Ирэх даваа гариг буюу энэ сарын 25-нд МАН-ын Бага хурал хуралдана. Уг хурлаар эрх баригч МАН-аас Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулж, УИХ-ын намрын чуулганы эхэнд Засгийн газрыг шинээр эмхлэн байгуулах учиртай. Бага хурлаар хэлэлцэх ёстой хоёр дахь асуудал нь МАН-ын дараачийн даргыг нэр дэвшүүлж, намын их хурлаар батламжлуулах ёстой. Учир нь одоогийн дарга М.Энхболд өнгөрсөн удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан хариуцлагаа хүлээж намын даргын албан тушаалаа хүлээлгэн өгөхөө өнгөрөгч сард мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, энэ удаагийн Бага хурлаас МАН-ын дарга болоод Монгол Улсын Ерөнхий сайдын нэр нэгэн зэрэг тодорно оо гэсэн үг. Харин тэр нь нэг хүн байх уу, хоёр тусдаа явах уу? гэдгийг МАН-ын Бага хурлын гишүүд шийдэх болчихоод байна. Өнгөрсөн туршлагаас харвал намаа аваагүй Ерөнхий сайд Ерөнхий сайд байж чаддаггүй, танхим нь ч нэгдсэн бодлого, нэг зорилготой ажиллаж чаддаггүйн жишээг Ж.Эрдэнэбатын танхим харуулсан. Нэгэнт намын эрх мэдэл өөр хүнд байгаа учраас фракциудынхаа эрх ашгийг хангах үүднээс хийсэн томилгоо, хөндлөнгийн шахаа нь эргээд түүний Засгийн газрыг нь хөмрүүлсэн билээ. Үүний тод жишээ нь Шадар сайдын тамгыг эргүүлж чулуудчихаад “Ерөнхий сайд болно оо” гэж яваа У.Хүрэлсүхийн тонгороо. Дургүй ламд дарж байж сахил хүртээсний гор энэ.

Гэвч УИХ дахь намын бүлгээ голоор нь хувааж, сууж явсан завиа хөмрөн байж хүрсэн үр дүн нь У.Хүрэлсүхэд өөрт нь ч хүртэл ээлгүй тийшээ хэвийж байх шиг. Ерөнхий сайдын суудал лав  түүнээс тойрч буй бололтой. Ерөнхий сайд болдог байлаа гэхэд намын даргын эрх мэдэл түүнд очихгүй нь тодорхой болов. Учир нь Ерөнхий сайдын суудлыг Бага хурлын 310 гишүүн (2/3-ын ирцтэй байж хурлын шийдвэр хүчинтэй болно гэвэл 204 хүн шийдвэр гаргах нь. Үүний талыг нь өөртөө татаж байж Ерөнхий сайд болно гэвэл 100 хүний саналаар Монгол Улсын дараачийн Ерөнхий сайд томилогдоно) шийдэх эрхтэй бол намын даргыг намын Их хурлаар батламжлах ёстой. Дор хаяж хагас мянган хүний дэмжлэг авч байж эрх баригч намын шинэ дарга сонгогдоно. Шалгуур илүү өндөрсөнө гэсэн үг.

Найман жилийн өмнө манай нэг сэтгүүлч бичиж байв. “Бага даргын имижтэй том намын дарга” гэж... Тухайн үедээ л улсын эзэн шахуу байсан Н.Энхбаяртай ам мурийн “эр хугархай” болохоо харуулж, “эхнэр, нам хоёроо солихгүй” хэмээн андгай тавьж, долдугаар сарын 1-ний эмгэнэлт явдлын дараа намынхаа шатсан тугийг толгойдоо зангидчихаад чуулганы танхим руу дайрч “улаан хамгаалагч” нэртэй болсон У.Хүрэлсүх тэр үед байсгээд л хэн нэгнийг барьж зодсон, цохисон хэрэг мандааж “хэвлэлийн баатар” болж байлаа. УИХ-ын байнгын хороод болон намын бүлгийн даргыг томилох үед УИХ-ын гишүүд Удирдах зөвлөлийнхөө шийдвэрийг дагаагүйн төлөө МАХН-ын (одоогийн МАН) генсек У.Хүрэлсүх Э.Мөнх-Очир гишүүнийг өрөөндөө дуудаж ухамсрын шанаа өгч байв. МАН одоогийнх шиг 65 биш, 45 суудалтай, парламент дахь олонхи, цөөнхийн харьцаа ч харьцангүй тэнцвэртэй байсан үе л дээ. Тэр үед сэтгүүлч У.Хүрэлсүхийн тухай “Би хувьдаа галзуу хүн дагаж, голын ус руу үсрэхгүй. Сууж яваа завийг маань хэн, яаж, хааш нь жолоодож явааг хяналтаасаа гаргаад алдчих тэнэгүүд бид биш” гэж бичиж байв.

Харин одоо МАН парламентад 45 биш, 65 суудалтай. Энэ улс орны, төрийн эрхийг парламент биш, намууд ч биш, МАН дангаараа барьж байгаа учраас, эрх барьж байгаа намын дарга хэн байх вэ, ер нь МАН гэдэг нам цаашид байх уу, үгүй юу гэдэгт иргэн хүн хэн гуай ч бай, хүссэн ч, эс хүссэн ч хошуу дүрэх хэрэгтэй, шаардлагатай болж байна. Түүнээс биш МАН-д хайртайдаа биш.

Яг үнэндээ энэ намын дарга хэн байх нь нэг их чухал асуудал биш. Харин нам нь нам шиг зохион байгуулалттай, хариуцлагатай, дүрэм журамтай, үнэ цэнэтэй, үнэт зүйлтэй байх ёстой. Тэгсэн тохиолдолд намын даргаар хэн гуай нь ч гарсан хамаагүй тэр хашаанд хашигдаж, дүрэм журмандаа багтаж ажиллана. Тиймээс МАН-ын Бага хурлын гишүүд удахгүй болох хурлаараа хариуцлага ярих гэж байгаа бол ярьсан шиг ярих ёстой. У.Хүрэлсүх бол тэр хариуцлага дотор багтаж байгаа хүмүүсийн нэг л болохоос хариуцлага ярих хүн нь лав биш юм. Намын гишүүнийхээ хувьд ч, Ж.Эрдэнэбатын Засгийн газрын гишүүний хувьд ч тэр.
   
Тус намын дүрэмд зааснаар МАН-ын гишүүн нь “намын эв нэгдлийг хамгаалах, намын нэр хүндийг гутаасан аливаа үйлдэл гаргахгүй байх”, “намын эрх ашигт үл нийцэх улс төрийн үйл ажиллагааг шүүмжлэн няцаах” (дүрмийн 4.2.5, 4.2.6) үүрэгтэй. Мөн дүрмийн 4.2.8, 4.2.9, 4.2.10-т “Намын нэрийн өмнөөс сонгогдож, томилогдсон албан тушаалтан бүр (бүгд, нийтээр гэсэн үг) хуулийг чандлан сахиж ашиг сонирхлын аливаа явцуу бүлэглэлийн нөлөөнд автахгүй байх”, “ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлэх”, “намын эрх ашиг, албан ёсны шийдвэрийн эсрэг улс төрийн аливаа үйл ажиллагаанд шууд болон шууд бусаар оролцохгүй  байх үүрэгтэй” гэсэн байна. Тодруулан хэлбэл энэ дүрэм намын жирийн гишүүнээс эхлээд намын нэр дээр сонгуульд өрсөлдөж, сонгуульт албан тушаал болон улс төрийн албан тушаалд томилогдон ажиллаж байгаа бүх хүнд хамаатай. Гэтэл саяхан болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар хэн намынхаа эсрэг, нэр дэвшигчийнхээ эсрэг ажилласан бэ гэдэг нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэдийнээ ил тодорхой болсон. Тэдний тэргүүн эгнээнд өдгөө үүрэг гүйцэтгэгч Засгийн газрын Шадар сайд У.Хүрэлсүх яваа. Түүний араас УИХ-ын гишүүн Д.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, “бандааш” хочит Д.Гантулга гэхчлэн гарын үсэг зурсан гишүүдийн нэрс хөвөрнө.

Яг үнэндээ тэдний Засгийн газраа огцруулсан нь нийтийн эрх ашгийн төлөө байсан уу, нэг хэсэг бүлгийн засаг барьж тоглох гэсэн хүсэл, шуналаас болсон уу гэдэг нь огцруулсны маргааш өдрөөс л тодорхой болсон шүү дээ. “Ард түмэн” гэдэг нь тэдний хүссэнчлэн тийм ч нэг “харанхуй масс” байхаа больсон. Огцруулахын өмнө ярьж байсан үндэслэлүүд ор тас мартагдаж, одоо хэн нь аль яамыг авах вэ гэдэг наймаа, тохироо л явж байна. Үүний яг хаана нь улс орны эрх ашиг, улс төрийн намын соёл, ёс суртахуун байна аа?  

Уг нь МАН-ын зохион байгуулалтын бүтэц дотор “намын дүрмийн хэрэгжилт, намаас сонгогдсон сонгуульт албан тушаалтан болон томилогдсон албан тушаалтны ёс зүйд хяналт тавих” үүрэгтэй Хяналтын ерөнхий хороо гэж бий. М.Энхболд гэдэг хүний үед энэ хороо ажиллаагүй байлаа ч (яахав, үлдэж байгаа хүнээр ачаа бүү татуул гэдэгчлэн Хяналтын хороог дайчлах сонирхолгүй, эсвэл өөрийг нь шүүмжилж байгаа хүмүүстэй хариуцлага ярих нь зохимжгүй байсан байж болно л доо) ажиллуулах эрх нь Бага хуралд бас бий.  МАН-ын дүрэмд “Дүрмийн 4.2.5, 4.2.8, 4.2.9-ийг зөрчсөн гишүүнд улс төрийн дэмжлэг үзүүлэхээс татгалзана” гэсэн заалт бас байдаг юм байна. Хэлсэндээ байх гэдэг нь хүний ёс. Харин нэгэнт баталсан дүрэм журмаа дагаж мөрдөх нь байгууллагын ёс зүй.  Хэрвээ МАН үнэ цэнэтэй, үзэл баримтлалтай, сахилга, дэг журамтай, нам шиг нам байя гэвэл намаасаа урвасан, намынхаа болон нэр дэвшигчийнхээ эсрэг ажилласан гишүүддээ нэр дэвшигчтэйгээ яг адилхан хариуцлага тооцох ёстой. Хууль ч гэсэн хүн бүр дагаж мөрдөж байж хууль болдог. Улс төрийн нам байна гэдэг үүнээс илүү том юм л даа.

МАН-д хайртайдаа ч биш, МАН-аас өөр “нам” гэхээр үзэгдэл өнөөдөртөө лав үзэгдэхгүй байгаа учраас л учирлав...