(Франсис Вүүдмэн Кливезийн номын санг сурвалжилсан судалгааны аяллын цуврал тэмдэглэл №3)

2019 оны наадмаар Элчин сайд Уиллиам Браунтай уулзаж танилцан, Монголд 1973 онд Америкийн анхны элчин сайдаар суухаа шахсан хийгээд Онон Өргөнгөөд шавь орж, монгол хэл сурсан түүхийг нь яриулсан билээ. Тэр цагт Браун сайд суут монголч эрдэмтэн Франсис Вүүдмэн Кливезийн дотно шавь гэдгээ хэлж, түүний удирдлага доор Хятад судлалаар докторын зэрэг хамгаалснаа хуучилснаас гадна багшийнх нь номын сан хөдөөний нэгэн сүмд хадгалагдаж байдаг тухай цухас дурдаад өнгөрсөн юм. Үүнээс хойш бид хоёр захидал занаа шидэлцэн, утас шөрмөсөөр холбогдсоор, мөнөөх номын сангийн сургийг гаргаснаар барахгүй, Монгол Соёлын Төвөөс зохион байгуулдаг Олон Улсын Монгол Судлалын Хурлын түлхүүр илтгэлийг Конгрессын Номын Санд хэлэлцэх үеэр Азийн тасгийн захиралтай тохирч, тус номын сангийн албан ёсны аяллаар очих, анхан шатны судалгаа хийх, боломжтой бол гар бичмэлээс нь хэвлүүлэх боломжийг судлах зэргийг тохирч, 3 сарын 21-ний өдөр явахаар шийдсэн юм. Гэтэл энэ зуур цар тахал дэлгэрч, бүх ажил нуран унав. Конгрессын Номын Сан эргээд хэзээ нээх нь одоо болтол тодорхойгүй хэвээр, Элчин сайд Уиллиам Браун маань ч энэ зуур даруй 90 насыг зооглов оо гэж. Тэгтэл энэ 2020 оны 10 сарын 2-ны өдөр Браун гуай залгаж, “Миний бие энэ цар тахлыг дуусгаж чадах эсэхээ мэдэхгүй байна, хэдүүлээ хувиараа очиж, номын санг үзэхээр оролдох уу?” хэмээн асуухад нь дуртайяа зөвшөөрч, ажлаас хоёр долоо хоногийн чөлөөг аваад бидний гурван хүн (Элчин сайд Браун, миний бие, Пэннсилваниагийн их сургуулийн монгол хэлний багш Цэвээндуламын Наранцэцэг) мухар тэргээр Нью-Хампшир хотыг зүглэсэн өдөр болбоос 10 сарын 8-ны Пүрэв гараг билээ. 

Таван цуврал нийтлэлээр та бүхэндээ их эрдэмтний амьдрал намтар, номын сан, цуглуулга, гар бичмэл сэлтийг танилцуулах болно. Энэ удаад номын сангийн байр байдал, цуглуулга, ач холбогдлын талаар өгүүлье.

Америкийн хөдөө дэх Монгол судлалын номын сан

Франсис Вүүдман Кливезийн гэрээслэлийг биелүүлэн, номын санг нь арчилж хадгалан, бүрэн бүтнээр нь авч яваа сүм нь Нью Хампшир мужид латин хэлээр үйл ажиллагаагаа явуулдаг, Католикийн хамгийн уламжлалт урсгалын төлөөлөл юм. 

Сүмийн хонгил дахь уртаашаа 60 метр, өргөөшөө 5 метр орчмын томоохон танхимыг номын сан болгон тохижуулжээ. Шилэн хаалгатай, сайн модон шүүгээ үйлдэж, ховор хуучин номыг нь байрлуулсан байна. Гар бичмэл, хувийн бичиг баримт зэрэг нь харин хавтаст хэрэг хадгалдаг төмөр шүүгээнд, эрдэм шинжилгээний өгүүллийн цуглуулгыг хайрцагт хийсэн байв. Номын сан дахь их материалаас өөрийн суусан цагийн хязгаарт үзэж амжсан, сонирхолтой санагдсан ном бичгийг танилцуулбаас:

Хэвлэмэл ном

Монголын Нууц Товчоо

Монголын нууц товчоо судлаачийн хувьд Кливез олон өөр хэлний орчуулга, галиг бүгдийг нь цуглуулсан ажээ. Манайд анх гарсан Ц. Дамдинсүрэнгийн хувилбараас эхлээд Өвөр Монголд гарсан “Нууц Товчоо”-нууд, Кафаров, Павел Поуха, Пол Пеллио болон бусад судлаачдын орчуулга, галиг бүрнээрээ байна. Монголын нууц товчооны нэг сонин хэвлэл нь Өвөр Монголын Хянган аймгийн төв Улаан хотод 1948 онд гаргасан эх. 1947 онд Монгол улсад, монгол бичгээр хэвлэсэн Ц. Дамдинсүрэнгийн орчуулгыг тэр чигээр нь хуулан хэвлэсэн ажээ. Энэ хэвлэл нь өөрөө их ховор болохоос гадна анхны хувь нь Кливезэд хэрхэн хүрсэн түүх нь мөн сонирхолтой юм. Кливезийн хувийн бичиг баримт дотор хадгалагдан буй захидал дотроос олсон мэдээллээр бол Халтод овогт Магадбүрэн, Машигуу нар Хонг Конгод байхдаа энэ номыг олж аваад 1951 оны 8 сарын 1-ний өдөр монгол судлаач “Эрхэм хүндэт Оуэн Латтимор, Хутагт Дилова гэгээн, Хангин Гомбожав, Онон Өргөнгөө нар танаа: Судлалын нэмүүр болгон” илгээсэн ажээ. Үүнийг Латтимор Кливезэд явуулсан байна. 

1948 онд Өвөр Монголын Улаан хотод хэвлэгдсэн Ц. Дамдинсүрэнгийн “Нууц товчоо”

Сурах бичиг, толь бичиг

Монгол хэлийг Энэтхэг-Европын хэл шинжлэлийн аргаар судлан бичсэн анхны буюу 19-р зууны үеийн хэл зүйн бичгүүд бүгд байна. Тухайлбал анхных хэмээгддэг Яков Шмидтийн 1831 оны хэл зүй, Александер Бобровниковын 1835 оны хэл зүй анхан хэвлэсэн эхээрээ байх нь гайхамшигтай. Монгол хэлний толь бичгүүд мөн цогцоороо буй нь О. Ковалевскийн 1846 оны Монгол-Франц-Орос толиос эхэлжээ. Сонирхолтой нь Кливез чухал номыг ахин хэвлэх бүрийд мөн авдаг байж. Факсимил хэмээх хуулбар аргаар хэвлэсэн, нэмэн дэлгэрүүлээгүй, яг адилхан ном байсан ч хамаагүй хуугаар нь цуглуулсан байх юм. Тиймээс Ковалевскийн толь гэхэд л Казаньд хэвлэсэн уг эхээс гадна хожим Нью-Йоркод 1964 онд гаргасан хэвлэл гэх мэтээр лавтайяа 3 өөр хэвлэл бүгд байна. Хэл зүйн бичиг, сурах бичгүүдээс зарим нэг сонирхолтойг дурдвал Г. Д. Санжеев, И. М. Манжигеев, Ц. Д. Номинханов нарын латин үсэгт суурилсан Монгол хэлний сурах бичиг, Эрдэнэбатхааны 1935 онд хэвлүүлсэн Монгол бичгийн сурах бичиг зэрэг нь судалгааны эргэлтэд тэр бүр ороогүй байгаа бүтээл болно. 

Библи

Монгол хэлээр 18-20 дугаар зуунд гарсан Библи бараг бүгд Кливезийн номын санд байна. “Бараг” гэж багцаалахын учир нь би өөрөө энэ чиглэлийн судалгааны хүн биш учраас чухам хэзээ хаана хэдэн Библи монгол хэлээр гарсныг хэлж мэдэхгүй, харин Улаанбаатарт уржнан гарсан үзэсгэлэнгийн баримжаагаар хэлж буй хэрэг. Шинэ хуучин гэрээний орчуулгаас гадна Библи доторх номыг салангидаар нь тусгайлан хэвлэсэн зүйл бас цөөнгүй байна. 

Энд дурдууштай, хамгийн сонирхолтой ном бол “Маш сайн билиг” хэмээх ном юм. Энэхүү номыг бүтээгч Роберт Юилл монголчуудад нэн хэрэгцээт цагаан толгой, монгол тоо, цаг улирлын бичиг, үржүүлэхийн хүрд зэргийг хэвлэж өгөхийн хамтаар дундуур нь шашныхаа номоос оруулсан ажээ. Ерөнхий загвар нь цаг тооны бичигтэй төстэй, хэрэгцээтэй мэдээлэл, юм юмнаас оруулсан шинжтэй. 1837 онд хэвлэлтэд ороод 1839 онд гарсан уг бүтээлээс монголчууд “үржүүлэхийн хүрд”-ийг тэр цагт “үлэмжлэлгийн товчоо” хэмээн нэрийддэг байсныг үзэж болно. 

“Жон хэмэгчи форофид (prophet)-ун ном”-ыг 1913 онд Шанхайд хэвлэжээ

Монголын түүх хийгээд жуулчдын тэмдэглэл

Номын сангийн хоймор дахь хамгийн үнэ цэнтэй номын хэсгийг Монгол, Манж, Хятадын түүхийн талаар 17-19-р зуунд англи, франц хэлээр гарсан ховор хуучин ном, Монголоор аялсан аялагчдын тэмдэглэл сэлт эзэлжээ. Жишээлбэл хар лам Хукийн аялал (1844, 1845, 1846), Ховортын гурван боть Монголын түүх (1876-1888), Антуан Франсуагийн Монгол, Хятад, Төвөдөөр аялсан 2 боть тэмдэглэл (1749) гэх нэн ховор ном бүгд анх хэвлэсэн эхээрээ байна. Пети дэла Круагийн “Аугаа Чингис хааны түүх” бүтээлийг франц эх, англи орчуулга, ахин хэвлэсэн эх гурван ч хувилбараар авч судалж байжээ. Нийт 15 мянга орчим ном буйн ихэнх нь одоо нэгэнт ховордсон бүтээлүүд болно. 

БНМАУ-ын ном

Франсис Вүүдман Кливез хэдийгээр Монгол бичгийн хэл, түүхэн хэл зүй, бичгийн дурсгал, дунд үеийн монгол хэлийг нарийвчлан судалж байсан боловч Харвардад орчин цагийн монгол хэл заахын тулд БНМАУ-д кирил үсгээр гарсан ном авдаг байжээ. Мөн хичээлдээ “Хөдөлмөр”, “Үнэн”, “Чөлөөт Монголын эмэгтэйчүүд” зэрэг сонины хайчилбар ашигласан баримт номын санд үлдэж. Улаанбаатараас авсан номууд нь сэдвийн хувьд нэн өргөн, мэргэжлийн холбогдолтой хэл, утга зохиол, түүхийн бүтээлээс өгсүүлээд хүүхдийн сурах бичиг, гадаадын уран зохиолын орчуулга, МАХН-ын төв хорооны тогтоолууд, малын догол өвчин, марксизмын лекц, ерөөс бараг гарсан ном бүрээс шахуу авч байж. Манайхан өөрсдөө хөрөнгөт улс руу номоо шууд гаргадаггүй байсан үе учраас хэрхэн авч байсныг нь сонирхвоос, Кливезийн Онон Өргөнгөөд бичсэн нэгэн захидлаас хариуг нь олов. Сан Франсиско дахь Russian Kustar хэмээх номын диллер-дэлгүүр судлаачдаас захиалга авч, Зөвлөлт Холбоот Улсаас ном оруулж ирдэг байжээ. Тэр дэлгүүрийн ЗХУ дахь холбоотон нь Монголоос ном авч чадах нь ойлгомжтой. 

Монгол хэлний хичээлдээ хэрэглэж байсан сонин

Эрдэм шинжилгээний өгүүлэл

Монгол судлалын холбогдолтой өгүүллийн цуглуулга нь нэн баян юм. Кливезийн амьд ахуй цагт англи, франц, монгол, орос, герман, хятад хэлээр гарсан Монгол судлалын чухал өгүүллүүд бараг бүгд энд буй бололтой. Өгүүлэл бүрийг тусгай дугтуйнд хийж, зохиогчийнх нь нэрийн эхний үсгээр ангилан, цаасан хайрцагт байршуулжээ. Хорь шахам хайрцаг бүгд битүү, нэг хайрцагт тавь гаруй өгүүлэл буйгаар тооцоход Монгол судлалын мянга шахам өгүүлэл энэхүү номын санд хадгалагдаж байна.

Гар бичмэл

Дээр дурдсан бүх ховор ном, өгүүлэл нь нэгэнт хэвлэгдсэн материал учраас дэлхийн томоохон номын сангуудаас олж унших боломжтой бүтээлүүд юм. Харин Кливезийн номын сан дахь хамгийн үнэ цэнтэй материал нь түүний бичээд, хэвлүүлж амжаагүй бүтээлүүд билээ. Ийм ч учраас гар бичмэлүүдийг нь тухайлан сонирхож үзэв.

Монголын нууц товчоо

Кливез Монголын нууц товчоогоо орчуулга, галиг болон тайлбар гэсэн 2 ботиор гаргахаар төлөвлөж байжээ. 1956 онд дуусгасан орчуулгаа 1982 онд гаргасан боловч галиг тайлбараа гаргаж чадаагүй билээ. Номын сан дахь Монголын нууц товчоо хэмээх тусгай хайрцагнаас Нууц товчооны 1 болон 3-9 хүртэлх бүлгийн галиг, үгийн индекс бүрнээрээ олдов. Бусад бүлгийн галиг олдсонгүй. Гэвч тэр бол нэгэнт Клиьезийн галигийн тогтолцоог ойлгочиход нөхөөд үргэжлүүлчихэд амархан зүйл. Хамгийн харамсалтай нь Монгол судлалд маш чухал байх учиртай эхийн тайлбар нь сэргээн тогтоох боломжгүй, Кливезийн санаагаа өөртөө тэмдэглэсэн төдий зүйлс байх ажээ. Үүнийг сэргээх боломж бараг үгүй юм.

Юань ши

Кливезийн хэвлэгдээгүй бүтээлээс Бэн-жи хэмээх “Үндсэн дэвтэр”-ийн орчуулга нь маш сайн хадгалагдан үлджээ. Гар бичмэл биш, бичгийн машинаар шивсэн эхүүд бөгөөд Хятад ханзыг гараар нөхөн бичсэн байна. Мөн Юань ши-ээс түүвэрлэн орчуулсан намтрууд хэдэн арав байгаа нь бүгд хэвлэхэд бэлэн шахуу, зарим газар дутуу ханзыг, мөн орчин цагийн оныг орхисон зайг нөхөж бичих л хэрэгтэй.

Монгол уран зохиолын орчуулга

Кливез “Хан харангуй” туулийг орчуулаад бараг дуусаж байсан аж. Санжеевийн хэвлэсэн эх дээр ажилласан гар бичмэлүүд нь үлдэж. Кливезийн ажлыг гүйцээх нэн хэцүү боловч орчуулгынх нь арга барилаас сайтар суралцаж чадвал “Хан харангуй” туулийн бүрэн англи орчуулгатай болох боломж бас бий. Мөн Д. Нацагдоржийн “Миний нутаг” найраглалыг өөрийн аргаар орчуулсан нь бүтнээрээ байна. “Өөрийн аргаар” хэмээн тодруулахын учир нь Кливез уран сайхан орчуулдаггүй, яг үнэн зөв, үг бүрийг нь хадаж орчуулдаг хүн билээ. “Чингисийн эр хоёр загалын тууж”, “Убаши хунтайжийн тууж”, “Хав муур хулгана гурвын үлгэр”-ийн орчуулга ч гар бичмэлээр үлдэж. Энэ бүхэн нь Монголын утга зохиолын судлалд чухал холбогдолтой юм.

Хан харангуйн орчуулга, тайлбар. Гар бичмэлээр.

Бусад

Энэ бичил нийтлэлд номын сан дахь бүх гайхамшигтай бүтээлийг нь танилцуулж чадахгүй учраас үлдсэн заримаас нь энд дурдсу.

“Жаруудын Баруун гарын засаг төрийн дархан бэйл, хоёр зэрэг нэмсэн Сангба-ийн хошууны гэрийн үеийн бичмэл”, “Жарууд Баруун гарын засаг төрийн дархан бэйл Тобучай-ийн хошууны гэрийн үеийн бичмэл” гэсэн хоёр нүсэр том угийн бичээс жинхэнэ эхээрээ байна. Үүний зураг сэлтийг авахаар дэлгэж үзвээс зай хүрэлцэхгүй, 25 метр орчим урт ажээ. Бадаргуулт төрийн Арван нэгдүгээр онд бичсэн гэхээр 1880-аад оны бичиг болно. 

25 метр урт угийн бичгийг дэлгэхүй

Мөн Кливез хад чулууны хийгээд сүм хийдийн бичээс зэргийг судлахдаа яг уг хэмжээгээр нь хуулбар хийлгэн авдаг байж. Ингэж хуулбарлуулсан монгол, манж, тод, дөрвөлжин үсгийн бичээсүүд бүгд байна. Ихэнхийг нь өөрө сайтар шинжлэн эрдэм шинжилгээний урт өгүүлэл бичсэн учраас тэр өгүүллийг нь үзэхэд хангалттай, харин судалж амжаагүй хуулбаруудыг нь бүртгэн, цаашид судалгааны эргэлтэд оруулах хэрэгтэй юм.

Сүмийн бичээсийг уг хэмжээгээр нь хуулбарлаж авсан эх.

Кливезийн хувийн бичиг сэлтээс судлууштай өөр нэг баримт бол захидал харилцаа нь. Монгол судлаач нартай юу хэлэлцэж байсныг нь гаргаж ирвээс Монгол судлалын түүхийг бичихэд томоохон хувь нэмэр болох юм. Хориод том төмөр шүүгээнд түүний захидлууд хадгалагдаж байна. Энэ бүхнээс ялангуяа Поппе, Мостарт, Рахевилз, Санжеев нартай бичилцсэн захидал нь хувийн гэхээсээ илүү Монгол хэлний үг авиа, бичиг дурсгалыг хэлэлцсэн, шийдсэн аястай учраас Монгол судлалд маш чухал болох нь дамжиггүй. 

Онолын хэл шинжлэл биш, уламжлалт филологийн судалгааны гол нь аливаа эхийн галиг, орчуулга, тайлбар билээ. Ф. Кливез ийм судалгаагаараа алдартай. Гэтэл үүндээ бүр “хорхойтой” гэж хэлэхээр сонин баримт захидал дундаас нь олдов. Ц. Дамдинсүрэнгийн монгол бичгээр бичсэн захидлыг тэрбээр “Kündütü mergen baɣsi Kliwjs tan-u amar-I ayiladqay-a. Tan-u aldar-I sonosuɣsaɣar kedün jil bolba…” гэх мэтээр галиглаад, араас нь “Let us inquire concerning your health, esteemed wise master Kliwjs (Cleaves). Since [we] heard your name, several years has passed.” гэх мэтчилэн орчуулаад, эцэст нь "...’багш тандаа’ гэдгийг Мостартын ордос толины 358-р талаас үз... ‘Хариулах’ гэдэг үгийг ‘мал хариулах’ гэдэг утгаар Рамстедтын Халимаг толины 178-р хуудастай харьцуулан үз...” гэх мэтээр эрдэм шинжилгээний тайлбар үйлджээ. Утга зохиолын эх биш, өөрт нь ирсэн хувийн захидал шүү дээ. 

Эцэст нь дурдахад бүрнээрээ үлдсэн боловч хэвлэгдээгүй байгаа өөр нэг бүтээл бол эртний монголчуудын адуу тахлах үйлийн тухай өгүүлэл юм. Сүбээдэйн аян дайны тухай орчуулга тэмдэглэл бүхий материал таван хавтас дүүрэн байна. Перс хэлнээс Судрын чуулган орчуулж байсан нь дуусалгүй үлдэж.

Энд би Кливезийн Хятад судлалын бүтээлийг нь огт дурдсангүй. Бүтэн 237 шүүгээ, 20 сая ханз бүхий Чи-юуан буюу Үгсийн сурвалж хэмээх толь бичиг сүмийн эсрэг талд орших ферм дотор хадгалагдаж буй, нэн хүнд учраас жил бүр хөрс рүүгээ шигдсээр байгаа зэргийг энд орхин өгүүлэв.

Ахин очиж судлах, мэдээлэх, хэвлүүлэх зүйл арвин их ажээ. Ганц нэгээрээ хэд гурван өдрөөр очих биш бүтэн багаар, хэдэн долоо хоногийн хугацаагаар очвол үр дүнтэй болно. Монгол судлалын “эрдэнэсийн сан” гэж хэлж болохуйц энэ номын сан харин чухам хэний мэдэлд байдаг хийгээд тэрхүү сүмд номын сан хэрхэн очсон тухайд дараагийн дугаарт өгүүлэх болно.