Эмч, багш нар нь төсвөөсөө цалин нэмэхийг шаардан жагсаж, иргэд нь биш төр нь төрөө түйвээсэн хатуухан долоо хоног өнгөрлөө. Монголын төр ганцхан өдрийн дотор УИХ-ын дарга, Ерөнхий сайдаа огцруулж түүхэнд байгаагүй улс төрийн улангассан хямралд шатав. Эндээс хэн хожиж, хожигдож буй нь хэнд ч тодорхойгүй боловч төсвөөс цалин, тэтгэвэр, тэтгэмж авдаг иргэд, байгууллагууд цаг хугацаа, эд материал, ахуй амьжиргааны хувьд хүнд цохилт амсах боллоо. Дэлхийн улс орнуудад геополитик, геостратегийн үл ойлголцол, мөргөлдөөн үргэлжилсээр байгаа хэдий ч амгалан тайван ард иргэдээ гайхширч цөхөртөл ийнхүү улс төрийн хямрал өдөөсөн улс орон гэвэл зөвхөн Монгол л байна. 

Төрийн хямрал үүссэн шалтгаан нь юунд байв? Уг нь эрх баригч намын даргын суудлыг хэн авахаас үүдсэн гэдгээ өнөөдөр тэд бараг мартчихаад шатаж яваа бололтой.Ерөнхий сайд УИХ-ын даргыг “Нүүрсний хулгай”-д нэр холбогдсоныг зарлаж “дажин” эхлүүлсэн Эдүгээ огцорч буй Г.Занданшатарын Засгийн газар байгуулагдсан цагаасаа эхлэн нүүрсний экспортоор төсвийн орлогыг нэмэгдүүлэх талаар цохилттой олон арга хэмжээ авсан. Юуны өмнө “Эрдэнэс Тавантолгой” төрийн өмчит компанид Засгийн газрын “Бүрэн эрхт баг” томилж бүрэлдэхүүнд нь нүүрсний бизнесийн чиглэл бүртэй холбоотой шинжээчдийг багтаасан. Энэ хугацаанд нүүрсний экспортын хэмжээ эрс нэмэгдсэн.

Уг арга хэмжээтэй зэрэгцүүлэн хоёр жилийн өмнө улс төрийн хүрээнд хүчтэй доргилт үүсгэсэн “Нүүрсний хулгайн хэрэг” гэгчийг дахин сөхөж, төсвийн орлогыг нэмэгдүүлж болох байсан эх үүсвэрээс хэсэг бүлэг улстөрч, тэдгээрийн хамаарал бүхий этгээд хулгайлсан, хувьдаа завшсан байвал хатуу тэмцэнэ гэдгээ зарласан юм. Улмаар энэ төрлийн гэмт хэрэгтэй хүч хавсран хамтдаа тэмцэхээр зорьж байтал УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн хамаарал бүхий этгээд “нүүрсний хулгайн хэрэг” гэгчид нэр холбогдсон гэдгийг зарласан нь улс төрийн дотоод хямралыг өрдсөн. 

Эрх баригч намын дарга хэн бэ?

Дашрамд тодотгоход УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар нарын зөрчилдөөний эхлэл нь өнгөрсөн есдүгээр сарын сүүлчээр болсон Монгол төрийн эрх баригч намын даргын сонгуульд өрсөлдсөнөөс үүдэлтэй байж болох юм. Уг хурлын үр дүнд Д.Амарбаясгалан олонхийн дэмжлэгийг авсан бөгөөд ирэх 11 дүгээр сард хуралдахаар товлосон Монгол Ардын Намын Их хурлаар батламжлахаар шийдвэрлэсэн билээ. Харин өнөөдрийн байдлаар тус намын Их хурал батламжлаагүй, Улсын Дээд шүүхэд бүртгэгдээгүй учраас эрх баригч намын даргаар Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ хэвээрээ ажиллаж байгаа гэж үзэх үндэслэлтэй. Энэхүү будилаантай бөгөөд эрх мэдлийн төлөөх дажин нь нэг талаас хуулийн байгууллагаас огт шалгаж эхлээгүй хэрэгт гүтгэгдсэн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, нөгөө талаас 100 гаруйхан хоног Засгийн газрыг удирдсан ч чамлахааргүй ажилласан үнэлгээг олон нийтээс аваад байсан Ерөнхий сайд Г.Занданшатар нарын хооронд өрнөж үр дүнд нь ийнхүү нэг өдрийн дотор Монголын парламент УИХ-ын дарга, Ерөнхий сайд нараа огцрууллаа. Үүнд тэд бие биеэ харилцан буруутгах үгсийг огцрох мөчдөө УИХ-ын чуулганы индрээс хэлсэн нь сонирхолтой бөгөөд Үндсэн хуулийн хямрал, Засаглалын хямралд тэд хоёулаа буруутай юм. 

Тогтвортой байдал эргэн иртэл зах зээл хүлээдэггүй!

2019 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар түүхэндээ анх удаа улс төрийн таван нам, эвслийн нийт 126 гишүүнтэй парламенттай болсон. Түүний 68 нь Монгол Ардын Намынх. Тэр тусмаа 2024 оны сонгуулийн дараа Засгийн газрын тогтвортой байдлыг хангах, улс орны хөгжлийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд бусад нам, эвсэлд санал тавьсны дүнд гурван намын төлөөлөл бүхий Хамтарсан Засгийн газрыг байгуулсан. Үүний дараа гадны хөрөнгө оруулагчид Монголын улс төр тогтвортой байж, хөгжлийн томоохон төслүүдийг хөгжүүлэх нь гэсэн итгэл найдвартайгаар олон төслийг сонирхож, хамтран ажиллах саналууд ирүүлж байв. 

Хамгийн том жишээ нь БНФранц улсын Ерөнхийлөгч Э.Макрон, Монгол Улсын Ерөнхийлөгч Засгийн газар, “Орано Майнинг Сас”, “Эрдэнэс Монгол” компаниуд хамтран уран олборлох төсөл, хөрш БНХАУ-ын төрийн бүх түвшний удирдлагуудтай харилцан айлчилж, бүрэн ойлголцсоноор төмөр замын хил холболтын төслийн томоохон төслийг хэрэгжүүлэх урт удаан хугацааны хамтын ажиллагааг эхлүүлээд байгаа билээ. Өсөж буй эдийн засгаа засаглалын хямрал нь боомиллооХамгийн сүүлийн сайн мэдээ л гэхэд олон улсын зах зээлийн үнэлгээний Moody’s Ratings агентлагаас Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “В2” ангиллаас “B1” болгон ахиулж, төлвийг “Тогтвортой” гэж үнэллээ. Үүнд түүхий эдийн экспортоо төрөлжүүлэхээр зорьж буй бодлогын үр нөлөөг чухалчилсан. Өнгөрсөн онд нүүрсний үнэ 30 хувиар, энэ оны эхнээс дахин 27 хувиар буурч түүхий эдийн үнийн хэлбэлзэлд өртөмтгий байгаа бөгөөд БНХАУ-д экспортлох нүүрсний хэмжээнээс Монгол Улсын эдийн засаг ихээхэн хамааралтай, нийт экспортынх нь талаас илүү хувийг нүүрс эзэлдэг. Харин дээрх бууралтыг нөхөж зэсийн экспорт өсөж, мөн Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас Монгол Улс 3.1 сая тонн газрын ховор элементийн хүдрийн батлагдсан нөөц илрүүлснийг Moody’s Ratings агентлаг мэдэгдэлдээ дурджээ. 

Энэ мэдээлэл дэлхий дахинд зарлагддаг. Үүнтэй зэрэгцэн Монгол Улсын улс төрийн нөхцөл байдал хэр тогтвортой байгааг ч анхааралтай ажиглаж буй. Гэтэл нэг өдрийн дотор УИХ-ын даргаа, Ерөнхий сайдтайгаа хамт огцруулчихлаа. Төрийн ордны гадна цалингаа нэмүүлэхийг шаардсан эмч, багш нар жагсаж, ажил хаялт зарлаж хүүхдүүд гэртээ асран халамжлах хүнгүй, сурч боловсрох эрхээс хасуулж, өвчтөнүүд эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг нэмж ажил хаялтыг яаралтай зогсоогоосой гэсэн хүсэлтээ илэрхийлж байна. Харамсалтай нь цалинг нэмэх байтугай улсын төсвөө ч баталж чадахгүйгээр Засгийн газар огцорчихлоо. Хуульд заасан хугацаандаа төсвөө батлахгүй бол төрөөс цалин авдаг бүх хүн цалин хөлсний хамгийн доод хэмжээгээр цалинжих эрсдэлд хүрэв. Үүнтэй холбоотойгоор Монголын Засгийн газрын бондуудын ханш өсөж ирэнгүүтээ буцаад унаж эхэллээ. Туйлын харамсалтай. 

Жил бүрийн намар хөрөнгө оруулагчдыг улс орон бүр урин дуудаж төслүүдээ танилцуулдаг. Монгол Улсын хувьд газрын тосны салбар, эрчим хүч зэрэг нэг улсаас хараат экспортоор хэрэгцээгээ хангадаг явдлыг багасгаж өөрсдөө үйлдвэрлэгч болох гэж зорьж буй. Гэтэл төслүүдээ танилцуулж, хөрөнгө оруулалт хүсэхэд хүнд нөхцөл байдал үүслээ. Гол хүчин зүйл нь дотоод улс төрийн хямрал, Засгийн газрын тогтворгүй байдалтай холбоотой. Үүнээс гарах арга замыг ажиглагчид янз бүрээр дүгнэж буй. 

Юуны өмнө хоёрхон хоногийн өмнө БНЭнэтхэг улсад төрийн айлчлал хийгээд эх орондоо ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх дотооддоо үүссэн улс төрийн тогтворгүй байдал, засаглалын хямралыг хэрхэн зохицуулж, төр засгийн үйл ажиллагааг хэвийн болгох бол гэдэг дээр маш өндөр итгэл тавьж хүлээж байна. 

Нөгөөтэйгүүр одоо байгуулах гэж буй Засгийн газар нь хамтарсан Засгийн газар байж, түүнд шударга хүмүүс баг болж ажиллан УИХ-ын дараагийн сонгууль хүртэл тогтвортой, эрч хүчтэйгээр богино хугацаанд их зүйлийг хийх, тулгамдсан асуудал болох эмч, багш нарын ажил хаялтыг зөв бодлогоор зохицуулж эцэслэх, төсвийг богино хугацаанд батлуулах зэргийг яаралтай шийдвэрлэх шаардлагатай. Энэ бүхэнд төрийн өндөр албанд туршлагатай, ард иргэдийн дунд нэр хүндтэй, албан тушаалаас зууралдаж байгаагүй, шударга гэж үнэлэгддэг өнөөгийн Төрийн тэргүүн Ухнаагийн Хүрэлсүх яаралтай зохицуулалт хийж, хямралыг эцэслэн чадна гэж Монголын ард иргэд хүлээж байна.