Х.Нямбаатар аа, нүдэнд чинь нүгэл шингэжээ
Ан агнуур гэдэг чиний төсөөлдөг шиг шууд буудаад устгаад мөнгөөр бороо оруулаад явдаг зүйл огт биш. Ийм солиотой юм бодож, ярьж явдаг Хууль зүйн сайдтай улс юм даа бид. Нүдэнд чинь нүгэл шингэжээ эрхмээ!
Манай Хууль зүйн сайд гээд нэлээдгүй онгиргон нөхөр байдаг даа. Үе үе гэнэт гарч ирээд лут лут акц хийдэг юм. Ээлжит “мэдэгдлээ” тэр нөхөр уржигдар хийлээ. Хууль зүйн сайд маань гэнэт л өнөөдрийг хүртэл хэрэгжиж байгаа “Амьтны тухай хууль”-д өөрчлөлт оруулж, Монголын ховор ан амьтдыг дуудлагаар худалдах тухай сүртэй мэдэгдэл хийлээ. Энэ нь жаахан эмгэнэлтэй бөгөөд инээдтэй санагдлаа. Ер нь манай улстөрчид гэнэт л ийм “сонирхолтой” сэдэв барьж аваад улайраад ирэхээр цаана нь заавал хэн нэгний ашиг сонирхол оршиж байдгийг монголчууд сайн мэддэг болсон л доо. Хамгийн хортой нь энэ бүхний ард улс орон, нийт ард түмний эрх ашиг хохирч үлддэг юм. Х.Нямбаатар энэ акцаа бараг хэлж дуусаагүй байхад энэ мэдээлэл нийгмийн мэдээллийн бүхий л сүлжээгээр зэрэгцэн тарахсан нь сонирхолтой бөгөөд сэжигтэй биш гэж үү.
Өөрөөр хэлбэл тэрбээр энэ алхмаа эртнээс төлөвлөж, төлөвлөснөө хэрэгжүүлэхийн тулд нийгмийн тархийг угааж байгаа хэрэг. Түүний хэлж байгаагаар ховор ан амьтдын агнуурыг хэдхэн хувийн компаниуд эзэмшиж, маш өндөр орлого олсоор ирсэн юм гэнэ. Тиймээс одоо энэ асуудлыг төр өөртөө авч ховор ан амьтдаа дуудлага худалдаанд оруулснаар Монголд ирэх жуулчдын тоо нэмэгдэж, аялал жуулчлал хөгжих юм байх аа.
Ийм тэнэг шийдвэр зөвхөн манай улстөрчдөөс л гарна. Өнөөдөр Монголын төсвийн 80 гаруй хувийг хувийн хэвшлийнхэн бүрдүүлдэг юм. Гэтэл төр тэднийг дэмжих бус бизнесийг нь булаан дээрэмдэх бодлого барьсаар ирлээ. Одоо тэдний нүдэнд Монголын ховор ан амьтад харагдаад эхэлж л дээ. Х.Нямбаатарын хэлж байгаа шиг хэдэн хувийн компани ховор ан амьтдыг агнах лицензийг эзэмшээд оцоотлоо баяжаад байгаа хэрэг үү.
Тэгээд төрд авахаар нийт монголчууд овоотлоо баяжих хэрэг үү? Ёстой энэ шиг худлаа үлгэр ч байхгүй. Төрд очсон нэрээр бүхий л бизнес жинхэнэ хэдхэн нөхдийн эзэмшил болдог нь хууль. Манай Байгаль орчны яамыг С.Оюунаас хойш дандаа улстөрчдөд үйлчилдэг манкурт “боол”-ууд тэргүүлж ирсэн нь гашуун үнэн.
Ялаанаас ч богино настай сайдууд зөвхөн томилсон эздийнхээ эрх ашигт үйлчилсэн шийдвэрийг гаргасаар ирсэн. Тэдэнд тодорхой менежментийн бодлого ч гэж байхгүй. Гагцхүү 2012 онд С.Оюун Байгаль орчны сайд байхдаа өнөөдрийг хүртэл хэрэгжүүлж ирсэн менежментийг бий болгосон юм. Тухайлбал, 2012 онд гаргасан “Амьтны тухай хуулинд” заасны дагуу тусгай аялал жуулчлал буюу спорт ан агнуурыг олон улсын жишгээр нутгийн иргэдийн оролцоотой байгаль хамгааллын хамтын менежментийг энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээд, ТББ-ууд хариуцсаар ирсэн. Энэ нь ямар чухал ач холбогдолтой , өгөөжтэй, хамгийн зөв бодлого шийдвэр байсныг Х.Нямбаатар мэт нь мэдэхгүй л дээ.
2012 онд бий болгосон энэ менежментээс өмнө Монголын ховор ан амьтдын тоо толгой жил тутам буурсаар ирсэн байдаг. Тухайлбал, 1990-2010 -аад оны хооронд манай улсын байгалийн үнэт баялаг болох зэрлэг ан амьтдын нөөц их хэмжээгээр багасч, зарим агнуурын амьтны тоо толгой үлэмж хэмжээгээр буюу бүр 90 хүртэл хувиар буурч, хулгайн ан хэрээс хэтэрч, байгаль цаг уурын хүнд нөхцөлд ан амьтдыг хариуцан хамгаалах эзэнгүй байлаа. Харин 2012 оноос хойш хувийн хэвшил нутгийн иргэдтэй хамтран ховор ан амьтан агнах хамгаалах менежментийг хариуцах болсноор ан амьтдын тоо толгой жил бүр байнга өсөн нэмэгдсээр ирснийг сүүлийн 10 жилийн тоо баримтаас “поп” сайд та харчихаарай. Аргаль угалзаар жишээ авахад 2011 онд 18140 тоо толгой байсан бол өдгөө 20 мянга гаруй тоо толгой болон нэмэгдсэн байна. Аливаа юм эзэнтэй болохоороо хорогдох биш өсөн нэмэгддэг гэдгийг мал хувьд очсноор өнөөдөр Монгол Улс 70 сая малтай болсон ойлгомжтой жишээ тодорхой харуулж байгаа биз дээ. Ховор ан амьдын тоо толгой нэмэгдснээс гадна орон нутаг тодохой орлоготой болж, нутгийн иргэдэд ажлын байр бий болж байгааг шийдвэр гаргагч эрхмүүдэд дуулгамаар байна.
Гэтэл үр ашигтай нь амьдрал дээр батлагдсан энэ схемийг Х.Нямбаатар хэмээх бараг аргаль угалзын ялгааг мэдэхгүй байж мэдэх нөхөр эвдэх нь л дээ. Ан амьдаа дуудлагаар худалддаг улс орон манай дэлхий дээр ганцхан Турк л байдаг юм гэсэн. Одоо тэгээд хоёр дахь нь манайх болох нь. БО-ны сайд Б.Бат-Эрдэнэ гээд салбараа огт мэддэггүй нэг тавиул нөхөр бий. Тэр сайд болоод ганцхан оронд айлчилсан нь Турк. Тэгээд тэндээс сурч ирснээ хэрэгжүүлэх гэж байгаа юм байх. Турк энэ бодлогоо алдаатай байж гэдгээ саяхан зарлаад засах гэж байгааг манай энэ шал “ногоон” сайд огт сонсоогүй яваа байх л даа.
АНУ-д ан амьтдыг дуудлага худалдаанд оруулах тохиолдол бий. Гэхдээ энэ нь агнуулах гэж бус хамгаалах бодлогоор дуудлага худалдаа зохион байгуулдаг юм. Дуудлага худалдааг төр нь биш ТББ, ангийн зөвшөөрлийг буюу амьтан алах эрхийг биш, ангийн зөвшөөрөл орсон үйлчилгээний багцыг , мөнгө олох зорилгоор биш ан амьтанг хамгаалах ажлыг санхүүжүүлэхээр дууддаг юм. Х.Нямбаатар сайд болохоор ховор ан амьтдаа дуудлага худалдаанд агнуулах зорилгоор оруулана гэж байна. Түүний хэлж байгаагаар гадаадын олон жуулчин, тэр ч бүү хэл гадаадын улс орнуудын ерөнхийлөгч, ерөнхий сайд нар Монголд ирж ан агнуур хийх юм гэнэ. Хэрвээ улсынх нь тэргүүнүүд ан хийлээ гэж сонсох аваас ард түмэн нь шууд л огцруулдаг юм Нямбаатар аа!
Ан агнуур гэдэг чиний төсөөлдөг шиг шууд буудаад устгаад мөнгөөр бороо оруулаад явдаг зүйл огт биш. Ийм солиотой юм бодож, ярьж явдаг Хууль зүйн сайдтай улс юм даа бид. Нүдэнд чинь нүгэл шингэжээ эрхмээ!
Эрхэм сайдын өргөн барьсан “Аялал жуулчлалын хууль”-ийн 17 -р зүйлд “Амьтан агнах тусгай зөвшөөрөл олгох тухай” гэсэн бүхэл бүтэн бүлэг оруулж “агнуурын аялал жуулчлалыг дэмжих зорилгоор аргаль, янгир, идлэг шонхор агнах барих зөвшөөрлийг дуудлага худалдаагаар олгоно” гэж бүр ил тодоор заасан байгаа нь цагаан дээр хараар байж байна.
Үгүй тэгээд аялал жуулчлалыг хөгжүүлэх гээд байгаа юм бол хөгжүүлэх тэр бодлогоо л тэр хууль шиг юмандаа тусга л даа Х.Нямбаатар аа! Амьтан агнах буюу байгалийн нөөцийг ашиглах тухай шал өөр харилцааг аялал жуулчлалын хуулинд авчирч хүчээр чихэх хүртлээ улайрах ямар хэрэг байна. Монголын төрд зарчим гэж юм огт байдаггүй болохын тод жишээ энэ буюу.
Зүйрлүүлж хэлбэл хэн нэгний арчилж ургуулсан төгөл ойг төр булааж аваад мод бэлтгэлийн хэн нэгний компанид дуудлагаар худалдаж болно гэсэн заалтыг тухайн үед ямар шинэ хууль орж ирж байна вэ гэдгийг харж байгаад “Банкны тухай хууль”-д ч чихэж мэдэхээр ийм тэнэг улайрсан үйлдлийг гаргаад байна шүү дээ! Х. Нямбаатар аа! Үйлдлээс чинь ийм л логик харагдаж байна Хууль зүйн Сайд аа!
Сүүлийн 10 жилийн хугацаанд хууль эрх зүйн өөрчлөлтөөр агнуурын ховор болон бусад амьтдыг хамгаалах арга хэмжээнд улсын төсөвт хөрөнгө төсөвлөхөө зогсоосон бөгөөд зөвхөн энэ төрлийн үйл ажиллагаа эрхлэгч хувийн аж ахуйн нэгжүүдийн санаачлага, төсөвлөсөн хөрөнгөөр болон өөрсдийн санхүүжүүлэлт, агнуурын нөөц ашигласны төлбөрийн тодорхой хувиар орон нутагтай хамтран агнуурын амьтдын ашиглалт, хамгааллын арга хэмжээг хэрэгжүүлж ирсэн юм шүү. Ийнхүү хаа хаанаа үр ашигтай нь батлагдсан тогтолцоог яагаад эвдэх гээд байна бэ. Нураахын оронд харин ч улам сайжруулах ёстой бус уу. Монголын зэрлэг ан амьтны хамгааллыг эзэнгүйдүүлбэл цаашид агнуурын нөөц улам багасч, олон улсын экспорт, импортын хоригт орж, Монгол Улсын нэр хүнд дэлхийн аялал жуулчлалын энэ зах зээлд навс унах болно.Цаашилбал орон нутагт тогтмол төсвийн орлоготой болсон тогтолцоо нурж, орон нутгийн иргэд хохирч үлдэнэ. Ийм зүйлийг хүсээд байгаа хэрэг үү Сайдаа!
Тогтсон зөв энэ менежментийг төр хүчээр эвдэж, ховор ан амьтдаа дуудлага худалдаанд оруулах нь Олон улсын Амьтан хамгааллын ёс зүй, Амьтны эрхийн хэв хэмжээг ноцтой зөрчсөн үйлдэл болно шүү гэдгийг эрхэм Сайдад эцэст нь дуулгая!