Агнистын гэгээ; НИЛ ЦЭЦГИйН ХҮРЭЭЛЭН
Бурханыг чи гадна талд байдаг гэж бодсоор бол гэгээрлийн зүгт нэг ч алхам дөтлөхгүй. Там, диваажинг газарзүйн утгаар биш, сэтгэлзүйн утгаар ойлгох учиртай.
Агнистын гэгээ;
НИЛ ЦЭЦГИйН ХҮРЭЭЛЭН
Агнистын гэгээ: цуврал 20-21 хэвлэгдэн ирлээ
Дүрсхийдэг авир
Нэг залуу Банкэй багш дээр ирээд:
- Багш аа, би дүрсхийдэг уураа дийлэхгүй юм. Яаж энэ өвчнөөс салах вэ? гэж асуужээ.
- Сонин л юм. Надад тэр уураа харуулаадах даа гэхэд
- Одоогоор уурлаагүй болохоор харуулж болохгүй байна гэж залуу хэлэв.
- Тэгвэл уурласан үедээ ирээд үзүүлээрэй.
- Гэнэ сэнэгүй авалцдаг юм. Үзүүлэх гэж ирэх хооронд арилчих байх даа.
- Тийм бол чиний мөн чанар биш гэсэн үг. Мөн чанар чинь байсан бол дурын үед харуулах боломжтой. Төрөхдөө чи түүнийг өвөрлөж төрөөгүй. Эцэг, эхээс өвлөж аваагүй. Гаднаас чамд нялзсан байна. Миний өгөх зөвлөгөө: Уур чинь хүрэх үед өөрийгөө таягдаж бай. Дотор чинь уур хилэн тогтох аргагүй болтол нь гөвшөөд өг гэж Банкэй багш хэлжээ.
Жинхэнэ мөн чанар – Дао чамайг төрөхөөс өмнө байсан, нөгчсөн хойно ч байх тэр зүйл. Зах хүрээ өөрчлөгдөвч төв өөрчлөгдөхгүй. Далай лугаа зүйрлэж болно. Далайн мандалд аясын салхиар үй түмэн давалгаан эрчлэн босч, эргэн замхардаг. Гэвч далай дотоод гүндээ үл хөдлөгч, нам гүм хэвээр. Хэрэв чи зах хүрээндээ уягдах юм бол үргэлж үймээн шуугиан дунд амьдарна. Уур бухимдал, шунал тачаал, гуниг гутрал бүгд өнгөн мандалд салхин аясаар үүсэх давалгаан. Давалгааг цагдах гэж оролдох тусам улам их давалгаална. Ёсзүйч, суртал номлогч нар хүнийг зах хүрээнд нь өөрчлөх гэж оролддог. Чиний зан суртахуун бол зах хүрээ. Энэ ертөнцөд чи ямар ч зан суртахуун өвөрлөж ирээгүй. Хоосон цаас лугаа адил ирсэн. Зан суртахуун гэгдэх зүйлсийг нийгэм чам дээр хожим бичжээ. Тэдгээр болзолт хэв загвараас гарч, эргээд цэвэр цагаан цаас болохгүйгээр мөн чанараа танихгүй.
Яаж уур хилэнгээс салах вэ, яаж зөв зан суртахуунтай болох вэ гэдэг нь асуудал биш. Гадна хүрээнээс дотоод төвдөө хэрхэн шилжих вэ гэдэг л жинхэнэ асуудал. Төвдөө оршсон цагт төвшин амгаланг үргэлж мэдэрнэ. Төвөөс зах хүрээ рүү харах алслал үүснэ. Зах хүрээнд юу ч өрнөсөн өөр хэн нэгэнд тохиож байгаа мэтээр өөрт нялзахгүйг харах болно. Будда, та хоёрын ялгаа бол буянтан, нүгэлтэн, ёстой, ёсгүй гэхчлэн зан суртахууны ялгаа биш. Төвдөө оршсон, эсэхийн л ялгаа. Бүх зүйл доод хөндийд өрнөхийг Будда уулын орой дээрээс тэгш амгалан харж чаддаг. Харин та нар хөндийн тулаан дундаа багтарч явдаг.
Ойлгох ёстой удаах зүйл нь: Хорьж цагдах амархан, өөрчилж хувиргах нь бэрх. Нийгэм хорьж цагдахыг заадгаас биш, хувиргах ур эрдмийг заадаггүй. Уур бухимдлаа хорилоо гээд чи дарж далдлахаас хэтрэхгүй. Гадагшаа чиглэсэн хөдөлгөөн дотогшоо эргэнэ. Хорыг уул нь гадагшлуулах тусмаа сайн. Дотогшоо эргэснээр чиний бие, сэтгэлийн гүнд нэвчиж, бүх оршихуйг хордуулна. Тэгснээр хааяа уурлаад, хааяа уургүй байдаг юм биш. Үргэлж ууртай байх болно. Зөвхөн тэсэрч дэлбэрэх үе, тэр хооронд тэсрэх шалтаг анан хүлээж буй далд ууртай үе байна. Жирийн үйл тутамд чинь уур бухимдал илрээстэй. Хоол идлээ гэхэд чи хүчирхийллээр идэх болно. Уургүй амгалан хүн мах идэхдээ ч хүчирхийлэлгүй иддэг. Ууртай хүн жимс ногоо идэхдээ ч зэрлэг догшин. Араатны хувьд шүд, савар хоёр нь зэр зэвсэг болдог. Түүнчлэн доторх уур хилэнгээ амаараа суллаж, хоол идэхдээ дайснаа тасчиж буй араатан аятай зэрлэг загнах. Санаж яв: Хоолондоо дайсан мэт хандах юм бол хоол чинь чамд шим тэжээл болохгүй. Харин дотоод өвчнийг чинь тэжээж тэтгэх болно. Дарагдсан ууртай хүмүүс тэр хэрээрээ их идэж, биедээ тээр болох ачаа тээш нэмж явдаг. Биеэ хүчирхийлж буй хэрэг.
Энэ мэтчилэн амьдралын бүх талбарт уур нэвчинэ. Амраглахдаа хүртэл хэрцгий түрэмгий. Тийм хойно хайраар л хүртэх гүн тавирлыг яаж амсах вэ. Хяналтаа алдчих юм бол хайртай хүнээ ч алж магадгүй нуугдмал хүчнээс айж биеэ барина. Гэвч нүүр царайнд чинь тэр хар сүүдэр илрээстэй. Амраглаж байхдаа, хоол идэж байхдаа дарагдмал ууртай царайд ямар араатан тодорч буйг анзаарч болно. Тийнхүү хорьж цагдах, дарж далдлахаас болж ердийн үйл хүртэл хүчирхийлэл болж хувирдаг. Хаалга нээх, гутлаа тайлах, ширээн дээр юм тавихдаа ч хахир яхир болоод гар чинь үргэлж салгалж байгааг анзаар...
Там, диваажин
Зэн багш Хакуйн дээр дайчин эр ирээд:
- Там, диваажин үнэхээр байдаг уу? гэж асуужээ.
- Чи хэн бэ? гэж Хакуйныг асуухад дайчин:
- Би бол эзэн хаанд хүчин зүтгэдэг самурай гэв.
- Самурай гэнэ ээ? Миний нүдэнд бол хөгийн гуйранч шиг харагдаж байна гэхэд дайчны уур дүрсхийж, илдээ сугалав.
Тэр үед Хакуйн амарлингуй хэвээр:
- Яг одоо тамын үүд нээгдэж байна гэжээ.
Багшийн дөлгөөн амгаланг мэдэрсэн дайчин илдээ хуйлж, өвдөг сөгдөв.
- Одоо диваажингийн үүд нээгдлээ гэж Хакуйн хэлжээ.
Там, диваажинг газарзүйн утгаар биш, сэтгэлзүйн утгаар ойлгох учиртай. Сэтгэл там ч болдог, диваажин ч болдог. Даанч хүмүүс үргэлж гадагшаа чиглэдэг. Дотогшоо чиглэх туйлын бэрх юмсанж.
Америкт нэг сэтгэлзүйч бага сургуулийн хүүхдүүдээс Бурханы тухай бодлыг нь сурвалжилжээ. Хүүхэд томчуудаас илүү цайлган, шударга. Тэд хүний сэтгэхүйн хэв маягийг шууд илэрхийлдэг. Хүүхдүүд бараг бүгдээрээ Бурханыг дээд тэнгэрт хаан ширээнд суудаг догшин сүртэй өвгөнөөр төсөөлжээ. Буруу юм хийсэн хүнийг там руу шидэж, зөв сайн үйлтэнд ивээл хишиг соёрхдог нэгэн. Түүний хараанаас хаа ч байсан мултрах боломжгүй. Ариун цэврийн өрөөнд ч тэр чамайг харж байгаа гэнэ.
Хүүхдийн төсөөллийг шоолох хэрэггүй. Та нар өөрсдөө нялхас хэвээрээ. Бүх шашин айдас дээр дөрөөлдгийн учир энэ. Бурхан хүнийг өөрийн дүрээр бүтээсэн гэж Библид өгүүлдэг. Эсрэгээр нь хэлбэл зохино. Хүн Бурханыг өөрсдийнхөө дүрээр бүтээсэн. Хүний сэтгэхүйн томруулсан дүр. Санаж яваарай: Бурханыг чи гадна талд байдаг гэж бодсоор бол гэгээрлийн зүгт нэг ч алхам дөтлөхгүй. Бурхан, чөтгөр, там, диваажин бүгд гадна талд байдаг бол чиний дотор цулгай хоосноос өөр юу байх вэ? Гэвч үнэн хэрэгтээ бүх зүйл дотор чинь бий. Айдас хүйдэс, уур бухимдал, хар хор хаана байна? Там бол тэр бүхний тусгал. Бас чиний доторх сайн сайхан бүхний тусгал нь диваажин. Чөтгөр бол хүний оршихуйн уналт. Бурхан бол хүний оршихуйн мандал.