Хямралын үеийн төлөвлөгөө: Төрийг цомхон, чадварлаг болгож, төсвийн зардлыг бууруулъя
Төр их олон сайн зүйл хийх гэхээсээ илүү ганц хоёрхон зүйлийг сайн хийгээд сурчих хэрэгтэй юм. Тэр нь төрийг цомхон, чадварлаг болгох, төсвийн зардлыг бууруулах явдал. Энэ л хямралыг ашиглаад Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын хийх ёстой гол зүйл, давах ёстой даваа болж байна.
Муу зүйлд ч сайн тал бий гэдэг дээ. Ковидоор эхэлж Орос, Украйны дайнаар үргэлжилсэн эдийн засгийн хямрал монголчуудыг анх удаа “хэмнэлтийн” горимд шилжүүлэх бололтой. Өмнө нь олон удаа иргэдийг “бүсээ чангалахыг” анхааруулж байсан Засгийн газар одооноос хэмнэлтийг өөрөөсөө эхлэнэ гэв. Өнгөрөгч баасан гаригт болсон Засгийн газрын ээлжит бус хуралдааны дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ. Түүний зарласан хэмнэлтийн бодлого дотор олон жил хүлээгдсэн, нүдээ олсон гэхээр цөөнгүй бодлого багтсаны нэг нь төсвийн зардлыг бууруулах явдал.
Тухайлбал, “төрийн өмчит компаниудыг олон нийтийн хяналтад оруулах, компаниудыг нэгтгэж, санхүүгийн эрсдэлтэй компаниудыг татан буулгах, худалдах арга хэмжээ авна” гэв. Төрийн өмчит компанийг олон нийтийн хяналтад оруулах ганц арга зам нь хувьцааг нь нээлттэй арилжаалах. Хувьцааны тодорхой хувийг иргэд, ААН-үүдэд эзэмшүүлснээр тухайн компанийн үйл ажиллагаанд хяналт тавих, удирдлага болон менежментэд оролцох эрхтэй болно гэсэн үг. Бараг шахуу ерэн он гарснаас хойш, ялангуяа сүүлийн 20 жил л төрийн өмчийг хувьчлах, төр, бизнес хоёр тусдаа байх тухай дуусдаггүй яриа хөвөрсөн боловч үр дүнд хүрсэн нь цөөн. Хувьчлахаар зарлагдсан олон ААН сууриндаа суусаар, арай гэж хувьчлагдсан зарим нь хэл ам дагуулсаар өдий хүрлээ. Тиймээс шууд хувьчлах, худалдахын оронд хувьцааг нь нийтэд гаргаад нээлттэй компани болох нь илүү үр ашигтай болж байна. Ингэснээр компанийн үйл ажиллагаа нээлттэй болоод зогсохгүй санхүүгийн хувьд хөл дээрээ бат зогсоно. Төрөөс буюу төсвөөс хүлээдэг хариуцлага ч багасна гэсэн үг.
Дараа нь, санхүүгийн эрсдэлтэй компаниудыг татан буулгах, худалдах асуудал. Энэ бол саяхан болоод өнгөрсөн Хөгжлийн банкны дуулианаар хөл алдсан зарим компанийг босгож ирэх гол арга зам. Төрийн өмчит маш олон компани Хөгжлийн банкнаас зээл авсан, авсан зээлээ төлөөгүй үр дүн гарсан. Нийт найдваргүй зээлийн 40 гаруй хувь нь төрийн өмчит компаниудынх гэсэн. Хамгийн том нь Эрдэнэс Тавантолгой компани. Төрийн өмчи компаниудын зээлийг төсвөөс төлнө гэсний дараа хувийн хэвшлийнхнээс ихээхэн шүүмжлэл сонсож байгаа. Засгийн газарт ч тийм хэмжээний эрсдэл үүрэх санхүүгийн чадамж байхгүй нь ойлгомжтой. Харин боломжит ганц хувилбар нь өрийг зах зээл дээр гаргаж худалдаалах, иргэдийн гудсан дор байгаа мөнгийг эргэлтэнд оруулах явдал. Эдийн засгийн асуудлыг эдийн засгийнх нь аргаар шийдэх ёстой гэсэн үг.
Энэ бол төрийн буюу төсвийн зардлыг бууруулах бас нэг арга зам. Дээр нь төр иргэнтэйгээ өрсөлдөж бизнес хийхээ больж байгаа бас нэг зарчмын шийдэл. Татвар төлөгчийн мөнгийг эргээд татвар төлөгч нарт нь зориулах ёстой болохоос биш, төр түүгээр нь бизнес хийж, ашиг олдог байж болохгүй л дээ. Ялангуяа манай төрийн өмчит компаниудын санхүүгийн сахилга бат ямар билээ. Томилогдсон бүх захирлууд нь хамгийн түрүүнд унаагаа солих, өрөөгөө тохижуулахаас ажлаа эхэлдэг. Тэрнийх нь зардал гэхэд хэдэн тэрбумаар хэмжигддэг. Ичихгүй дундаас нь өөрсдөө “цус гаргадаг” байхаас ч буцахгүй.
Хоёрдугаарт, “хот суурин газарт зөвхөн сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нар суудлын жижиг оврын автомашин хэрэглэнэ” гэв. Том оврын, туулах чадвар сайтай автомашиныг хот дотор унахгүй шүү гэсэн үг. Өмнө нь нэг удаа ийм шийдвэр гарч байсан юмаа. УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөр санаачлаад дарга нарын унадаг бандгар жийпнүүдийг хэрэглээнээс шахаад, дуудлагаар зараад орхисон чинь цаадуул нь нөгөө мөнгөөр нь зөрүүлээд тэрнээсээ ч том моторын багтаамжтай тансаг зэрэглэлийн жижиг тэрэгнүүд оруулж ирээд унаад эхэлсэн. Тэгэхээр энэ асуудлыг шийдэхийн тулд төрийн албаныхны унаж байгаа албаны тэргэнд моторын багтаамж болон үнийг дээд хязгаарыг зааж өгөх ёстой юм шиг байна лээ. Тэгэхгүй бол юу яасан хэмнэлт, өмнөх шиг нүд хүүрсэн ажил болоод өнгөрнө.
Ер нь бол төрийн албан тушаалтан, албан хаагч байна гэдэг бусдаас давуу эрх эдэлж, цалин хангамж авна гэсэн үг биш. Яагаад гэвэл төр өөрөө ашиг хийдэггүй, баялаг бүтээдэггүй. Тийм болохоор төрийн албан тушаалтан албаны машин унадгийг нь нэгмөсөн болиулчих хэрэгтэй юм. (Юу яасан улаан, ногоон өнгөөр нь ялгах. Ямар цэцэрлэгийн хүүхдүүд биш дээ) Хэрэв тэгвэл төрийн албанд орох гэж улайрдаг явдал алга болно. Хүн болгон хөдөлмөрлөөд эхлэвэл эрх биш энэ улс орон яаж ийгээд хөгждөг юм байгаа биз дээ. Яг үнэндээ бол өнөөдөр төрөөс өөр ажлын байр бий болгож байгаа, төрөөс өөр худалдан авалт хийж байгаа газар гэж алга. Төрд хамгийн их мөнгө байна. Үүнийг задлах цаг нь болсон.
Гуравдугаарт, “Чиг үүргийн давхардлыг арилгаж, төрийн бүтээмжийг дээшлүүлнэ, шинээр орон тоо нэмэхгүй” гэсэн байна. Энэ жаахан “хоосон үлээсэн” юм шиг сонсогдож байна. Тэртэй тэргүй иргэд нь “Төр улам томроод, данхайгаад байна. Тэжээж чадахаа болилоо шүү” гээд байхад “одоо дахиж томруулахгүй ээ” гээд сууж байж болохгүй л дээ. Үнэхээр л хэмнэе, чадавхжуулья гэж байгаа бол ядаж “Дэд сайд гэж байхгүй ээ, энэ олон зөвлөхүүд байхгүй ээ, дэд дарга нар хэрэггүй ээ. Төрийн захиргааны албан тушаалтнуудыг тэд хүртэл хувиар цомхотгоно оо” гээд явах ёстой. Ерөнхий сайд жишээ нь яагаад орон тооны нэг, хоёрхон зөвлөхтэй (үсрээд 4-5) байж болдоггүй юм. Яагаад заавал 15 зөвлөхтэй байх ёстой вэ? Тэгээд "чиг, үүргийн давхардлыг арилгаж байна" гээд нэг нь цаас нугалдаг, нөгөө нь тэрийг нь хогийн саванд аваачиж хийдэг байж болохгүй.
Дөрөвдүгээрт, “Төсөвт байгууллага, газрын тос, уул уурхайн чиглэлээс бусад ААН, ажилтны төлсөн НДШ-ийн 50 хувийг он дуустал буцаан олгоно” гэжээ. Нэгдүгээрт эдийн засгийн хямралтай үед иргэн, ААН дээр ирж байгаа ачаа дарамтыг нимгэлж байгаа сайн хэрэг. Хоёрдугаарт төсөвт ордог орлого тэр хэмээгээр буурна гэсэн үг. Энэ ч гэсэн сайн. Ер нь бол төсөвт цуглардаг мөнгө багасч байж л төр тэр хэмжээгээр цомхон, чадварлаг болох юм шиг байна.
Бусад буюу үнийн зохицуулалт дээр авч байгаа арга хэмжээнүүд бол яах вэ, уламжлал болсон зүйл, цаг үеийн шаардлагаар аваад явдаг л арга хэмжээ. Тэрийгээ харин зүйл зохистой, үр дүнтэй зохион байгуулах нь гол ажил.
Ер нь бол төр их олон сайн зүйл хийх гэхээсээ илүү ганц хоёрхон зүйлийг сайн хийгээд сурчих хэрэгтэй юм. Тэр нь төрийг цомхон, чадварлаг болгох, төсвийн зардлыг бууруулах явдал. Төр бизнест оролцохоо болиод төрөөс зайлшгүй үзүүлэх ёстой үйлчилгээнүүдээ (боловсрол, эрүүл мэнд гэх мэт) л чанаржуулаад явах ёстой. Бусдыг нь хувийн хэвшилдээ даатгаад, зах зээлийг нь чөлөөтэй тавьж өгөх ёстой байх аа. Энэ л хямралыг ашиглаад Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын хийх ёстой ганц зүйл, давах ёстой даваа. Тэгвэл дараа дараачийн Засгийн газарт, ерөөсөө төрийн чиг үүрэг дээр зөв зүйтэй, сайн жишиг тогтох гээд байна. Муу зүйлд ч гэсэн сайн тал бий гэдэг дээ.
зочин
Ц. Эрдэнэбат
чулуун