Нийгмийн хөрөнгө оруулалт
Шашин АНУ-ын зүрх сэтгэл нь, харин ардчилал ба эрх чөлөө энэ улсын уураг тархи нь болж бие биенээ нөхцөлдүүлэн оршдог бололтой.
Эрх чөлөөт орон гэгдэх Америкт богино хугацааны судалгааны ажлаар ирээд эрдэмтэн судлаачид, улс төрчид, бодлого судалгааны хүрээлэнгийнхэн, лоббист, уугуул индианууд, эрхийнхээ төлөө цуцалтгүй тэмцэж буй хар арьстнууд, иргэний нийгмийнхэн, улс төр дэх эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгчид, 18-35 насныхан буюу милленал болон Z үеийн манлайлагч залуус, таксины жолооч, барны үйлчлэгч, энд байдаг монголчууд гээд нэлээд олон хүнтэй уулзаж танилцан, мэдээлэл авч, мэтгэлцэж, санал солилцож явж байна. Том зургаараа олон асуултанд хариу хайж байгаа боловч одоогийн байдлаар дараах урьдчилсан дүгнэлт гарахаар байна. Мэдээж энэ бол миний хязгаарлагдмал хүрээнд ажигласан зүйл шүү. Дахиад хэдэн хүнтэй уулзах дутуу байгаа.
АНУ-ын хамгийн том асуудал нь баян, ядуугийн ялгаа болжээ. Үнэхээр утгагүй болтлоо баяжсан хүмүүс байхад гудамжинд хэдэн мянгаараа хонож буй орон гэргүй хүүхэд, хөгшид бараг америкийн том, жижиг хот болгонд байна. Чадаж байгаа нь түрүүлж хүртдэг "зэрлэг капиталист" нийгмийн сул тал бол яах аргагүй нийгмийн үйлчилгээ. Тэр дундаа боловсрол ба эрүүл мэнд! Аль аль салбар нь тун чиг том асуудалтай байгаа юм байна. Ийм нийгэмд иргэний нийгэм, ТББ-ууд нь идэвхтэй бас хүчтэй байхаас өөр аргагүй юм байна. Эс бөгөөд тэднийг хэн ч тоохгүй. Төрийн хязгаарлалтанд орно гээд засгийн газраасаа санхүүгийн дэмжлэг, мөнгөн тусламж авахгүй зугтдаг ТББ-ууд хүртэл байна. Наад захын "нэг муу" жижиг ТББ-ийн жилийн төсөв нь 1 сая ам.доллараас эхлэх юм. Өнөөдөр уулзсан нэг их сургуулийн оюутны холбооны жилийн төсөв нь 1.1 сая ам.доллар гэж сонсоод муужирч унахаа шахав. ТББ буюу төрийн бус байгууллагыг америкт Non Profits буюу ашгийн бус байгууллага гэнэ. Нэг том утгын ялгаа энд гарна. Манайд ТББ гэхээр ашиг олж болохгүй гэж хаа хаанаа ойлгодог. Харин Америкт үгүй. Ашиг олж болно. Бүр хангалттай ашиг олох ёстой. Харин олсон ашгаа эргээд ТББ-даа хөрөнгө оруулж үйл ажиллагагаа өргөтгөх ёстой. Энэ утгаараа америкийн ТББ-ууд бүгд сошиал энтерпрайз болжээ. Тэр нь багадаад ТББ-уудын нэгдэл, консорциум байгуулаад хэдэн тэрбумаар нь мөнгө босгож нийгмийн асуудлуудаа шийдэж байна. Ажиллах зарчим нь яг л хөрөнгө оруулалтын сан, венчур капиталистууд (аз, эзийн хөрөнгө оруулагчид) шиг ажилладаг юм байна. Нэг талдаа нийгмийн асуудлуудыг судлан эрэмбэлж шийдлийг олоод, нөгөө талдаа мөнгө хөрөнгөтэй хувь хүн, компаниудыг цуглуулж хооронд "матч" хийх буюу тааруулна. Үүнийхээ төлөө хувь авч, үйл ажиллагааны зардлаа санхүүжүүлнэ.
Монголд ТББ-ууд төсөл хэрэгжүүлэх гээд спонсоруудад санал тавихад үйл ажиллагааны зардлыг чинь санхүүжүүлэхгүй гэдэг. Тэр нь оффис түрээс, хүмүүсийн цалингийн хоёр төрлийн л гол зардал байдаг. Энэ бол маш буруу гэж байна. Чадварлаг бөгөөд нийгмийн асуудлыг шийдэх ярвигтай ажлыг бүтэн цагаар хийх хүнийг цалингүй яаж ажиллуулж, яаж амжилт гаргах юм бэ гээд толгой сэгсрээд л байна. Энд болохоор indirect cost буюу шууд бус зардал гээд төслийн нийт дүнгийн 10 хувиар төсөвлөн үйл ажиллагааны зардлаа шингээдэг соёлтой юм байна аа. Хамгийн сонирхолтой нь Pay for Success гэдэг загвар байна. Төр засаг, ард иргэдээсээ нийгмийн тулгамдсан асуудлыг асууж, түүнийг нь шалгаж давхар судалгаа хийнэ. Энэ асуудлыг шийдэх шийдэл гаргасан хүн, байгууллагуудыг шууд хувийн хэвшил нь санхүүжүүлнэ. Ингэхдээ ямар үр дүнд хүрэх, үр дүнг ямар хэмжүүрээр хэмжихээ засаг, орон нутгийн удирдлагатай тохирсон байна. Энэ үр дүнд хүрсэн нөхцөлд орон нутаг, муж, холбооны засгийн газар хувийн хэвшлийн гаргасан мөнгийн хүүтэй эргүүлж өгдөг юм байна. Хүү нь гэхдээ шалихгүй, нийт төслийн хугацааны туршид 3-5 хувь байдаг ажээ. Төслийн үр дүнгийн үнэлгээг мэргэжлийн ба хөндлөнгийн компаниуд үнэлнэ. Бидний мэддэг Shark Tank нэвтрүүлгийн форматыг ашиглан нийгмийн төслүүдийн уралдаан зарлаж хувийн хэвшил санхүүжүүлж байна. Гэхдээ энэ нь шоу болж ТВ-ээр олон нийтэд гарахгүй.
Нийгмийн төслүүдийн IPO хийвэл Монголд амжилттай болох юм шиг санагдсан. Impact investment гээд шинэ нэр томъёо гараад удаж байна. Утга нь өндөр ашиг байхгүй ч бага багаар тогтмол буюу зогсолтгүй өгөөжийг хөрөнгө оруулагч хүртэнэ. Нөгөө талдаа энэ хооронд нийгмийн асуудлууд бага багаар шийдэгдэх ёстой гэсэн үг. Энэ хэрээр иргэний нийгэм, ТББ-ууд хүчирхэгжиж, нөгөө талдаа худлаа, хулхины ТББ-ууд дампуурч үхэх ёстой юм байна.
Товчхондоо шашин АНУ-ын зүрх сэтгэл нь, харин ардчилал ба эрх чөлөө энэ улсын уураг тархи нь болж бие биенээ нөхцөлдүүлэн оршдог бололтой.
Зочин