Амьдрал дээрдэв үү, дордов уу?
Социализмын үед телевизээр гарсан хэн боловч “амьдрал ямар байна?” гэхэд “амьдрал маш сайн байна, бид жаргаж явна” гэж бахархдаг байлаа. “Манай улс хөгжиж байна уу?” гэхэд “капитализмыг алгасан харайлгаж явна” гэдэг сэн. Өөр хариулт өгдөг иргэн байгаагүй.
Социализмын үед телевизээр гарсан хэн боловч “амьдрал ямар байна?” гэхэд “амьдрал маш сайн байна, бид жаргаж явна” гэж бахархдаг байлаа. “Манай улс хөгжиж байна уу?” гэхэд “капитализмыг алгасан харайлгаж явна” гэдэг сэн. Өөр хариулт өгдөг иргэн байгаагүй. Нам засгаа тахин шүтнэ үү гэхээс муулах хүмүүжилгүй өв тэгш иргэд байжээ. Тэгвэл ардчилал, зах зээлд зурагтаар гарсан хүн бүхэн “амьдрал ямар байна?” гэхэд “амьдрал аймшигтай байна” гэж халагладаг боллоо. Бүгд нэгэн дуугаар өлсгөлөнд нэрвэгдэж, эх орон элгээрээ хэвтлээ. Урьд социализмд хэзээ ингэж гуриатаж явлаа гэж ам булаалдна. Яг үнэндээ ямар байснаа ямар болчихов оо? Албаар муулалгүй, албаар магталгүй, үнэнээр нь дүгнэж болохгүй гэж үү. Уг нь тэнэг хүн тэх дундуур гэдэг сэн. Талцаж туйлшраад лусаас заяасан гайхамшгийг хөгжил болгож чадалгүй хоосров. Үүнд одоо буруутан хайх өнгөрсөн.
Эхлээд социализмд идэж ууж байсан хүнсээ одоогийн хүнстэйгээ жишээд үз. Өмсөж явсан хувцасаа эдүгээ өмсөж буйтайгаа зэрэгцүүл. 20 сая мал 60 сая болсон нь үнэн. Урьд ажилгүй хүн байгаагүй бол өдгөө ажилгүйдэл хавтгайрчээ. Архичид гуйлгачид яс хавталзуулна. Янхан, хар тамхийг ардчилал, зах зээл тулгаагүй. Монгол хүн эрхээ эдэлж буй царай нь тэр. Үнэн худал нь нотлогдохгүй цочирдом муухай явдлуудыг цуурхал тараадаг телевизүүд өрсөлдөн цацна. Алдадалтай ажилладаг ч орон тоогоор хангадаг улсын үйлдвэрүүд албан контортойгоо дампуурсан. Хувийн хэвшил хамаатан садангаа тойлно. Зах зээлийн малчид нэгдлийн гишүүдээс дор амьдарч байна уу, дээр амьдарч байна уу. Орон байраа, дэлгүүрийн лангуугаа, очер дугаараа, хөдөө орон нутагт явдаг унаа, замаа харьцуул. Тэгээд амьдрал дээрдэж үү, дордож уу гэдгээ тунгаая. Дордсон дээрдсэн юм алаглаж байх шиг. Дүн нуруугаараа дээрдэж үү, дордож уу? Үүнийг тогтоож “нэг амтай” болох сон. Аль ч нийгмийн сайныг сайн, мууг муу гэж зааглаад, сайныгаа хөхүүлэн хөгжүүлээд, саарыгаа түргэн засаад өөдөлдөг “ном”-ыг бид 26 жил дагасангүй.
Урдахь нийгмийнхэн одоогийнхноос аминдаа арай арчтай байж. “Хөгжил эрчтэй байна”, “амьдрал хангалуун, жаргаж явна” гэх даруухан зангаар ажлын байраа дархлаажуулна. Зарим сэргэлэн нь тоталитар тогтолцоог магтан дуулагч болон хэнхэглэж, тушаал дэвшиж, цалингаа нэмүүлнэ. Одооныхон эрх чөлөөтэй гэх хийрхэлдээ сагаж хараал зүхэл, жагсаал цуглаан өвөл зунгүй өрнүүлээд намуудаас юу ч олж долоохгүй. Тэмцэл нь ямар ч өгөөжгүй хоосон улстөржилт болж нэр нүүрээ барна.
Ахмадууд социализмээ сангалзан бухимддаг. “Урьд бүх юм сайхан байсан одоо бүх юм болохоо болилоо” гэх хөгшид гаслалдана. Үнэнээсээ гаслалдаж байна уу, хуурамч дүрээр улстөржиж байна уу бүү мэд. Ямар ч атугай өнгөндөө ардчиллын бүх юманд бухимддаг иргэд 3 сая хүн амын дийлэнх болов. Хүн амын олонх болсон бухимдуучуудыг дөрөөлж УИХ-д залраад, шинэлэг бүхнийг гацааж суудаг гишүүд хүчжиж, улсыг чөдөрлөв. Тиймээс улстөрчдөө шинжиж суръя. Зөв санаатай гишүүд, сайдуудынхаа хийх гэж зүтгэж, хуруу хумсаа хуйхалж яваа төслүүдийг хөгшчүүд ядаж амаараа ч болохноо дэм өгвөл яасан юм бэ гэх гээд байна би. Ажил бүтвэл амьдрал сайжирна. Засгийнхаа сэдсэн болгоныг эсэргүүцдэгээ цэглэе. Шүүмжлэх эсэргүүцэх юмаа шүүмжилж эсэргүүцэж, буруутанд таарсан хариуцлага хүртээхээ харин тусад нь оновчтой болгог. Бүхнийг харлуулсан болчимгүй гүжир дайралт том бага төслийг нилд нь нурааж, эх орныг ядууруулав.
Хөгшчүүд бидэнд шалтгаан бий. Бидний тархины бор хальсны атираа нугачаа бүхэнд өнгөрсөн зууны үзэл суртлын хар үүл хургасаар байгаа. 3 сая хүн амын суурь болсон эцэг эх, эмээ өвөө нарыг үр хүүхэд дагалдах нь жам. Энэ хариуцлагаа настангууд ухамсарлаж эрэн зуны алхаатай хөл нийлүүлэх учиртай. Хэний ч дур хүслээс гадуур жам ёсны урсгалыг мугуйдлан сөрөх тэнэглэл. Үр удмаа буруу зүгт уруу татах амьдын хар нүгэл. Шинэ тархи толгойг дагацгаая. Хүн амын дийлэнх хуучин руугаа ил далд зүтгэж байхад Монголд ардчилал, зах зээл гацах нь зүй. Амьдрал дээрдэв үү, дордов уу? Дээрдсэн нь дордсоноосоо илүү жин дарах байх гэж өвгөн би боддог. Дээрдсэн нь давж буй аваас давсан талаа нийтээрээ дэмнэвэл босоод ирнэ.
Төр Засгийн эрхэнд сонгуулиар аль нам гарна түүний бүтээхээр сэдсэнийг хөгшчүүд минь үр удмаараа дэмжье. Төрөө самрах. Засгаа огцруулах. Сайд нарыг түүж намнах амин хувийн явцуу хорон санаанаас халидаггүй. Сонгуульт дөрвөн жилдээ төрийн ажлыг алхам ч болохноо ахиулъя гэж дэмнэдэггүй. Эх оронч сүржигнэлийнхээ цаана баяжих, дахин сонгогдохыг дагнадаг гишүүдийн тарыг таньж, одоо залхаа биз дээ. Баялаг бүтээх үнэт дөрвөн жилийн ихэнхийг тэд залгидаг. Үнэмшихийн аргагүй аймаар баримт, тоо ярина. Түүнээс нь нэг нь ч нотлогдохгүй. Ганцхан миний зүрх эх орныхоо төлөө булгилж байна. Бусад сайд, гишүүд бүгд эх орноо харьд найр тавин худалдаж байна гэж гэнэн харанхуй сонгогчдыг татах санаатай. Ноён уулын дор Хятадад илэрдэг хот шиг хот бий. (Газарт булагдсан хотууд Хятад, Энэтхэг, Египет, Балканы хойг-Грек, Италид илэрдэг. Нүүдэлчдийн нутгаас хаадын булш мунхан л гарна. Хотоо үхэр тэргэнд ачаад, тэмээнд тэгнээд нүүлтэй нь биш монголчууд том хот бариагүй). Ерөнхий сайдыг чуулганд орж ирсэн бол би шанаадах байв гэнэ. Эм хүний намбагүй. Ичдэг ч болоосой.
Түрийвчээ даллаад мөнгө дууддаг ид шидтэй доктор профессор Сарандаваад шулуулдаг хэдэн түмэн мухар сүсэгтэн Уянга, Ганбаатар, Цог нарт саналаа өгдөг биз. Хэрэв Сарандаваа нэрээ дэвшүүлж, нэг тойрогт Уянгатай өрсөлдвөл хэцүүднэ. Хөдөлмөр хийлгүй биеийн амраар бэлэн мөнгө олох дуршилтай залхуучууд Сарандаваад шавь орж, түрүүвч даллах ид шидийг өндөр үнээр заалгадаг. Тэдгээр мухар сүсэгтнүүдийн өрөөсөн дугуйнууд тэдний сонгогчид. Тийм сонгогч маш олон тул гагцхүү тэдний тархинд таарсан сурталчилгаа-ялалтын оноо гэдгийг тооцоолсон нь оножээ. Оюунлаг сонгогчид бүх сонгогчдын хэдэн хувийг эзэлдэг бол? Манай ихэнх сонгогчид Ганбаатар гишүүний пенүүд гэсэн. За тэр яахав. Өөрийн сонголт өөртөө зөв. Гэгээрсэн сонгогчдын саналыг авч чадахгүй нэр дэвшигчдэд, гэнэн харанхуй сонгогч маш олон байгаа нь, ялалтынх нь үндэс болж буй. Энэ бол Монголын өнөөгийн эмгэнэл.
Хуулиа дээр доргүй алхам тутамдаа мөрдөөд нэг үзье. Улс даяар ямар эмх цэгцэнд орох нь вэ харъя. Монгол хөгжинө, баяжна. Цөөхөн хүнд хүч дутах бэрхшээл гардаг. “Дуугарвал дуу нэг, дугтарвал хүч нэг” сургаалаа дээдлээд, нэг хүн шиг нэгдмэл хүчээр зүтгэх гишүүдээ олж сонгоё монголчууд аа! Хамгийн гол нь бид өдгөө хэнээс ч асуухгүй бие даасан бодлого явуулах боломжтой боллоо. Юутай аз вэ. Гайхамшигт энэ хувь заяаг А.Амар, П.Гэндэн, Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал нар харвал яаж баярлах байсан бол. Бараг итгэхгүй биз дээ. Одоо хөгжих эс хөгжих нь зөвхөн биднээс-өөрсдөөс шалтгаална. Эдүгээ Төр Засгийн толгойд залрах залуус сүүлийн зуунуудад заяаж байгаагүй энэ сайхан түүхэн боломжоо ашиглаасай. Цөөхүүлээ учраас “Дуугарвал дуу нэг, дугтарвал хүч нэг” сургаалаа Төр Засагтаа сүлдлэн тахь. Тэгээд ядуурсан иргэддээ бизнес эрхлэхэд хууль, эрх зүйгээр дэмнээд, зээлийнхээ хүүг бууруулаад бай. Хүүг яаж бууруулах вэ гэвэл хүү бага, хугацаа урт гадны банк оруулж, дотоодын арилжааны банкуудтай өрсөлдүүлэх. Ахадсан хүүтэй дураараа дургисан манай арилжааны банкуудын нууц ноёд УИХ-д байдаг бөгөөд тэд гадны банк оруулж ирэхийг олон жил хааж, улсаа хорлож, өөрсдөө цулайв. Мэхэлдэг заль нь нэг улсын эрхшээлд нэгмөсөн унана гэж айлгах амбасын онол. Үсрэнгүй хөгжсөн буурай орнууд гадны банктай өөрийн банкийг өрсөлдүүлж, зээлийн хүүгээ бууруулсан туршлага айх аюул биш нь аль хэдийнэ нотлогджээ. Бага хүүтэй, хугацаа урттай зээлээр бизнес хийж баяжих, хувь хүн-чиний заяа. Эзэн хичээвэл заяа хичээнэ гээд зүтгэ! Амьдрал дээрдэх зүг өөд алхалсан шүү.
2016-02-18
зочин