Бичигч би үнэнийг хэлэхэд ардчилалд эргэлздэг нэгэн (гэхдээ үгүйсгэгч биш шүү). Ардчилал хэдийгээр улс төрийн тогтолцооны байж болох хувилбаруудын нэг мөн ч цаасан дээр бичигдсэн онол шигээ ажиллах тал дээр тийм ч сайнгүй гэж санагддаг юм.

Жишээ нь, ардчилсан зарчмаар гарсан шийдвэр нийтийн хүсэл зоригийг хамгийн зөвөөр тусгадаг гэдэгт олон хүн итгэдэг. Гэтэл нийгэм 51%, 49% болж талцах буюу бараг дундуураа хуваагдсан үед (үнэндээ заавал тиг дундуураа ч гэлгүй 60%, 40% дээр ч нийгэмд ангал үүсдэг) ардчилсан процедур тэр ангалыг улам л гүнзгийрүүлнэ үү гэхээс эвлэрүүлэх талдаа сайнгүй. Учир нь 50%+1 саналаар асуудлыг шийдэх нь цөөнхийн хувьд хүч түрсэн муйхар аргаас өөр юу ч биш гэж харагдах тул тэр шийдвэрийг хэрхэвч хүчин төгөлдөр (legitim шинжтэй) гэж үзэхгүй. Хүчин төгөлдөр гэж үзэхгүй бол тэр шийдвэрийг дагахгүй. Улмаар нийгмийн хагарал улам гүнзгийрдэг.

Ардчилалд эргэлзэх өөр нэг үндэслэл бол хувь хүний шийдвэр гаргах чадвар. Ялангуяа SNS-ээр намирсан өнөө цагт хүн нэг бүр өөрийн толгойгоор тунгааж, өөрөө шийдвэр гаргаж чадаж байна уу? Шулуухан хэлэхэд, ҮГҮЙ. Өнгөц харахад хүний язгуур эрхэд тооцогддог үг хэлэх эрх чөлөөг SNS тэргүүтэй өнөөгийн технологиуд улам дэмжиж буй юм шиг авч бодит байдал дээр төрөөс нийгмийн тархийг угаах боломж л улам хялбар болсоор байна. Учир нь эдгээр платформууд мөнгөөр ажилладаг. Харин мөнгө төрд л байдаг, төр л хэвлэх эрхтэй. Хувь хүн, хувийн хэвшил төртэй мөнгөөр өрсөлдөөд хэзээ ч барж дийлнэ гэж байхгүй.

SNS-д өдөр алгасалгүй тархиа угаалгаж суугаа бид чухам яаж өөрийн толгойгоор шийдвэр гаргах вэ дээ? Хэрэгтэй хэрэггүй скандал бөмбөгдөлт, хий дэмий мэдээллийн давалгаа, утга уянгын тасралтгүй эморлууд, бархирсан инфлүсэрүүд гээд олон зүйлс төрийн, эс бол эрх мэдэлд ойр супер баячуудын нүүдэл хийдэг хэрэгсэл болсон.

Тиймээс ардчилал энэ цаг үед хэвийн ажиллахад хүндрэлтэй болсон байна. Ардчилалд UPDATE хэрэгтэй болжээ.

Сонирхолтой нь ардчилалд UPDATE хийх оролдлого аль хэдийнэ ажил хэрэг болоод эхэлсэн сурагтай. Тайванийн "Цахим яамны сайд" асан Одри Тонг (Audrey Tang) хэмээх өнөө цагийн IQ гавлуудын нэг гэгддэг чухал хатагтай 10-аад жилийн өмнөөс нэгэн SNS платформ хөгжүүлж, түүнийгээ Тайванийн төрийн шийдвэр гаргалтад тун амжилттай ашиглаж байна гэнэ (Pol.is).

Тэрхүү SNS нь AI-д суурилсан ба үндсэндээ дараах зарчмаар ажилладаг. Нийгэмд тулгарсан алив асуудлын талаар хүмүүс өөрсдийн үзэл бодлоо чөлөөтэй бичнэ. Бичсэн постын доор хүмүүс коммент бичих боломжгүй ба зөвхөн дэмжих (like) дэмжихгүй (unlike) үйлдэл л хийнэ. Хэсэг хугацааны дараа олон дэмжлэгтэй постууд дээш гарч ирэх ба хэлэлцүүлэгт оролцогч хүмүүсийн үзэл бодол цөөн хэдэн саналуудад хуваагдаад ирнэ. Гэхдээ хамгийн сонирхолтой нь зүгээр л лайкийн тоогоор постуудыг эрэмбэлээд байхгүй. Хүмүүсийн бусад постуудад өгсөн саналыг харгалзаж үзээд, аль болох дэмжсэн болон үгүйсгэсэн группийн аль аль талын дэмжлэг авсан постууд илүү дээшээ гарах зарчмаар алгоритм ажиллана.

Нэг ёсондоо хэлэлцүүлгийн явцад эсрэг тэсрэг талуудын хооронд гүүр болохуйц дундын хувилбарууд илүүтэй алгоритмаар дэмжигдэх тул оролцогчид ч бас аль аль саналын сайн талуудыг тусгасан шинэлэг санаа бодож олохыг зорих юм. Ингэж явсаар дийлэнх олонхын санаанд нийцэхүйц дундын шийдэлд хүрч, түүнд суурилсан хуулийн төсөл парламентад очно гэсэн үг.

SNS дээр хүмүүс хар цагаанаараа ялгарамтгай юм шиг харагддаг. Саяхны "Огцрох амархан" хөдөлгөөн дээр гэхэд л олон инфлүсерүүд "Надтай санал нийлэхгүй бол шууд зайлаарай" гэхчлэн бичиж харагдсан. Гэтэл бодит байдлыг, амьд хүмүүсийн дотрыг уудлаад байвал хүн бүр үл ялиг ч бай өөр өөр харах өнцөгтэй, тэгсэн хэрнээ учиргүй хоорондоо гал ус шиг эвлэршгүй ч бас биш бололтой юм. Зөв зохион байгуулалт дор ухаалгаар хэлэлцвэл хэдий эрээвэр хураавар хүмүүс ч бай эцсийн эцэст нэг завинд суусан нэг эрх ашигтай л бол заавал дундын шийдвэрт хүрэх боломжтойг Тайванийн шинэчлэгдсэн ардчиллын туршлага давтан давтан харуулсаар байна.

Сонирхолтой жишээ гэвэл Тайваньд ижил хүйстний гэрлэлтийг тойрсон хэлэлцүүлэг өрнөжээ. Хувь хүний эрх чөлөөг дээдлэгч индивидуалист хэсэг "Ижил хүйстэй хосууд ч бас эсрэг хүйстэй хосуудтай эн тэнцүү түвшинд эрх, үүргээ хуулиар зохицуулуулах эрхтэй" гэж үзэж. Харин гэр бүл, коммюнитиг чухалчлагч хэсэг "Бид уламжлалт бус ургийн холбоонд татагдан орж, тийм гэр бүлийн нэг гишүүн болохыг хүсэхгүй байна" гэж. Шулуухандаа бол "охиныхоо эхнэрийг", "хүүгийнхээ нөхрийг" хармааргүй байна гэнэ.

Энэ хэлэлцүүлгийн эцэст Тайваньд ямар хууль батлагдсан гэж бодож байна? Нэг талаар төр ижил хүйстний гэрлэлтийг албан ёсоор хүлээн зөвшөөрч, хуулиар баталгаажуулахаар болжээ. Үнэндээ коммюнитиг чухалчлагчдын хувьд тэдгээр этгээд хосуудын ямар эрх эдлэх нь тийм ч сонин байсангүй. Харин нөгөө талд ургийн холбоог хуулиар баталгаажуулахгүй байхаар болсон байна. Ингэснээр ижил хүйстэй хосууд хоорондоо л гэрлэсэн төдийд түүндээ гэр бүлийнхнийгээ татан оролцуулах шаардлагагүй болжээ. Ямар вэ дээ? Эвлэршгүй мэт үзэл бодлын ялгарлаас ч бас дундын шийдэл гарч болж байгаа биз? Гарах гарахдаа тун ч философилог, тэгээд бас илүү дэвшилтэт шийдвэр ч гэмээр.

Өнөөгийн Фэйсбүүк тэргүүтэй SNS платформууд хүмүүсийг үзэл бодол, дур сонирхлоор нь ангилж сегментчилэх алгоритмаар ажилладаг. Ингэх нь тэдэнд зар сурталчилгааг илүү үнэ хүргэж зарахад тустай болохоор тэр. Ухаандаа, компанийн маркетингийн алба зорилтот үйлчлүүлэгчдээ Фейсбүүкийн цэснээс хайх нь илүү үр дүнтэй гэсэн үг л дээ. Иймэрхүү хандлага 2015 оны үеэс анхалж хэрэгжсэн гэдэг ба үр дүнд нь өнөөдөр бид нэг нийгэмд амьдарч байна гэж хэлэхийн аргагүй өөр өөр ертөнцийг хардаг болсон байна. Таны өдөр тутамдаа хардаг мэдээ мэдээлэл, сонин хачнууд минийх дээр огт гардаггүй байх магадлалтай. Тэгэхээр та бид 2 өөр ертөнцөд амьдардаг атал өнөөгийн ардчилсан тогтолцоо биднийг нэг шийдвэрт хүрэхийг хүчилдэг болж таарч байна. Тийм байхад бид бие биенээ үзэн ядахгүй гээд яах ч билээ. Үзэл бодол зөрсөн бусад хүмүүсийг "Харсаар байтал нөхцөл байдал ийм байхад яаж сэтгэхээрээ ингэж балайрдаг байна аа?" гэж шогшрохгүй гээд яалтай.

Гэвч энэ бол угтаа технологийн буруу биш юм. Харин технологийг ямар зорилгоор ашиглаж байна вэ гэх цаад сэдлийн асуудал. Тэгээд тэр сэдлийг нөхцөлдүүлж буй мөнгө төвтэй эдийн засаг, нийгмийн тогтолцооны асуудал. Энгийн бид бодохдоо иргэншлийг технологи, шинжлэх ухаан л цэцэглүүлээд байгаа юм шигээр төсөөлдөг авч үнэндээ технологиосоо илүү эдийн засгийн тогтолцоо түүний хаашаа явахыг чиглүүлдэг. Харин тэр тогтолцоо ч бас технологитойгоо адилаар хөгжүүлж, шинэчлэх боломжтой инновацийн нээлттэй орон зай ажээ.

Тун удахгүй "АН уу, МАН уу? Аль нэгийг нь сонго!" гэдэг бидний уламжлалт арга барил "Democracy 1.0" гэдэг лац зүүгээд, хоцрогдсон бүдүүлэгт тооцогдож тун мэдэхээр болжээ. Цаана чинь хүмүүс илүү нягтаршил сайтай "Democracy 3.0 Beta" хувилбарыг нь туршаад явж байна даа.