УРАН СЭТГЭМЖИЙН ЕРТӨНЦӨӨР ХӨТЛӨГЧ

Роалд Дал бол тагнуулч, байлдааны сөнөөгч онгоцны нисгэгч, шоколад судлаач, эм бүтээгч хүн байв. Тэрээр Чарли ба Шоколадны үйлдвэр, Матилда, Үлэмж Биетэн гэхчлэн олон гайхалтай түүхүүдийн зохиогч бөгөөд дэлхийн хамгийн шилдэг түүх хүүрнэгч хэмээх алдараа өнөө хэр хадгалсаар буй зохиолч билээ. 

Дэлхийн номын өдрийг угтан английн 2000 эцэг эхийн дунд “16 нас хүрэхээсээ өмнө ямар номуудыг уншсан байвал зүйтэй вэ” хэмээх санал асуулга явуулжээ. Судалгааг Роалд Далийн бүтээлүүд тэргүүлсэн байдаг. Британы эцэг эхчүүд хүүхэд байхдаа амтархан уншиж байсан Роалд Далийн түүхүүдийг хүүхдүүдийнхээ унших ёстой номоор нэрлэсэн хэрэг. Эцэг эхчүүд түүний бүтээлүүдийг амьдралыг буй байгаагаар нь таньж мэдэхэд тусалсан, чанартай уран зохиол гэж дүгнэдэг. 

Хүүхэд яагаад чанартай уран зохиол унших нь зүйтэй вэ? Энэ асуултыг эхлээд өөртөө тавьж үзье. Томчууд бид оюун ухаанаа тэжээх гэж, хөгжих гэж, уран сэтгэмжийн ертөнцөөр аялах гэж уншдаг. Хүүхэд ч ялгаагүй. Ном бол хүний тархины хүнс учраас хүүхэд унших хэрэгтэй. Түүнээс гадна, хүүхэд насандаа уншсан ном насан туршаа санаж сэрэх хичээл болон үлдэх нь элбэг. Ном хүүхдийн уран сэтгэмж, нийгмийн харилцаа, танин мэдэхүй, гоо зүй, сэтгэл хөдлөлийг тэжээж, хөгжүүлдэг юм. 

Манай үзэгчид Роалд Далийн зохиолоор бүтээсэн Чарли ба шоколадны үйлдвэр, Матилда, Гайхамшигт үнэг гэх мэт олон киног сайн мэднэ. Харин Нэпко энэ удаа Жэймс ба Аварга тоор, Матилда, Шидэт хуруу, Аварга матар гэх дөрвөн зохиолыг нь хэвлүүлээд байна. 

Амьдрал гэдэг амар эд биш. Асуудал, зовлон хаа сайгүй бий. Түүнийг хүүхдээс нуух шаардлагагүй. Гол нь асуудал байгаа газар шийдэл ч бас зэрэгцэн оршиж байдгийг ойлгуулах чухал. Бэрхшээлийг боломж болгон хувиргах хэний ч санаанд оромгүй, хамгийн уран аргыг Роалд Далийн зохиолууд хүүрнэх болно. Хүний бодож буй бодол, гаргаж буй шийдвэр бүрийн араг яс нь уран сэтгэмж буюу. 

Саад бэрхшээлийг гайхалтай сайхан санаа сэдлийн сэжүүр болгон хувиргах ухаан бол Роалд Далийн зохиолуудын амин сүнс билээ. Далайн эргийн сайхан байшинд аав ээжтэйгээ ая тухтай амьдарч байсан бяцхан хүүгийн (Жэймс ба Аварга тоор 1961) эцэг эх гэгээн цагаан өдрөөр амьтны хүрээлэнгээс оргосон хирсэнд идүүлж орхино. Жэймс Хэнри Троттер хүү өнчирч хоцроод, хорон санаат авга эгч нартайгаа амьдрах болдог юм. Нэг удаа гэрийнхээ гадаах цэцэрлэгт уйтгарт автан сууж байтал хачин жигтэй шидтэн хүрч ирээд, уут дүүрэн ид шид бэлэглэнэ. Тэр ид шид нь аварга том тоорыг бүтээжээ. Авга эгч нар нь тоорыг хүмүүст үзүүлж, мөнгө олохоор шийддэг бол Жэймс тэрхүү аварга том жимсэн дотор орж, хүнэрхүү болцгоосон үлэмж биет шавьжнуудтай танилцан, нөхөрлөж эхэлдэг. Тэгээд найз нартайгаа нийлэн, илүү сайхан амьдралыг хайж олохоор адал явдал дүүрэн холын аянд морддог билээ. 

Хуучин машин зарж олдог ашиг хонжоондоо эрдэж бардсан аав ээжийнхээ бусармаг амьдралыг жигшиж, өөр амьдралын төлөө тэмцэх эр зориг, уран ухааныг таван настай Матилдад (Матилда 1988) зөвхөн ном л олгодог билээ. Роалд Дал хүүхдийн ертөнцөд амьдрал ямар байдгийг оюун санаандаа шингээн хадгалж явсаар Матилдагаа бичжээ. Тэрээр хүүхдийн нүдээр амьдралыг харъя гэвэл дөрвөн хөллөж байгаад, дээрээс чинь ширвэн, чиний юу хийхийг заадаг томчуудыг ажиглах хэрэгтэй хэмээж байжээ. Зальхай хүнийг ялан дийлж буй бяцхан Матилдагийн түүх дээрх онолд хамаарна. Матилда бол 1988, 1999 оны Хүүхдийн Шилдэг Ном шагналын эзэн бөгөөд Дэлхийн Номын Өдрөөр долоогоос арван нэгэн насны 15000 хүүхдээс авсан санал асуулгаар хүүхдийн хамгийн алдартай бүтээлээр шалгарч байв. 

Грэггийнх бол ан хийж зугаацдаг гэр бүл (Шидэт хуруу 1962). Хажуу айлынх нь охинд энэ явдал огтоос таалагддаггүй. Тэрээр ан бол наадаан тоглоом биш харин харгис хэрцгий явдал гэж үздэг юм. Охин Грэггийнхэнд ан амьтан агнахаа зогсоохыг ярьж ойлгуулах гэж оролдох бүрт цаадуул нь түүнийг шоолж, дооглон өнгөрүүлдэг билээ. Нэгэн удаа Грэггийнхний харгис тоглоом арай л хэтэрсэн нь охиныг туйлд нь хүртэл уурлуулна. Тэгээд шидэт хуруугаа тэдний зүг өөрийн эрхгүй дохиж орхидог юм. Грэггийнхэн шувуу болж хувираад, үүрэнд амьдарч, түмэн бэрхшээлтэй тулна. “Шидэт хуруу” түүх дөнгөж эхэлж буй нь энэ. 

Аварга матар өдрийн хоолонд юу зооглохоо бодож байна (Аварга Матар 1978). Төрөлх голынхон дотроо хамгийн шуналтай нь болох энэ өөдгүй матар ямар нэг шүүслэг, амттан тамшаалан идэхийг хүсчээ. Хурц шүднүүд нь нарны гэрэлд хутганы ир мэт гялбана. Цаг өнгөрөх тусам матар улам ихээр өлсөж байна гэнэ. Энэ зальт адгуус тэгээд юу ховдоглон идэх бол? БОЛГООМЖЛООРОЙ! Матар чамтай тун адилхан хэн нэгнийг хайж явна... Хэрвээ та сайн муу, сайхан муухайгийн тухай бяцхан үрдээ сургахаар бодож яваа бол Аварга Матарыг уншиж өгөхөөс эхэлж болох юм. 

Монгол ардын үлгэр, уран зохиолд хүүхдийг ертөнцтэй танилцуулах, уран сэтгэмжийг нь хөгжүүлэх шид бүрэн бий. Яндашгүй их сангаас нь шүүрдэн судлах тусам улам их шүр сувд тунаран ирэх нь дамжиггүй. Шинэ монгол хүн байхын нууц нь монгол уран зохиолтойгоо зэрэгцүүлэн, дэлхийн “чанартай” уран зохиолтой танилцах явдалбайж мэдэх юм.


С.Энхцэцэг