Мөнгө олох олон үлгэр дунд үлгэр биш ганцхан бодит төсөл бий. Тэр нь Таван толгой-Гашуун сухайтын 267 км төмөр зам. Энэ төслийг арваад жилийн өмнө хувийн компани тендерээр аваад 2012 онд ашиглалтад оруулахаар шамдан зүтгэтэл гадны хатгаас, Засгийн зангарагаар сайд Женко эз дийлж эзэгнээд замхруулсан. Хувийн компани 60 сая долларын алдагдалд унасан ч гадны сүр хүч, намынхаа өвдөг дор нурнайгаад дуугарч чадалгүй хохирчээ. Бидний мөрөөдөөд буй үндэсний компаний хийморь лундаа энэ мөн үү? Том төслүүд ингэж гацсаны улмаас гол гай нь сан хөмрөг нь хувхайрсан Монгол гаднаас зээл авч өрөнд унаж эхэлсэн юм.  

2012 оноос төмөр замтай болсон бол хаяа нийлсэн дэлхийн хамгийн том захад коксжих нүүрсээ 5 жил чадлаараа гаргаад бузгай зоос өвөртлөх байв. Мөн БНХАУ төмөр замын сүлжээгээ ашиглахыг зөвшөөрч Тяньжин боомтод газар өгч коксжих нүүрсээ далайд гаргаж үнэ хүргэх боломж олгосныг өдий хүртэл ашигласан бол мөнгөжсөн. Их хөршдөө адаарлаагүй аваас өдгөө Орос боомтоор хоёр дахь гарцаа нээх бэлтэй болчихсон даналзахгүй юү. Ингэж тэнэгтсэн гол шалтгаан нь эн түрүү ашгаа өгөх 267 км замыг гацаахад оршиж байлаа. Таван толгойн төслийг УИХ-ын 76 гишүүн сайжруулан батлахаас айж, замд нь тас цохьсон. Тэр гэрээний ноорог эх орноо үнэхээр худалдсан бол ингэж тэгж худалдсан нь “энэ байна” гээд чуулганаар 76 талаас нь илчлээд М.Энхсайханыг шившиглэхээс З.Энхболд татгалзсан гэж үү? З.Энхболд М.Энхсайханыг эх орноо худалдсан урвагч гээд ТЕГ-т өгчихсөн байсан бус уу. Төмөр замгүйгээс хэдэн мянган авто машины тээврийн зардалд олон жил, олон тэрбумаа алдсан гэж эрдэмтэд сануулдаг. Төмөр замаар зөөх нүүрс олон сая тонноор өсөх агаад тээврийн зардал 70 хувь буурч, унах цэвэр ашиг гуравхан сая хүн амын бяцхан эдийн засгийг өндийлгөх байсанд 267 км зам гацсан юм.      
         
“Нүүрс зөөх уурхайн төмөр зам бүү тавиул” гэсэн даалгавар Монголын чухал сайд нарт өгсөнийг өдөр тутмын “Коммерсант” сонин, “РИА Новости” агентлаг, www.asiarussia.ru гэх мэт ОХУ-ын буйртай хэвлэл мэдээллээр нээлттэй цацсан. Сайд-гишүүн асан Х.Баттулгын нэр онцгой дурдагддаг. ОХУ-ын энэ мэдээг уншсан монгол надаас эхлээд цөөнгүй. Орос ахынхаа аман тушаалыг нуухын хамт, хэрэгжүүлэх гэж манай Төр Засаг мунгинасны дээр, хүн амынхаа тархийг угаах санаатай хөөрхөн мулгуутсан даа. Мөнгөөр даржин Монголд дав даруй бэлжих төсөл-267 км төмөр зам байсныг дахин сануулъя.

Эхлээд бидэнд таарсан хөгийн онигоо зохиож, цаг хожих комбинац хэрэглэв. Танк их буу гэх онигоо үр дүнгээ гялалзтал өгч эхэллээ. “Хятадын аюул” гэх үзлийг өнгөрсөн зуунд бидний тархинд хэрхэн шингээснийг “танк их буу” онигооны амжилт илчлэв. Гэвч монголчууд хэдий дүнхүү ч гэлээ онигоо юмсан хойно танк их буугаар айлгах заль тэгсгээд дампуурсан. Охорхон заль өөрөө онигоо болов. Аварга даацын 6-7 мянган самосвалиар олон жил онгон талаа там болтол эвдэж, тээсэн нүүрснээсээ олсон орлогын ихэнхийг шатахуун, сэлбэг, засварт залгиулсан нь онигооны ид шид. Хүнд даацын олон мянган машины “хөл”-д сүйрсэн экологи, зам засварт зарсан хөрөнгө, осол аваарт үрэгдсэн амь цөм тэнэг онигооны гай.    

“Танк их буу” онигоогоо баяртай гэж үдээд өмнөд хязгаарт Хятадын хилд тулгуу орших Таван толгойн нүүрсийг 5000 км тойруу транссибирийн төмөр зам, өвөл хөлддөг боомтоор Солонгос, Японд хүргэнэ гэх үлгэр зохиож, нөгөө 267 км-ээ хэдэн жил гацааж цаг хожлоо. Тээврийн энэ мангуу төсөл Дэлхийн банк, Сэргээн босголт, хөгжлийн банкыг гайхшруулав. Өртөг нь Тяньжин хүрэхээс 2-3 дахин их аж. “Таван толгойг транссибирьтэй холбох 1000 гаруй км өргөн төмөр зам тавь” гэхэд манай эрх баригчид 267 км-ийг тавих мөнгөгүй атлаа айсандаа “За” гэж амлаад, хэлсэндээ хүрдэггүй хоч хүртэв. Якунины энэ комбинац 267 км-ийг овоо хугацаанд зогсоож дөнгөсөн агаад ОХУ энэ зуур нүүрсээ БНХАУ-д эрчимтэй экспортолсон.

Якунины гацаа явцгүй болмогц 267 км-ийг гацаахын тулд Ухаа худаг-Сайншанд, Сайншанд-Дорнот, Зүүн баян-Ханги, Бичигт-Хөөт, Шивээ хүрэн-Нарийн сухайт, Арцсуурь-Овоот-Эрдэнэт гэх мэт олон төмөр зам нэгэн зэрэг барих амлалт өгч хэдэн жилийг үдэхээр төлөвлөв. Аль нь ч бүтэхгүй шүү дээ. Гэхдээ гол зорилго биелнэ. Гол зорилго гэдэг нь Монголын мөнгө олох ганц боломж-Таван толгойн коксжих нүүрс зөөх 267 км уурхайн төмөр замын төслийг унтуулахад оршино. Дээрх олон төмөр замын төсөл бүгд ашиглалтад ортол 267 км төмөр замын төсөл сэрэхгүй. Тувагийн нүүрсийг өмнөд хөршид экспортолж ханатал нойрсоно гэвэл 267 км төмөр замын тухай бодоод ч хэрэггүй. Илжигэнд эвэр ургаж, эмгэнд сахал ургасны дараа 267 км төмөр зам бүтэж магад.

Эцэст нь нийгмийн эсэргүүцэлд шаагдаад Таван толгой-Гашуун сухайтын 267 км төмөр замын ажлыг эхэлсэн дүр үзүүлэхдээ далангийн овоолгыг Хятадын төмөр замтай уулзахааргүй зөрүүлчихэж байгаа юм. Сансарын хөлгүүд огторгуйд уулздаг бол Монголын төмөр зам уулзах ёстой төмөр замынхаа үзүүрийг олохгүй ээрэм говьд төөрчээ. Гэвч уулзах үзүүр зөрсөн гэх өчиг явцгүй. Өөр гацаа хайв. Юутай ч хятадын замын үзүүртэй залгагдахааргүй овоолгынхоо төгсгөлийг 8-9 давхар байшин шиг өндөрлөөд орхижээ. Энэ зам хятадын сүлжээнд холбогдвол Тяньжин боомтод манай коксжих нүүрс очиж үнэ хүрч мөн энэ замаар манайх махаа Дундад ази, Иран зэрэг оронд гаргах зам нээгдэх байв.

Таван толгой ордыг 200 жил эксаваторын шанагаар халбагадаад, 200 жил самосвалиар зөөхөд жил бүр олборлолт тээвэрлэлтийн зардлаа нөхөөд, цаана нь асар их цэвэр ашиг унаснаар 200 жил хүн амаа ногдол ашгаар хахаах гэнэ. Энэ бол 267 км төмөр замыг гацаах З.Энхболдын шинэ үлгэр. Оросуудад нүүрсээ ихээр борлуулах завшаан олгож буй ээлжит урвалт. 200 байтугай 100 жил хүрэхгүй нөгөө нүүрсийг маань шинжлэх ухаан үнс болгочих гээд байдаг. Тиймээс бидэнд цагийн зүүтэй уралдсан хурд, өндөр хүчин чадал чухал. Экскаватор самосвалийн цаана үнэ хүрэх овор бага баяжуулсан нүүрс, ДЦС, төмөр зам мөрөөдөх нь богино хугацаанд ахиу ашиг олж, дав даруй дэд бүтэцтэй болох хэрэгцээ монголчуудыг яаруулж байна. Гацаад буй төмөр замаар Таван толгойн нүүрснээс гадна дорно өмнийн бүлэг ордуудын эрдэс баялгийг ихээр хямд тээвэрлэх боломж бүрдэх юм. Тиймээс Орост ад үзэгдэж буй зам болой.  

267 км-ийг царцаахаар Тувагаас Эрдэнэт хүртэл Хөвсгөл Булганы хөвч тайг дундуур, Сэлэнгэ Орхоны салаа салбар дээгүүр төмөр зам сүнгэнүүлж, орос ахынхаа нүүрсийг Таван толгойн кокжих нүүрс ачсан 5 мянган машины 160 км урт цувааны урдуур өмнөд хөршийн зах зээлд хүргэж, транзит тээврээр оцойсон олз олох гэнэ. Гэтэл нүүрсээ 7 мянган машинаар зөөж, тээврийн зардалд алдаж буй олон зуун сая долларын дэргэд транзит тээврээс унах ашиг нулимс аж. Арцсуурь-Овоот-Эрдэнэтийн 500 км төмөр зам хэдэн тэрбум ам. доллараар бүтэх вэ. Тувагийн коксжих нүүрсийг БНХАУ руу жилд олон сая тонныг тээх галт тэрэгний цуваанууд буцахдаа манайхаас эсгий таамчиг ачих боломжтой ч ОХУ-ын гаалийн татвар 30-40 хувь өндөр тул эсгий улавчны наймаа шатна. Ийм бизнес сэтгэдэг гавлууд аль улсын харъяатын гавлууд вэ? 267 км төмөр зам тавиад кокжих нүүрсээ гуравдагч захад гаргаж үнэ хүргэх мөнгөгүй атлаа Хөвсгөлийн хязгаар дахь Овоотын нүүрсийг тээвэрлэх төмөр зам тавьж эхэлсэнд гайхаж байна уу? Гайхах хэрэггүй. Нөгөө л 267-г гацаах шинэ заль мэх болохоос Овоот-Эрдэнэтийн зам бол үлгэр. 267 км-ийг гацаах гэж яагаад ингэж улайраад байна гэвэл энэ төмөр зам Монголыг өөд татах юм гэдгийг дахин хэлье.

Эрчим хүчний импортод хамаг валютаа сэгсэрдэг атлаа Улаанбаатар-Мандал говь-Таван толгой-Оюу толгой, цааш Хятадад гарах цахилгаан дамжуулах агаарын шугам МАН тавьж эхлэв. Цахилгааны шугам манайд амин чухал. Гэвч дамжуулах эрчим хүчгүй бидэнд 267 км замын дараа, цахилгаан экспортлох болсон үедээ хийх ажил. Энэ шугамаар хэний эрчим хүч урсах нь тодорхой. Харин хэдэн жил урсах нь тодорхойгүй. Энэ бүгд Монголыг чадамжгүй үхээнц байлгах геополитик. Монголд улсаа хөгжүүлье гэх нам ч алга, хүн ч алга.  

 
Эрдэс, түүхий эд шингээх ходоодоор дэлхийд нэгд эрэмбэлэгдэх аварга захын хажууд орших орд маань төмөр замтай бол тээврийн хямд зардлаар асар их нүүрс экспортолж, олох цэвэр ашиг гялалзах азхүү буурай Монголд шовойжээ. Гэтэл нүүрсний экспортоор өрсөлдөгч маань манай нүүрс зөөх 267 км мухар төмөр замыг хэрхэвч зөвшөөрөхгүй гэж зогсоогоод буй түүх ердөө энэ. Манайд орох ашгийг хаагаад ар хударгаар нь хожих харь бодлоготой АН хүч хавсарсанд эмзэглэх буруу гэж үү? Ардчиллын оюунлаг анхдагч нар намаа аюултай хүмүүсийн гарт оров гэж халагладаг. 267 км төмөр замыг гацаасан хэдэн марзан хувилбарыг би бээр хөндөв. Энэ төмөр замын төслөөс олон сая доллар завшсан хулгайг илчлэх үүрэг хуулийнхных. Хувь хүн хушуу дүрэх зохимжгүй. Ноцтой баримт бичдэг сонин, ярьдаг хүн олон.

2016 оны УИХ-ын сонгуульд далаараа даруулсан АН наанаа барууныг дуурайж боловсон ялагдагчийн дүр чадан ядан эсгэсэн ч монгол ходоодны нь мухарт түгжигдсэн нууц атаархал зангирч зангирч эцэстээ Хятадын эсрэг үзлээр дэлбэ буудав. Орос ахаа зүхээгүйг бодоход өөрийн ухаанаа бүрэн алдаагүй болтой. Хятадын гарт МАН оруулах нь гээд Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь сүйд. АН маань арай нөгөө “Босоо Монгол”, “Даяар Монгол”, “Хөх толбот Монгол” ч билүү Гитлерийн логотой төрийн бус байгууллага болчихсон юм биш биз дээ таминь. Х.Баттулга, З.Энхболд, С.Эрдэнэ нар хүзүүндээ төмөр хас сахиус санжигнуулж уу яаж сайн хараарай. Намаа тэгж шинэчилбэл ардчиллыг дэмжигч-бид хаашаа харж үхнэ ээ.

Бөмбөрцгийн баруун зүүн бөөрнөөс том жижиг улс гүрнүүд далай, эх газрыг чамгүй хөрөнгөөр туулан тэмүүлдэг дэлхийн аварга зах зээлийн хажууд, коксжих нүүрсээр энгүй арвин Таван толгой орд минь оршиж байдаг. Бидэнд заяасан энэ ховорхон боломжийг гаднаас судалчихаад олон жил гацаав. Төмөр замаас гадна дотооддоо нефть, эрчим хүчээ хангах санааг гацаадаг. Гацаа хойшид ч сулрахгүй цартай. Төмөр зам, эрчим хүч, шатахуун гэсэн гурван гацааг төр засагт үнэмлэхүй олонх болсон МАН давъя гэвэл уг нь давна. Чонотой нөхцөж өвдөл цөвдөл үмхдэг хоточ банхрыг өшиглөх тэнхээ МАН-д сонгогчид олгосон. Олон төсөл зэрэгцүүлж хөрөнгө хүчээ тарамдуулалгүй юун түрүү ядаж ганц энэ төмөр замыг ашиглалтад оруулаад, хомсдолоос гарах мөнгө олъё гэвэл МАН-д тэнхээ бүрдсэн. Ингэж чадах улс төрийн хүчин бол 65 суудалтай МАН. Буурай Монголын мега төслүүд хөдлөх эцсийн найдвар бол Төр Засагтай нэг бодолтой Ерөнхийлөгч дэм болно. Нам мамаа түр хойш тавьж, Таван толгойгоо дав даруй хөдөлгөөд мөнгөний урсгал тэндээс үүсмэгц хуримтлал бий болгоод, Эгийн УЦС, нефть нэрэх үйлдвэр, ДЦС-V гээд зүтгэх ирээдүй хичнээн гэгээтэй вэ. 267-гоо урд хөршийн сүлжээнд холбоход хамгийн дөт далайн гарц асуудалгүй. Олон төсөлд самгардах юу ч үгүй хоосон хоцордгоос сургамж авч цувруулаад нэг нэгээр нь дэс дараалан бүтээ. Мөнгийг зээлээр бус хөдөлмөр, оюунаар олдог болъё.  Баялаг байна, байршил дажгүй. Гагцхүү эзэн хүний ухаан л шийднэ дээ шинэ Ерөнхийлөгч минь.

Ерөнхийлөгч Х.Баттулга телевизээр ард түмэндээ албан ёсоор хандсан анхны мэдэгдэлдээ: Орос металлургийн орон... хил давахад тэнд тэд төмөр замаа барьчихсан. Манай нүүрсийг Иран, Пакистан авъя гэж байна. Тиймээс бид хэвтээ тэнхлэгийн төмөр замаа яаж ийж байгаад барих хэрэгтэй... Бид урд хөршөөс хараат болчихсон байна. Бурхан шашнаа шүтэх асуудал ярихад шүтэж болохгүй гэж байна. Далай ламаа урья гэхээр болохгүй гэж байна шүү дээ. Үүнийг мэдээж урд хөрштэйгөө ярина... Манай бүтээгдэхүүнийг битгий хямд авч бай гэж ийм л асуудлыг ярина гэжээ.

Х.Баттулга нэг улсын нөлөөнд орох аюулыг сайтар заалгасан улстөрч. Тэр бээр энэ улстөржилтөө хэдэн жилийн тэртээгээс олон хэлбэрээр шургуу цацсан. Эрлийз хурлийзуудыг төрийн албанаас зайлуулахыг уриалж, Монгол Хятадын түүхийг харлуулж, хонзогнуулах агуулгатай телевизийн цувралыг нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хаахад хүрсэн. Бусдад байхгүй эх оронч үзэл Женкод буцалж байх шиг харагддаг. Хужаа нарт эзлэгдэхгүй гэсэн заналыг түүнд тусгай доозоор заяасан нь ямагт цухалздаг. Нарийн төмөр замд монгол хүн ажиллах чадваргүй төрсөн тул нарийн төмөр зам тавивал баахан хятад орж ирээд эзэлчихнэ. Нарийн цариг сонговол манай баялаг Хятад руу хяналтгүй урсана гэдэг онол сурталчилдаг хүн. Бүх импортын 96 хувь Хятадынх болсон нь тусгаар тогтнолоо алдаж буй аюул гэдэг. 96 хувийг хүчээр шахаагүй л бол 20 болгооч. Чадал байвал бүр тэглэсэн ч яадаг юм. “Манай тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд аюул учирлаа. Танай барааг авахгүй” гэхэд чинээлэг Хятад хотойхгүй учир “Дураараа бол” гэх нь мэдээж. Бидний авч буй 96 хувь Хятадын аварга эдийн засагт дусал төдий. Баян том гүрэн өчүүхэн бараа хүчээр шахаж нэрээ хөөдөхгүй. Бэл муугаас ганзагачид газрын ойроос хямд бараа зөөдөг. Даржин ганзагачдын даруухан арилжааг ганзагачин Ерөнхийлөгч хааж тусгаар тогтнолоо аварна гэвэл ганзагачид тантай барьцах байх шүү.

Оросын хүргэн болсон хүнээ монголчууд төрийн тэргүүнд хоёр дахиа залав. Ерөнхийлөгч нь малгайн утаа сэргээхдээ эхлээд хадмындаа зочилсныг журамлаг ёс гэе. Хадамсах зөв ч гол экспорт-нүүрсээ 5000 км тойруу боомтоор далайд гаргаж үнэ хүргэх боллоо гэж хэд хонохгүй тар нь танигдаж дампуурах төслөө магтаад сүйд. В.Путины өмнө манай Ерөнхийлөгч, Тамгын газрын даргатайгаа “Олон жил тэмцсэнээ биелүүллээ. Мөн ч хэцүү байлаа шүү” гээд чукча царайлах нь гэрийн даалгавраа хагас хугас амжуулсан пионер шиг харагдлаа. Путины ойрын зорилго бүтсэн ч маш их алдагдалтай, алсдаа яагаад ч бүтэхгүй төсөлд бялдууч хоёр чукчатай хамтран жүжиглэхдээ даян дэлхийгээс ичсэнээ нуух гэж шаггүй хуламганав.

4000 км хиллэдэг ахтайгаа хэн худалдаа өсгөхгүй байна гэж гэмтэн хайдаг. Орос Монгол хоёрт наймаалцах бараа байхгүй юм чинь худалдаагаа яаж өсгөх вэ? Нүүрсээ харилцан солилцох уу? Худалдаа буурсан нь Орос Монгол муудалцсанд бус харилцан хэрэглэх эрдэс баялаг, бараа бүтээгдэхүүн алга. Хоёулаа адилхан чулуу шороогоо зарах гэж өрсөлдөж буй. Авдаг ойрын ганц хэрэглэгч нь Хятад. Хятадаа булаацалдаад бидэнд төмөр зам тавиулсангүй. Феодализмын залхаг-Монголыг элгэндээ тэврээд коммунизмд дэвшинэ гэж явсан ах маань эдүгээ ядуу дүүгийнхээ өндийх ДЦС, УЦС болон ураны төслүүдийн өмнүүр хөлөө хөндлөн жийчихэв. Эдгээр мега төслүүдийг Оросын олигархиудтай хавсайдаж царцаадаг монгол улстөрчид байдаг нь хачин. З.Энхболдын хойшоо хандсан хүйтэн санаа 267 км төмөр замыг 10-аад жил чөдөрлөөгүй бол эдүгээ хуримтлуулсан мөнгөөрөө Х.Баттулга Ерөнхийлөгч далайд гарах хоёр дахь гарцаа Оросын боомт руу нүүр бардам тавьж явах сан. Хил хичнээн урт сунайгаад хоосон нойтон улсад арилжаа үүсдэггүйг ухаармаар сэтгүүлчид сая Владивостокоос мөн сүрхий хаазлав аа.

Орос шатахуун эрчим хүчээ хангалттай шахдаг. Монгол олсон жаахнаа шатахуун, эрчим хүчинд гүвдэг. Энэ зовлонг маань Орос түүхэндээ харгалзан үзэж байгаагүй. Хятад 10-аад жилийн тэртээгээс Тяньжинд газар өгч далайд гарцтай бол гэсэн. Төмөр замын сүлжээгээ ашиглахыг зөвшөөрсөн. Төрийн зөвлөлийн өмнөх дарга нь манайд айлчлахдаа нүүрс зэрэг эрдэс баялгаа боловсруулж нэмүү өртөг шингээж экспортол хэмээн зээл өгөхөө амалсан. Дэлхийн зах зээлд гарах хоёр дахь гарцыг Хятад огт хориогүй. Тяньжингаас цааш манай нүүрсийг Японы Сумитомо борлуулж өгье гэсэн. Хөршүүдийнхээ дэмжье гэсэн болгоныг Х.Баттулга, З.Энхболд хоёр гацаасан. Тэгээд тэд Хятадыг түүхий нүүрс хямдхан авч биднийг шулж байна гэдэг. Хоёул ганзагачин явснаа мартаад ганзагачдын зөөдөг хятадын хямд бараа тусгаар тогтнолд аюул учрууллаа гэж мэдэгдэл хийдэг. Тэр хоёрын цадиггүй араншинд Хятадын тэвчээр эцэстээ барагдах байлгүй. Хятад монголгүйгээр болно. Харин эх газрын бөглүүд түгжигдсэн бидэнд тэд маш чухал хөрш. Орос манай нүүрсийг 5000 км тойруулсныхаа алдагдлыг үүрэх ёсгүй. Юу гэж бидний өмнөөс хохирох юм бэ. Уг нь 1,4 тэрбум хүнтэй хөршийн хэрэглээ Орос Монгол хоёрын нүүрсийг өлхөн шингээгээд дээр нь Австрал Индонезээс авдаг тул Орос Монголыг хорлох гэж улайрамгүй. Хөршөө хөгжүүлдэггүй орос араншин дээр З.Энхболд Х.Баттулга хоёр юү ч вэ. Бухын малтсан нуруундаа, буруу үйл эзэндээ гэдэг сэн.

“Восточный боомтыг ганцхан нүүрсний тээвэрт ашиглана хэмээн дутуу үнэлж болохгүй” гэж Ерөнхийлөгч, Тамгын даргатайгаа том том дуугарч харагдана. Төмөр замаар бид нүүрснээс өөр юу тээвэрлэх вэ. Эсгий улавч уу? Орос гаалийн татвар 30-40 хувь. 8-9 тэрбум ам. доллараар хойш нь 1700 км төмөр зам тавиад жилдээ ганц самнадаг хөвсгөр ноолуураа хэдэн вагон чирсэн галт тэрэгний хэдэн цуваагаар хэд дахин зөөх вэ. Зунгагтай бохир ноосыг далайн чанад хэн авах вэ. 500 км төмөр замыг хоёр үзүүртээ доод тал нь 20 сая ачаатай бол барьдаг тооцоотой. Монголчуудын үйлдвэрлэсэн брэндүүд төмөр замгүйгээд түгжирч буй мэтээр баахан онгиров. Дэлхийн зах зээлд ганзагалаад гаргачих хангалттай монгол бараа алга. Ганзагалахад арай овортой махаа транссибирээр дамжуулан Восточный боомтоор гаргая гэхэд мах нь хорио цээртэй. Ийм байхад 1700 км төмөр зам 8-9 тэрбум ам. доллараар тавина гэж солиорохын оронд малаа эрүүлжүүлээд, махаа дэлхийн стандартаар бэлтгэх хэдэн зоос хураах сан. 5000 км тойруу ган зам бэлэн. Өвөл хөлддөг боомт хүлээж байна. Орос буруудахгүй. Харин Монголд нүүрснээс өөр тээвэрлэх бараа алга. 1700 км ашиггүй төмөр замд хөрөнгө босгох үлгэр. Тиймээс энэ төсөл Монголоос шалтгаалж нурна. 267 км төмөр зам бахь байдаг гацсаар, нүүрсний экспортын өрсөлдөөнд Орос хожсоор, эцэст нь Монголыг хэлсэндээ хүрдэггүй дэлхийн хамгийн найдваргүй түнш гэж В.Путин зарлаад, Х.Баттулга З.Энхболд нар дахин хэдэн жил эх орноо хорлосноор Владивостокын форумын сүржигнээд буй ач холбогдол мартагдана. Ерөнхийлөгчийн хугацааг манай хоёр ийм нүүдлээр төгсгөхөөр нохойтож буй нь өнөөгийн монгол эрх баригчдын жишиг болжээ. АН, МАН-ынхан хугацаат дөрвөн жилд хагартлаа баяжихыг л хичээдэг. Нохой амаа долоогоод цадахгүй, ноён хээл аваад ханахгүй гэдэг л болоод байна.

Сонгуульд ялсан хулгайчийг зүхээд утгагүй. Хулгайг нь мэдсээр байж сонгосон масстай л тооцоо бод. Тэдний саналаар төрийн толгойд заларсан гэмт хэрэгтний завшсан олон зуун сая ам. долларын хохирлыг сонгосон масс үүрэх учиртай. Хулгайчид санал өгөөгүй Монголын бүх сонгогчдын тал шахам хувь хохирох ёсгүй. Хулгайч нарыг сонговол өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр буудаг шударга нийгэм цогцлоож, харанхуйчуудад ойлгуул. Дахиад хулгайч сонгохгүй болтол хашраа. Монгол сонгогчдын талаас илүү нь оюунлаг лидерийг нулимаад, булчинлаг бөхөд санал өгдгөө зөвхөн Чингисийн цусанд оршдог гайхамшиг гэж омогшино базарваань. Гэхдээ тэд шарын шашны мухар сүсэг, улаан хувьсгалын хийрхлээс холдоогүй яваа хөөрхийс шүү. “Зүүгээр хатгахад цус гарна, сүхээр цохиход нулимс гарахгүй” гэдэг манай эдийн засагт учирчээ.
                                                                                                                       2017-08-23
 “Зуун дамнасан төөрөгдөл” номноос