Монголчууд бидэнд хэвшин тогтсон хий дэмий сэтгэлгээ, хандлага бол эсэргүүцэл. Буруу ба зөвийг тогтоохгүй, эсэргүүцэх ба эс эсэргүүцэх тохиолдлыг ялгаж салгахгүй, ач холбогдолтой хийгээд ач холбогдолгүй явдлыг зааглаж ялгахгүйгээр адилхан эсэргүүцнэ, нэг хүн эсэргүүцвэл бусад нь даган дууриагаад эсэргүүцэх, нэгнийхээ гаргасан саналыг нөгөөх нь сөргөж эсэргүүцэх энэ байдал, бидний хандлагадсанаа зорилго, зүг чиг, утга учир, ач холбогдол, хэм хэмжээ гэж алга. Зөв ба бурууг ялгаж салгасан зүйл ч алга. Үр дүн, ашиг тус, үр өгөөж гэж бүр ч алга. Хар зөнгөөрөө эсэргүүцэн хийрхэх гэж энэ бөгөөд хий хоосон, дэмий балай, утгагүй үйлдэл юм шүү.

Утгагүй эсэргүүцлийн цаана дараах үйл явц явагдаж байна. Зүй тогтол талаасаа бол улс үндэстэн, ард түмэн нэгдмэл, нэг, цул байдлаа алдаж, биесээ эсэргүүцсэн үй түмэн хэсэг болон задарч, сарнин бутарч буй үйл явц явагдаад байна. Дотоод талаасаа задарсан ард түмэн хүчгүйддэг сул талтай.Харин учир зүй талаасаа монголчууд бид булт олноороо нэгдэн нийлж улс орноо эмхлэн цэгцлэх, засаж сайжруулах, бүтээн байгуулахад хэрэглэх учиртай ард түмний нэгдмэл, нэг, цул байдал хийгээд хүч чадал, боломж, нөөц, бодол санаа, үзлийг огтоос үр дүнгүй, ашиг тусгүй, хэрэгцээ шаардлагагүй, ач холбогдолгүй, үнэ цэнэгүй, хий дэмий зүйлд зарцуулж, өөрсдийн хүч чадал, боломжийгдэмий үрж,хий тарамдаж буй хэрэг юм энэ.Утгагүй байдал мөн биз. 

Утгагүй, хий хоосон эсэргүүцсэн сэтгэлгээ, хандлагаа өөрчилье. Үр ашиггүй зүйлд зарцуулахаа больё. Үр дүнгүй тарамдаж, хүчээ сарниулахаа больё. Утгагүй дэмий эсэргүүцлээ зорилго чиглэлтэй, үр дүнтэй, улс нийгмийн оршихуй амьдралд ашиг тустай, зөв, эерэг, утга учиртай эсэргүүцэл болгож өөрчилье. Эсэргүүцлийг нэгдмэл байдал, хүчирхэг хүч болгоё. 

Зөв ашиглах аваас эсэргүүцэл гэдэг, нэгдэх аваас ард түмэн гэдэг хүчирхэг хүч болж хувирдаг зүй тогтолтой. Сарниад буй эсэргүүцлийн хүчийг зөв зүйлрүү чиглүүлж, биесээ эсэргүүцээд байгаа түмэн олон маань нэг зарчим, нэг үзлийн дор нэгдэж, нэг зүг рүү харах аваас ард түмэн бол нэгдмэл, нэг, цулхүчирхэг хүч болж хувирдаг жамтай. Дараах зарчимд суурилан нэгдье. Юуг эсэргүүцэж, юуг эсэргүүцэхгүй вэ? энэ тухайд зааг ялгаа тогтоож, нэгдмэл нэг ойлголттой больё, тэр ойлголт, зарчим дээрээ тулгуурлан нэгдье. Жам ёсны өгөгдлөөрөө бол буруу бусармаг, муу муухай, худал хуурмаг явдлыг эсэргүүцэж, шударга үнэн, сайн сайхан, эерэг, зөв явдлыг дэмжих учиртай байдаг билээ. Энэ зарчим дээр нэгдэж, эсэргүүцлийг утга учиртай хэрэглэж хэвшье. Улс нийгмийн амьдралд ноёрхлоо тогтоогоод байгаа худал хуурмаг, гаарчихаад байгаа буруу бусармаг явдлуудыг булт олноороо санаа нэгдэж эсэргүүцэж суръя, үүн дээр булт олноороо нэгдмэл нэг санаа бодолтой байя. Үр дүнд нь буруу явдлыг хянаж хязгаарлана бас зогсоож чадна бид. Санаа нэгдэн буруу бусармаг явдлыг эсэргүүцэх гэдэг дамаа бас ард түмэн дотоод талаасаа нэгдэн нягтарч буй үйл явц юм шүү. Учир утгатай, зөв эсэргүүцэл гэдэг улс нийгэмд зөв, сайн сайхан үр дүнг авчирна. 

Оюун санаагаа шинэчилье
Сэтгэлгээ, хандлагаа өөрчилье.


Ч.ТУЯА