Ариун дагшин засаг бүрдүүлж буй ерөнхий сайд У.Хүрэлсүх ашиг сонирхлын зөрчилтэй Л.Энх-Амгалан, О.Содбилэг хоёроос халдвар авна хэмээн сэжиглэж, хамар давуулан хөөв. Танхим бузарлах хоёрын араас буу пижигнэсэн. Том буу дуугарсан. Ерөнхийлөгч, Тамгын газрын буу байх. Засагт ашиг сонирхлын зөрчилтэй этгээдийг хавьтуулахгүй эрин зуун эхлэв. Ашгүй дээ. Хүчирхэг ерөнхий сайд ашиг сонирхлын зөрчилтэй амьтдыг алгасалгүй шанаадах сүр бадруулна. Шанаандаа ч сайн даа. Төр засаг ухамсрын шанаагаар цэвэрших тавилантай байж. Даанч дэндүү бохирдсон доо. Цэвэршиж л байвал арга нь дүүрч.  

Амьдралдаа хазгай гишгэхгүй юмсан гэх зарчим өнө эртний малчдад байжээ. Хууль тогтоох парламентгүй өргөн уудам говь талаар тархсан өвөг дээдэс маань олон хуульд эргүүтсэнгүй. “Нүгэл” гэх ганцхан хуулийн “хазгай гишгэхгүй” гэсэн ганц заалтыг дагаад алдсан нь маниас бага. Амьддаа хүн хичнээн ч алхдаг юм бэ. Амьдрал алхаанаас бүтнэ. Амьсгалахгүй байж болохгүйтэй адил алхахгүй амьдарч үл болно. “Хазгай гишгэх” гэдэг хэлц үгийг өтгөс маань хазгай гишгээд хальтарч унахаас эхлээд цааш улам гүнзгийрүүлжээ. Зөв өсөх, аав ээжээ асрах, хайр сэтгэлдээ үнэнч байх, төр улсдаа зүтгэх, худал хулгайг чанд тэвчиж нүгэлгүй орлогоор амь зуух, олонтойгоо эвтэй явах гээд олон шугам хувь хүнийг хөл дээрээ босуут угтдаг. Зөв амьдрахыг утсан дээгүүр хазгай гишгэхгүй хянуур алхахтай зүйрлэсэн авай. Асар өргөн цартай сануулгыг хоёрхон үгэнд шингээсэн “нүгэл” гэх хууль үр дүнгээ өгсөн аж. Хүүхэд аавдаа алгадуулаад, ээждээ чимхүүлээд уйлж л байдаг. Хазгай гишгэсний шийтгэл хар нялхаас ингэж эхэлнэ. Өдгөө хуулиа нулимсан монголчууд ерөнхий сайдын ухамсрын шанааг “ХХI зууны шившиг пэ пү” гээд ч яана. Гагцхүү нүгэл нь дархлагдсан хүчирхэг шанааг үнсэхгүй л давшаасай.  

Хазгай гишгэхгүй амьдарна гэдэг орчин үеэр бол хууль зөрчихгүй амьдарна гэсэн үг. Хазгай гишгэхгүй насыг элээнэ гэдэг хатуу атлаа энэрэнгүй үүрэг. Хазгай гишгэлгүй хорвоог туулах бахархал. Санаандгүй хазгай гишгэвэл, хазгай гишгэсэн тийш түлхэхийг нийтээр цээрлэнэ. Хазгай гишгэвэл хариуцлага хүлээдэг хуулиа яс биелүүлбэл манай өнөөгийн нийгмийн гишгэгдэл нилэнхүйдээ тэгшрэх сэн. Хазгай гишгэхгүй юмсан гэж чармайж, нүгэл үйлдэхгүй юмсан гэж залбирч насыг элээсэн эртний монголчуудаас бид өдгөө ичмээр хоцрогджээ.

Үеэ өнгөрөөсөн феодализм социализм байгуулахад саад боллоо гээд байсан. Дарангуйлагч коммунизм эдүгээ ардчилал зах зээлээр хөгжихөд чөдөр боллоо гэдэг. Дандаа хуучин нийгэм буруутай, бид өөрсдөө буруугүй нь хачин. Өнгөрсөн үеэ болон өөд бологчдоо муулдаггүй монгол уламжлалаа бид ХХ зууны улаан хувьсгалаар арчсан. Хаан төрөө устгадаг араншин Оросынх бус Ленинийнх. Ленин багшийн онол бидний тархинд цус мэт харваж, оюуныг минь гэмтээжээ. “Нүгэл” гэх ганц хуулиа материалист онолоор сольсон бид чөлөөт нийгэмд ормогц нүгэл буяныг үл мэдэх зэрлэг араатанд хувирч, дийлсэн нь дэлдийснээ барьж иддэг болж, хорвоогийн аль л бузар азартай хутгалдан хөвлөө. Хаашаа урсаж, юу руу онхолдож, юунд живэх нь өнөө хэр тодорхойгүй. Хэлээрээ бус хөлөөрөө ярьдаг галзуу азарга сүргээ эмхэлдэг. Монгол сонгогчид оюунлагт бус булчинлагт санал өгдөг нь зөв ч юм шиг.  

Гэтэл Л.Энх-Амгалан, О.Содбилэг хоёрыг хот руу өнгийсөн боохой шиг хөөж туусан ерөнхий сайд маань хүнд даацын 300 самосвалиар жилд 60 тэрбумын ашигтай ажилладаг Ц.Нямдорж*, Увсын хязгаарт стратегийн ордын нөөц бүхий уурхайтай**, мөн 20 тэрбумын тендер хэтэвч нэгт Аморе компанидаа авч өгөөд хормой ч коксжих түлш өгөлгүй хулхидсан Ч.Хүрэлбаатар хоёрыг ашиг сонирхлын зөрчилгүй ариун шударга лидерүүд гээд сайдын сэнтийд залж буй нь У.Хүрэлсүх шанаа болгоныг шанааддаггүй хулчгар азарга гэдгээ харуулав. Тэр ч бүү хэл ашиг сонирхлын зөрчилтэй цаад хоёртоо У.Хүрэлсүх өөрөө шанаадуулсан ч байж магад. Л.Энх-Амгалан гишүүн ашиг сонирхлын зөрчилгүйгээ АТГ-аар нотлуулна гэж байдаг. Төр засгийн өндөрлөгт наад захын ёс суртахуун гэж байна уу.

Гурван сая хүн амын сор хэмээн шилэгдсэн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрынхоо намтрыг сөхөөд үз. Хазгай гишгэсэн мөр байна уу, үгүй юү шалга. Нэг нь 160 сая ам. доллар завшсан жимтэй, нөгөө нь өөрийгөө тагнасан жүжгээр засгийн эрх хууль бусаар авсан мөртэй. Гишүүн-сайдын отго жийнс давхарласан омог бяртай сайдууд дунд хазгай гишгэх бүү хэл хулгайчид даналзаж яваа. Засгаа унагасан 33 гишүүн сайд болох гэж ичихээ мэдэхгүй ил далд яаж улангасав аа. Ой гутам. Зөвхөн сайдын сэнтийн төлөө л засгаа унагасан шүү дээ. Үүнийг худал гээд хэн ч итгэхгүй. Одоо бүр байчихаад МАН-ын 65 хуваагдаж хагараагүй. Хагарсан мэтээр ард түмэн буруу ойлгосон гэж УИХ дахь МАН-ын бүлгийн дарга муугаар нь маниусыг загнав. Ядуу дорой ардаа яаж ч элэг барьсан дурын хэрэг болжээ. Гэхдээ оюунлаг залуус булчинлаг та нарыг удахгүй ялна аа, харж байгаарай. 

 
2017-10-13  

* “Өдрийн сонин” 2017-10-12
** “Зууны мэдээ” 2017-10-12