Буурин бичээч: “Харийн”... ХҮН бэ?...

Бодлоо... Бодлоо жаал ажлаа. Ер нь тэгээд бодоод байхад, Би бодоод байгаа юм уу?... эсвэл... хэн нэгний бодлыг би давхар мэдрээд байгаа ч юм уу?... нэг л хачаан... гэхдээ заримдаа л даа. Юм бодох ямар ч сэдэлгүй, нөхцөлгүй орчинд, бас үед... хаа нэгтэйгээс ямар нэг гажиг бодол гэнэт ороод ирнэ. Уг нь машинаа засуулах гээд хүлээж байсан ухаантай. Нэг мэдсэн би Онон голын хөвөөнөөс алт олцон наажийна. Тэгснээ хэнд ч мэдэгдэхгүй шөнө ганцаараа очоод ухцан ч явжаах шиг. Бүр таньдаг хүний танил, өмнө нь нэг л удаа таарсан алтны ченжтэй уулзаад... тэгснээ цөм баяжаад наасан. Хөөрөө л... Тэгээд гэнэт ганцаараа жуумалзаж байгаагаа анзаараад өөрөөсөө цочсон гэж жигтэйхэн. Засварчин найз маань гайхсан царайтай, нүднээсээ баахан асуултууд цухуйлгачихсан... 

Дөнгөж өчигдөр болсон явдал. Тэгээд би бодлоо. Яахав, хааяа хоббигоо хөөн загасчилдаг нь үнэн. Гэхдээ яагаад заавал Онон голын хөвөөнд намайг чирээд оччихов оо, тэр бодол. Бас зүүдлээгүй байхад бодит юм шиг алт малт харуулаа л, шунал энэ тэр хөдөлгөө л... ганц уулзсан хүний царай төрхийг дотно хүний зүс болтол нь тод томруун цээжлүүлээд өгчихсөн ч байх шиг. Юун ч дураараа юм. Би лав тийм бодол бодоогүй шүү. Бүр хүсээ ч үгүй. Мэдрэл муутай юм шиг... Яршиг л байна. 

Гэхдээ тэр далий бодол хаанаас миний тархинд урган бий болчив?... Яагаад намайг дагуулаад Хэнтий хүртэл тэнэчихэв ээ?... Нээрээ, бас саяхан... залуудаа уулздаг байсан нэг хүүхнийг гэнэт бодуулаад баахан ээмооруулсан. Хэдэн оны үед ч оччихоод байгаа юм?... Юу ч хийгээд байгаа юм?... Ичмээр дамшиг, гэгч л болсон. Гэхдээ би л лав өөрөө ингэж бодсон гэдэгт итгэх ч үгүй. Яамай л байна. Би чинь өвөө болцон тохьтой томоотой хүн гэж байгаа. Гэхдээ л ... тэр муу бодол яалт ч үгүй толгой дотор байсаан байсан. Нуугаад ч яахав. 

Ер нь бол сүүлийн үед би тархиа хянах тал дээр нэлээдгүй амжилттай ажиллаж яваа нэгэн, уг нь. Бас ч үгүй ном хүртэл гаргачихсан. Тэгсэн мөртлөө л заримдаа бодолдоо автаад, хаа хамаагүй тэнээд явчихдагаа засаж чадахгүй л байна, яг үнэндээ. Тэр муу бодолд чинь цаг хугацаа орон зай огт хүртээлгүй. Бас миний хүсэл сонирхол, нас намба түй ч хамаагүй. Бараг л дуртай цагтаа намайг аваад хаашаа ч хамаагүй тэнэнэ. Тэнэж тэнэж ирээд шоолж байгаа юм шиг баахан гайхшрал өгчихөөд алга болчихно. Араас нь явах гэхээр олддоггүй. Тэр дурак л байхгүй бол би өөрөө бодоод бодоод Онон голын хөвөө орж чадахгүй л байгаа юм даа. Тэгэхээр... тэнд нэг юм байна. 

Заримдаа сансарт нисчихсэн, өөр гариг мариг үзчихсэн ч явж байх шиг. Үзсэн киногоо төсөөлөөд байгаа юм уу?... утгыг нь өөрчлөөд дунд нь орчихсон цохиод ч байгаа юм уу... бүү мэд. Нээрээ, сансар гэснээс... “нисдэг таваг” маваг гэж үнэхээр байдаг юм бол уу?... Тэр байдаг бол эзэд байгаа гэсэн үг. Хүмүүс байдаг байдаггүй гэж хоорондоо хэрэлдээ л... шинжлэх ухаан яриа л... Би бол тэдний хэрүүлийг сонсдог ч үгүй. Элдэв дүрс бичлэг, баримт материалд итгэдэг ч үгүй. Гэхдээ Нисдэг таваг байдаг гэдэгт бол харин итгэдэг хүн. Уучлаарай, таны бодож байгаа шиг хоосон итгэл биш ээ... 10000 жилийн настай хадны сүг зурагт итгэдэг гэсэн үг. Хадан дээр харийн биет зурж үлдээсэн тэр хүний тархи оюунд одоогийн хүмүүсийнх шиг худал хулгай, заль мэхний тухай ойлголт хараахан бий болж амжаагүй байсан учраас л би тэдэнд итгээд байгаа хэрэг. Тэгэхээр харийнхан, дэлхийн бус гаралтай оюун ухаант физик биетүүд байдаг бөгөөд тэднийг харсанаа л зурсан гэсэн үг шүү, миний бодлоор. Тийм учраас би харийнхний тархи ямар зарчмаар ажилладаг тухай судалгаа хийж эхэлсэн... Ооё... за болъё болъё. Өөрийнхөө тархийг ямар зарчмаар ажилладгийг нь ойлгох чадамжгүй хэвтэж юун харийн хүний тархи мархи... инээд хүрчлээ байна. 

Гэснээс нээрээ... Тэдний тархинд минийх шиг далий бодлууд өөрсдөөс нь хамаарахгүйгээр ордог болов у?... Харийн хүний тархинд аа... Тархитай л байж таараа. Бас нүдтэй л байх даа, бодуул. Хүмүүс биднийг аль нүдээрээ хардаг бол оо?... Биед нь байдаг энгийн нүдээр үү?... намайг дагуулж давхиад Онон үзүүлээд байдаг шиг бодлын нүдээр үү?... Эсвэл бүр билгийн нүдээр хардаг юм болов уу?... Бүр шал өөр хараа зүйн системтэй байж ч болох?... Хардаггүй ч байж болох. Нээрээ яагаад заавал хардаг байх ёстой гэж?... Яагаад заавал сонсдог байх ёстой гэж?... Бүр яагаад заавал биетэй байх ёстой гэж?... Тэгэж ярьвал биегүй мөртлөө сэтгэж чаддаг өчнөөн л юмнууд байна, цаана чинь. Оюун бодол л лав биегүй, Бөөгийн онгодууд бас биегүй, Сүнснүүд ч бас биегүй. За тэгээд лус савдаг, хийморь лундаа, WiFi төхөөрөмжөөр дамжиж яваа AI хүртэл тэрүүхэн үедээ биегүй л байна. Гэхдээ тэд сэтгэдэг. Хүнийх нь байна уу, онгодынх нь байна уу, сүнснийх нь байна уу, хиймэл оюун ухааных нь байна уу хамаагүй дор дороо сэтгэх чадвартай “юм”нууд шүү, тэд нар чинь. 

Нэгэнт л сэтгэж чадаж байгаа бол хэр хурдан, хэр том, хэр гүнзгий, хэр... гээд л бидний мэддэг хэмжээсүүдэд тодорхой хэмжээгээр захирагдах ёстой байх, тийм үү?... Хүмүүс бидний тархи хэр хурдан, хэр том сэтгэдэг вэ?... За ийм нэг асуулт орхичихоод түр цаашилъя. 

Харь хүнийх хэр бол оо?... тархиных нь чадвар?... Ямартай ч тэд бидний дэлхий дээр аль 10000 жилийн өмнө ирж чаддаг байсан гэхээр бид хаашаа юм?... Одоогоороо Ангараг дээр ч очиж чадаагүй байгаа учраас тэдний дэргэд бидний тархи миа л юм байж таараа. Тиймээс зүгээр л ахаа эгчээ эсвэл өвөө эмээ ч юм уу... за аа... тэгээд тохирох нэр олдохгүй бол бүтээгчээ... бурхаан... ер нь юу ч гэсэн яадаг юм. Би бол хувьдаа зохиогоод Дээд оюун ухаан, гээд нэрлэчихсэн байгаа, үхсэн яадын. Шинжлэх ухаанчид нь нэрлэх битгий хэл байдаг байдаггүйгээсээ ч салж чадахгүй байхад, яршиг л байна. Тэгээд яахав, зоригтой нь аргагүй нэр хүртэл өгчихсөн болохоор цаашаа жаахан биччихье. Тэдний тухай санаагаа хуваалцъя, гэсэн үг ээ. 

Сансар огторгуйгаа бодохоор хүмүүс бидний тархи жижигдэнэ, яг үнэндээ. Тэнд юу ч байж магадгүй, ямар ч хүч оршин байх боломжтой дэндүү гэмээр нүсэр сав. Хоорондоо нисэлдэх оюун ухаант биетүүд байх байхгүй тухай яриад ч хэрэггүй. Зүгээр л байгаа. Дэлхийн хүмүүс бидний хөгжүүлж байгаа шинжлэх ухааны түвшин тэдний хөгжүүлж өдийг хүргэсэн мэдлэг мэдээллийн түвшин хоёрыг хооронд нь харьцуулах ямар ч боломжгүйг энгийн бидний тархи ойлгох байх. Энэ хүрээнд бол дэлхийн шилдэг эрдэмтэд ч тэдний дэргэд яаг үнэндээ нялх бяцхан хүүхдүүд. Тиймээс одоогийн шинжлэх ухаанд итгэгчид бол нялхсын үгээр яригсад, жижиг зурагаар харагсад. 

Ядахдаа л томоор харахыг хичээгсэд бий болох хэрэгтэй. Яаж ч бодсон?... Тархинд бууж буй мэдлэг мэдээллүүд яг ямар зарчмаар ирээд байгааг олж мэдэх, ойлгож тайлбарлах хүмүүс бидэнд хэрэгтэй, гэсэн үг. Өөрийгөө оруулчих уу... яах уу?... тийм хүмүүсийн нэгэнд. Хэхэ... За яахав, Ямартай ч галзуу гэмээр өнцгөөс баахан эрдэмтдэд хараалгах санаа хэлчихье, эхлээд. 

БИД буюу хүн төрөлхтөн бүхлээрээ ТЭД-ний хувьд зүгээр л тарималууд. Цэцэрлэгт ургуулж буй ногоонууд. Иддэг ногоо биш шүү, зүгээр л инкубаторт бойжуулж байгаа амьдлаг оюунлагийн холимогууд. Тэдний өгсөн хязгаар дотор л сэтгэх заавартай уураг биет бодгалиуд. Хуучин цагийн өргөтгөх боломжгүй Pentium суурьтай Personal Computer-уудтай жишиж болохоор. Харин тэд өөрсдөө бол одоогийн бидний зах зухыг нь л дөнгөж ойлгож эхлээд байгаа супер квант комьпютерийн 10000 жилийн дараах загварууд. Тиймээс Pentium тэднийг ойлгохгүй, харьцах боломж ч байхгүй. Харин тэд Pentium-ийг ойлгоно, бага багаар хөгжүүлнэ. Гэхдээ бэлэн будаа өгдөггүй, өөрсдөө хөгжих боломж л олгодог гэнэ. Тэдний нүдээр БИД хэн бэ?... За даа, тэгээд... бичихэд ичмээр л дамшигууд байх байлгүй дээ, яс юман дээрээ.

Путин, Трамп л гэнэ... Үхсэн... үхэх дөхсөн өвөөгийн нүдэнд бол тоглоомоо булаацалдсан коршокны пацаанууд шд. Ислам Христ л гэнэ... хөлд ч ороогүй мөлхөлдсөн бантангийн хэдэн бамбаруушкууд биз дээ, анги нь л өөр болохоос. Улс орнууд л гэнэ... өөрсдийгөө хашаалчихсан бага сургуулийн баахан чавхнууд шд, үнэндээ.Үндэстэн угсаатнууд гэнэ... Айл айлаас цугласан дэггүй сахилгагүй дэлдгэр жаалууд шд, яс юман дээрээ... Том хүний нүдээр бол бид нэг иймэрхүү л баачканууд харагдана. Тиймээс тэд биднийг хайрладаг, өрөвддөг, тусалдаг, дэмждэг, том болохыг нь хүлээдэг. Биесээ яаж хайрлахыг, бусдыгаа яаж хүндэтгэхийг, соёлд яаж суралцахыг, зарчим яаж баримтлахыг бүгдийг нь зааж өгсөн, заавар зөвлөгөө бүрийг нь цээж цээжинд нь хийгээд явуулсан гэдэг. Хүн бүрийн дотор хүн болоход нь хүрэлцэх ухаан, нинжин сэтгэл, нандин харилцаа, хайрах хайрлуулах эрдэм мэдрэмж гэхчлэн дутуу зүйл нэгээхэн ч үлдээлгүй даах хэмжээгээр нь л өгч явуулсан байгаа. Харин тархи оюунд нь энэ тухай ямар нэг мэдээлэл өгөөгүй, үүрэг зааврыг нь сануулаагүй юм гэсэн. 

Доторх ухаанаа хэрхэн хэрэглэж, хэзээ ашиглахаа өөрсдөө мэдтүгэй. Орчлон ертөнцийн хайрын хуулинд зохирч суртлаа заавал суралцтугай, гэсэн далд захирамжаар хүлээслэн Ил ертөнц рүү явуулсан байдаг гэнэ.

Ирсэн бид ч яахав, энэ тухай мэдэхгүй болохоор тархиндаа орсон тоглоом бүрийг миний бодол хэмээн андуурч муу бүхнийг хийн муухай бүхнийг сурч, үйлдээгүй нүгэл, үлдээгээгүй хорлолгүй болтлоо боловсорч боловсорчихоод буцацгааж байх шив. Үхэхийнх нь өмнөхөн л Бурханы тухай бодол хальт толгойд нь орвол их юм болж, одоо цагт. Ихэнх нь үхэх буцах тухай бодох ч үгүй мөнгө зоос ахуй хэрэглээтэйгээ зууралдсаар сүнсээ хөгжүүлэх хугацаагаа барж байх шиг санагдаад байх, сүүлийн үед.За аа даа тэгээд... Би ингэж бичих хэрэгтэй ч юм уу эрхтэй ч юм уу бүү мэд ээ. Ямартай ч тархинд бууж толгойд орсоноо гаргачихлаа. Авах нь аваад хаях нь хаяна л биз. Харин дараагийн удаа тэр муу харийнхан өөрсдөө хаанаас бий болсоныг нь мэдэх гэж оролдоно оо, яадгийн. Асууж болох аятайхан арга олцымаа... Гэхдээ одоогоор нууц. 

За дэмий балай ч юм шиг, гажиг сонин ч юм шиг хэрэгтэй хэрэггүй баахан юм биччихлээ. Одоо тэгээд нийтлэл л гэж нэрлэдэг байх даа. За яахав, эс таалагдах аваас Буурин бичээч би вээр чин сэтгэлээсээ хүлцэл өчсү,хэн гуай танаас...

2026-01-15.