Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцроод долоо хоног өнгөрөв. Дараачийн Засгийн газрын эзэн тодорхойгүй хэвээр. Арай гэж нэг Ерөнхий сайдаа буулгасан МАН-ынхан дараачийн удаа толгойгоо хагалуулах Ерөнхий сайд эрэлд мордоод байна. Хуулийн хугацаагаа дуустал (Засгийн газраа байгуулж чадахгүй 45 хоновол УИХ өөрөө тарна) энэ хэвээрээ манарч ч мэдэх нь.
Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцроод
долоо хоног өнгөрөв. Дараачийн Засгийн газрын эзэн тодорхойгүй хэвээр.
Арай гэж нэг Ерөнхий сайдаа буулгасан МАН-ынхан дараачийн удаа толгойгоо
хагалуулах Ерөнхий сайд эрэлд мордоод байна. Хуулийн хугацаагаа дуустал
(Засгийн газраа байгуулж чадахгүй 45 хоновол УИХ өөрөө тарна) энэ
хэвээрээ манарч ч мэдэх нь. Ж.Эрдэнэбатыгаа “Морь унасан толгойгүй хүн”
гэж гоочилсоор байгаад унагасан МАН-ын бүлэг дахиад нэг “тахир дутуу”
засаг байгуулах гэж байгаа бололтой. Намын дарга, Ерөнхий сайд хоёроо
тусад нь томилно гэнэ. За тэр ч яах вэ, 65 суудалтай нам “лаагаа иднэ
үү, луувангаа иднэ үү” маньд падгүй болж байгаа юм биз.
Харин
дараачийн Засгийн газраас нэг л юм гуйя, дандаа мөнгөнд дургүй хүмүүс нь
засагт орох юм гэнэ лээ. Аз болоход... Угаасаа бодлого нь байхгүй,
хаашаа яаж явахаа ч баримжаалж амжаагүй байгаа шинэ Засгийн газарт
ганцхан бодлого санал болгоё. Төсвийн мөнгөөр байшин барихаа л больчих.
2012
онд Н.Алтанхуягийн Засгийн газар байгуулагдаад Монголын хүүхэд нэг
бүрийг алгасалгүйгээр сургууль, цэцэрлэгт хамруулъя, бага, дунд
боловсролыг үнэ төлбөргүй олгоё гэвэл өмнө байсан дээрээ дахиад 600
цэцэрлэг, 300 гаруй сургууль барих хэрэгтэй. Үүнд нь 1.7 их наяд төгрөг
хэрэгтэй гэдэг тооцоог танилцуулж байсан. Үүнээсээ тун цөөхнийг барьсан
байх, тэгсхийгээд мөнгө нь ч дууссан. Сая хичээлийн шинэ жил эхлэхэд
дахиад л нөгөө сургууль, цэцэрлэгийн барилга дутуу, ор, суудал нь
хүрэлцэхгүй гэсэн хэрүүл зарга үргэлжилсэн. Улсын цэцэрлэгт хүүхдээ
өгөхийн тулд цэвэрлэгчид нь сая төгрөгийн хахууль өгч байгаа тухай ч
сонсогдож л байсан.
2007 онд улсын хэмжээнд 40 мянган хүүхэд шинээр
төрсөн, түүнээс хойш энэ тоо жил тутам нэмэгдсээр одоо 100 мянгад хүрээд
байгаа. Дахиад арван жил болоход сургууль, цэцэрлэгийн ачаалал
одоогийнхоос хоёр дахин нэмэгдэнэ. Гэхдээ тэр дутууг дүүргэж байна гээд
төсвийн мөнгөөр байшин барьж л болдоггүй юм шүү. Барина аа л гэвэл
тендер зарлана, тендерийн мөнгөний хэдэн хувь нь хэний халаас руу
ордгийг олон нийт эрх биш гадарлах болсон. Дөнгөж саяхан Засгийн газрыг
хөмрүүлсэн 800 тэрбумаас нэг их хол очихгүй л болов уу. “Мөн ч олон
цэцэрлэг барих мөнгө шүү” гэж мөн ч олон гишүүн уйлан дуугарсан аа даа.
Угаасаа төрийн чиг үүрэг чинь байшин барих бус, иргэндээ үйлчлэх шүү
дээ. Тэр үйлчилгээ нь аль болох хямд төсөр, чанартай, шуурхай л байх
ёстой. Илүү зардал, ачаа дараа огтоос шаардлагагүй.
Тиймээс хэрвээ
төсөвт мөнгө байж гэмээн тэр мөнгөөрөө байшин барихын оронд баригдчихаад
зарагдахгүй байгаа барилгуудаа түрээсэл. Түрээсэлсэн байшиндаа төрийн
байгууллагуудаа, сургууль цэцэрлэгтэйгээ оруул. Баахан мөнгө барилга
руу хийж түгжээд жил болгон тодотгол хийгээд явж байснаас хамаагүй үр
ашигтай, хямд тусна. Барьж байгуулдаг юмаа хувийнхандаа өгчихөөд төрийн
байгууллагууд нь төлбөрөө төлөөд толгой хоргодоход л болох газар шүү
дээ. Тэр далимд барилгын салбар чинь сэвхигээд босоод ирнэ. Наанадаж л
төрийн нарийн, Засаг дарга нар чинь тендерийн хэргээр АТГ-ын үүдэнд
чулуу няслах шаардлагагүй ажлаа тайван хийцгээнэ. Тиймээс төсвийн
мөнгөөр байшин барьдаг, төр өөрөө худалдаж авдгаа л больчих. Барилга
бариад, барьсан барилгаа халаах гэж уурын зуух бариулаад, уурын
зуухандаа галч авч, галчийнхаа цалинг бодохын тулд нягтлангийн орон тоо
нэмээд байвал төсөв чинь улам л тэлээд, тэрнийх нь дарамт иргэн дээр
туссаар л байх болно.
Үүн дээр харин Л.Оюун-Эрдэнэ гишүүний хэлсэн
ганц үгийг гараа өргөөд дэмжье. Төсвийн мөнгөөр цэцэрлэг, сургууль
барихаа зогсоо. Эрхэм гишүүн ч гэсэн хэлсэн, ярьснаа ажил хэрэг
болгоорой доо. Энэ Засгийн газрыг огцруулахад өөрийн тань хувь нэмэр их
байсан шүү. Тиймээс огцруулахдаа нэг юм яриад, огцруулсан хойноо нэг юм
яриад, байгуулах гэж нэг юм яриад, байгуулсан хойноо бас нэг өөр юм
яриад байж л болохгүй!