам нь буруу байна. Шийдэл зөв байж болно, буруу ч байж болно. Хичнээн зөв шийдэл байж болох ч арга зам нь зөв байх ёстой. Гэтэл буруу замаар шийдлээ хэрэгжүүлэх гэж оролдоод байна. Буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ гэж үг байдаг. Энэ нь өөрөө Үндсэн хуулийн давхар дээлтэй холбоотой гажгийг шийдэх шийдэл биш. Дараа дараагийн хуулийн хулгайн үүдийг нээж байна гэсэн үг. Нэгд, парламент өөрөө Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, алдаагаа засч болно. Түүнээс биш Цэцийг ашиглаж болохгүй. Цэцийг энэ замаар ашиглавал цэцийн дээр үндсэн хууль байх байдал алдагдана. Энэ нь цэцийг Үндсэн хуулийн манаач биш хулгайч болгож байгаа юм. Монгол улсын иргэд Үндсэн хуулиа хулгайчаар мануулна гэж огт бодоогүй шүү.
Эх сурвалж: Тэнгэр ТВ
Зочин
оноч
Зочин
Сэтгүүлч
ХУУЛЬЧ