Аливаа улс орны улс төрийн түүх бүхэлдээ улс төрийн намуудын мандалт, бууралт, хоорондын тэмцэл, хамтын ажиллагааны түүх байдаг. Түүний дотор улс орны хөгжилд томоохон нөлөө үзүүлдэг  том хүчнүүдийн тодорч гарсан, оршин тогтносон, уналтад орсон, хагарсан хальтирсан түүх хамгийн их анхаарал татдаг хэсэг нь. Учир нь тэдний түүх улс орны  түүхэнд асар их нөлөө үзүүлсэн байдаг. Монголчууд өмнөх зуунд МАХН гэдэг ганцхан намын эршээл дор, тэдний тугийг л хамгийн ойроос харж  явсан. Тэгвэл энэ зуунд улс төрийн  тавцнаа өөр бусад нь хэрхэн өсч торниж, хэрхэн хөлөө олж байгааг, нөгөө аварга хүчин хэрхэн сарниж, манаран ганхаж буйг харан, өнөөдөр юу болж байгааг, бас маргааш үйл явдал хэрхэн өрнөхийг үнэлж цэгнэхийг хичээж байна.

Гэвч нэг зовлон байна. Хаанаас нь ч харсан нэг л марзан улс төр өнөөгийн хаилцааны өнгийг тодорхойлж байна. Парламентад дөнгөж орж ирсэн шинэковууд  хэвлэлээр болсон болоогүй жиргээд л. Ямар нэгэн нэгдсэн бодлого байхгүй, үндсэн зорилго чиглэлгүй, улс төрийн багт багтаж яваа тоглогчийн шинжгүй сайн дурын уур амьсгал зонхилж байна. Намуудын уураг тархийг тээж яваа  хэсгийнхэн дуугаа хурааж, сонирхогчид тодорч байгаа ийм тохиолдолд тээглэх ганц олигтой байр суурь олж харахад түвэгтэй ийм нөхцөл байдал үргэлжилж байна гэсэн үг. Парламентад харьцангуй олонхийн байр суурийг авсан намын бүлгийн дарга нь ч үнэмлэхүй олонхийн эзэн юм шиг аашлаад л. Нөгөө би энэ наадмыг үзэхгүй ээ гэдэг шиг Монгол ардын намтай би юм ярихгүй ээ ч гэх шиг. Харьцангуй, үнэмлэхүй гэх хоёр ойлголтын ялгаа заагийг ч мэддэггүй будилж яваа юм биш байгаа даа. Энэ мэтээр дунд болон дундаас доогуур төвшнийхний оодгоносон улс төр л явагдаж байна. За, энэ ч яахав. Өшөө илүү хачин юм их илэрч байна.



“МАХН-МҮАН-ын шударга ёс эвсэл”-ийн парламент дахь бүлгийн ахлагч Ц.Батцэрэг нэг “тасархай” мэдэгдэл хийлээ. Учир нь тэдэнтэй эвсэж сонгуульд орсон МАХН-ын дарга Н.Энхбаярыг шүүх ажиллагаа энэ өдрүүдэд явагдаж буй. Өөрийнх нь намын дарга М.Энхсайхан биш өөр намын дарга Н.Энхбаярын холбогдсон эдийн засгийн гэм хэргийг шүүж байгаа юм. Гэтэл манай нөхөр хөндлөнгөөс гэнэт шуугиж орж ирснээ “Хэрэв шүүх улс төрийн захиалгаар Н.Энхбаяр даргыг яллавал бид эвслийг задлана” гэсэн утга бүхий мэдэгдэл хийж байх юм. Энэ одоо хэний байр суурь юм бэ. Хэдхэн хоногийн өмнө дөрвөн жил Ардчилсан намтай хамт ажиллах, хамтран засаг байгуулах гэрээ байгуулаагүй билүү. Монголын шүүх байгууллагын хараат бус үйл ажиллагаанд парламентын улаан хивсэн дээр алхсан болгон ингэж дур зоргоороо халдаж, сүрдүүлж болдог хэрэг үү. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ийнхүү шүүх засаглал руу нөлөөлөх гэсэн, гаргасан шийдвэрийг нь дураараа замаас нь авч тайлбарлах гэдэг оролдлогууд цадигаа алджээ. З.Энхболд “Шүүхийн шийдвэрт хөндлөнгөөс нөлөөлөх, тайлбарлах эрх хэнд ч байхгүй” гэж мэдэгдэж байхад будаг нь ханхалсан нэг эмэгтэй гишүүн суган доогуур нь гарч ирээд л дүүргийн шүүхэд дүн тавиад, сонин болгоны хамгийн өртөг өндөртэй талбайг худалдаж аван төлбөртэй ярилцлага өгөн даналзаж байх жишээтэй. Энд тэндгүй ийм нэг эмх журамгүй, толгой мэдсэн, нэдсэн дүрэмгүй улс төр урсаж  байна л даа.

Ц.Батцэрэгийн энэ мэдэгдэл юу болох талаар улс төрийн ажиглагчид таг дуугүй байна. Шууд утгаараа энэ бол шүүх засаглал руу халдсан, хамтарч яваа улс төрийн хүчнээ сүрдүүлсэн, бойкот хийсэн эрээ цээргүй алхам юм. За энэ ч яахав, тэртээ тэргүй дур зоргын улс төр ноёрхож байгаа цаг. Өөр нэг зүйл гайхаш төрүүлээд болохгүй юм. “МАХН-МҮАН-ын шударга ёс эвсэл” ерөнхийлөгчийн сонгуульд  АН-ИЗНН-тай хамтарч оролцохоор тохиролцжээ. Бүгдээрээ нийлээд л Ц.Элбэгдоржийг дэмжээд сонгуульд орно гэсэн үг шиг байгаа юм. Хэлэлцээр зарчимтай улс төр дээр суурилж чадсан бол болохгүй хувилбар биш л дээ. Гэхдээ тэдний энэ шийдвэр эвсэлд багтсан ИЗНН-ын Д.Энхбатын ч, С.Дэмбэрэлийн ч, С.Оюуны ч эрхэн дээр гишгэсэн шийдвэр бус уу. Эдний  хэн ч ерөнхийлөгч болж болно шүү дээ. Цаашлаад Н.Энхбаярын ч эрхийг хааж байна бус уу. Н.Энхбаяр шүүхээс ял зэмгүй гарвал ерөнхийлөгчид нэр дэвших хамгийн бололцоотой хүн. Яагаад урьдчилж түүний эрхийг гишгэж байгаа юм. Тэгвэл МАХН-аас тэр биш гэж бодъё. Хэдийгээр энд тэндээс хурааж хумиж, урвуулж шарвуулж байгуулсан шинэ нам ч гэлээ парламентад суудалтай улс төрийн хүчин гэдгийг  хэн гуай ч үгүйсгэж чадахгүй. Н.Энхбаяр биш юм бол Ч.Улаанаас өгсүүлээд хэн нь ч дэвших эрхтэй шүү дээ. Тэдний эрх юу болж таарах вэ. Ийм хачин ойлгомжгүй, олби олби үсэрсэн, оодонгийн тугал шиг годогоносон болчимгүй улс төр тогтож байх шиг. За энэ ч яахав, тэртээ тэргүй учир замбараа муутай үйл явдлууд өдрөөс өдөрт өрнөж байна.

Уг нь АН-тай хамтарсан засаг байгуулж,  дөрвөн жилийн хугацаатай найрамдлын гэрээ үзэглэсэн юм шиг байх юм. Тэгээд ерөнхийлөгчийн сонгуульд хүртэл хамтарч орохоо шийдчихсэн юм шиг. Гэтэл өнөөдөр   МАХН-ын Удирдах зөвлөл хуралдаж, эвслийн Засгийн газарт ажиллах талаараа хэлэлцжээ. Урьд нь шийдчихээд, тэрийгээ зарлачихаад одоо юун Засгийн газарт орж ажиллах талаараа ахин авч хэлэлцэх вэ. 

Эх сурвалжаас авсан мэдээллээр бол энэ асуудлаа өнөөдрийн УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаанаараа хэлэлцэх аж. Ингэхдээ тус намын гишүүд Н.Энхбаярийн шүүх хурлын дүнг харж байж цаашид улс төрд хийх алхмынхаа шийдлийг гаргах ёстой гэжээ. Энийг яг юу гэж ойлгох вэ. Би л лав ойлгохгүй нь. Уншигч та ойлгож байна уу....

Тэгвэл гацаа ганц МАН-аас биш АН, МАХН, ИЗНН-ын их хуралд суудалтай бүх намуудаас шалтгаалан цааш үргэлжлэх болж байгаа юм биш үү.