Амьдралын хүрдэнд зүдэгсэд 

Мо Янь

Хилс хэрэгт буруутгагдаж амиа алдах "харгис" нударган Симэнь Нао, хайртай эхнэр Бай овогтынх нь хатуу тавилан, түүний бага эхнэр Инчунь, хүү шигээ санаж өсгөсөн Лань Ляний хувь заяа, хамтралд элсэлгүй хувийн аж ахуйтан хэвээр үлдсэндээ бүгдэд адлагдсан Лань Лянь, хувьсгалын үйл хэрэгт сэтгэл зүрхээ зориулан зүтгэсэн ч өөрчлөлт шинэчлэлтийн бодлоготой золгоод итгэл алдарсан Хун Тайюэ, нэг хашаа хороонд цугтаа аж төрж, амьдралаа холбосон ах дүү, эгч дүү дөрвийн ээдрээт тавилан, цагийн аясаар өөрчлөгдөх, Симэнь Наогийн хүү Зиньлун, эх нэгтэй дүү Зэфаных нь сэтгэлийн шаналан, эцэст нь энэ бүхний чимээгүй гэрч болж нэгэн шугамд холбоод, таван төрлийг дамжин Зэфаны гэрт эргээд хүн болж мэндлэх Симэнь Нао...

Нобелийн шагналт зохиолч Мо Яний өөрийнх нь тодорхойлсноор оргил бүтээл, шидэт реализмын сонгодог төлөөлөл болсон энэхүү романыг зохиолч хэдийгээр 43 өдрийн дотор бичиж дуусгасан ч санааг нь дөч гаруй жил тээж явсан хэмээн өгүүлжээ. Буддын шашны сансрын хүрднээс санаа авсан эл зохиолд Хятадын тосгон суурингийн тавь гаруй жилийн аж байдал, ахуй орчныг таван төрлийг дамжин төрөх Симэнь Наогийн нүдээр уран яруу, шог хошин аргаар дүрслэн үзүүлдэг.


Хайрын байрлалууд

Найз Зэфаны маань хүү Лань Кайфан аавыгаа мотоциклдоо суулган, жаал жуул хогшлыг нь ачаад Тяньхуа гудамжинд байдаг хуучин гэрт нь хүргэж өгөв. Зэфан хүүгээ тэврээд явлаа. Хүү нь түүн шиг туранхай боловч нуруу цэх. Зэфан, Пан овогтын гэрээс Тяньхуа гудамж хүртэл хүүгээ тэврэн нулимс урсган явсан учраас Кайфаны цагдаагийн дүрэмт хувцасны нуруу чийгтжээ.

Зэфан хуучин гэртээ эргэж ирээд сэтгэлээ барьж дийлсэнгүй. Тэр нэгэн бороотой өдөр Чуньмяог түшиж гараад эргэж ирээгүй шүү дээ. Хашаанд ургасан дөрвөн мод ургасаар вааран дээвэрт шүргэжээ. Эр хүн энэ мод шиг ургаж, түшиг тулгуур болдог ч болоосой гэх эртний нэгэн шүлэг байдаг. Найз маань хашаандаа ороод урьд нь түүний ажлын өрөө байсан зүүн жигүүрийн цонхны цаана танил хүн сууж байхыг олж харав. Хуан Хужу цаасан хайчилбар хайчилж байлаа.

Кайфан энэ бүхнийг зориуд зохион байгуулсан бололтой. Өрөвч нинжин сэтгэлтэй хүүтэй болсон нь Зэфаны буян заяа биз ээ. Кайфан хүү нагац эгч, аав хоёрыгоо нийлүүлээд зогсохгүй ажлаа алдаж сэтгэлээр гундан, амьдрах эх үүсвэргүй болсон Чан Тяньхуныг Симэньтунь тосгонд хүргэж, олон жил бэлэвсэн явсан Баофэн эгчтэйгээ уулзуулсан юм. Баофэн цагтаа Чан Тяньхунд дурлаж явсан шүү дээ. Чан Тяньхун ч түүнд талтай байлаа. Баофэний хүү Ма Гайгэ өгөөмөр сайхан сэтгэлтэй, ажилсаг, шударга тариачин залуу. Ээж нь Чан Тяньхунтай гэрлэхэд ер цааргалсангүй бүхий л талаар дэмжиж, гурвуул амар жимэр аж төрөх болов.

Зэфан найз минь анхнаасаа Хужуд, чухамдаа гэвэл түүний урт гэзэгт дурласныг уншигч авгай мартаагүй биз ээ. Ийнхүү олон жилийн дараа тэр хоёр нийллээ. Цагдаагийн дотуур байранд суудаг хүү Кайфан нь хаа нэг л харина. Цагдаа болохоор амрах нь ховор. Эхэндээ Хужу, Зэфан хоёр өөр өөрийн өрөөнөөсөө хоол идэх гэж л гардаг байжээ. Угаас дуу цөөнтэй Хужу Зэфаныг юм хэлбэл инээмсэглээд л өнгөрнө. Энэ мэт хагас жил болсны эцэст тэдний аж байдал өөрчлөгдөв. 

Тэр бол хавар цаг. Нэгэнтээ орой бороо шивэрч байхад Хужу, Зэфан хоёр оройн хоолоо идээд аяга тавгаа хурааж байхдаа санаандгүй шүргэлцэж, хэн хэн нь жигтэйхэн догдолж, харц тулгарав. Хужуг санаа алдахад Зэфан ч дагаад санаа алдлаа.

-Чи... гэзгээ самнахад минь туслаач... гэж Хужуг намуухан хэлэхэд Зэфан өрөөнд нь дагаж ороод гүйлсийн модон сам авч, Хужугийн гэзгийг задалбал урт гэзэг нь шал шүргэн асгарав.

Найз минь ийнхүү анх удаа залуу цагийн хүсэж дурласан урт гэзгэнд хүрч, нимбэгний тос шиг анхилуун үнэрийг нь авчээ.

Зэфан хэдэн алдын урт гэзгийг туг тугаар нь бариад самналаа. Өтгөн урт гэзгийг самнаж барахгүй аж... Зэфан самнахаасаа илүү нулимсаа дуслуулан илж таалав. Тэгмэгц Хужу хувцсаа тайлбал найз маань болж буй бүхэнд итгэж ядан, хадамд гарч буй шинэ бэрийн урт гивлүүрийг барьж зогсох жаалхүү шиг хоёр алдын цаахантай гөлрөн зогслоо. Хужу:

-Хүүгийн чинь хүслээр болъё доо... гээд орон дээр дөрвөн хөллөхөд Зэфан дөхөж очоод түүнийг араас нь эзэмдэв.

Ийм байрлалаар нэг биш удаа хүсэл тачаалаа хангаад Зэфан, Хужуг дээш нь харуулахыг оролдсон ч Хужу:

-Нохойнууд ингэдэг биз дээ? гээд эргэж харсангүй.