(Рокхиллын хоёр захидал, хоёр бэлэг)

Цувралын гутгаар: Сонины мэдээ, хоёр бэлэг

Рокхилл болсон явдлыг дүгнэн Ерөнхийлөгчдөө захидал бичсэний хойно Далай лам нийслэл хот Лхас руугаа буцсан билээ. Үүнээс хойш юу болсон тухай мэдээг сурвалжлан үзвээс “Монгол сонин бичиг” сэтгүүлийн мэдээ зарим нэг зүйлийг тодруулан өгч байна. 

Рокхилл Далай ламыг “Бээжингээс Хятадад улам л дургүй болоод явлаа. Төвөдийг Хятадын нэг муж болгон захирах бодлогыг Далай лам мэдээж зөвшөөрөхгүй, энэ нь миний андад их зовлон авчрах вий хэмээн би эмээж байна” хэмээн Ерөнхийлөгч Рузвельтэд бичсэн билээ.

Рузвельтийг залгамжилсан Ерөнхийлөгч Тафт Рокхиллыг Орост суух элчин сайдаар томилсноор1910 оны Нэгдүгээр сараас эхлэн Рокхилл Санкт Петрбург хотноо суух болсон юм. Рокхиллыг Орост суух элчин сайдын томилолтоо хүлээн аваад байсан үе буюу 1909 оны Арван нэгдүгээр сард Далай лам, Төвөд орноор юу болж байсан тухай “Монголын сонин бичиг” сэтгүүлийн хуудаснаа юу бичснийг үзье: 

Өдгөө цагийн чухал сонсгол

Цэргийн тухай сайд нууцаар цахилгаан мэдээ цохиж Далай ламын чимээг сурвалжилсан

Өнөөхөн Цэргийн тухай сайдуудын газраас нэгэн нууц цахилгаан мэдээ цохиж, Баруун Зууд1 суугаа Их түшмэлд2 илгээсэн нь маш нарийн нууц, олж мэдэх газаргүй. Гагцхүү үүнийг албан ардын хэлэлцэх нь Зууд суугаа Их түшмэлийг Далай ламын гадаад улсад тойрохоор эчих хэрэг буй үгүйг нягт сурвалжилж, хойш мэдүүл гэв хэмээмүй. 

Гадаад Монголын Төрийг Засах Явдлын Яамнаас айлтгасан битүүмжит эвхэмлийн доторх байдал төлөв

Гадаад Монголын Төрийг Засах Явдлын Яамнаас нэгэн битүүмжит эвхэмэл айлтгасныг, доторх учрыг сонсвоос, Аль нэг улс Далай ламыг мунхруулж, аль нэг улс Банчин эрдэнийг мунхруулав. Дотоод, гадаад олон чуулганы ван гүнгүүд ч санаа нь бүринээ гаднах хүний зүг хандав хэмээж, хэргийн учир чухал тул тийнхүү задруулахгүй байнам хэмээжээ. 

Засгийн яам эртнээс Зуугийн газарт сэмээр зэвсэг бэлтгэхийг сэргийлсэн

Засгийн яам сонсвоос, Баруун Зуугийн төвөд лам нар Монгол газарт сэмээр зэвсэг худалдан авч, цэргийн хэрэгт хэрэгсмүй хэмээн бэлтгэж буй хэмээн Цичүва сүндү3 Жоу Эл4 сайдад тушаан илгээж, арга сүвэгчлэн сэргийл хэмээсэн бөгөөд бас Шанкха5 сүндү Цэнг Генг6-д илгээж, санаа тавьж байцаан цаазалтугай хэмээжээ.

Цахилгаан утсаар мэдүүлж, Далай ламын Орос улсад тойрохыг цаазлан зогсоомуу хэмээсэн

Засгийн яам Зууд суугаа Их түшмэлийн мэдүүлсэн цахилгаан утасны чимээг хүлээн авсны учир нь: Далай лам Орос улсад тойрох чимээ буй тул даруй цаазлан зогсоомуу... 

Монголын сонин бичиг, Хэвт ёсны тэргүүн он, 11 сарын 30

гэжээ. Үүнээс үзэхэд хоёрдугаар мэдээнээ “Аль нэг улс Далай ламыг мунхруулж, аль нэг улс Банчин эрдэнийг мунхруулав” хэмээн нэрийг бичихээс зайлсхийсэн боловч сүүлийн мэдээнээ “Далай лам Орос улсад тойрох чимээ буй тул даруй цаазлан зогсоомуу” хэмээсэн нь тэр аль нэг улс нь Орос болохыг тодорхой хэлж буй хэрэг. Мөн Далай ламын дотно нөхөр, байнга зөвлөж асан ноён Рокхилл Орост элчингээр суух болсон тул үйл явдлын өрнөл холбоос тодорхой мэт. 

Жадамба

Арван гуравдугаар Далай ламын Уиллиам Рокхиллд бэлэглэсэн, өдгөө Конгрессын Номын Санд хадгалагдаж буй хоёр үнэт дурсгалын тухай товч танилцуулъя. КНС-ын Төвөд Монгол цуглуулгын мэргэжилтэн Сюзан Мэйнхэйт энэ талаар тусгай өгүүлэл бичиж, Олон Улсын Төвөд Судлалын Нийгэмлэгийн сэтгүүлд 2011 онд нийтлүүлжээ. 

Утай шанд уулзхдаа өгсөн энэ хоёр бэлгийг нь 1942 онд Рокхиллын бэлбэсэн гэргий Эдит Рокхилл КНС-д хадгалуулахаар өгсөн юм. Эхний бэлэг нь төвөд модон барын ном. Төвөд галигаар бол Пакпа Шэрапкеи Парөлтү Чингпа Жеэ Тонгпа буюу “Билиг оюуны төгс хязгаарт хүрэх найман мянган бадаг”, манайхны хэлж заншсанаар бол Жадамба судар. 

56 см х 10 см хэмжээтэй уг судрыг нээн үзвээс дотор хавтаст нь Рокхиллын тайлбар зурвасыг хавсаргажээ. Үүнд Рокхилл англи хэлээр, “Найман мянган бадаг Билиг барамид, төвөд хэлээр. У. В. Рокхиллд 13-р Далай лам Агваанлувсантүвдэнжамц Утай шан (Шанси) -аа, 1908 оны Зургаадугаар сарын 21-нд дурсгав” хэмээжээ.

Хөх торгон эмжээртэй шар баринтгийг задалбаас дотроо гурван тусгай гарчиг бүхий ном байна. Үүний эхнийх нь логтав буюу Жадамба судрыг унших арга, 5 хуудас. Үүнийг Наймдугаар дүрийн Далай ламын ёнзин Ишжанцангийн үүсгэн байгуулсан Цэгчолин хийдийн лам Цэвээнжамц гэж хүн бичсэн аж. Хоёрдахь ном нь Жадамба судар, 428 хуудас. Гуравдахь ном нь судрын тайлбар, 36 хуудас, үүнийг Наймдугаар Далай ламын ёнзин Ишжанцан (1713-1793) бичжээ. Тайлбарыг Цэчоглин Ёнзин гэгээн Төмөр гахай жил бичив хэмээсэн, Ишжанцаны сэрүүнд хоёр удаа төмөр гахай жил тохиосон нь 1731, 1791 он юм. 

Богд Зонхавын танка

Рокхиллыг Утайд очиход Далай ламын өгсөн хоёр дахь бэлэг бол Зонхав Богдын танка билээ. Энэ зургийг судлаач Цүлтэмийн Уранчимэг тусгайлан шинжиж, эрдэм шинжилгээний өгүүлэл гаргасан тул энд дэлгэрэнгүй өгүүлэхгүй, гол дүгнэлтээс нь танилцуулах төдий хэлье.

Зургийн голд Зонхав Богд өөрөө залрах бөгөөд өлмий дор нь хоёр гол шавь нь болох Жалцавдармааринчин, Хайдүвгэлэгбалсан хоёр нь сууна. Зонхавын тэргүүн дээр, Тушита хэмээх тэнгэрийн Гандан орондоо Майдар бурхан заларсны хоёр өлмий дор нь Атиша, Зонхав хоёрыг дүрсэлж. 

Хамгийн сонирхолтой нь Арван гуравдугаар Далай ламыг Рокхиллтой уулзахад Агваандоржиев хажууд нь байлцаж, хамаг чухал бодол санааг нь хэлэлцэж байсны адилаар энэхүү танка нь мөн Төвөд-Монголын холбоосыг бэлгэдсэн утгатай ажээ. 

Учир нь танкаг монгол лам, Долоодугаар Жавдран Гарав Гэндэн Дэнзэнноров бээр Далай ламд өгсөн юм байна. Танканы баруун дээд өнцөгт суугаа лам нь Амдогийн алдарт Дөрөвдүгээр Таршул гэгээн Чойжин Жамц ажээ. Таршул гэгээн нь Жавдран ламын номын багш нь байсан аж. Ингээд багшийнхаа хөргийг дээр нь байрлуулан Амдогийн нэгэн ламаар зуруулсан энэхүү зургаа Далай ламд бэлэглэснийг Далай лам цааш нь Рокхиллд өгсөн нь өдгөө Конгрессын Номын Санд залраад байгаа ажээ.

Америкийн алдарт дипломатч, КНС-д Төвөд болон Монгол номын цуглуулгыг үндэслэсэн Уиллиам Рокхиллын Ерөнхийлөгч Рузвельтэд бичсэн хоёр захидал, 13-р Далай ламын Рокхиллд өгсөн хоёр бэлгийн талаар гурван цуврал нийтлэлээр танилцуулахад ийм байна.

Тайлбар, зүүлт:

[1] Төвөдийн нийслэл Лхас хотыг монголчууд Баруун Зуу хэмээдэг. 

[2] Лхасад суух Манжийн амбаныг Их түшмэл хэмээжээ. 

[3] Сүндү хэмээн монгол бичгээр бичсэн энэхүү алба нь Мингийн үеэс эхтэй, Манж Чин улсын үед Хятадын мужуудыг захирагч ноёныг хэлэх “зонг-ду” хэмээх үг юм. Манж хэлээр “үхэри кадалара амбан” гэдэг. Цичүва хэмээн Сычуань мужийг галиглан бичсэн байна.

[4] Сычуаний амбан Zhao Erxun

[5] Шаан-ган мужийг Шанкха хэмээн галиглажээ. Энэ мужийн захирагч нь Шанси, Гантсу нутгийг захиран хариуцдаг байв. 

[6] Тухайн үеийн Шаан-ганы амбан Shengyun