Даргын синдром
Эго буюу өөрийгөө өргөмжлөн бахархах аминч үзэл манлайллын хамгийн том дайсан гэсэн гарчигтай нийтлэл Harvard Business Review сэтгүүл дээр гарчээ. Сонирхолтой бас хэрэгтэй нийтлэл судалгаа байна. Манай олон дарга, дарганцарууд, шийдвэр гаргагчдын нийтлэг төрх бас алдааг кино үзүүлж буй мэт дүрсэлж бас шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарлажээ.
Удирдагч хүн хүмүүстэй уулзахгүй л бол тэдний юу хүсч бодож буйг мэдэхгүй. Өөрөөр хэлбэл байгууллага, улс орныхоо зүрхний цохилт, цусны даралтыг хэмжиж чадахгүй гэсэн үг. Энэ нь удирдагч, манлайлагч хүмүүсийн хамгийн том эрсдэл болдог. Хүмүүс өндөр албан тушаалд очиж, эрх мэдэлтэй болох тусмаа хувийн эгодоо пологтон орчноосоо тасардаг. Эго нь томрох тусам улам хоосон хөөс нь даган томорч, хамт олноосоо хөндийрч, байгууллагын соёлоо таягдан хаяж, хамгийн гол нь харилцагч, түншүүдээ бага багаар алдаж эхэлдэг. Энэ процессийг үе шат бүрээр нь тайлбарлажээ.
Дарга болж вакуумд ороод бусдаар цүнхээ бариулж, хамаг юмаа долоолгоод жаахан удах нь юм бол ямар ч хүн “hubris syndrome” буюу аархлын, даргын синдром тусдаг гэнэ. Энэ нэр томъёог Британийн гадаад хэргийн яамны төрийн нарийн асан, мэдрэлийн эмч Дэвид Овен, Duke-ийн их сургуулийн сэтгэцийн эмгэг судлал, хүний зан төлөвийн судлалын профессор Жонатан Дэвидсон нар гаргасан бөгөөд “эрх мэдэл, олон жилийн турш эрх мэдэл дээр дулдуйдсан хуурамч амжилтад донтох эмгэг” гэж тодорхойлжээ. Учир нь хүн албан тушаал ахих тусам улам их эрх мэдэлтэй болдог. Энэ орчилд эргэн тойрны хүмүүс нь тухайн хүнийг улам анхааралтай сонсч, хэлсэн бүрийг нь шахуу хүлээн зөвшөөрч, ярьсан онигоо болгоныг нь ойлгон татаж унатлаа инээдэг болдог. Хамгийн том аюул нь эгодоо баригдсан манлайлагч алсын хараагүй болж, зан авир нь эрс эвдэрч, өөрийнхөө бас найз нөхөд, хамт олныхоо үнэ цэнийн эсрэг явж эхэлдэг. Эгодоо баригдан эрх мэдлээ ашиглах тусам эргэн тойрны хүмүүсээ манлайлах бүх хэл удирдаж чадахаа больдог. Иймээс эгогоо зөв удирдах нь шийдвэр гаргагч, удирдагч хүний хамгийн том хариуцлага ажээ.
Хүний эго, аминч үзэл, онгироо зан, "юм үзээгүй" байдал нь яг л ангийн байтай адил гэнэ. Эго томрох тусам бай томрон гадаад орчинд эмзэг болж бусдыг идэш болдог. Учир нь ийм хүмүүсийн зан төлөв, араншин, хандлага, хийх үйлдлийг нь урьдчилан таах бүрэн боломжтой. Нянгарууд, хурган дарга нар дандаа бусдын олз болсон эгогийнхоо хохирогч нар байдаг ажээ. Тэдний ард үргэлж хэн нэгэн тоглон эгог нь удирдан нохойны гинж шиг суллаж тавьж явдаг. Эдний хамгийн том аюул нь бусдыг сонсохоо больж эхэлдэг. Өөрийгөө амжилтын цорын ганц эзэн гэж бодсон хүмүүсийн зан авир эвдэрч, харилцаа нь нахальный бүдүүлэг, улам бүр амиа бодсон бэртэгчин орк болон хувирч, бусдын шүүмжлэлийг хүлээн авах бүү хэл сонсч чадахгүй болж, энэ зангаа бусдад халдааж эхэлдэг. Ийм байдалд орсон хүн бусдын алдаанаас суралцах боломжоо алдаж, өөрийгөө тойруулж барьсан хананаас болж бусдыг үнэлэх, хүндлэх, хайрлах, амжилтыг нь сайшаах, урам зориг өгөх ямар ч чадваргүй болдог.
Ингээд удалгүй өөрийгөө ертөнцийн төв гэж жинхнээсээ өөртөө буюу худалд итгэдэг болно. Энэ үе нь шат аархлын синдромын эцсийн шат бөгөөд энэ үеэс хүн хүссэн хүнээ хэлмэгдүүлэн яллаж, хүсээгүй хүндээ итгэхгүй байх эмгэгтэй болдог. Үр дүнд нь хамт олон, найз нөхөд, ахуй соёл, дадал зуршил, хандлагаа гээдэг. Ингэж билгийн нүд нь сохорсон хүн асуудлыг том зургаар харахаа болихоос гадна хамгийн аюултай нь хүссэн зүйлдээ л итгэдэг болно. Их олон таньдаг, мэддэг хүмүүс таны нүдэнд шууд харагдаж байгаа биз?
Санаандгүй бяцхан амжилт, гэнэтийн өндөр цалин, гоё оффис, хуурамч инээдүүд таныг хоромхон зуур эвдэж, эрүүл тархи чинь эгодоо идүүлнэ. Энэ бүхнээс сэргийлэхийн тулд нэн даруй бөгс долоогч нараасаа сал гэнэ шүү! Би амжилтын эзэн боллоо гэж бодож эхэлж буй үеэс эхлээд л та аархлыг синдромын эхний шатанд ордог юм гэнэ.
Бид улсаараа hubris syndrome буюу даргын синдром тусчээ. Хүлээн зөвшөөрөөд хурдан эдгэрье!!!
Төрд алба хашиж жижиг, том дарга хийсэн хүн
Зочин
Chimgee
оюунтуяа
Зочин
Архангайн танил
уншигч
Batzaya
Зохиолч
Зочин
Бат
Уншигч
Зочин