Хүн бүр л аз жаргалтай байхыг боддог. Хүмүүс бие биендээ аз жаргалыг ерөөдөг.Гэтэл амьдрал дээр бодит байдал огт өөр байдаг. Яг аз жаргал гэдэг юү юм бэ? гэж асуухад яг зөв хариулт өгдөг хүн гэж бараг байхгүй. Энэ хорвоод жаргал, зовлон ээлжилж байдаг.

Аз жаргал гэдэг үгийн утгыг бодож үзье. Аз гэдэг нь азтай байхыг хэлнэ.Хүн бүрийг аз дайрдаггүй. Азтай хүн цөөхөн гээд яриад байвал их юм ярина. Жаргал гэдэг үг дээр хүмүүс төөрөлдөөд байдаг. Гэхдээ хамгийн гол нь Хүмүүн төрөлийг олж Хүмүүн болногэдэг азтай хэрэг. Харин хүмүүн болж төрчихөөд ёс зүйгүй, эрдэм номгүй, харанхуй амьтан болчихвол азгүй хэрэг болно. Учир нь оюун билигт хүмүүн л өөрийгөө хөгжүүлж оюуны өндөр түвшинд хүрч чаддаг, өөрийнхөө хувь заяаг өөрөө босгодог, өөрийнхөө аз жаргалыг өөрөө олдог. Эх хүн үрээ өсгөж Хүмүүн болгодог. Ээжтэй байна гэдэг хүмүүн бидний аз завшаан, буян заяа. Ээжтэй хүн жаргалтай. Ээжтэй хүн үхдэггүй гэдэг. 

Жаргал гэдэг үгийн жинхэнэ утгыг мэддэггүйгээс болж олон хүн буруу ойлголттой байдаг. Зарим хүн алт, мөнгөтэй баян хүн болвол жаргал гэж ойлгоод байдаг. Зарим хүн эрх мэдэл, эд хөрөнгийг жаргал гэж ойлгоод байдаг. Зарим хүн зугаа цэнгэл, найр наадам, тансаг зоог, хүлээн авалт, дайллага цайллагыг жаргал гэж ойлгоод байдаг. Зарим хүн таашаалыг жаргал хэмээн ойлгоод байдаг. Зарим хүн архи тамхи,хар тамхийг жаргал гэж ойлгоод байдаг. Зарим хүн тоглоом тоглохыг жаргал гэж ойлгодог.Зарим хүн хэсэж тэнэхийг жаргал гэж ойлгодог. 

Мэргэжлийн жаргал гэж бас байна. Малчин хүн малаа хариулж жаргадаг гэсэн.Тариачин хүн тариагаа хурааж жаргадаг гэсэн. Загасчин хүн далайдтороо шүүрдэж загас барьж жаргадаг гэсэн. Багш хүн хонхны дуу сонсож шавь нараа харж жаргадаг гэсэн. Дуучин хүн тайзан дээр гарч дуулж үзэгчдийнхээ алга ташилтыг сонсож жаргадаг гэсэн.Тамирчин хүн өрсөлдөгчөө ялж тэмцээнд түрүүлжмедаль хүртэж жаргадаг гэсэн. Дарга хүн албан тушаал ахиж жаргадаг гэсэн. Наймаачин хүн ашиг олж мөнгөө тоолж жаргадаг гэсэн. Африкийн омгийн ахлагч арван эхнэртэй болооджаргалд хүрлээ хэмээн боддог гэсэн.

Монгол ардын үлгэр “Хундага тавилгүй архи ууж, хутга тавилгүй мах идэж, амар сайхан жаргажээ” эсхүл “Хөндийгөөр дүүрэн малтай, хөнжлөөрөө дүүрэн хүүхэдтэй болж амар сайхан жаргажээ “хэмээн төгсдөг. Өрнөдийн үлгэр “Санасан бүхнийг бүтээгч алтан алимыг тарьж ургуулаад үзэсгэлэнт гүнжийг эхнэрээ болгон авч амар сайханжаргав” хэмээн төгсдөг бол орос ардын үлгэрт “тэр алтан алимыг нь тэр хүнээс булаан авч амар сайхан жаргажээ” хэмээн төгсдөг. Энэ үлгэрт гардаг зүйл жаргал гэж үү. Үгүй л байх.

Орчин үеийн залуус “Америкт сургууль төгсөж, англи хэл, компьютерийг төгс эзэмшиж, нэг сарын арван мянган долларын цалинтай ажилд орж,хамгийн сүүлийн үеийн загвар Мерседес бенз хөлөглөж,тансаг Хауст амьдарч,хамгийн үзэсгэлэнтэйзагвар өмсөгч бүсгүйтэй гэрлэжжаргалтай сайхан амьдрах сан” хэмээн ярьдаг. Монголд мянган толгой малтай болжцоо шинэ “Тоёотай Ланд” машинтай болж том хаустай мянгат малчин болох сон гэдэг хүн зөндөө л байдаг. Дэлхийд алдартай баян бизнесмэн, дэлхийд алдартай дуучин, жүжигчин болно гэсэн залуус зөндөө л байдаг.Зарим нь ерөнхийлөгч, дарга, компаний захиралболно гэдэг. Жирийн хүний жаргал бол сайхан гэр бүлд төрж сайхан аав, ээжийн асрал хайранд умбаж өсөөдсайн багшийн ачаар сургууль төгсөж мэргэжилтэй болж санаанд нь хүрсэн сайхан ажилтай болж сайхан гэр бүл, үр хүүхэдтэй болж өвчин зовлонгүй өөдрөг сайхан амьдраадтэтгэвэртээ сууж ач гучаа үзэж амар сайхан жаргах санхэмээдэг. Энэ бол монгол хүний жаргалын тухай ерөнхий ойлголт.Тэхлээр үндэстэн бүхэн, хүмүүн бүхэн жаргалыг өөр өөрөөр боддог ажээ.

Жаргалын талаар Бурхан багш огт өөр зүйл өгүүлсэн байдаг. Буддын сударт жаргал гэдэг үг бараг байдаггүй. Харин буддын сударт “Амар амгалан”, “Гэгээрэл, нирваанд хүрэх” гэсэн үгнүүд байдаг.“ “Хувраг хүний зорилго бол зовлонгоор дүүрсэн үхэл, төрөлтийнсансарыг гэтэлж,Гэгээрэлд хүрч Амар амгалан Нирваандхүрэхюм”,“Энгийн хүн зүүний үзүүрийн чинээ ч амар амгалан жаргалтай байж чаддаггүй” хэмээн бичсэн байдаг.

Буддын сударт “Жаргалын дор зовлон нуугдсан байдаг. “Их идэх дуртай хүн их идээд байвал өвчин хүрч зовлон болно. Их унтах дуртай хүн унтаад байвал өвчин болно. Шунал тачаалтай хүн түүндээ хөтлөгдвөл зовлон болно” гэж бичсэн байдаг. Буддын сударт “Нэг ямаатай хүн нэг ямааны дайтай зовлонтой байдаг” хэмээн бичсэн байдаг. Тэхлээр мянган хоньтой мянгат малчин хүн мянган хонины чинээ зовлонтой гэсэн үг. 

Манай монголын зарим ахмад, өндөр настан өвөө нар маань Ардын хувьсгалын партизан, Халх гол, Чөлөөлөх дайнд оролцсон гээд ийм ч одонгоор шагнагдсан, тийм ч цолтой болсон гээд энгэрт нь одон медаль ньбагтахгүй дүүрэн, гаднаас нь өнгөцхөн харахад жаргалтай юм шиг харагддаг. Гэтэл үнэн хэрэгтээ тэд маань авдаг тэтгэвэр ньбага, амьдардаг байр нь давчуу, энгэрт нь зүүсэн олон төмөр одонгууд нь харжигнаж дуугараад зүүж явахад хүнд гэдэг нь жигтэйхэн, үргэлж төр засагтаа гомдоллосон, тэтгэврээ голсон, залуу үеэ муу хэлж үглэсэнбайдал нь өөрт нь их зовлонтой юм шиг харагддаг.Харин нэг ч одонгүй хирнээгартаа ганц эрхи эргүүлсэн, маань мэгзэмээ уншсан, ач гучаа тойруулаад сууж байгааэнгийн нэгэн монгол эмээ хамаагүй илүү амар амгалан жаргалтай харагддаг. 

Хүмүүс хэзээ нэгэн цагт аз жаргалд хүрнэ дээ, жаргалтай болно доо, хэзээ нэгэн цагт хагартлаа баяжина даа хэмээн боддог.Тэр бодол нь дандаа ирээдүй цагт байдаг. Гэтэл тэтгэвэртээ ч гарч чадалгүй наана нь ертөнцийн мөнх бусыг үзүүлдэг хүн энэ ертөнцөд өчнөөн төчнөөн байдаг. Монголд эрчүүдийн 60.0 хувь нь тэтгэврийн насандаа хүрэлгүй таалал төгсдөг гэж сонссон юм байна. Тийм сургууль төгсөөд, тийм ажил хийгээд тийм хэмжээний мөнгө цуглуулаад тэгж баяжина даа, ингэж жаргана даа хэмээн хий хоосон мөрөөддөг. Цөөхөн хэд нь тэр мөрөөдөл гэдэгтээ хүрдэг байх. Гэвч мөрөөдөлдөө хүрсэн ч гэсэн сэтгэл нь цаддаггүй хүн зөндөө байдаг. Нэг сая доллартай хүн яаж 100 саятай болох вэ, нэг тэрбумтай болох вэ хэмээн боддог гэсэн. Мөнгө бол жаргал биш. Их мөнгөөр хүн олон юм худалдан авч болдог л доо. Гэтэл тэр их авсан юм нь эцэстээ хадгалах газаргүй болоод хог болдог. Их юм авсан, хогондоо дарагдсан айл зөндөө л байдаг. Их юм авах тутам их дарамт үүсдэг. Сиддарт хан хүү Хамаг амьтны төлөө 6 жил Найранжан мөрний дэргэд хатуужин бясалгаж байхдаа алтан аягаа ус руу чулууудчихаад алгаараа ус уугаад явж байсан гэдэг.Халимагийн ерөнхийлөгч асан Кирсан Илюмжинов бизнес хийгээд дөнгөж хорин хэдхэн настайдаа анхны сая доллараа олоод гэртээ эдгээр долларыг хайрцаганд хийж авчруулаад найз нараа цуглуулаад шинэхэн зуутын долларын дэвсгэртийгбарьж үзүүлээд “Энэ мөнгө бол хүний зорилго биш юм байна, доллараас үнэтэй зүйл хүнд байдаг юм байна” гэсэн гэдэг. 

Хайр энэрэл, асрал, тэгш сэтгэл, төгс баясгалант сэтгэлийг мөнгөөр хэмжиж болохгүй, тийм сэтгэл бол юугаар ч хэмжиж болохгүй нандин агуу зүйл. Төгс жаргалыг энгийн хүн олж чаддаггүй. Учир нь энгийн хүн бусдын адил уур, шунал, мунхаглал гэсэн язгуурын гурван нисваанис дээр суурилсан сэтгэлийн 84 000 нисваанист баригдсан байдаг. Хөдөөний хүн хөдөөний зовлонтой байдаг. Хэдэн малаа шуурганд алдах юий, хэдэн малыг нь чоно зооглочих вий, энэ жил хадлан өвч авч чадсангүй, энэ өвөл хаврыг яаж давна даа, гэрийн бүрээс ялзарлаа, гэрээ шинэчлэх юм сан гэх мэт үй олон зовлонтой. Хот газрын хүн бас өөрийн гэсэ зовлонтой.Байрны мөнгө, цахилгааны мөнгө, түрээсний мөнгө, сургуулийн төлбөр, хүүхдийн мөнгө, зээл, зээлийн төлбөр, алданги, усны мөнгө, халаалтын мөнгө, грашны мөнгө, хогны мөнгө, машины татвар, эхнэргүйн татвар, хүүхэдгүйн татвар,цалин орлогын татвар, нийгмийн даатгалын татвар, эрүүл мэндийн даатгалын татвар, ажилгүйдлийн татвар, утаа, түгжрэл, хулгай дээрэм, хүнд хууртах, мөнгөө алдах,өвчин, өлсгөлөн, өтлөлт хөгшрөлт, ажлаас халагдах, хов матаас... гээд үй түмэн зовлон.

Орчин цагийн хот газрын хүних зовлонтой. Байрны мөнгө, цахилгааны мөнгө, түрээсний мөнгө, сургуулийн төлбөр, хүүхдийн мөнгө, өр, зээл, зээлийн төлбөр, алданги, усны мөнгө, халаалтын мөнгө, грашны мөнгө, хогны мөнгө, машины татвар, эхнэргүйн татвар, хүүхэдгүйн татвар,цалин орлогын татвар, нийгмийн даатгалын татвар, эрүүл мэндийн даатгалын татвар, ажилгүйдлийн татвар, даргын дарамт, бэлгийн дарамт, нийгмийн дарамт, ажлын дарамт, утаа, түгжрэл, хулгай дээрэм, мөнгөө залилуулж алдах, өвчин, өлсгөлөн, өтлөлт хөгшрөлт, ажлаас халагдах, ажилгүйдэл, мөнгөгүй болох, ядуурал, хов матаас, урвалт, хуйвалдаанд өртөх, гэмт хэрэгт өртөх... гээд түмэн зовлон.

Буддахүний сэтгэлд бугшсан84 000 нисваанисийг бясалгалын аргаар дарж амар амгаланд хүрэх арга замыг заасан байдаг. Сайн багшаар Бурханы номыг 22 жил заалгасны дарааГэгээрэлд хүрдэг гэдэг. Амар амгаланг ганц жилийн дотор олдог зүйл биш. Бурханы номыг оюундаа дадуулах олон жилиийн нөр их хөдөлмөр,бясалгалын дүнд Боди сэтгэлийг олж Амар амгаланд хүрдэг.

Хүмүүс аз жаргалд хэзээ нэгэн цагт хүрнэ, жаргалтай болнохэмээн ирээдүй цаг дээрбодсоор байгаад гэнэт нэг өдөр үхдэг. Буддын сударт нэгэн түүхийн тухай өгүүлжээ. Эрт цагт нэгэн ядуу эр баяжиж сайхан амьдрахаар шийдэж алс хол явж худалдаа наймаа хийжовоо хэдэн зоостой болж нутагтаа эргэн иржээ. Мань тариачин эр сүрлэн байшингийнхаа таазнаас том вааранд дүүргэж хийсэн зоосоо өлгөж доор нь унтахаар хэвтэв.Дээшээ хартал цоорхой дээврийн нүхээр нь шөнийн одод анивчаад сар мэлтэлзэн тусаад сайхан харагдаж байна гэнэ. Мань эр дээр нь өлгөөтэй байгаа ваартай зоосоо хараад ийнхүү боджээ. “За, одоо би энэ олсон зоосоороо шинэ байшин барьж, нутгийхаа хамгийн хөөрхөн нэгэн бүсгүйтэй гэрлэж, гурван хүү, нэг охинтой болно.Охиндоо Сарангэрэлтэх гэдэг нэр өгнө дөө. Зоосоороо үхэр худалдан авч тариа тарьж худалдан мөнгө олжулам баян болно.Сайхан амьдарна даа” хэмээн мөрөөдөж гэнэ. Гэтэл гэнэт толгой дээр нь өлгөөтэй байсан зоостой том ваар толгой дээр нь унаж,хөөрхий тэр тариачин эр газар дээрээ нас эцэслэжээ. Учир нь тэрхүү хуучин муу сүрлэн байрнь хулганаар дүүрэн байсан тул тэрхүү өлгөөтэй байсан ваарны олсыг нь хулгана мэрж олс нь тасарснаас ийм эмгэнэлт явдал болжээ. Дүгнэлт нь: Энэ ертөнц дээр баталгаатай юм нэгээхэн ч байхгүй. Хоосон мөрөөдөл бүхэн бодит бус. Маргааш юу болохыг хэн ч мэдэхгүй.Зарим хүмүүс хүүхэд байх мөн ч сайхан байж дээ, сургуульд оюутан байх мөн ч сайхан байж дээ, залуу цагт мөн ч сайхан байж дээ, социализмын үед сайхан байж дээ хэмээн өнгөрсөн цаг дээр жаргаж байсан мэтээр бодоод байдаг.Энэ бол буруу бодол. Зарим хүмүүс хөдөлмөр хийх жаргал гэдэг. Ажил хийх нь зөв л дөө. Гэхдээ мөнгөний төлөө өдөр шөнөгүй ажил хийгээд байвал удалгүй бие нь муудаж зовлон болдог. Дургүй ажлаа хийх, боолын хөдөлмөр хийх бол жаргал бус, зовлон юм. 

Зарим хүмүүс дандаа сэтгэл дундуур байдаг. Баярласан ч сэтгэл дүүрэн баярлаж чаддаггүй. Инээсэн ч чин сэтгэлээсээ инээж чаддаггүй. Дандаа хагас дутуу баярладаг. Дандаа хагас дутуу инээдэг. Инээж байгаа нь энэ гээд бага зэрэг мушилзаад өнгөрдөг. Үргэлж сэтгэл дундуур байна гэдэг нь жаргалгүйбайна гэсэн үг. Хүмүүс байгаа юмандаа бүрэн баярлаж чаддаггүй. Бусдад чин сэтгэлээсээ талархаж чаддаггүй. Тэхлээр хүмүүс сэтгэл дүүрэн байж сурах хэрэгтэй. Эргэн тойрон байгаа хүмүүс, байгаль дэлхий, нар сар, цэцэг ногоо, гол горхи, далай тэнгис, тэнгэр огторгуй, шувуу амьтадыг хайрлаж талархаж мэддэггүй. 

Зарим хүмүүс атаархалдаа баригдаад амьдралын сайхныг мэдрэлгүй өнгөрдөг. Атаач хүн шөнө тайван унтаж чаддаггүй гэдэг. Зарим хүмүүс бусдын бурууг хайж,бүх насаараа бусдыг өөнтөглөж шүүмжилсээр өөрийгөө ч өөрчилж сайжруулж чадалгүй насыг бардаг. 

Бүх насаараа бүрэн дүүрэн жаргалтай амьдардаг хүн их ховор байх шүү. Бусдыг хайрлаж, дүүрэн жаргалтай амьдрах гэхлээр амин хувиа боддог буруу үзэл нь дандаа саад болж байдаг. Амар амгалан, аз жаргалтайамьдрах гэхлээр атаа сэтгэл, омог бардам зан, хүсэл шунал, уур мунхаг нь саад болоод байдаг. 

Үлэмж үзэхүйн бясалал бол хүмүүстамар амгалан жаргалыгхүртээдэг. Зарим хүмүүс “Чи бясалгалд суусан гэл үү.Тэр бясалгал чинь ямар ашигтай юм бэ дээ? хэмээдэг.Энэ үгийг сонсоод би Буддагийн нэгэн түүхийг санадаг. Нэгэн удаа Буддагаас тосгоны нэгэн баян эр ингэж асуужээ.” Будда Та бясалгал хийж гэгээрсэн гэлцэх юм.Та юү олсон юм бэ дээ?” гэжээ. Будда түүнд: “Би юү ч олоогүй. Харин би олон юмаа гээсэн. Би уур, шунал, мунхаглал, атаа, омогт сэтгэлээ гээсэн юм” гэжээ.Тэхлээр энэ ертөнцөд зөвхөн олох авах нь чухал биш,харин муу бүхнээ гээх нь чухал ажээ. Муу зуршил, муу бүхнээ гээсэн хүн амар амгалан жаргалтай байдаг ажээ.

Хүмүүсжаргалтай болно хэмээн мөрөөдөхөөсөө илүү яг одоо жаргалтай байх гэдэг үгийн утгыг зөв ойлгож хэрэгжүүлэх нь зүйтэй. Одоо цаг дээр жаргалтай байх гэдэгхамгийн зөв бодол. Буддистуудаас “Жаргалтай хүн гэж хэн бэ” хэмээн асуувал тэд “Жаргалтай хүн гэж Амар амгаланг олсон хүнийг хэлнэ” гэх нь мэдээж. Жирийн хүмүүс бид юмыг анзаардаггүй, дэргэдээ байгаа юмыг бүр ч анзаардаггүй, бүх юм хувьсан өөрчлөгддөг, устаж үгүй болдог, бүх юм мөнх бус гэдгийг ухаардаггүй.

Хүмүүс бүх юмыг мөнх орших юм шиг боддог. Бүх юмыг үнэхээр бүтсэн мэт ойлгодог. Өндөр настай өвөг дээдсээ, аав ээжээ анзаардаггүй, үргэлж хамт байх юм шиг, мөнхийн юм шиг санадаг.Үнэн чанартаа аав, ээжтэйгээ элэг бүтэн амьдрах хамгийн том жаргалын нэг. Гэр бүл, үр хүүхэдтэйгээ элэг бүтэн амьдрах хамгийн том жаргалын нэг. Яг одоо жаргалтай, сэтгэл хангалуунбайх нь хамгийн том жаргал. 

Монголчуудын “өвчингүй бол жаргал, өргүй бол баян” гэдэг нь онч мэргэн үг шүү. Хувраг хүний жаргал бол Лам багштайгаа хамт гэгээрэлийн зам мөрд орж амьдрах нь хамгийн том жаргал. Лам багш шавиа сургаж Бурхан болгодог. Эх хүнд болүр хүүхдээөсгөж хүний зэрэгтэй болгох нь жаргал. Лам багш шавьдаа хэрхэн зөв бясалгаж,Гэгээрэлд хүрэх арга замыгзаадаг. Хувраг хүн 10 000 цаг бясалгасны дараа сэтгэл гутрал, айдас, уур, шунал, мунхагаас салж,сэтгэл нь баяр баясгалангаар дүүрч амар амгаланд хүрдэг гэдэг. Нэгэнт амар амгаланд хүрсэн хүн хэзээ ч сэтгэл гутрал, уур шуналд автдаггүй, сэтгэлийн хором бүр нь баяр баясгалан, амар амгалангаар дүүрсэн байдаг. Сэтгэл ньтэгш сэтгэл, энэрэл хайр, асрал хайр, баяр баясгалангаар дүүрсэн байдаг. 

Ер нь жаргалтай хүн гэдэг таашаалд дурласан хүнийг хэлдэггүй. Харин тааламжтай зүйлд ч хариу үйлдэл үзүүлдэггүй, тааламжгүй зүйлд ч хариу үйлдэл үзүүлдэггүй,сэтгэлийн тэнцвэртэй байдлыг хангасан хүнийг жаргалтай хүн гэнэ хэмээн буддын сударт бичжээ. Хэрэв би үүнийг бусдад яривал “Чи ер нь тэнэг хүн юм уу. Сайн, муу зүйлд хариу үйлдэл үзүүлдэггүй хүнийг тэнэг мангар , зомби гэдэг юм шүү” гэх байх л даа. Гэхдээ буддын сударт бичсэн зүйл үнэн бөгөөд мэргэн аж. Хүн ер нь ахуй ертөнцийн аахар шаахар юмны төлөө зүтгээд амар амгаланд хүрэхгүй ажээ. Хүн ер нь бие, хэл, сэтгэлээ ариун болгож,нисваанисаас чөлөөлөгдөж байж л амар амгаланд хүрэх аж. 

Тэхлээр аз жаргалтай хүнгэдэг нь сэтгэл гутрал, уур, атаа, шунал, мунхагаас бүрэн салсан, тэгш сэтгэл, энэрэхүй сэтгэл, асрахуй сэтгэл, төгс баясгалант сэтгэл дээр суурилсан боди сэтгэлийг олсон, одоо цаг дээр аз жаргалтай,амар амгалан байгаасэтгэлийн тэнцвэртэй хүнийг хэлдэг ажээ.

2023.08.25