Энэ 7 хоногт
Буурин бичээч: “Гадаад”... ХҮН бэ?...

Буурин бичээч: “Гадаад”... ХҮН бэ?...
Бас дахиад л “ХҮН” гээч үгийн утга, хүний өөрийнх нь агуулж байдаг мэдээллийнх нь тухай бичмээр санагдаад байна. Яагаадын бүү мэд. Уншигч та гадаад улсуудаар бишгүй л явсан байх. Бас хаа нэгтээ өөр улс оронд урт богино хугацаагаар амьдарч үзсэн л байх. Би ч бас явсан үзсэн. Харин анх удаа хилийн дээс алхаад харь хүний тухай таньд мэдэгдсэн мэдрэгдсэн хамгийн сонирхолтой мэдрэмж юу байсныг санах гээд хичээ дээ?... Үүнд чиньтуслах үүднээс өөрөө мэдэрсэн анхны сонин мэдрэмжээ эхлээд хуваалцчихъя.
1992 онд урд хилийн дээс алхаад Эрээн суурингийн хар зах дээр анх удаа жинхэнэ Хятад хүмүүс харсан бас ярьсан, наймаа ч хийж үзсэн. Тэр үед надад хамгийн сонин санагдсан мэдрэмж нь, тамхи зарж байсан нэг Хятад хүний сэтгэхүй байлаа. Тамхи татдаг байсан учир Улаанбаатарт татдаг байсан тамхинаасаа нэг хайцгийг худалдаж аваад нүдэн дээр нь задлаад нэгийг асаалаа. Шал өөр амттай хулхи тамхи байв. 3 юань төлсөн. Тэгээд , Чамд жинхэнэ тамхи байна уу?... гэтэл, Байна. Гэхдээжинхэнэ нь 5 юань гэнэ. Жинхэнээс нь өгчих, гээд хулхи тамхийг нь газар бяцалж гишгэчихээд дахиад л нүдэн дээр нь задлаад асаасан чинь бас л хулхи. Чи жинхэнийг өгнө гэсэн биз дээ?... гэтэл Дахиад авбал яг жинхэнийг нь өгье, гэнэ. Би дахиж 10 юань өгөөд, За яг жинхэнээс нь нэгийг өгчих, гэтэл өөр уутнаас хайцаг тамхи гаргаж өглөө. Бас л өмнөхөө гишгэчихээд шинээр авсанаа нүдэн дээр нь задалж асаагаад сорсон чинь хулхи. Миний гайхсан гэдэг жигтэйхэн. Уур хүрэхээсээ илүү үнэхээр их гайхсан. Тэгээд тэр хүний нүд рүү хартал юу ч болоогүй юм шиг урдаас инээгээд байх. Тэр миний гайхаж байгааг хараад бараг тавлаад ч байх шиг. Тэгснээ, Одоо яг жинхэнийг нь өгье, гэдэг байгаа.Дахиад авсан ч хулхи тамхи өгнө, гэдгийг нь би тэр мөчид л арай хийж ойлгосон. Ичих, санаа зовох, гэмших сэтгэл гээч байдаггүй хүн төрхтэй харь хэлтэй “гадаад хүн”тэй анх учирсан минь энэ. Хүн гэдэг нэршил багтах Бразиль, Герман, Вьетнам, Солнгос хүмүүс бүгд л адилхан сэтгэдэг, уйлдаг дуулдаг, хайрладаг дурладаг гэж боддог байж. Хүний нүд рүү харж байгаад 3 удаа жижиг луйвар хийчихээд бахархалтай нь аргагүй инээж зогсдог хүн байж болох тухай би өмнө нь бодож ч үзээгүй. Ингэж болох тухай ойлголт тэр үед миний тархинд байдаггүй байсаан л гэсэн үг.
За уучлаарай. Жаахан муу жишээ авчихлаа. “Анх удаа” гэж тодорхойлсон үгэндээ тааруулж бас эхлэхдээ бичсэн “Гадаад хүн” гэх тодотголдоо нийцүүлж эхлүүлсэн ухаантай.
Монголд анх ирсэн Герман эмэгтэй гудамжинд хүүхдээ хөхүүлж буй эхийг хараад айж цочсондоо бүдүүлэг зэрлэгээр нь загнасан гэдэг шиг Иранаас Францийн нудистүүдийн наран шарлагын газар зочилсон эмэгтэйн тархи, Нью Йоркийн төвд анх очиж байгаа Кени загасчны тархи, Монгол малчныд зочилсон Жүүд бизнесмэний тархи ямар гээч гаж сэтгэхүй мэдэрсэн бол оо?...
Хүн хүний тархи өөр өөрөөс сэтгэдэг үү?... эсвэл газар орчны юм уу түүнийг дагасан соёл ахуйн нөлөө хүмүүсийн сэтгэхүйг өөрчлөн хуваадаг юм уу?... Хүмүүсийн тархины чадамж, сэтгэхүйн багтаамж дэлхийн аль ч өнцөгт, ямар ч үндэстэнд огт ялгаагүй адилхан хуваарилагдсан баймаар. За даа, молхи миний бодлоор, ер нь бол адилхан л байгаа. Гэтэл яагаад зарим хэсэг нь мөнгө ахуйг хэт шүтэн түүний хойноос бүхнээ зориулдаг юм?... Эсрэгээрээ, зэрлэг бүдүүлэг хэмээгдэх Африк, Өмнөд Америкийн зарим отог омгийн хүмүүс одоо болтол мөнгө гээчийн тухай огт мэдэхгүй мөртлөө сэтгэл сайтай, амар амгалан оршин амьдарцгаадаг билээ?... Гаднаасаа ч дотроосоо ч адилхан л хүмүүс биз дээ?... Ердөө л ганцхан мянганы өмнө дэлхийн хүмүүсийн аж байдал амьдрал ахуй ав адил ив ижилхэн л байсан. Харин өнөөгийн бид, хөгжил дэвшил биднийг энэ түвшинд хүргэсэн гэдэг. Мэдээж тийм байх л даа. Гэхдээ минийхээр арай л биш шиг ээ. Ахуй технологи ч яахав, хөгждөгөөрөө хөгжөөд л явж байна. Цаашид ч мэдээж хөгжинө. Харин хүмүүс бидний сэтгэхүй ахуй технологио даган өөрчлөгдөөд байгаа юм уу?... Шунал хэрэгцээгээ даган шинэчлэгдээд байгаа юм уу?... Яагаад орчин нөхцөл сайжирч өөрчлөгдсний төлөө хүн чанар хүнлэг сэтгэл нь улам муудах ёстой юм?... Хариулаад өгөөч та бүхэн, энэ асуултад...
Яг үнэндээ хүмүүс бидний зүрх сэтгэлээс гардаг хайр энэрэл, гэмшил харуусал, ёс зүйд захирагдах бүхий л мэдрэмжүүд гадаад орчин нөхцлөө голж дотроо гаслан, тэчъяадан орилдог болж байна. Зүрхийг дагасан хүнлэг сэтгэл тархийг эзэлсэн бусармаг бодлуудад зодуулаад гадагшаа цухуйж ч чадахаа болихоор барахгүй өөрийн нандин оршихуйг хамагаалах зорилгоор хаалгаа дотроос нь түгждэг болж. Гэхдээ хүн л юм хойно хааяа нэг хүчээр гадагшлан үнэн сэтгэлээ ил гаргачихвал гэнэн цайлган, тэнэг мангараараа дуудуулаад буцан орохоос өөр аргагүйд хүрнэ. Дахин гадагшлах ч зүрхгүй болно, хөөрхийс. Хүн бүрийн дотор бүгж түгжүүлсэн хайр энэрэл, хүн чанар, хүнлэг сэтгэлүүд бий гэдгийг бид мартаж болохгүй. Тэдэнд гарч нэгдэх орон зай өгөх хэрэгтэй. Ганц нэг зодуурыг даах сэтгэлийн тэнхээ хэн бүхэнд байх ёстой гэж би хувьдаа боддог. Магад мунхаг бодол байх, ихэнх хүмүүсийн хувьд. Гэхдээ л тархи зүрх хоёр нэгдэж чадахаа больсон энэ ертөнцөд хүн хүнээрээ орших боломж олдохгүй байсаар үхдэг гажиг ёс тогтон үлдэх ёсгүйг хүн бүр ухварлан ухаарвал зохих мэт. Эс чадваас хүмүүн төрөлтөн энэ харанхуйн сүүдрээсээ хэзээ ч гарч чадахгүйгээр өөрсдийгөө түгжүүлэн мөхөцгөөх болно.
Гадаад хүн гэж бидний дэлхий дээр байхгүй. Бид нэг л угшилтай, үүсэл хөгжил нь ч бас ижилхэн. Хүн гээч амьд биетийн хувьд шүү. Мэдээж үндэстнүүдийн онцлог, ахуй соёлоо дагаж хөгжсөн сэтгэхүй бол байгаа. Гэхдээ би тэр тухайд биш, зүгээр л хүн гэдэг амьтны тархи зүрх хоёрыг даган хөгжсөн хоёр өөр ухамсар байдаг тухай л бичиж байна. Нэг нь хүн чанар хүнлэг сэтгэл хэмээх зүрхний мэдрэмж. Нөгөө нь оюун бодол хэмээх тархинд харъяалагддаг, харагдаж баригддаггүй будлианы эзэн. Хөөрхий хүн чанарыг гарч ирсэн үед нь үргэлж зоддог нөгөө нөхөр л дөө. Хэн нэгэн сэтгэлээ нээгээд хань хайсан үед нөгөө нэгний сэтгэл ч бас ханьсах сэдлээр үүрнээсээ цухуйна. Яг тэр үед л бодол гэгч будлианы эзэн элдэв бусын дүрэм журам, нэр хүнд, ахуй зоосны тухай гадаад ертөнцийн сөрөг эрчмээр хөөрхий сэтгэлийг буцаж гэртээ ортол нь нүдэж орхино. Тэгээд л болоо. Өөрөө бол гадаад ертөнцдөө өөртэйгөө таарсан таар шуудайнуудтайгаа юу дуртайгаа буран, юу хүссэнээ эзнээрээ хийлгэнэ. Ихэнх үйлд нь хүн чанар хүнлэг сэтгэл оролцоогүй учраас шийдвэрүүд нь ч харгис гэмээр байдаг нь нууц биш. Яг үнэндээ зоос мөнгөний төлөө бол бүр юу ч хийхээс буцахаан больсон мунхрагсадыг бий болгодог дэндүү гэмээр харанхуй ертөнцийг хүмүүс бид өөрсдөө бүтээж байна.
Зүрх зүрхээ л сонсдог, тархи тархиа л дагадаг. Зүрхээ чадлаараа нээгээд тархиа орхин нэгдэх боломж бий, гэдгийг хүн бүр ойлгоосой хэмээн хүснэ. Тиймийн учир тархиа орхиод зүрхээ дагуулан ирж нэгдэх шинэ орон зай бий болгоцгооё, хүмүүс ээ... хэмээн Буурин бичээч би вээр нийт олныг уриалж байна. Баярлалаа.
2026-01-13

