…Дэлхийн олон талт дипломат бодлогын ашиг сонирхлын уулзвар нь өнөөдөр Монгол болчихов бололтой… гэж нийтлэлч, хятад судлаач, дипломатч Д.Баярхүү гуай хэлсэн харагдсан.Тодорхой хэмжээнд эрхэмтэй санал нэг, адил өнцгөөр харж, дүгнэж бодож байгаагаа өгүүлсү. Өнгөрсөн хаврын хоёрдугаар сараас хойш Монголд Япон, Польш, ОХУ-ын Гадаад хэргийн сайд нар бараг шил шилээ даран айлчилсан. Тэгвэл уржигдар орой өмнөд хөршийн Гадаад хэргийн сайд Ван И Улаанбаатарт нисэн ирж хоноглоод өчигдөр буцлаа. Айлчлалын үр дүнг хоёр тал хоёулаа “онцсайн” гэж үнэлжээ. Ингэж үнэлэхээс ч аргагүй асуудлуудыг шийдсэн юм билээ. Яг ямар асуудлуудыг вэ гэдгийг 3 сая монгол тэр чигээрээ л бие биендээ мэдээлчих шиг боллоо. Сошиалаар л нэг “хахаж” байна билээ.

Монголын Гадаад хэргийн сайд Б. Батцэцэгийн урилгаар энэхүү нөлөө бүхий улс орнуудын Гадаад хэргийн сайд нар цуварч айлчиллаа гэж байна. Үнэн л дээ. Гэхдээ манай “үзэсгэлэнт” сайдын урилгаас гадна эдгээр улс орны төдийгүй дэлхийн бусад улс орны дээд зиндааны нөлөө, эрх мэдэл бүхий эрхмүүдийн зүгээс Монголд айлчлах сонирхол илт ихссэнийг үгүйсгэх хэрэггүй байх.Тийм ч учраас Д.Баярхүү судлаач дээр дурдсан томьёоллоо хэлсэн буй за.

Тухайлбал, Ван И -тэй шууд зөрөөд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хөлөглөсөн онгоц Хөшигтийн хөндийд өчигдөр газардаж байх жишээтэй. НҮБ-ын дарга бол Ерөнхий сайдын урилгаар ирж байгаа юм байна. Мэдээж Эгийн голын УЦС-аас эхлээд эерэг олон асуудлын гарцыг гаргаж өгөх байх гэсэн хүлээлт Монголын талд бий.

Бид зөвхөн уриад суугаа биш бололтой. Манайхныг ч бас АНУ-ын Ерөнхийлөгч Байден өвгөн, Германы канцлер Шольц нар тус тус ойрын үед айлчлаач гэж урьсан сураг дуулдаж байна. Мөдхөн манай хэд нисэцгээх биз. Хамгийн гол нь юуг өгүүлэх гэсэн бэ гэхээр өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн эрс өөрчлөгдсөн олон улсын харилцаа, дэлхийн нөлөө бүхий улс орнуудын улс төр, эдийн засгийн бодлогын хүрээнд Монгол Улсыг гойд анхаарч эхэлсэн нь анзаарагдаж байна. Тодруулж хэлбэл олон улсад шинээр үүссэн өнөөгийн цагийн нөхцөл байдалд Монгол Улсын баримтлах байр суурь, бодлого дэлхийн бодлогыг тодорхойлогч улс орнуудад нэн чухал байгаа юм байна гэж хэлж болмоор санагдана. Тэр нь ч мэдрэгдэж байна. Японы болон Польшийн Гадаад хэргийн сайд нар Орос-Украины дайнтай холбоотойгоор Монгол Улсын байр суурийг яг таг тодорхой мэдэхийг хүссэн байсан. Тэгвэл ОХУ-ын Гадаад хэргийн сайд С. Лавров бас л ижил зүйлийг сонирхохдоо нэлээд дээрэнгүй хандаж шахалт дарамт үзүүлснийг мэднэ. Гэхдээ Ерөнхий сайд маань ямарч байсан асуудлыг тэр бүхэнд эвтэйхэн зохицуулаад гарчихсан нь магтууштай.

Эгийн голын УЦС- тай холбоотой гацсан асуудал болон АИ-92 бензиний үнийг тодорхой хугацаанд нэмэгдүүлэхгүй байх талаар нааштай хариуг тэрбээр ихэмсэг, дээрэлхүү орос өвгөнөөс авч чадсан байсан. Сая Ван И сайд Эрдэнэбүрэнгийн УЦС-ын санхүүжилтыг ямар ч асуудалгүйгээр эцэслэн шийдсэнээ зарлалаа. Зайлуул хэдийгээр хамаг байдгаараа хараалгуулж, муу хэлүүлж байгаад ч болов хоёр жил шахам зүтгэж байж Хятадын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Монгол Улсын баруун бүсийг (Ховд, Баян-Өлгий, Увс, Говь-Алтай) найдвартай эрчим хүчээр хангах эх үүсвэрийг бий болгочихлоо шүү дээ Ерөнхий сайд маань.

Манай их мэдэгчид, сошиал мэдээллийн хүчирхийлэгчид, сайн дурын онолчид, тэр тусмаа гадна дотно амьдрагч “халуун эх орончид” , хийрхсэн троллуудын бузар хар хэл ам, хараал ерөөл, зохион байгуулалттай эсэргүүцэлтэй энэ Засгийн газраас гаргасан шийдвэр, алхсан алхам бүр тулж байгаа нь илт анзаарагддагч, нөгөө талаар энэ бүх үгүйсгэл, эсэргүүцлээс алдаагаа төдийгүй илүү амжилттай яваагаа олж харж болох сайн талтайг бодолцоод цааш улам шийдвэртэй ажиллах хэрэгтэй юм залуу Ерөнхий сайдын хувьд.

Аливаа нэг зүй тогтолд нурж болох эс бөгөөс сэхэж сэргэж болох ЭРГЭЛТИЙН ЦЭГ заавал байдаг гэдэг.

Магадгүй өнөөгийн дэлхийн улс орнуудын харилцаанд гарч буй энэ ээдрээтэй цаг үе, нөхцөл байдал Монгол Улсын хувьд маш том эерэг БОЛОМЖ байж болох юм. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд ч өөрийгөө чухам хэн бэ гэдгээ харуулах таатай ЭРГЭЛТИЙН ЦЭГ ирсэн байж мэднэ. Хамгийн гол нь ухаантай, мэдрэмжтэй, бас шийдэмгий байгаасай билээ.

Андлалын хөшөө, шавар шохой мэтийн тэнэг төсөл хөтөлбөрүүд дахин хэрэгжүүлж онигоотох хэрэггүй юм байна гэдгээ эрхбиш одоо ухаарсан биз ээ!

Боомтын асуудлыг цуцалтгүй ярьж хөөцөлдсөөр ямар ч байсан Гашуунсухайт-Ганц модны боомтын терминалын асуудал эцэслэгдсэн юм байна.

Ханги-Мандалын боомтын асуудал ч тодорхой болчихож. БНХАУ-ын тал манайхаас авах нүүрсний импортынхоо хэмжээг нэмэгдүүлнэ гэж Ван И батлан хэлсэн байна билээ. Болж байна. Нүүрсний экспорт нэмэгдэнэ гэдэг Монголын хувьд ” мөнгөн бороо” орж эхэлнэ ээ л гэсэн үг. Хятадын тал ямар ч байсан бидний хүлээж хүссэнээс ч давсан гэж хэлж болох БОЛОМЖ -уудыг амлалаа. Энэ бүх БОЛОМЖ-ийг тэгээд эрчимтэй хөгжлийн зүг эргүүлэх ЭРГЭЛТИЙН ЦЭГ болгож чадах эсэх нь Монголын Засгийн газар, эрхэм Ерөнхий сайд таны шууд чадвар чансаатай холбоотой асуудал болж хувирсаан гэсэн үг.

Ямар ч байсан дэлхий даяар халдварт цар тахалтай тулж,, эдийн засаг, улс төр хямарч, дайн тулаан өрнөж, хүн төрөлхтөн хүнс, эрчим хүчний хомсдолд орж, ужиг зовлон бэрхшээлтэй нүүр тулгарах болоод байгаа энэ үед стратегийн иж бүрэн түншлэлтэй хоёр их хөрштэйгөө болон гуравдагч хөршийн улс орнуудтай харилцах тэнцвэрт харилцаагаа гал алдахгүйгээр авч явж чадаж байгаад тань талархахаас өөр яахсан!

…Монголд Путин шиг, Меркель, Шинзо Абэ, Ши Жинпинь шиг удирдагч хэрэгтэй байна.

Үх, далд ор! Оюук, Эбэ, Хүүк …энэ тэр гэж харааж зүхэгсэдтэй үнэндээ санал огт нийлдэггүй гэдгээ энд зориуд онцлон дурдсу!

Тэр тусмаа Монгол мөхөж, сүйрч байна…бла бла гэж өдөр шөнөгүй, цаг хором тутам элийрч, балайрагсад зүгээр л зайлцан байг цаашаа.

Монгол Улс өнөөдрийн Америк биш, Орос, Герман, Япон биш.

Өнөөгийн Монголын минь нөхцөл байдалд тэр гаднаас жишээлээд байгаа удирдагчдын чинь хэн нь ч байгаад манай муу хэлэгдээд байгаа хэдээс нэг их ялгарч чадах байсан уу гэдгийг эрэгцүүлээд нэг бодоод үзээрэй бүхнийг мэдэгч, бүхнийг үгүйсгэгчид ээ!

Өнөөдөр хятадгүйгээр, оросгүйгээр Монгол яахын!!!

Хятадын ч, Оросын ч дэмжлэг, туслалцаа, нааштай найрсаг харилцаагаа, өгч буй, олгож буй боломжуудыг монголчууд бид цаг хормыг өчүүхэн ч алдахгүй үр дүнтэй ашиглах л хэрэгтэй шүү дээ. Хэн хэн нь Монголыг гэж байгааг нь үнэхээр таатай боломж.

Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг хөнгөлөлтэй зээлээр барьж өгснөөрөө Хятад Монголыг эрхшээлдээ оруулчихаж байгаа юм энэ тэр гэж тэнэгтэхээ манайхан харин больчих оо!

Энэ Засгийн газарт алдаа ч бий, оноо ч бий. Бүгдээрээ л харцгааж байна. Бас харьцангуй хүнд, тун ч адармаатай цаг үед Л.Оюун-Эрдэнийн багийнхан ажиллаж байгааг үгүйсгээд яахын!!!

Гаднын улс орнууд хүртэл Монголын Засгийн газарт итгэж “Шинэ сэргэлтийн бодлого” , “Алсын хараа-2050”, “Талын зам” төсөл, хөгжлийн хөтөлбөрүүдийг нь дэмжье, хамтарч ажиллая гэж байна шүү дээ!
Гэтэл монголчууд өөрсдөө үгүйсгэж, харлуулж, хараацгаагаад байдаг нь юу билээ.

Үнэхээр сайн сайханд хурдан хүрцгээе л гэж хүсдэг бол хэл амаа бус гар хөл, тархи толгойгоо хөдөлгөж, шавхмаар санагдах юм даа!