Эрдэнэт үйлдвэрийн “хоточ банхар” өөрийгөө АТГ-т шалгуулахаар өгчээ
Төсвийн саалийн үнээг "алж идэхээр" завдсан хориод компани хэнийх байв?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон өөрийгөө АТГ-т шалгуулах хүсэлт гаргасан гэх мэдээлэл байна. Энэ нь УИХ-ын гишүүн С.Ганбаатарын АТГ-ын үүдэнд хийсэн мэдээлэлтэй холбоотой бололтой. Тэрбээр өөрийг нь авлигын гэмт хэргээр шалгах болсныг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй холбон тайлбарласан. Мөн “Эрдэнэт үйлдвэр”-ийн Гүйцэтгэх захирал Г.Ёндонг тендер болон зэсийн баяжмалын экспортоор хулгай хийдэг, мөнгө угаадаг, тиймээс тус үйлдвэр алдагдалтай ажилладаг гэх мэдээллийг хэвлэлийнхэнд өгч байсан билээ.
Тэгвэл тус үйлдвэрийн Ерөнхий захирлаар Г.Ёндонг томилсноос хойш ямар нөхцөл байдал үүссэн байж болох вэ гэдгийг эрж хайж үзлээ. Мэдээж тэнд тогтоосон онцгой дэглэмийг цуцлаагүй байгаа учраас мэдээлэл олоход амаргүй байна. Уг дэглэмийг цуцлах эрх Засгийн газарт л бий. Тэр болтол нууцын зэрэглэлд хамрагдах зарим ноцтой мэдээг ил болгож олон нийтэд хүргэх үүргээ биелүүлэх нь зүйн хэрэг байх. Жишээ нь миний бие өмнө нь “Эрдэнэт үйлдвэр”-тэй тендер зарлахгүйгээр шууд гэрээ байгуулсан болон онц байдал зарлахын өмнө их хэмжээний зарлага гаргаж авсан зарим фактыг дэлгэж байсан билээ. Хамгийн сүүлд 2019 оноос хойш буюу Онцгой дэглэм тогтоосноос хойш тус үйлдвэртэй хэн, ямар гэрээ хийж буй, тэр нь зөрчилтэй эсэх талаарх мэдээлэл олон нийтэд мэдээлэл хүргэдэг бидний хувьд тун хомс болсон. Харин УИХ-ын гишүүн С.Ганбаатарын мэдээллийн мөрөөр тухайн үед юу болсон талаар мэдээлэл хайж яваад нэгэн сонирхолтой факттай тулгарсан юм.
Г.Ёндон 2022 оны есдүгээр сарын 12-ны өдөр “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирлаар томилогдсон байдаг юм. Тэрбээр томилогдонгуутаа 2022 оноос өмнө зохион байгуулагдсан тендер шалгаруулалтын үр дүнд гэрээ байгуулан ажлаа хийж дуусгасан болон хийж байсан компаниудын зүгээс бараа материал, тээвэр логистикийн зардал өссөн гэх шалтгаанаар нийт 183 тэрбум төгрөг нэхэмжилсэн нөхцөл байдлаас ямар нэг "үнэр" авч, анхаарлаа хандуулсан байдаг юм.
Тухайн үед нэр бүхий 19 компанийн нэхэмжлэлийг бодитой гэж үзээд Барилга, хөгжлийн төв магадлал хийгээд баталгаажуулсан, тэр ч байтугай “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас тэдний нэхсэн 183 тэрбум төгрөгийг олгохыг холбогдох байгууллагуудад зөвшөөрч, 2023 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөндөө тусгачихсан юу юугүй олгох гэж байв. Ингээд зарлага гарахын өмнөхөн томилогдож очсон шинэ захирал ийм хэмжээний зарлага гаргахын өмнө 183 тэрбумын төлбөрийг аудитын байгууллагаар хянуулж байж дахин шийдвэрлэхээр болсон байна. Тус үйлдвэрийн удирдлагын багийн зарим нэгний санал болгосон дотоодын аудитын компаниудын жагсаалтыг тэрбээр үл тоон зөвхөн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аудитын хараат бус дүгнэлтэд үндэслэж шийдвэрлэнэ гэсэн “лантуу” буулгажээ. Гэнэт баяжих шахсан компаниудын хувьд энэ бол гэнэтийн цохилт байв. Ингээд тэрбээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аудитын дөрвөн том компаниас “Кей Пи Эм Жи аудит” ХХК-ийг шалгаруулж, нягтлуулан дүгнэлт гаргуулаад оролцогч талуудтай хэлцэл хийж эхэлсэн байна.
"Саалийн үнээг хуйвалдаж махлах" төлөвлөгөө бүтэлгүйтсэн нь
Ямар хэлцэл вэ гэж үү? Жишээ нь “Танай компани Эрдэнэт үйлдвэрээс 28 тэрбум төгрөг нэхэмжилсэн байна. Аудитын дүгнэлтээр бол 13.3 тэрбум төгрөг л төлөхөөр байна. “Танайх 790 сая төгрөг нэхэмжилжээ. Гэхдээ уучлаарай, 554 сая төгрөг л өгнө”, Танайх 19.2 сая ам.доллар нэхэмжилсэн боловч аудитын дүгнэлтэд үндэслэн манай үйлдвэр 11.9 сая ам.доллар өгнө” гэхчлэн нийт 16 компанитай хэлэлцээрт орсон байгаа юм. Мэдээж бүгд зуун хувь зөвшөөрөөгүй. “Манай компанийн гаргасан илүү зардлыг төрийн байгууллагууд баталгаажуулсан, танай төлөвлөгөөнд тодотгол оруулж олгохыг зөвшөөрсөн" гэх мэтээр "гэдийсэн" байдаг. Тохиролцоогүй үнийн дүн нь 100 гаран тэрбум төгрөг. Жишээ нь, нэг тэрбум төгрөг авах гэж байсан компани 493 сая төгрөг дээр буух гэх мэтээр, Г.Ёндонгийн санаачилгаар, KPMG аудитын компанийн дүгнэлтээр сул ашгаа “цавчуулсан” ААН-үүд “үзээгүйгээ үзэх”-ийн зэрэгцээ, ихээхэн үзэн ядалттай хоцорсон нь тодорхой.
Гэвч хамгийн сонирхолтой нь өнөөх 183 тэрбум төгрөгөөс 74 тэрбумыг нь л тухайн компаниудад олгохоор болж, 109 тэрбум төгрөгийг Эрдэнэт үйлдвэртээ авч үлдэж, бодит хэмнэлт хийж чаджээ. Үүнд, “Энх-Өглөө”, “Тотал идеал”, “Хаппи Бийлдэнг”, Бридж Констракшн”, “Люксвууд”, “3BTEC Autbereitungs-systems”, “Тавин лан”, “Ви Ти Икс”, “Машин механизм”, “Нью Сувагт констракшн”, “Метаменежмент”, “Хангилцаг”, Монголиан инвестмент корпорэйшн”, Энигма констракшн”, “Гантесла”, “Гантоонот констракшн”, “Өргөө хаан констракшн” зэрэг 19 компани байснаас олдсон нь л дээрх 17 юм.
"Ерөнхийлөгчийн хүн"-тэй хоолой нийлүүлж хослон дуулж болдоггүйг тэр харуулжээ
Хамгийн гол нь тендрийг зохион байгуулаад, гүйцэтгэгч нь шалгараад, ажлаа хийгээд хөлс мөнгөө авчихсан. Үнэхээр “Эрдэнэт үйлдвэр”-ээс өгсөн мөнгөнөөс илүү зардал гарсан эсэхийг хянаж шалгах эрх бүхий төрийн байгууллагууд болох ТӨБЗГ, Барилга хөгжлийн төв”, тус үйлдвэрийн өмнөх удирдлагууд баталгаажуулаад дээрх 19 компанид нийт 183.1 тэрбум төгрөгийг төрийн өмчит үйлдвэрийн газрын төсвөөс тараагаад өг гэсэн шийдвэр эцэслэн гарчихаад байхад тэр торгон эгзэгтэй мөчид зогсоож, 109 тэрбум төгрөгийг хэмнэж авч үлдэж чадсан нь гайхалтай шийдвэр биш гэж үү?
Ийм л хүмүүсийг төр хайж төрийн өмчитүүдээ удирдуулах бодлого баримталдаг баймаар авч, ийм нэгэн урьд хожид таарч байгаагүй “содон” жишээтэй таарлаа. Улсын төсөв батлах үед хүртэл гишүүд өөрсдийн тойрогтоо олон жил сунжирсан барилга байгууламжийн өртөг зардлыг анхнаас нь хэд дахин өсгөөд төсөв дээр ачаалал нэмээд л үргэлжлүүлээд байдаг.
Өөрөөр хэлбэл, “Ерөнхийлөгчийн хүн” гэгдээд байдаг Эрдэнэт үйлдвэрийн “хоточ банхар” нь их хэмжээний мөнгөний өмнө найр тавин сөгдөж хамсаатнуудын хуйвалдсан хулгайд оролцох нь бүү хэл, хэдийнэ шийдэгдэж батлагдсан хулгайг ч эздийнхээ данс руу орохынх нь өмнө “багалзуурдаж” чаджээ.
Энэхүү амаргүй хэлцлийг хийхэд тухайн үед "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Тамгын газрын даргаар ажиллаж байсан, өнөөгийн УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа нь Ерөнхий захирлын өгсөн үүрэг, чиглэлийн дагуу эдгээр хэлцлүүдийг хийж чухал үүрэг гүйцэтгэсэн байдаг.
Эндээс харахад, Төрийн тэргүүн хэрэв хамсаатнаа тавьсан бол харин ч маш зөв хүнээ Эрдэнэт үйлдвэрт илгээж эрдэнэсийг ч, төсвийг ч “мануулжээ” гэсэн аргумент харагдлаа. Тэгэхээр УИХ-ын гишүүн С.Ганбаатар хэрэв Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Г.Ёндон нар руу “ноцоогүй” бол хорь шахам компани үйлдвэрийн удирдлагын багийн болон төрийн байгууллагын зарим нөхөдтэй хуйвалдан 183 тэрбум төгрөгийн хулгай хийх гэж байхад нь таслан зогсоож үйлдвэрийн төсөвт хэвээр авч үлдсэн гэх жинхэнэ дуулиант мэдээг бид мэдэхгүй өнгөрөх байж.
Магадгүй Г.Ёндонгоос өөр хэн нэгэн бол “Би Эрдэнэт үйлдвэрийн хулгайг таслан зогсоолоо”, “Улсын төсвийн саалийн үнээг нядалгаанаас аварлаа” хэмээн шоудах байсан нь гарцаагүй. Харин одоо эдгээр компаниуд өнгөрсөн хугацаанд, хаанахын ямар үйлдвэр, ААН-ээс энэ аргаараа хулгай хийсэн бол гэдгийг шалгах нь АТГ болон хууль хяналтын бусад байгууллагын анхаарлыг татна гэдэгт итгэлтэй байна.
“Эрдэнэт үйлдвэр”-ийн талаар олдсон ганц мэдээллийн талаар бичихэд ийм байна. Цаашид энэхүү ТӨҮГ-т юу болоод байгаа талаар үнэн бодит мэдээллийг уншигчдадаа хүргэх талаар улам эрэлхийлж, ялангуяа олны анхаарлыг татаад байгаа хиймэл оюун ухааныг ашиглан шинэ технологид суурилж тендерийн үнэлгээг хэрхэн гүйцэтгэдэг болсон гэх мэт бодит мэдээллийг газар дээрээс нь сурвалжилж мэдээлэх болно.
2025.10.09.