УИХ-ын нэр бүхий гишүүд Засгийн газрын 55 дугаар тогтоол Ерөнхий сайдын суудлыг ганхуулаад зогсохгүй бүтэн долоо хоногийн маргаан, төрийн ажлын гацаалтыг дагуулав. Уг нь 55 дугаар тогтоолыг нь харахаар өмнөх Засгийн газрын үед гаргасан алдаатай шийдвэрийг залруулж дотоодын ААН-үүдээ дэмжсэн агуулгатай. Тухайлбал, Засгийн газрын 2021 оны 174 дүгээр тогтоолыг Сангийн сайд Б.Жавхлан хэрхэн зөрүүдэлж байгаад гаргасныг олон нийт мартаагүй байх. Үр дүнд нь АМНАТ-ын өр гурван их наяд төгрөгт хүрэв. Хувийн хэвшлийн 20 гаруй үйлдвэр хаалгаа барьж, банкны өр тэврээд үлдсэн. Мөн 1500-аад хүн ажилгүй болж тэдний цаана олон гэр бүлийн орлого багассан гээд яриад байвал сөрөг нөлөө нь тоочиж баршгүй. Үүнийг л засаж залруулах, гацаанаас гаргах, тухайн компанийн олоогүй орлогод татвар ногдуулдаг байсныг болиулж бодит буюу биржийн үнээр тооцоход чиглэсэн шийдвэр юм.Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ 40 гаруй хувиар буурсан ч манай төрийн татвар буураагүй. Нүүрснээс бусад уул уурхайн бүтээгдэхүүний үнэ буурсан ч АМНАТ-ыг жишиг үнээр тооцсон хэвээрээ байж болохгүй биз дээ. 

Өнөөдөр дэлхий дахинд эдийн засгийн тогтворгүй байдал нүүрлэж, улс орон бүр геополитик, геостратегийн талаасаа урьд хожид тулгарч байгаагүй хүндрэлүүдтэй учирч, эрсдлийг урьдчилан тооцоолж ёстой л амь тэмсэн ард иргэдээ тэжээх бодлого боловсруулж байна. Гэтэл Монгол Улс, Монголын төр хувийн хэвшлээ дэмжих гэхээр нь хардаж сэрддэг, ямар нэг үндэслэлгүй их хэмжээний алдагдал, өр төлбөр, авлига “зохиож” гаргаж ирээд улс төр хийдэг болчихож. Үүнээс өөрөөр Ч.Сайнзориг гишүүний “санаачилсан” 200 тэрбумын алдагдалтай Засгийн газрын 55 дугаар тогтоолд өгөх тайлбар, хийх дүгнэлт даанч алга.Улстөрчдийн өнөөдрийн шийдвэрүүдийг хараад байхад хувийн хэвшлийг дэмжих тухай ярихаар л Оюутолгойгоо ярьдаг, асарч халамжлах, анхаарч сувилах, аль эсвэл хийсэн гэрээгээ ухаж төнхөх, урж тасдах, цоо шинэ “дээрэм хийх” санаа гаргаж популизм хийдэг. Монголын улстөрчид монгол компаниуд руугаа харах цаг болжээ. Үүний тулд хийх хамгийн эхний алхам нь уул уурхайн салбарын тогтвортой ажиллагааг хангахын тулд жишиг үнийг шинэчлэх шаардлагатай. Ингэхийн тулд хэдэн сайдаа уул уурхайн компаниудтай хий хардаж, тэдгээр уурхайг зэвүүцэх, өширхөх бус эргэн тойрноо харж, олон улсын эдийн засгийн тогтворгүй байдал, дотоодын нөхцөл байдлыг харгалзан, нүүрс, хайлуур жонш, төмрийн хүдрийн жишиг үнийг Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж буй бодит үнэд тулгуурлан шинэчлэх, энэ салбарын тогтвортой хөгжлийг хангаж эрсдлээс сэргийлэх нь чухал. 

Уул уурхайн салбарыг онцлохын учир нь өнгөрсөн онд л гэхэд зөвхөн энэ салбар улсын төсөвт 10.3 их наяд төгрөгийн орлого оруулсан байгаа юм. Өөрөөр хэлбэл, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн халамжийн нийт зардлын ихэнхийг дангаараа бүрдүүлсэн гэсэн үг. Гэтэл бараг өдөр бүр төрийн ордны гадаа боловсрол, эрүүл мэндийн салбарынхны цалинг нэмэх шаардлага тавиад байна шүү дээ. Төр боловсрол, эрүүл мэндийн салбарынхандаа цалинг нь нэмэх амлалт өгч, түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд бодлогын зохицуулалт хийх хэрэгтэй. Тиймээс Засгийн газрын 55 дугаар тогтоол бол “Ч.Сайнзоригийн шүүх” орж, түүний популизмаар Ерөнхий сайдыг огцруулах бус боловсрол, эрүүл мэндийн салбарынхны цалинг нэмэх, нийгмийн салбарын зардлыг олох амь тариа мэт чухал шийдвэр юм шүү. Уг нь Ч.Сайнзориг уул уурхайн салбарыг мэддэггүй хүн огт биш. Уур амьсгалыг нь мэдэрч гар нийлж ажилллаж байсны хувьд уул уурхай зогсвол эдийн засаг ч, хөгжлийн хурд ч зогсоно гэдгийг сайн мэдэж буй. Харин УИХ-ын гишүүн болсныхоо дараа ээлтэй тогтоолоор нь улс төр хийж өндөр ашиг орлого төвлөрүүлдэг үндэсний цөөн хэдэн компани руу дайрахын оронд төрийн өмчит компаниудын ашгийг нэхээд хашгирч явсан бол “бай”-гаа онох байлаа. Тэр яриад байгаа “нүүрсний хулгай” гэгч чинь төрийн өмчит компаниудын уурхайд л нүүрлэж байснаас биш хувийн хэвшлийнхэн хэвийн л ажиллаж өдийг хүрсэн. Гэтэл төрийн өмчит компаниудаа цэгцлээгүй байж уул уурхайн компани бүрээс 34 хувийг баялгийн санд төвлөрүүлнэ гэж хавтгайруулах нь өнөөх л хариуцлага тооцож чаддаггүй нүүрсний хулгайнхаа цар хүрээг нэмье гээд байгаагаас ялгаагүй харагдана. 

Жишээ нь бид Оюутолгойд 50-иас илүү хувийг авах ёстой гэж чамлаж цамнасаар байж 34 хувийг авсан. Гэтэл баялгаасаа өгөөж хүртэх биш харин нийт тавьсан өр зээлийнх нь 34 хувийг хамт үүрэлцэх болчихсон. Үүнийгээ зээлсэн, хүү төлсөн, хуримтлагдаж өр үүссэн, гуйсаар байж хэлэлцээрт орж өрөө тэглээд цаашаа алхах болоход гэрээгээрээ оролдсон улстөржилт эхэлсэн. Үр дүнд нь 2023 онд хүртэх байсан өгөөжөө 2038 онд хүртэж магадгүй. Дахиад улстөржиж гэрээгээрээ оролдвол өгөөж хүртэх хугацаа улам хойшилно. Ингээд анх хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахад манай тал 53 хүртэл хувийн өгөөжийг хүртэнэ гэж заасан. Өнөөдрийн байдлаар дөнгөж 27 орчим хувиар хэмжигддэг. Гэрээнд зааснаас талыг нь л хүртсэн. Энэ нь үр өгөөжийн тэнцвэр алдагдсан буруутай бодлогын алдаа. Алдааг засахын тулд гэрээг сайжруулахгүй ёстой. Ингээд Г.Занданшатарын Засгийн газар Оюутолгойн гэрээг сайжруулах, стратегийн нөөц бүхий ордод үйл ажиллагаа явуулж буй үндэсний компаниудтай баялгийн өгөөжийг ард түмэндээ авчрах хэлцэл эхлүүлээд байтал ахиад л улс төр улайсаж Засгийн газрыг огцруулахаар бойкот хийж эхэллээ. 

Тэгэхээр Ч.Сайнзориг гишүүн хэнд үйлчлээд байна вэ? Яагаад улс төрийнхөө зодоон дундаа үндэсний хэдэн компаниудаа хийгээд өшиглөх болов? Гарц гаргалгаа гэвэл төрд үүрлэсэн хулгайгаа зогсооё гэвэл стратегийн ордод төрийн эзэмших хувийг 34 хувь гэж улайрах биш харин төр өөрөө ямар ч эрсдэл хүлээхгүйгээр АМНАТ-аа авч Баялгийн сандаа ил тод хуримтлуулах л асуудал. Байгалийн баялгийн үр шимийг өрх бүрт, иргэн болгонд хүртээе гэвэл үүнээс дээр шийдэл үгүй.Тэгэхгүй бол наанаа 34 хувийг төр авлаа гэж сайхан “попорч” болох ч бодит байдал дээр Оюутолгойн алдааг давтаж ард түмэндээ 34 хувийн өгөөж биш өр алдагдал л авчрах болно. 

Яг энэ асуудлаар ААН-үүдтэй хэлэлцээрээ хийж эхэлмэгц Ерөнхий сайдыг огцруулъя гэж байна. Ингээд бодохоор Монголын язгуур эрх ашгийн төлөөх шийдвэр гаргахын өмнө Засгийн газраар оролддог гадны гар хөл энэ удаа ч оролцсон байхыг ч үгүйсгэхгүй.      Дээрх асуудлыг цэвэр шийдье гэсэн бол Засгийн газрын 55 дугаар тогтоолыг Үндсэн хуулийн цэцэд өгч болох байсан. Үүнийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд өөрөө “гуйгаад” байгаа. Гэтэл Ерөнхий сайдыг л огцруулъя гээд байна. Энэ ямар зорилготой шийдэл вэ? 

Нүүрс экспортлогч компаниуд баталгаажаагүй орлого, жишиг үнэд суурилан татвар төлж, эдийн засгийн эрсдэлийг дангаар үүрсээр ирсэн. Бодит үнэд үндэслэсэн шударга, ил тод татварын тогтолцоог нэвтрүүлэх шаардлагатай байна. Үүнд хэн дургүй байна вэ?АМНАТ-ийг биржийн үнээр тооцох нь компаниуд илүү шударга өрсөлдөж, орлого нь ил тод болж, улсын татварын орлого өсөхөд нөлөөлнө. Ингэснээр баялгийн сан нэмэгдэж бидний ирээдүйг улам найдвартай болгох салбарууд болон цаашид өндөр өгөөж өгөх төслүүдэд хөрөнгө оруулалт хийж бидний цалин, тэтгэвэр өсөх бодит боломж үүснэ. Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт нэмэгдсэнээрээ төсвийн орлого 100 орчим тэрбумаар нэмэгдэх тооцоолол бий. Үүнд бас хэн дургүйцээд байна вэ? Бодолцох л хэрэгтэй. Эцэст нь хэлэхэд Ерөнхий сайдыг огцруулах нь түүний Засгийн газрын тогтоолыг Үндсэн хуулийн цэцэд өгөхөөс илүү чухал гэж үзэж буйд “но” байна.