Нэг.

Өчигдөр НИТХ-ын ээлжит хуралдаан болсонгүй. Уг хуралдаанаар нийслэлийн газар олголт, хот төлөвлөлттэй холбоотой зарим асуудлыг хэлэлцэж, Иргэдийн хурлын тогтоол гаргах ёстой байв. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн гаргасан “зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилгын ажлыг зогсоох” тухай захирамжийг хэрэгжүүлэхэд уг тогтоол чиглэгдэх ёстой байлаа. Гэвч НИТХ-д суудалтай МАН-ын бүлэг “Хотын дарга мөрийн хөтөлбөрөө хэлэлцүүлж, төсвөө батлуулсангүй” гэдгээр шалтаглан ээлжит хуралдаанаас 14 хоногийн завсарлага авсан байна. Ингэснээр үлдсэн 14 хоногт Нийслэлийн ИТХ хийх ажилгүй сул зогслоо. 

Сануулахад энэ сард баригдаж байгаа хоёр барилгын кран унаж, хоёр хүний амь эрсдэн түүнээс олон хүн бэртэж гэмтээд байгаа. Үүнийг зарим нэг нь “Э.Бат-Үүлийг хотын дарга болсноос хойш хүн үхээд байна” хэмээн дайруулж байгаа ч үнэндээ барилгын салбар, хот төлөвлөлтийн бодлого түгшүүрийн харанга дэлдэж эхэлсний л нэг дохио.

Нэг үе монголчууд архинд бөөн бөөнөөрөө хордож амь насаа алдаж байв. Дараа нь уул уурхайн хууль бус олборлолтоос болж сум, аймгаараа цианат, натрид хордсон. Удалгүй сургуулийн хүүхдүүд өдрийнхөө хоолонд хордож..., түгшүүртэй мэдээ болгоны цаана аль нэг салбарыг дайрсан аюулын харанга дэлдэж байлаа. Одоо тэр аюулын харанга барилгын салбарынхныг дайрч байна. Энэ бол зөвшөөрөлгүй, хяналтгүйгээр, аюулгүй ажиллагааны стандарт зөрчин барьж байгаа аюул дагуулсан барилгууд. Харин энэ аюулын үрийг тарьсан газар нь хотын захиргаа өөрөө.

Баригдаж буй барилгууд дээр удаа дараа осол гарч хүний амь нас үрэгдсэний дараа уг ажилд хяналт тавьж байсан Нийслэлийн МХГ-ын дарга Ө.Бямбасүрэнг ажлаас нь халах саналаа хотын захирагч УМХЕГ-т гаргасан билээ. Гэтэл тэр шийдвэрийг УМХЕГ одоо хүртэл биелүүлээгүйгээр барахгүй, Ө.Бямбасүрэн нь өөрөө “Би ажлаа өгөхгүй” хэмээн мэдэгдсэн байна лээ.


Хоёр.

Шинэчлэлийн Засгийн газар УИХ-аар бүтцээ батлуулсныхаа дараа “төрийн албан дахь ажил үүргийн давхардлыг арилгаж, 600 хүртэл хүнийг цомхотгоно” гэдгээ мэдэгдсэн. 160 мянгаас өрдөө 600-г нь шүү дээ. Ингэхдээ мэдээж угаасаа хүрэлцэхгүй байгаа багш, эмч нар биш, харин хийсэн ажил нь хүнд хүрдэггүй, сул цалин аваад сууж байгаа хурган дарга нар, яам агентлагийн төвшинд л цомхотгол явж байгаа. Гэтэл жилийн жилд хотын төв талбай тойрч гороолсоор байгаад хэнийг төлөөлж байгаагаа ч мэдэхээ байтлаа толгой нь эргэчихсэн Үйлдвэрчний эвлэлийн хэдэн нөхөр “Төрийн албан хаагчийг цомхотгож болохгүй” хэмээн Засгийн газарт уриалга ч юм уу, сануулга ч юм уу хүргүүлнэ лээ. Араас нь МАН-ын нөхдүүд “Төрийн албаны мэргэшсэн боловсон хүчнийг улс төржүүлж, хоморголон халж байна” хэмээн уйлагнаж эхэллээ.

Дээр нь яам, агентлагууд дээр сайд нарын хийж байгаа томилгооноос үүдсэн бөөн бөөн гомдлууд. “Элбэгдоржийн ах агентлагийн дарга болчихлоо ш дээ, яах вэ. Н.Алтанхуягийн хүргэн албан тушаал очих гэнэ, одоо би яана аа” хэмээн сонин хэвлэл, интернэтийн хуудсуудаар дүүрэн нулимстай мэдээ захиалж, араас нь өөрсдөө үйж үхчих гээд л. Ерөнхийлөгчийн дүү, Ерөнхий сайдын хүргэн ажил хийж болохгүй гэсэн хууль журам хаана байна. Тавих ёстой шалгуураа ил тод зарлаад, тэр шаардлагад нь таарч тэнцээд л ажиллаж байгаа бол болоо биз дээ. Харин тэдний ажлаа яаж хийх нь вэ гэдгийг бол ёстой яс харах хэрэгтэй л дээ. Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй. Тэгж бусдын “бөгс ухаж” явахынхаа оронд өөрсдөө ингэхэд тэр албан тушаал дээр байхдаа чухам юу хийж бүтээж, юугаар энэ улс орныг гийгүүлснээ эргээд нэг харчих хэрэгтэй.

Гурав.

Ер ньтөрийн алба гэж юу юм бэ? Өнгөрсөн 20 жилд төрд ажилласан хүмүүсийн олонхи нь “Би төрийн хүн” гэж онгирч, төрийн албан хаагчийн эдлэх эрх, цалин хангамжийн тухай л ярьж ирснээс биш чухам хэний төлөө юу хийх ёстойгоо мэддэг нь ховор байсан юм шиг. Төрийн албан хаагчийн хүүхэд үнэ төлбөргүй сурах ёстой, төрийн албан хаагч хөнгөлөлттэй нөхцөлөөр байр орон сууцанд орох ёстой... Тэр бүх цалин хангамж нь хувийн хэвшлийнхэн, татвар төлөгчдийн хөлс хүчээр бий болсныг боддог хүн байсан юм уу. Харин цаана нь тэдний хүлээсэн үүрэг болох төрийн үйлчилгээ иргэдэд яаж хүрч байсан бэ гэвэл “ноль” заана.

Улаанбаатарын газрыг төрийн нэр барьсан луйварчид л хүүхэд тоглох байтугай хөл гишгэх зайгүй болтол нь зарж дуусаад одоо улаан зам дээр кранд даруулж үхэж байна. Тийм байхад хяналт тавих ёстой МХГ-ын дарга нь ямар нүүрээрээ “Би ажлаа өгөхгүй” гэж хэлж чадаж байна аа. Өчигдөр Авто замын газрыг татан буулгаж, салбарын яамтай нь нэгтгэснээс болж дахиад баахан хүн “Би ажилгүй болчихлоо” гээд бахирч байна. Улаанбаатарын замыг там болгосон хүмүүс ямар нүүрээрээ төрөөс ажил, төсвөөс цалин нэхэж чадаж байна аа.

Нэг ёсондоо манай төрийн албаныханд угаасаа үүрэг хариуцлага гэж байхгүйгээс гадна ёс суртахуун гэдэг юм бүр ч алга. Хийж чаддаггүй байлаа гэхэд түүнийгээ хэлээд огцордог, өргөдлөө өгдөг ёс зүйг энэ хүмүүст суулгаж өгөөгүй нь хэний буруу вэ. Өнгөрсөн 22 жил төр барьсан МАН, түүний бодлого, үйл ажиллагаанаас болоогүй гэж үү. Ийм байхад төрийн албаныхныг өөрчлөхгүй яах юм, ажлаа өгөхгүй хаачих юм. Хүнийг хийх гэж байгаа зүйлээс нь гадна хийсэн зүйлээр нь бас үнэлж болдог юм гэж Н.Алтанхуягийн хэлсэн нэг үг бий. Тиймээс төрийн албыг өөрчлөхийн тулд эхлээд энэ төрийг төрийн албаныхнаас өөрсдөөс нь цэвэрлэе. Тэгж байж төрийн албыг нийтийн алба болгох Ардчилсан намын бодлого сая ажил хэрэг болох юм шиг байна. Гүржид билүү, авлигатай тэмцэхээр амлалт авч гарч ирсэн Хууль зүйн сайд нь хамгийн түрүүнд цагдаагийн бүх ажилтнаа нэг өдрийн дотор ажлаас нь халсан байдаг. Тэгээд “Зөвхөн авлига авахгүй, ажил хийнэ гэсэн хүмүүс нь өргөдлөө гаргаад ажилдаа орж болно” гэсэн юм гэнэ лээ. Түүн шиг төрийн үйлчилгээний салбар болгон дээр энэ жишгийг хэрэглэе. 

Өчигдөр хурал хаясан НИТХ-ын МАН-ынхан ч гэсэндээ, юунаас айгаад хуралдаа сууж чадахгүй байгаа нь ойлгомжтой шүү дээ. Хэрвээ зөвшөөрөлгүй баригдсан тэр олон барилгын үйл ажиллагааг бүрэн зогсоогоод, нураагаад эхэлбэл барилгын компаниудаас авсан өөрсдийнх нь авлига, хууль зөрчиж олгосон газрын асуудлууд нь сөхөгдөөд ирэх учраас зугтаж байна. Харин хурал хаясан 14 хоногт хэн хожих вэ, МАН. Зөвшөөрөлгүй барилга барьж байгаа барилгын компаниуд нэг хоногт нэг давхар байшин барина, хоёр хоногт хоёр давхар, 14 хоноход 14 давхар байшин барина. Нэгэнт бариад дуусчихсан 14 давхар барилгыг нураах эрх мэдэл хотын даргад байх уу, үгүй юу. Ийм л эрх ашгийн золиосонд иргэдийн амь нас алдагдаж байна.

2012.09.14