Эргэн тойронд маань энхийн тулаан өрнөж байдгийг бид тэр бүр анзаардаггүй. Энэ бол ариун тулаан, гэгээн дажин. Хүмүүст илүү таалагдахын төлөө, хэрэглээний зах зээлийг эзэгнэхийн төлөөх энэ “дайн”-дбизнесийн байгууллагууд ур ухаан, менежмэнтээрээ тулалддаг. Хэн нь дийлэхээс үл хамааран хэрэглэгч олон түмэн байнга ялж байдаг. 

Энэ “ариун дайн”-д оролцогч талууд танк, их буу бэлдэж, цэрэг дайчлахын оронд интерьер дизайнеруудын тусламжтайгаар шинэлэг, тохьтой орчинг үүсгэж орчны нөлөөллөөр хэрэглэгчдийг байлдан дагуулахыг эрмэлзэнэ. Сайн орчин ялалт дагуулна. Бас хэрэглээний соёлыг дагуулдаг. Орчин олон сайн зүйлсийг араасаа дагуулах үндэс болж өгдөг. Иймээс тэд хамгийн сайн орчинг бүрдүүлэх гэж хичээдэг. 

Хүн төрөлхтөн хөгжлийн эхэн үедээ анхдагч хэрэгцээгээ хангахаар улайран тэмцдэг байсан бол өнөө цагт хүн хором мөч бүрт амьдралаас тав тух баяр баясал хүсдэг, очсон газар бүрээсээ хараа булаам гоо зүйн таашаал хүртэхийг эрмэлздэг болсон. Хүмүүний энэ хэрэгцээг хангахад олон хүчин зүйл нөлөөлнө. Хамгийн хүчтэй нөлөө үзүүлдэг зүйл бол хүрээлэн буй орчин юм. Хүрээлэн буй орчин гэдэгт байгаль дэлхий болоод барилга байшин багтана. Барилга байшин хүн төрөлхтөнд ая тохь, дулаан орчин бэлэглэж аюулгүй байдлыг нь бататгасан.

Гэвч хүн төрөлхтөний хөгжлийн хэрээр энэ бүхэн хангалтгүй болж эхлэв. Гоо зүй, тав тухын хэрэгцээ, бусдаас “ялгарах” хэрэгцээг хангах үүднээс шинэ хандлага, шинэ ойлголт үүссэн. Энэ бол дотоод орчны дизайн буюу интерьер дизайн. 

Орчны дизайны ойлголт Монголд шинэ тутам нэвтэрч байгаа ч өөрийн мэргэжилтэн, уран бүтээлчдийг аль хэдийнээс төрүүлээд эхэлжээ.

Манай хэрэглэгчдийн дунд ч шинэ эрэлт, шинэ хэрэгцээ бодитойгоор үүсээд байна.

Сайханбөгөөд өвөрмөц тааламжтай орчинд амьдрах, ажиллах, улмаар чөлөөт цагаа өнгөрүүлэх, амарч цэнгэх хэрэгцээ нь шинэ бүтээн байгуулалт, шинэ уран бүтээлч, шинэ санаа нэхэж байна. Энэ нэхэл-хэрэгцээнд орчны дизайн буюу интерьер дизайны урлаг ба түүний зүтгэлтнүүд л хариу өгөх юм.

Монголчууддаа орчны дизайн буюу интерьер дизайны салбарыг илүү таниулах, Монгол дахь шинэлэг, бахдам бүтээл - төслүүдийгуншигч олондоо анх удаа толилуулах боломж гарч байгаа нь энэ юм. 

Интерьер дизайн

Интерьер дизайны төлөвлөлт буюу хүний гараар бүтээсэн орон зайн зураг төсөл нь хүрээлэн буй орчны дизайны нэг хэсэг бөгөөд архитектуртай нягт холбоотой. Тав тухтай орчныг бүтээх нь хүн төрөлхтний соёл иргэншилтэй адил эртнээс улбаатай хүсэл хэдий ч интерьер дизайн нь харьцангуй шинэ салбар юм.

ХХ зууны эхэн үеэс дотоод засал чимэглэлчид гэх оновчтой бус нэр томьёогоор тодорхойлж байсан ч сүүлдээ илүү тайлбарласан шинжтэй интерьер дизайн гэх үгийг ашиглах болжээ. Энэ нь илүү өргөн хүрээний ажиллагаа хамарсан тодорхойлолт болсны зэрэгцээ тусдаа мэргэжил гэх утгыг илтгэдэг. Европын зарим орнуудад энэ чиглэл нь “Интерьер дизайнер” мэргэжил болон танигдаж эхэлжээ. 


Интерьер дизайны зарчмууд

Интерьер дизайн нь архитектур буюу хүрээлэн буй орчны дизайны нэг тусгай салбар гэдгийг онцлох нь зүйтэй. 

Интерьер дизайн нь хязгаарыг нь үл тодорхойлж болох хөгжлийн явцдаа явж буй мэргэжил хэдий ч орон сууцны ба орон сууцны бус гэсэн хоёр үндсэн ангилалд хувааж болно. Интерьерийн талбарт бизнесийн ажиллагаа улам бүр өргөжсөөр байгаа нь мэргэжлийн дизайнеруудад хүч, ухаан сорьсон ажил болж, интерьерийн талбарт хүч үзэх хандлага ажиглагдах болжээ. 

Дизайны тухай ярихад, юуны өмнө урлаг хийгээд дизайн нь хоорондоо ялгаатай болохыг ойлгох нь зүйтэй. Дизайнерын ажил үндсэндээ асуудлын шийдлийг олох, тодруулбал өгөгдлийг ашиглахад хялбар, үзэмжтэй, сэтгэл зүйд таатай нөлөөлөхүйц байдлаар шийдэх байдаг. Харин уран бүтээлч илүү сэтгэл хөдлөлтэй, дотоод ертөнцөө харуулах санааг эрэлхийлж, өөрийнхөө бий болгосон асуудлыг шийдэх шийдлийг хайдагт ялгаа нь бий. Үнэхээрийн гайхалтай, гоёмсог интерьерийг бид урлагийн бүтээл гэж хэлдэг ч, үнэндээ түүнийг “аугаа дизайн” гэвэл илүү зохилтой. 

Интерьер дизайны гоо зүйн байдал нь дотоод засал хийгээд тавилга сэлтийг нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, мөн материал, тухайн үеийн технологийн дэвшлийг харгалзан шийдэхэд чиглэдэг. Гол төлөв XVIII, XIX зуунд хамаарах чамин тансаг, чимэглэл ихтэй интерьер нь үндсэндээ язгууртан, чинээлэг хөрөнгөтнүүдийн нийгэм, эдийн засгийн байр байдлыг илтгэхэд тохиромжтой байсан. Харин ийм интерьер ХХ зууны амьдралын хэв маягт төдийлөн тохирохгүй, орчин цагийн дундаж орлоготой айл өрхүүдэд авцалдахааргүй болж эхэлснээр интерьер дизайны өөр чиглэлүүдийг хөгжүүлэх замыг бий болгосон.

Барилгын интерьер дизайн нь үзэмж муутай барилгын дизайнд дутагдалтай зүйлийг нөхөхүйц байх ёстой. Иймд заримдаа барилгын үзэмж муухай эсэхийг үл харгалзан дотроо сайхан харагдах дизайн гаргах шаардлага үүсдэг. 


Нэпко хэвлэлийн газар
Саясанаа ХХК