33 дахь удаагийн дугаараар бид ерөнхий боловсролын салбарын асуудлыг 2 жилийн өмнө хөндөж байжээ. Боловсролын байгууллага, ажил олгогчид хүний мэдлэг, хандлагыг бус ур чадвар, төлөвшлийг илүү үнэлдэг болсон нь зөв үү, багшийн мэргэжил ирээдүйд байх уу, альфа цахим эриний хүүхдүүдэд мэдлэг, мэдээллийг хэрхэн хүргэх вэ, мөн дэлхийн том зөвлөх компаниуд боловсролын үнэлгээн дээр зөвлөж чадахаа байсан тодорхойгүй эрин зуунд ямар сургалтын хөтөлбөрөөр чанартай боловсролыг олгох вэ зэргийг хэлэлцэв. Нэвтрүүлгийн зочноор БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир, ахмад багш Д.Цэцэгмаа, ЖАЙКА-гийн “Процесс” төслийн мэргэжилтэн Фүкүо Томохиро, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн дэд захирал О.Оюунтунгалаг нар оролцлоо.

В.Ганзориг: Сүүлийн үед цөөнгүй хүн боловсрол хэрэгтэй хэрэггүй гэж маргах боллоо. Та бүхний хувьд манай ерөнхий боловсролын салбарын өнөөгийн байдал ямар байна вэ?

НЭВТРҮҮЛГИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХИЙГ ХҮСВЭЛ ТА ДООРХИ ХОЛБООСЫГ ДАРНА УУ!


Т.Ням-Очир: Энэ асуудал дээр гурван чиглэлээр ярих хэрэгтэй гэж бодож байна. Нэгт, тогтолцооны хувьд Монгол Улс 2005-2006 онд 10-11 жилийн тогтолцоонд, 2008-2009 онд 12 жилийн тогтолцоонд шилжсэн. ЮНЕСКО-ийн гишүүн орнуудын 80-аас дээш хувь нь 12 жилийн тогтолцоотой байдаг. Эрдэмтэн судлаачдын үзэж буйгаар хүүхдийг аль болох багаас нь, тэр дундаа тархины хөгжил ид явагддаг 3-5 насанд нь хөгжүүлж эхлэх ёстой гэдэг. Ийм учраас дэлхийн улс орнууд хүүхдийн сургуульд орох насыг найм, долоо, зургаа, тав гэх мэтээр багасгаж байна. Хамгийн сүүлийн жишээ бол Франц улс. Хүүхдийг гурван настайд нь сургуульд элсүүлэх хуулиа гаргачихлаа. 

Хоёрт, хууль эрх зүйн орчны асуудлыг дурдах ёстой. Монгол Улс дөрөв, таван удаа боловсролын хуулиа баталж өөрчилсөн байдаг. Хамгийн сүүлд, 2002 онд баталсан хуулиар өнөөдөр явж байна. Эрх зүйн шинэчлэлийг гурван төвшинд хувааж болно. Эхний нь 1991-1995 оны эрх зүйн шинэчлэлээр албан ба албан бус боловсролын тогтолцоонд шилжсэн. 2001-2006 оны шинэчлэлээр тогтолцооны өөрчлөлтөө дагаад сургалтын процесс гэх мэт агуулгын өөрчлөлтүүд нэлээд хийсэн байдаг. 2010 оноос бид дандаа олон улсын чиг хандлага, стандартад нийцсэн “Дэлхийн монгол иргэн”-ийг бэлтгэх хөтөлбөрийн эрх зүйн шинэчлэлийг хийж байна. 2002 онд батлагдсан хуулиас хойш өнөөдрийг хүртэл нийтдээ 24 удаагийн оролдлогоор 325 зүйл заалтыг хуульд нэмж оруулж, шинэчлэн найруулсан. Ингээд харахаар 2030 оны монгол иргэн хэн байх вэ гэдгээс илүүтэйгээр өнөө, маргаашийн үйл ажиллагаагаа л зохицуулсан процедурын шинжтэй асуудлуудтай зууралдсан. Тухайлбал, сургуулийн заалыг хэнд түрээслүүлэх вэ, цайны газрыг нь хэн түрээслэх ёстой вэ гэх мэт эрх зүйн тогтворгүй байдал багагүй байна.

Гуравт, сургалтын хөтөлбөрийн шинэчлэлт өөрчлөлтийг ярих ёстой. Монгол Улс түүхэндээ 10 удаа хөтөлбөрийн шинэчлэл хийсэн. 1921-1934, 1934-1945, 1945-1955 оны гэх мэтээр өмнөх шинэчлэлийг харахаар дандаа 10 жилийн циклтэй байсан. Харин сүүлийн 15 жилийн дотор гурван удаагийн огцом өөрчлөлтийг хийсэн. Эдгээрээс дүгнээд хэлэхэд сүүлийн жилүүдэд бид бодлого ба эрх зүйн тогтворгүй байдалтай үргэлж тулж байна. Иймээс цаашид энэ асуудал дээрээ л голлон анхаарч ажиллах зайлшгүй шаардлага ерөнхий боловсролын салбарт байна гэж би хувьдаа харж байна.

О.Оюунтунгалаг: Ням-Очир даргын хэлснээр богино хугацаанд сургалтын хөтөлбөр өөрчлөгдөж буй нь манай салбарт асуудал үүсгэдэг. Учир нь сургалтын хөтөлбөрөөр дамжин ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагаа зохицуулагддаг. Сургалтын хөтөлбөр бол сурагчид хэн болж төгсөх вэ гэдгийг залж чиглүүлдэг бодлогын хэрэгжилтийн том баримт бичиг шүү дээ. Салбарын боловсон хүчин бэлтгэгдэж байж энэ бодлого амьдрал дээр амжилттай хэрэгждэг. Гэтэл дөрвөөс таван жилийн давтамжтай өөрчлөгдөж байх нөхцөлд хүнээ бэлтгэх, багш шинэ хөтөлбөрөө судалж өөрийн болгох, багш өөрийгөө өөрчлөх цаг хугацааны боломж гардаггүй. Олон улсын хандлагаас харахад дор хаяж 10 жилд нэг удаа хөтөлбөрөө өөрчилдөг. Энэ 10 жилийн таван жилийг нь багшаа бэлдэхэд зориулдаг.

Боловсрол өөрөө тодорхой төвшинтэй. Бага буюу суурь, дунд, ахлах ангиудын хөтөлбөрөө дагаад боловсролын төвшин бүрт зааж байгаа багш нарыг системтэй бэлдэх асуудал байдаг. Ойр ойрхон хийгддэг өөрчлөлтөөс шалтгаалан багшаа бэлдэж амжихгүй, ямар хүүхэд бий болгож, хөгжүүлэх ёстой гэсэн ирээдүйгээ харсан бэлтгэлээ базааж чадахгүй том асуудал бидэнд байна.

Д.Цэцэгмаа: Хөтөлбөр ингэж өөрчлөгдөж явсаар байгаад багш, сургууль дээр ирдэг. Ахмад багшийн хувьд хэлэхэд багш нарын гар дээр ирж буй хөтөлбөрийг ойлгож, хүүхдээ хөгжүүлэн төлөвшүүлэх, дэлхийн монгол иргэн болгохын тулд хөтөлбөрөө өөрийн болгох цаг хугацаа зайлшгүй хэрэгтэй байдаг юм аа. Багш өөрөө ойлгохоос гадна хөтөлбөрийг авч буй сурагч хүүхдүүд, тэдний эцэг эхчүүдэд ойлгуулахад багагүй цаг хугацаа шаардагддаг. Өөрөөр хэлбэл, багш, сурагч, эцэг эх гэсэн гурван төлөөлөл бүрэн ойлгож гэмээнэ хөтөлбөр амьдрал дээр амжилттай хэрэгждэг. Ингэж ойлгох цаг хугацаа байхгүйд багш нар ч багагүй бухимддаг. Өөрөө сайн ойлгоогүй жороор хүүхдийг хүн болгож хүмүүжүүлнэ гэж байхгүй. Багшийн сайн ойлгоогүй хөтөлбөрийг эцэг эхчүүд бүр ойлгохгүй. Ингэж явсаар нийгэмд сөрөг уур амьсгал үүсдэг. 

Гэхдээ хөтөлбөр өөрчлөгдөх ёстой юу гэвэл гарцаагүй сайжирч өөрчлөгдөх ёстой. Учир нь дэлхийн хөгжлийн хурдац, гадаад орчин, олон улсын чиг хандлага маш хурдан өөрчлөгдөж байна. Энэ өөрчлөлтөөс Монгол Улс, ирээдүйн Монголын иргэн хоцорч болохгүй. Харин энэ өөрчлөлтийг хийхдээ бодлого барьж байгаа яам, шийдвэр гаргаж буй мэргэжлийн байгууллагууд хөтөлбөрийн менежемент дээрээ сайн анхаарах хэрэгтэй байна. Хөтөлбөр хэрэгжүүлэх удирдлагын процесс дээр алдаа гарснаас шалтгаалж багш нарт ачаалал үүсч, улмаар эцэг эхчүүд, нийгэмд стресс болж очоод байна. Багш, сургуулийн удирдлага, эцэг эх, мэргэжлийн байгууллагууд, шийдвэр гаргагчид, бодлого боловсруулагчид бүгд нэгэн ижил жигд ойлголттой байж гэмээнэ бодит үр дүн гарна. Мөн цаг хугацаанаас гадна орчин нөхцөл, хэрэгсэл, хэрэглэгдэхүүн нь бэлэн болоогүй байхад багш нарыг шахахаар бэрхшээл үүсэх нь аргагүй шүү дээ. 

Фүкүо Томохиро: Нэвтрүүлэгт урьсанд баярлалаа. Бусад зочны хэлснээр Монголын ерөнхий боловсролын салбарын хамгийн тулгамдсан асуудал бол ойр ойрхон өөрчлөгддөг сургалтын хөтөлбөр юм. Заах арга барил, технологи гээд мэдээж өөр олон асуудал бий. Гэхдээ эдгээр асуудал бусад оронд ч түгээмэл байдаг. Хүн болгонд сурч, боловсрох хэрэгцээ бий. Асар хурдан хувьсан өөрчлөгдөж буй өнөөгийн орчилд заах арга барил ч дагаад өөрчлөгдөхөөс өөр аргагүй болж байгаа. Ялангуяа хүүхдэд суурь боловсрол олгоно гэдэг бол тийм ч амархан ажил биш. Багш хүүхдэд боловсрол олгохдоо сургалтын хөтөлбөр, сурах бичиг ашигладаг. Сургалтын хөтөлбөр бол боловсролын суурь багана. Энэ хөтөлбөрийг өөрчлөх тоолонд заах арга барил, сурах бичгүүд дагаад өөрчлөгддөг. Өөрөөр хэлбэл шинэ хөтөлбөр хэрэгжүүлэх тоолондоо бүх ажлыг тэгээс эхлэх ёстой болдог гэсэн үг. 

Боловсролын салбарт урт хугацааны зорилго, мэргэжлийн төлөвлөлт асар чухал байдаг. Учир нь эдгээр хүчин зүйлс боловсролын чанарт шууд нөлөөлдөг. Хэт ойрхон хийгдэж байгаа өөрчлөлт ерөнхий боловсролын салбарыг самардаг. Монгол Улсын ерөнхий боловсролын салбарын хамгийн том асуудал энэ болов уу гэж би бодож байна.

В.Ганзориг: Нэг талаас сургалтын хөтөлбөр цаг үеэ даган өөрчлөгдөх ёстой гэсэн атлаа Монголд хэт ойрхон өөрчлөгдөж байна гэж байна. Зохистой давтамж 10 жил гэж хэллээ. Тухайлбал, Япон улс хэдэн жил тутам ерөнхий боловсролын хөтөлбөрөө өөрчилдөг вэ?

Фүкүо Томохиро: Япон улсын хувьд 10 жил тутам нэг удаа хөтөлбөрөө шинэчилдэг. Монгол ч гэсэн ийм давтамжтай өөрчилдөг байж байгаад 1990 оноос хойш дөрвөн жил тутам өөрчилдөг болсон. Боловсролын салбараараа дэлхийд тэргүүлдэг Финланд улс мөн л 10 жил тутамд хөтөлбөрөө шинэчилдэг. Америк, европын орнууд таван жил тутам хөтөлбөрөө шинэчлэх хандлагатай байдаг боловч энэ өөрчлөлтийг хийхийн тулд тэд 10 жилийн өмнөөс бэлддэг юм. Сургалтын хөтөлбөрөө өөрчилж байна гэж ярьдаг хэдий ч эдгээр улсууд суурь зарчмаа бараг хөдөлгөдөггүй.

В.Ганзориг: Та бүгд ерөнхий боловсролын салбарын бодлого ба эрх зүй тогтворгүй байдаг хамгийн тулгамдсан асуудал гэж дуу нэгтэй хэллээ. Түүнчлэн сургалтын хөтөлбөр гэдэг үг олон удаа давтагдлаа. Энэ хөтөлбөр яагаад Монголд ийм ойр ойрхон өөрчлөгдөөд байдаг юм бол? Бараг улс төрөөс илүү тогтворгүй байдаг юм байна. Үүний шалтгаан нь юу вэ?

Т.Ням-Очир: Өөрчлөлт шинэчлэл богино хугацаанд чанартай хийгдэж байвал сайн л даа. Гэхдээ өөрчлөлт хийхийн тулд өмнө туулсан замаа судлах ёстой байдаг. Дараагийн 10 жилийн шинэчлэл хийхийн тулд өмнөх 10 жилийн түүх, туршлагаа судлан дүгнэх хэрэгтэй. Үүний тулд тодорхой арга зүй, аргачлал шаардагддаг. Ийм зүйлгүйгээр “энэ л болохгүй байгаа юм байна” гээд сэтгэлийн хөөрлөөр зарим нэг эрх мэдэлтэн, бодлого боловсруулагчид шийдвэр гаргаад буйд учир бий. Боловсрол бол хүний амьдралын чанар, амьдрах чадвараар илэрхийлэгддэг хэмжигдэхүүн. Сургалтын хөтөлбөр бол хүнд чанартай амьдрахад шаардагдах чадварыг өгдөг жор юм. Иймээс хөтөлбөрийг амьдралд амжилттай хэрэгжүүлэхийн тулд зайлшгүй шинжлэх ухааны үндэстэй, судалгаа тооцоотой байж, нэгж дээр хэрэгжүүлэх багш нарт бүрэн ойлгуулах ёстой байдаг. Ийм бэлтгэл хангахгүйгээр дээр гаргасан бодлогыг амьдралд шууд хэрэгжүүлэх боломжгүй байдаг учраас хөтөлбөрийн шинэчлэлд тодорхой хугацаа, үе шат шаардагддаг. 

Сургалтын хөтөлбөр гэдэг бол зүгээр нэг 40 минутын хичээл, эсвэл нэг сарын бүлэг сэдэв, нэгж хичээлийн асуудал ердөө биш. Үүний цаана сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүн, үнэлгээ, багшийн арга зүй гээд олон чухал зүйл байдаг. Энэ бүгдийг цогцоор нь хийх ёстой гэдгийг бид олж харж чадахгүй зүгээр нэг гадны стандартыг хуулах, эсвэл энэ болохгүй байна гээд жижиг өөрчлөлт хийгээд байдаг. Үүнээс болоод энэ салбарын үр бүтээлд сөрөг нөлөө гарч байгаа.

О.Оюунтунгалаг: Олон улсын чиг хандлагыг харахаар 10 жилийн цикл эргэсний дараа хөтөлбөр шинэчлэгдэж байна. Энэ циклийн тал хугацааг нь багш нарт зориулдаг. Шинэ хөтөлбөрийг таниулахад нэгээс хоёр жил шаардагддаг. Хөтөлбөрийн үр дүн ирээдүйн монгол хүнийг бүтээхэд чиглэгддэг. Энэ үр дүнд хүрэх замыг багш хөтөлдөг. Боловсролын салбарын анхан шатны нэгж дээр багш л хөтөч болж зогсдог юм. Шинэ хөтөлбөр гарахад хамгийн эхлээд хуучин хөтөлбөртэй харьцуулж агуулгын зөрүүг арилгадаг. Үүний дараа хүүхдээ шинэ хөтөлбөр рүү хөтлөхийн сацуу үүнийгээ эцэг эхчүүдэд нь ойлгуулах ажил хийдэг. Тэгэхээр хөтөлбөр гэдэг бол яамны эсвэл хэн нэгний хандлага, үзэл бодлоор өөрчлөгддөг биш харин шинжлэх ухааны үндэслэлтэй, судалгаа нотолгоотой байж гэмээнэ өөрчлөгддөг зүйл юм. Энэ зарчмыг олон улсад хүлээн зөвшөөрсөн байдаг бөгөөд манай улс ч гэсэн хүлээн зөвшөөрөх ёстой. Эс бөгөөс зорилго нь тодорхой биш өөрчлөлт явуулж асуудал үүсгээд байна. 

Манай салбарын тулгамдсан асуудал бол өөрчлөлт шинэчлэл хэт ойрхон давтамжтай байгаа учраас зорилго, агуулга руугаа гүнзгий орж чадахгүй, өнгөц өөрчлөлт хийх, үүнээсээ болоод хөтөлбөрөө утгаар нь ойлгохгүй байх, эргээд салбараа шүүмжлэх асуудлууд үүсдэг. Ийм учраас бэлтгэл гэдэг юмыг онцолж хэлж байна. Дараагийн хэлэх ёстой зүйл бол сурах бичиг ба сургалтын хэрэглэгдэхүүн. Хөтөлбөр шинэчлэгдэхэд багш нь бэлтгэгдээгүй байгаа дээр нэмээд эдгээр зүйлс нь бэлэн биш байдаг. Олон улсын туршлагаар эдгээр зүйлийг бүгдийг нь бэлдсэний дараа л хөтөлбөрөө өөрчилдөг. Хөтөлбөр гэдэг бол хаашаа явахыг чиглүүлдэг удирдамж. Үүнийг хийхдээ бид олон улсын чиг хандлагаа дагах ёстой. 

Д.Цэцэгмаа: Ойр ойрхон өөрчлөгддөг сургалтын хөтөлбөрийг багш нар харддаг. Боловсролын салбар, процесс хэт улстөржиж, улстөрчдөөс хараат болж байгаа юм байна гэж харддаг. Улстөржөөгүй салбарыг Монголоос олоход хэцүү болсон байна. Гэхдээ боловсролыг мэддэггүй хүн гэж бараг байдаггүй. Гарч ирсэн нам, бодлогын сайд бүгд л боловсрол руу дайрдаг боллоо. Боловсрол хамгийн популист сэдвийн нэг болчихлоо. Улс төрөөс болж манай салбарын залгамж чанар алдагддаг болсон. Өмнөх хөтөлбөрийг боловсруулж байсан нөхөд засаг солигдоход алга болдог. Яамны газрын дарга, аймаг, Нийслэлийн боловсролын газрын дарга, мэргэжлийн байгууллагуудын удирдлагууд улс төрөөс болоод өөрчлөгдөөд явчихдаг. Энэ тоолонд ойлголтын зөрүү улам ихэсдэг. Дөрвөн жил нэг хөтөлбөр хэрэгжээд овоо нэг зүг чигээ олоод, хүнээ бэлдээд, багш захирал хоёр арай гэж нэг тийшээ харж эхэлж байтал хүмүүс нь солигддог. Ингэж ажил нурдаг. Энэ байдал багш нарт асар их хүндрэл учруулдаг юм. Шийдвэр гаргагчид, бодлого тодорхойологчдын тогтворгүй байдал багш нарыг ажил хийх боломжгүй болгодог. Хамгийн том аюул нь багш нар өөрийн толгойгүй болохоос гадна идэвхи санаачилгагүй болж эхэлдэг. 

В.Ганзориг: Манай нийгмийн хамгийн улстөрждөг нь танай салбар болчихсон юм биш үү?

Д.Цэцэгмаа: Тийм. Ийм учраас эндээс эцэг, эхчүүд багшийг загнаад л, тэндээс дээд удирдлага нь өөр чиглэл өгөөд л байхаар багш нар самгардаад юун тэр хөтөлбөр болдог. Харин зөрөөд шинэ гарч ирж байгаа дараагийн дарга нарт таалагдахыг хичээж эхлэдэг. Энэ бүх процесс та бидний хүүхдүүдийг үнэхээр баллаж хаяж байгаа шүү. Би олон жил боловсролын салбарт ажиллаж байна. Энэ бүхнээс хамгийн их хохирдог нь хүүхэд шүү. Хүүхэд хохирч байна гэдэг нь Монголын нийгэм тэр чигээрээ хохирч байгаа шүү. Аль насанд нь ямар хүн болгож төлөвшүүлэх удирдлагаа алдаж байгаа юм. Тэгээд өнгөрсөн хойно нь энэ хүүхдүүд болохгүй байна, энэ залуучууд манай нийгмийг авч явж чадахгүй байна гэж хэчнээн ярьж хашгираад яах вэ дээ! 

Т.Ням-Очир: Бидний ярьж буй бүх асуудал нэг зүйл дээр зангидагдана. Учир нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн тушаалаар “Хөтөлбөрийн менежментийн циклийн удирдамж” буюу сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох аргачлал гэдгийг бид баталж гаргасан. Энэ аргачлалаар сургалтын хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх процесс дор хаяж 10 жилийн циклтэй байна гэж батласан. Үүнийг хийхдээ бид олон улсын туршлага, мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөө зааврыг авсан. Ингэж ажиллаж байхдаа боловсролын салбар нь улс төрөөс хамаарч савладаг, бодлого нь хугацаанд өөрчлөгддөг асуудал ганц Монгол Улсад биш дэлхийн олон улсад байдгийг мэдсэн. Тэгэхээр Монгол Улс энэ салбарыг тогтвортой байлгах алхмаа хийж чадсан гэсэн үг. Өөрөөр хэлбэл цаашдаа хэн нэг эрх мэдэлтэй хүн сургалтын хөтөлбөрийг дур мэдэн өөрчлөх асуудал гаргахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Сүүлийн гурван жилд боловсролын салбарт гурван сайд солигдлоо. Шинэ сайд гараад юу гэж хэлэх бол гээд багш нар зүгээр л хүлээдэг болсон. Гэтэл багш нарын үндсэн ажил бол нэгж дээр байгаа хүүхэддээ хүрч ажиллах байдаг. Нийгэм хүмүүсийг ийм болгож байна. 

2010 оноос хойш “Цөм” хөтөлбөр хэрэгжиж эхлэсэн. Энэ бол хүүхэд бүрийн хөгжлийн онцлогт тааруулсан бидний хамгийн сүүлд батлан хэрэгжүүлж буй хөтөлбөр. Өмнөх хөтөлбөр стандартад суурилсан байсан. Тэр нь бүгд ийм л болох ёстой гээд зорьдог байсан бол шинэ хөтөлбөрөөр хүүхэд бүрийн хөгжлийн ялгаанд тааруулсан төвшин бий болгосон. “Цөм” хөтөлбөрийн хамгийн эхний төгсөлт энэ жил тохиож байна. Одоо бид цогц үнэлгээ хийж, болж буй болон болохгүй байгаа зүйлийг нь тодорхойлж, улам сайжруулах учиртай. Тухайлбал, эх хэлний хичээл дээр ийм өөрчлөлтүүдийг оруулъя. Гэхдээ энэхүү өөрчлөлтөө 2022 оны 9 дүгээр сарын 1-нээс ингэж хэрэгжүүлнэ гэдэг аргачлал, түүнийг дагалдаад 2022 онд хэрэглэх сурах бичгээ бэлдэх, үнэлгээгээ тодорхойлох, 2021 он гэхэд багш нараа сургах зэрэг бүх зүйлээ хооронд нь уялдуулж ажиллана гэсэн үг. Түүнээс биш 8 дугаар сарын 15-нд гэнэт үүнийг заагаарай, ингэж өөрчлөгдсөн шүү гээд 9 дүгээр сарын 1-нд багш нарыг шахаж болохгүй л дээ. Ийм зүйл байхгүй болно.

В.Ганзориг: Энэ чинь л хүн бүрийн хүсээд байгаа зүйл шүү дээ. Гэхдээ шинэ сайд гарч ирээд энэ аргачлалыг үгүйсгэх, хүчингүй болгох эрсдэл бий юу?

Т.Ням-Очир: Сайд өөрийнхөө төвшинд энэ тушаалыг гаргасан. Энэ асуудал өөрөө үндэс суурьтайгаар эрдэмтэн судлаачдын төвшинд хоёр жил судлагдан баталгаажсан үндэсний төдийгүй сургуулийн хөтөлбөр бөгөөд цаашилбал Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалтай холбоотой тул хүссэн хүсээгүй дадал хэвшил болоод явна. Ийм учраас дараа нь хэн ч гарч ирсэн энэ процесс зогсох учиргүй. Япон улс 1946-2006 онд буюу 60 жилийн турш боловсролын хуульдаа ганц ч удаа гар хүрээгүй. Японы боловсролын хуульд сургалтын хөтөлбөр нь 10 жилийн циклтэй байна гэдэг зүйл заалт огт байхгүй. Энэ нь өөрөө салбарын соёл, хэвшил болчихсон гэсэн үг. Үүнийг л бид Монголдоо хэвшүүлж төлөвшүүлэх гэж эхний алхмаа хийсэн.

Фүкүо Томохиро: Сургалтын хөтөлбөр маш чухал. Боловсрол бол хүн төрөлхтний суурь хэрэгцээ. Бид цаг үргэлж шинэ зүйл сурч байдаг. Сурсан хэрээрээ үйлдэл үзүүлдэг. Нийгмээрээ сурч хөгжсөөр байгаад өнөөдрийн өндөрлөгт хүрсэн. Нэлээд өндөр боловсрол эзэмшсэн хүмүүс та бид энэ ширээнд өнөөдөр ярилцаад сууж байна. 

В.Ганзориг: Нэлээд өндөр боловсрол эзэмшсэн гэдэгтэй санал нийлж байна шүү (Инээлдэв).

Фүкүо Томохиро: Боловсролын үр шимээр та бид өсч хөгжиж, тэр хэрээр нийгэм цогцолдог. Ийм учраас боловсрол хүн төрөлхтөнд байх ёстой зайлшгүй зүйл мөн. Харин сургалтын хөтөлбөр гэдэг нь боловсролын үндсэн концепц юм. Би энэ жишээг хэлэх дуртай. Тухайлбал, хоол хийхийн тулд танд жор хэрэг болдог. Сайн жороор та гоё хоол хийж чадна. Сургалтын хөтөлбөр бол жор юм. Өөрөөр хэлбэл боловсролоор дамжуулан та бүхэн монгол хүнийг бүтээж байна гэсэн үг. Сургалтын хөтөлбөр гэдэг нь монголчуудын жор. Жоргүй хийсэн хоолны амт, чанар тодорхойгүй байдаг. Ийм хоол амтгүй, эрүүл биш байх өндөр магадлалтай. Ялангуяа хүүхдэд өгч буй ерөнхий боловсрол бол хүүхдийг хүн болгох асар том хариуцлага юм. Энэ процесст алдаа гаргах эрх байдаггүй. Иймээс хоолны жор буюу сургалтын хөтөлбөрөө боловсруулахдаа маш сайн бэлдэж, асар хариуцлагатай хандах ёстой. 

Нөгөө талаас байнга хувьсан өөрчлөгдөж буй дэлхий ертөнц дээр нэг гаргасан сургалтын хөтөлбөрөө хэзээ ч өөрчлөхгүй, огт гар хүрэхгүй явж болохгүй. Өнөөдөр сурч буй хүүхдүүд ирээдүйн өөрчлөгдөх нийгэмд ажиллаж амьдрах болно. Нийгмийн шинэ хэрэгцээ шаардлагыг бид боловсролын системтэйгээ зайлшгүй уялдуулах ёстой. Энэ шаардлагын улмаас сургалтын хөтөлбөрийг үе үе шинэчилдэг. Үүнийг хаа хаанаа маш сайн ойлгох ёстой шүү! 

Нийгмийн өмнө тулгамдаад байгаа олон асуудлаа шийдэхийн тулд Монголын Засгийн газар Япон улсад хүсэлт тавьсан байдаг. Япон 1950 оноос хойш 10 жил тутам сургалтын хөтөлбөрөө өөрчилсөн 70 жилийн туршлагатай. Манай улсын сургалтын систем, хөтөлбөр дэлхийд тэргүүлдэг. Үнэндээ Монголын ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөр Япон улсынхтай тун төстэй. Тиймээс сургалтын хөтөлбөртөө шинэчлэл хийхдээ Японы систем, туршлага, шинэ санаа, санаачилга, зөвлөгөөг авсан нь зүйтэй гэж үзсэн болов уу. Манай төслийн зорилго та бүхний хэрэгцээ шаардлагыг судлан үнэлэлт өгч, үр дүнтэй өөрчлөлт шинэчлэлийг боловсролын салбарт гаргах юм.

В.Ганзориг: Сургалтын хөтөлбөр бол Монгол хүнийг бүтээх жор гээд маш сайхан хэллээ. Асуудлуудаа бид ярилцаж тодорхойллоо. Тэгвэл эдгээрийг шийдэх шийдэл нь юу юм бэ? Оролцогч талууд, бас эцэг, эхийн хариуцлага гэж том зүйл байдаг байх.

О.Оюунтунгалаг: Бид сургалтын хөтөлбөрийн аргачилалтай болсон. Өөрөөр хэлбэл, хөтөлбөрөө 10 жилийн циклтэй шинэчлээд явахад асуудал хамаагүй бага гарах юм байна гэж гарцаа харсан. Гэхдээ субъект болгон энд өөр өөрийн үүрэгтэй оролцох ёстой. Багшийн хөгжлийг хариуцдаг байгууллагын төлөөллийн хувьд манайх энэ 10 жилийн циклийн хэзээ нь ямар үүрэгтэй орох ёстой вэ гэдгээ нэгдсэн зорилго, хөтөлбөрийн хүрээнд мэдэж авна. Дараа нь хэнээс ч хамааралгүй оролцох төвшиндөө хийх ажлаа хийгээд явна. Өөрөөр хэлбэл бидний ажил хэн нэг улстөрчийн үзэл бодол, үйлдлээс болж өөрчлөгдөхгүй. Цаашилбал нэгж дээр очдог бухимдал багасч, багш нарын ачаалал буурна. Энэ бүх өөрчлөлт судалгаа нотолгоонд суурилагдана. Хөтөлбөр шинэчлэгдэх үед яагаад, юуны улмаас гэдгийг нь бид мэдэх боломжтой. Улмаар хүүхдийн чадамж, сурлагын амжилт, үнэлгээ, багшийн сургалтын хаана нь алдсан, оносон байгааг хянах боломжтой гэсэн үг.

Дээрх аргачлалыг гаргахад ЖАЙКА-ийн оролцооноос гадна мэргэжлийн гурван байгууллага ажилласан. Тухайлбал, хөтөлбөр боловсруулах, оролт талаас нь Боловсролын хүрээлэн, бодлого хэрэгжүүлэх төвшинд Багшийн мэргэжил дээшлүүлэх институти, үнэлгээ ба эргэж хөтөлбөрөө сайжруулах төвшинд Боловсролын үнэлгээний байгууллага тус тус оролцсон. Энэ өөрчлөлтийн явцад Монгол Улс системээрээ хөдлөх нэгдсэн зорилго, бодлоготой болж байгаа нь том шийдэл юм. 

Д.Цэцэгмаа: Зорилго тодорхой болж байгаа нь маш чухал. Нөгөө тогоочийн жишээгээр ямар хоолыг ямар жороор хийх ёстойгоо хялбар байдлаар маш сайн ойлгож авах нь. Нэмээд хүүхэд бүрийн онцлогт тааруулаад хоолны порцоо тааруулах ажлыг хийдэг. Үүнтэй адил багш хүн тодорхой зорилгын хүрээнд хүүхэдтэйгээ тогтвортой ажиллахад хамаагүй урам зоригтой ажиллана. Багш ажилдаа улам дуртай болно. Тогооч хүн хийсэн хоолондоо хайртай байдгийн адилаар багш хүүхдүүддээ улам их хайртай болно. Хийсэн хоолоо амттай байлгахын тулд багш хүссэн хүсээгүй мэдлэг боловсролоо сайжруулж, мэргэшлээ дээшлүүлэхийг эрмэлзэх болно.

Багш, хүүхэд хоёрын сэтгэл ханамж дээшлээд ирэхээр хөндлөнгөөс харж байгаа эцэг, эхчүүдийн үнэлэмж сайжирдаг. Эцэг, эхийн оролцоо, идэвхи ч дагаад сайжирдаг. Өнөөдөр бид эцэг, эхчүүдийг хүүхдийнхээ боловсролд оролц гэж шахдаг хэдий ч яг яаж оролцохыг нь бас тодорхой хэлж чаддаггүй. 

В.Ганзориг: Би өөрийгөө муу аав гэж боддог байсан. Тэгвэл яг миний муугийнх ч бас биш юм байна аа!

Д.Цэцэгмаа: Чиний буруу ч бас биш. Тиймээс сургалтын хөтөлбөрийн менежмент гэдэг нь ийм чухал асуудал байгаа юм аа. Салбарын яам маань үүнд ач холбогдол өгч, мэргэжлийн байгууллагууд зөв шийдэл гаргаж байгаад багш нарын төлөөллийн хувьд баяртай байна. 

Т.Ням-Очир: Олон жилийн тогтворгүй байдал бидний хандлагыг эвдсэн байна. Багш нараа буруутгаж байгаа юм биш шүү. Нэг бол багшаа үнэлдэг, үгүй бол бодлого барьж байгаа яамаа үнэлдэг. Уг нь хүүхдээ л үнэлж, хүүхдээ л ойлгох ёстой юм. Хөтөлбөрийн зорилго ба үр дүн сурагч хүүхэд дээр л буудаг. Иймээс хүүхдээ харж шинэчлэл өөрчлөлтөө хийх учиртай. Шинэ аргачиллаар энэ байдал сайжирч засагдана гэж бодож байгаа. Дараагийн чухал зүйл бид ер нь хаашаа яваад байна, 2030 онд монгол хүн хэн болсон байх ёстойг зөв харах ёстой. Салбарын нийт оролцогчдын хамт юуг, яаж хийгээд хэрхэн үнэлэх цогц бодлогоо гаргаж ирээд зогсохгүй нийтэд зөв таниулж, сурталчлах ажлыг хийгээд эхлэсэн.

Фүкүо Томохиро: Хүн бүр хүүхдээ хайрлаж, хамгийн дээд анхаарал халамж тавьж, чанартай боловсрол эзэмшүүлэхийг зорьдог. Ерөнхий боловсролын салбарын олон асуудлыг хөндөж ярьснаас хөтөлбөрийн удирдлагын асуудлыг бүгд онцоллоо. Хүүхдийн хүмүүжил, суралцах чадварыг хөгжүүлэхийн тулд боловсролын системийн хаана нь ямар өөрчлөлт хийх ёстой талаар хэлэлцэж байна. Нэн тэргүүнд хүүхдийнхээ хэрэгцээ шаардлагыг судлах ёстой. Нөгөө талдаа багш нар асар ачаалалтай ажиллаж байна. Сургалтын хөтөлбөрөө богино хугацаанд ойлгоод хэрэглэхэд хүндрэлтэй байна. Нэмээд сурах бичгийн чанар, асуудлыг хөндөх ёстой болно. Ингээд цогцоор нь харахаар манай хүүхдүүд одоогийн сургалтын арга барил, хөтөлбөрөөс эрдэм мэдлэг авч чадаж байна уу? Хэрвээ чадахгүй байгаа бол бид сургалтын арга барилаа өөрчлөх ёстой. 

Бусад мэргэжлийн институтиуд ч гэсэн ийм байдлаар үнэлгээ хийж үйл ажиллагааны процессоо харах хэрэгтэй. Хэрвээ зорилго ба үр дүн хооронд зөрүү гарч байвал засах ёстой. Энэ зөрүүг арилгахын тулд багшаа сургах, боловсролын байгууллагуудаа дэмжих арга хэмжээг авч таарна. Ингэж байж багш хүүхдэд чанартай боловсрол олгоно шүү дээ. БСШУСЯ-ны оролцоо, хариуцлагыг бас үнэлэх ёстой. Салбарын яамны шийдвэр гаргагчид ирээдүйн монгол иргэн бий болгох бодлогоо гаргадаг. Энэ процессийн явцад зөрүү гарах боломжтой. Энэ зөрүү, бодлогыг алдааг Засгийн газар засах ёстой. Боловсролын байгууллага, багш нар төрөөс бодлогын дэмжлэг авч байж хүүхдэд сайн боловсрол олгох боломжтой болдог. 

Иймээс боловсролын системд оролцогч бүхий л талууд үйл ажиллагаагаа сайжруулахын тулд хамгийн түрүүнд хүүхэд дээрээ бүх анхаарал, ач холбогдлоо өгөх хэрэгтэй. Бид энэ төслөө эхлүүлснээс хойш маш олон судалгаа, ярилцлага хийлээ. Голлох асуудлууд эцэг, эх, насанд хүрэгчидтэй холбоотой байв. Харамсалтай нь сурагч хүүхдүүдэд чиглэсэн асуудлууд төдийлөн хөндөгдөөгүй. Уг нь хүүхдүүдэд ач холбогдол өгөөд судлах юм бол ерөнхий боловсролын салбарын бүхий л асуудлуудыг нь хялбархан харах боломжтой. Хүүхдээс хөндийрөх тусам энэ салбарын асуудлыг тодорхойлоход улам хүнд болдог. Иймээс бүх ажлаа хүүхдэд төвлөрүүлж чадвал хийх ажлууд шууд тодорхой болно. Үүний дараа тодорхой болсон ажлуудыг хийх л үлдэнэ гэсэн үг. 

В.Ганзориг: Анхнааса л зорилго, зорилтоо зөв томъёолох ёстой байх нь!

Фүкүо Томохиро: ЖАЙКА-ийн төслийг төмөр зам гээд төсөөлчих.Сургалтын хөтөлбөр бол төмөр зам юм. Бид төслийн зорилго энэ замыг зөв чиглүүлэх, зөв чиглүүлэхийн тулд ямар арга хэмжээг хэн хэн авах ёстойг зөвлөж байгаа. Энэ төмөр зам дээр нэгэнт гарсан л бол хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө урагшаа хөдлөх ёстой болдог.

В.Ганзориг: Асуудлаа тодорхойлж, шийдлээ бид томъёоллоо. Харин хэзээ бид Япон стандартын ерөнхий боловсролын системтэй болох бол? Өөрөөр хэлбэл хэзээ бид хүсээд байгаа үр дүнгээ бодитоор үзэх вэ?

Т.Ням-Очир: Энэ нэвтрүүлгийг үзээд хүмүүс Боловсролын яам дахиад л хөтөлбөр өөрчлөх гэж байгаа юм гэж битгий бодоорой. Энэ бол хөтөлбөр шинэчлэх гэж байгаа асуудал огт биш. Харин хөтөлбөр боловсруулах арга зүй, явцыг тооцоо, судалгаатай, шинжлэх ухааны үндэслэлтэй улам боловсронгуй болгож байгаа ажил шүү. 2012-2013 оны хичээлийн жилээс эхлээд одоо яг хэрэгжиж буй “Цөм” хөтөлбөрийн шинэчлэл хийгдсэн. 2012-2013 онд бага, 2013-2014 онд суурь, бүрэн дунд боловсрол гээд үе шаттай шинэчлэгдсэн. Энэ шинэчлэлийн иж бүрэн шинжилгээ, цогц үнэлгээг хийж байна. 2019 оны нэгдүгээр улиралд “Цөм” хөтөлбөрийн алдаа, оноо, засч сайжруулах зүйлс, цаашаа хадгалж үлдэх асуудал бүгд тодорхой болно. Үүний дараа 2021, 2022 онд хийх шинэчлэлээ албан ёсоор зарлаж, түүний дагуу багш нараа бэлдэж, эцэг эхчүүдэд сургалтын хөтөлбөрөө таниулах юм. 

Энэ процессийг үе шаттай, системтэй хийх ёстой. Та хэзээ Монгол Улс Япон шиг чанартай боловсролтой улс болох вэ гэж асуусан. Япон улс дэлхийн япон иргэнийг бэлтгэх сургалтын хөтөлбөрийнхөө дараа үеийн шинэчлэлээ зарлачихсан. Тэгэхдээ англи хэлний хичээлийг гуравдугаар ангиас нь 40 цагаар, мэдээлэл технологийн хичээлийг дөрөвдүгээр ангиас нь 50 цагаар оруулна гэсэн. Шинэ хөтөлбөрөөс үүдэлтэй агуулгын зөрүүг хэзээ, хэрхэн арилгах тухай бодлогоо ч мөн гаргасан. Үүнтэй адил өнөөдрөөс энэ шинэчлэлээ эхлээд хэрэгжүүлээд явахаас өөр аргагүй. Эс бөгөөс дөрвөн жил тутам хамаг юмаа солиод, өөрсдийгөө болон өөрийгөө туршаад явдаг хэвээрээ л байх болно. Өөрөөр хэлбэл дэлхийн хөгжилтэй зэрэгцэж чадахгүй. Монгол Улсын ирээдүйн хөгжил бол өнөөдөр сурч байгаа хүүхдийн боловсрол юм шүү.

О.Оюунтунгалаг: Боловсрол өөрөө процесс тул одоо ярьж байгаа шинэчлэлийн үр дүнг хүртэх хугацааг шууд хэлэхэд хүнд. Боловсролын үйл ажиллагаа хүний хөгжлийн үе шаттай шууд холбоотой. Энэ жил 12 дугаар ангиа төгсөж байгаа хүүхдүүд 2000 онд төрсөн 18 настангууд. Хүүхдээ харж шинэчлэл хийх ёстойг Фүкүо-сан тодорхой хэлсэн. Боловсролын үйлчилгээ авч буй эцсийн хэрэглэгч хүүхэд байдаг. Өөрөөр хэлбэл улс орныг авч явах ирээдүй бэлтгэгддэг. Тэгэхээр тухайн улс, нийгэмд амьдрах хүнд ямар чадвар шаардагдах ёстойг одооноос мэддэг байх ёстой. Хүүхдүүд ирээдүйд тодорхойгүй эрин зуунд амьдрах болно. Маш олон ур чадварыг шаардана. Тийм учраас Япон улс гурав, дөрөвдүгээр ангис нь англи хэл, мэдээллийн технологи заагаад эхэллээ. Япон улс 2020 онд хийхээр зарласан шинэчлэлээр 2050 оны японы хүнийг бэлдэж байна. Ирээдүйд амьдрах хүн ийм чадвартай байж улс орондоо хувь нэмэр оруулж, дэлхийн иргэн болно гэж тооцож байна. Бид ингэж л урагшаа харах хэрэгтэй байна. Өмнөхөө ч мөн адил харах ёстой. 

Багшийг хөгжүүлдэг салбарын хувьд ирээдүй гэж ярихаар дотроо багшаа л бодоод байна. 2000 оноос хойш төрж буй хүүхдүүд цахим эриний иргэд. 2015 оноос хойш төрсөн хүүхдүүд альфа цахим эринд тооцогдож байна. Гэтэл багш бид нар өөрсдөө хэдэн оны хүмүүс билээ? Бид тэр хүүхдүүдийн хөгжлийн давж хөгжиж байж тэдэнд заах бус тэднийг чиглүүлж хамт хөгжихөөс өөр сонголтгүй болж байна. 21 дүгээр зуун бол хамтдаа хөгжих хамтын зуун. Багш эдгээр чадварыг эзэмшихээс гадна эцэг эхчүүдийг энэ чиглэл рүү хөтлөх хэрэгтэй болно. Хүүхэд айл гэрийн аз жаргал нь байдаг. Ирээдүйд ажиллаж, амьдарч чадах хүүхдүүд тухайн гэр бүлийн аз жаргал нь байх болно. Аз жаргалтай гэр бүл нийгмийг сайн сайхан руу хөтөлдөг. Нэг хүний боловсрол ч монголын ирээдүйд нөлөөлнө. Иймээс хэн нэгэн хүний нөлөөгүй ерөнхий боловсролын систем тогтвортой ажиллах учиртай. Энэ шийдэл нь гарчихсан учраас тун удахгүй үр дүн нь гарна гэдэгт би итгэлтэй байна. 

В.Ганзориг: Цэцэгмаа багш аа, 2050 оны ерөнхий боловсролын зорилгоо Япон улс тодорхойлсон байна. Нэмээд техник технологи хөгжөөд тун удахгүй багшийн ажил байхгүй болно гэж би уншиж байсан. Ирээдүйд багш хэрэгтэй юм уу, үгүй юу?

Д.Цэцэгмаа: Ирэх онд яамнаас хийх гэж байгаа хөтөлбөрийн үнэлгээ олон улсын төвшинд баталгаажиж байж гэмээнэ хүлээн зөвшөөрөгдөнө. Багш хүний хувьд би зоригтойгоор 2024 он гэхэд хөтөлбөрийн эхний үр дүн бодитой гарч эхлэх байх. Багшийн мэргэжил алга болно гэж бодохгүй байна. Учир нь хүн хүнтэй харилцаж байж л хүншдэг. Хүншихийн илрэл бол зөвхөн мэдлэг, чадвараас гадна харилцаа, хандлага, ёс суртахуун, хүн чанарт байдаг. Энэ бүх зүйл байгальд байгаа амьд биетээс ганц хүнд л байдаг. Эдгээр чадварыг хүнээр дамжуулан төлөвшүүлэхээс өөр арга байхгүй. Ид төлөвшлийн насандаа байгаа ерөнхий боловсролын сургуулийн сурагчид багштай байхаас өөр арга байхгүй. Үүнээс цааш магадгүй багшгүйгээр хүүхдүүд суралцах чадвараа өөрсдөө хөгжүүлээд явахыг үгүйсгэхгүй. Хүүхдийн суралцах чадварыг төлөвшүүлэх нь ерөнхий боловсролын салбарын амин үүрэг. Энэ ажлыг хийж чадвар тухайн хүүхэд насан туршдаа суралцах болно. Хүн ёс суртахуун, хүнлэг чанартай, хүншсэн байж гэмээнэ манай нийгэм, энэ дэлхий оршин тогтноно. Тийм учраас багш хүн хэзээ ч ажилгүй болохгүй ээ.

Фүкүо Томохиро: Монгол хүн япон хүн шиг болохыг хүсээд хүсээд болж чадахгүй. Боловсролын систем, сургалтын хөтөлбөр мөн адил. Яагаад гэвэл монголчуудад япон хүн шиг байх шаардлага байхгүй. Монгол орон, монгол хүн бусдаас ялгагдах өөрийн өвөрмөц онцлогтой. Тиймээс Япон, Англи, Америк, Орос, эсвэл Хятадыг дууриах хэрэггүй. Монгол монгол гэдгээрээ үлдэх хэрэгтэй. Үүний тулд маш сайн судалгаа хийх ёстой. Бид юуны төлөө хаашаа явах вэ гэдгээ томъёолох хэрэгтэй. Япон улсын боловсролын тогтолцооны олон жилийн баялаг түүхтэй, дэлхийд нэртэй мэргэжлийн институтиудтай нь үнэн. Энэ мэт дэлхийн бусад улсуудын сайн жишгээс арга аргачлал, мэдлэг, ур чадварыг судлан монгол боловсролын тогтолцоог өөрсдөө хийх нь зүйтэй. Ингэж чадвал танай боловсролын салбар чанараараа Япон улсыг гүйцэх болно. Япон стандартыг шууд битгий хуул, эсвэл Япон шиг болох гэж бүү хичээ. Та бүхэн юу хүсч, юунд тэмүүлж байгаагаа л эхлээд сайн тодорхойлох ёстой шүү. Боловсролын системийн зорилгоо тодорхойлно гэдэг нь Японыг гүйцэх эхлэл нь гэж ойлгоорой. Олон жилийн найрсаг харилцаатай Япон улс, ЖАЙКА төсөл та бүхнийг энэ зорилгод хүрэхэд нь тусалж дэмжинэ. Гэхдээ Японыг гүйцэхээс илүүтэйгээр хамтдаа хөгжих концепц нь хол явна шүү. 

В.Ганзориг: Товчхондоо та Японы сушигийн жороор Монгол хорхог хийж болохгүй гэж байна. Зөв үү?

Фүкүо Томохиро: Яг үнэн!

В.Ганзориг: Нэвтрүүлгээ товч дүгнэе! Манай боловсролын системд алсын зорилго дутагдаж байгаа юм байна. Мөн зорилгодоо хүрэх жор буюу сургалтын хөтөлбөр гэж чухал зүйл байна. Гэхдээ жороо гаргахдаа гадны туршлагыг шууд хуулах нь зохимжгүй аж. Үүний оронд Монгол хүн гэж хэн бэ гэдгийг тодорхойлоод, дараа нь ирээдүйн Монгол хүн хэн байх ёстой вэ гэдэг зорилгоо гаргах учиртай юм байна аа. Ингэж байж ерөнхий боловсролын системийн шинэчлэл цогцоор хийгдэх нь ээ.